Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2017/00752

 

       2017 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2017/00752

            Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Өнөр хотхон, 45 дугаар байр, 114 тоотод оршин суух, Боржигон овогтой Донровын Отгон /РД:ИЭ70021001/-ны нэхэмжлэлтэй Ж.Болортуяаг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Отгон шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Д. Отгон нь 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Жагварал овогтой Болортуяад 2,900,000 төгрөг зээлдүүлсэн бөгөөд зээл, зээлийн хүүд нэг ч төгрөг төлөөгүй тул үлдсэн зээл 2,900,000 төгрөг, зээлийн хүү 290.000 төгрөг, алданги 1,450,000 төгрөг, нийт 4,640,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч Ж.Болортуяа нь иргэний үнэмлэхний хаягандаа амьдардаггүй тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна. Хаана амьдардаг нь тодорхойгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү” гэжээ.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: 

 

Нэхэмжлэгч Д.Отгон нь Ж.Болортуяаг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

 

Хатиган овогтой Жагваралын Болортуяа нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь хавтаст хэрэгт авагдсан Д.Отгон Ж.Болортуяа нарын хооронд 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр бичгээр байгуулсан “Зээлийн гэрээ”, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 183/ШЗ2017/00767 дугаар захирамж, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 1,6,7 дүгээр тал/

 

Түүнчлэн Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Ж.Болортуяагийн оршин суугаа газар мэдэгдэхгүй байгаа нь хавтаст хэрэгт авагдсан Ж.Болортуяагийн иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарт бичигдсэн Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо,  Өнөр хороолол, 13 дугаар байр, 332 тоот хаягтаа амьдардаггүй болохыг нотолсон Сонгинохайрхан  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 183/ШЗ2017/00767 дугаар захирамжаар нотлогдож байх тул түүний оршин суугаа газрыг олж тогтоох зорилгоор эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Хатиган овгийн Жагваралын Болортуяа /РД:ЖЯ79092504/-г эрэн сурвалжлах ажиллагааг Цагдаагийн байгууллагад даалгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Хатиган овгийн Жагваралын Болортуяа /РД:ЖЯ79092504/-г эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан Ж.Болортуяаг эрэн сурвалжилж, оршин суух хаягийг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Отгоны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.АЗБАЯР