| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2017/01002/И |
| Дугаар | 102/ШШ2017/00797 |
| Огноо | 2017-03-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 102/ШШ2017/00797
|
|
|
|
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 15 дугаар хороо, 21 дүгээр байр, 4 дүгээр орцонд байрлах “Найрамдал” сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 22 дугаар байр, 69 тоотод оршин суух, Пүрэвдагвын Цэрэндуламд холбогдох 109,450 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 сарын 17-ны өдөр хүлээн авч, 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Найрамдал” сууц өмчлөгчдийн холбоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн П.Цэрэндулам нь шалтаг зааж хөлсийг олон сараар төлөхгүй зугтаасаар байгаа атлаа бүх төрлийн үйлчилгээг авсаар ирсэн одоо ч авч байгаа юм. Тухайлбал 2014-2015 онуудад орцны нэг давхар болон гадна талд камержуулсан. Үүний үр дүнд хүмүүсийн амгалан тайван байдалд нэмэр болсон. Камержуулахад 2,500,000 төг, 2016 онд 21-р байрны 1 ба 3 -р орцууд, мөн 22-р байрны 2-р орцнуудад засвар хийж 7,406,000 төгрөгний урсгал засвар хийсэн. Мөн 2016 онд 6 орцны кодтой хаалганд 1,722,400 төгрөгийг кодтой хаалганы засвар үйлчилгээнд зарцуулсан. СӨХ нь орцондоо их засвар хийх, лифтний байнгын ажиллагааг бэлэн байлгахын тулд засвар үйлчилгээг цаг тухайд нь хийлгүүлэх, орчны цэвэрлэгээ тохижолтыг сайжруулах зэрэг аж ахуйн олон ажлуудыг хийх шаардлагатай байна. Иймд СӨХ-ны эрх зүйн байдал, нийтийн зориулалтгай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13-р зүйлийн 1,3,2,4 мөн 16-р зүйлийн 1-ийн 2 дахь заалт болон иргэний хуулийн 147-р зүйлийн 1, 148-р зүйлийн 2,3 дахь сууц өмчлөгч дундын өмчлөлийн ашиглалт засвар үйлчилгээтэй холбогдсон, СӨХ-д төлнө. Дундын өмчлөлийн тогтоосон хэмжээгээр оролцох гэсэн заалтуудыг ноцтой зөрчиж дундын өмчлөлийн засвар үйлчилгээ хийх санхүүгийн боломжгүй болгож байгаа тул сууц өмчлөгчөөс 109,450 төгрөгийг гаргуулан СӨХ-ийг хохиролгүй болгож өгөхийг хүсье” гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч тус шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Баянгол дүүргийн 15 дугаар хорооны 22 дугаар байрны 69 тоотод оршин суугч П.Цэрэндулам нь 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 109,450 төгрөгийн төлбөрөө төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Найрамдал” сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч П.Цэрэндуламд холбогдуулан 109,450 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хариуцагч П.Цэрэндулам нь нэхэмжлэлийн шаардлага 109,450 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэгч “Найрамдал” сууц өмчлөгчдийн холбоо нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсанаар хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.“Найрамдал” сууц өмчлөгчдийн холбоо нь П.Цэрэндуламд холбогдуулан гаргасан 109,450 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,550 төгрөг /Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данс/-ийг улсын орлогод хэвээр үлдээж, 2,275 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгч “Найрамдал” сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.АЗБАЯР