| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2022/0040/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/40 |
| Огноо | 2022-03-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Тунгалаг |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 2022/ШЦТ/40
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Г.Тунгалаг
Шүүгдэгч Г.Баянжаргал нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын Прокурор, хууль цаазын дэд зөвлөх Г.Тунгалагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Г.Баянжаргалд холбогдох 2132001760045 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1976 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, "Уулын нуур” ХХК-д түгээгч жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сум, 7 дугаар баг, Минжийн хангайн 07 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн Ганбаатарын Баянжаргал /РД:МИ76010719/.
Холбогдсон хэргийн талаар:
Г.Баянжаргал нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 09 дүгээр сарын 22-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сум, Найрамдлын гудамжинд тухайн үед үүссэн тааламжгүй харилцааны улмаас хохирогч Ш.Энхбатын нүүрэн тус газарт удаа дараа цохисны улмаас эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Баянжаргал мэдүүлэхдээ:...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна... гэжээ.
Эрүүгийн 2132001760045 тоот хавтаст хэргээс:
Хохирогч Ш.Энхбат мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:“...Би 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр өглөө 09 цагийн үед ажил дээрээ очсон байсан тэгээд зуурмагийн машин эвдэрсэн байхаар нь би засварлаад байж байхад манай ажлын Баянжаргал, Ариунболд бид гурав хамт байсан. Тэгээд Баянжаргал хараа нэртэй 0.5 литрийн архи бид гурав ажлаа дууссан юм чинь ганц ганц татъя гээд хувааж уусан. Архиа хувааж ууж дуусчхаад Баянжаргал ах бид хоёр хамт гараад явсан. Бид хоёр “2 хүү” худалдааны төвөөс дахиад архи худалдан авсан тэр үед Баянжаргал ах надад мөнгөний боломж муу байна аа миний дүү мөнгөөрөө авчих гэж хэлэхээр нь би авсан. Тэгээд бид хоёр “Талст" төвийн хажууд байдаг грашны хажууд Баянжаргал болон танихгүй нэг хүн хамт байсан тэгээд тэндээ архи ууж байгаад тэндээс гараад явсан гэртээ харилаа гээд би гудамж руугаа ороод улаан худгийн хажууд явж байхад гэнэт хүн гарч ирээд намайг шалтгаангүй зодож эхэлсэн. Тэгээд юу болсныг би сайн мэдэхгүй байна. Нэг мэдэхэд эмнэлэг дээр ухаан орсон тийм л зүйл болсон. ...Би тухайн өдөр ажлын залуучууд болох Баянжаргал, Ариунболд бас нэг танихгүй хүн байсан тэдгээр хүмүүстэй архи уусан. ...Хамт байхад ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй ээ зүгээр байж байсныг санаж байна. ...Би тэр хүнийг сайн танихгүй ээ. Харж ч байгаагүй хүн байсан. ...Би тэдгээр хүмүүсээс салаад ганцаараа гэртээ харих гээд явсан. ...Би сайн санахгүй байна архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор бас цаг орой болоод харанхуй байсан юу ч санахгүй байна. ...Би урд өмнө хэрүүл маргаан хийж байсан хүн гэвэл 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Баянаа гэх залуутай хэрүүл маргаан хийж байсан тэр үед надаас архины мөнгө нэхээд байхаар нь би битгий солиор гэж хэлж байсан өөр хэн нэгэнтэй хэрүүл маргаан хийж байгаагүй. ...Би их гомдолтой өөрийн эрүүл мэндээр хохирсон тул намайг зодсон хүнийг хохирлыг минь бүрэн барагдуулж өгнө үү бас тухайн үед биед явсан бор хэтэвчинд байсан виза карт 3, иргэний цахим үнэмлэх, жолооны үнэмлэх зэрэг эд зүйлээ олж авсан” гэх мэдүүлэг, /ХХ-ийн 12- р тал/,
Гэрч Б.Мөнхбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...Би 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр би орой 01 цагийн үед ажлаас буучхаад л гэртээ ирээд засвар хийж байхад гэрийн гадаа хүмүүс хэрүүл маргаан хийж хоорондоо зодолдоод байх шиг байсан. Би юу болоод байгаа юм бол гэж гэрийн цонхоор харахад гадаа нэг хүн харагдаад байсан тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд тэгээд гэрийн цонхоо нээгээд сонсоход пид пид гээд бие рүү нь өшиглөөд л байх шиг байсан. Нээх удалгүй цагдаа ирж надтай уулзсан тэгээд би болсон явдлын талаар хэлсэн тийм зүйл болсон. ...Гадаа орой болсон харанхуй байсан болохоор би олигтой сайн зүйл хараагүй ээ. ...Би тэр үед ямар нэгэн согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. ...Би тухайн үед өөрийн гар утсаар тоглоом тоглоод сууж байсан болохоор манай гэрийн урдаас хоёр хүн хэрүүл маргаан хийгээд манай гэрийн гадаа ирээд л хоорондоо зодолдоод эхэлсэн. ...Тиймээ би зодуулсан хүнийг урд өмнө харж байсан манай гадуур дугуй унаад явж байдаг байсан. ...Манай гэрийн гадаа нээх удаан хоорондоо зодолдоогүй удлаа гэхэд 5 минут болсон тэгээд нээх удалгүй цагдаа ирсэндээ. ...Намайг гэрээс гараад ирэхэд нэг ах газар ёолоод хэвтэж байсан нөгөө хүн байхгүй байсан миний бодлоор урагшаа явсан байх...” гэх мэдүүлэг, /ХХ-ийн 14-р тал/,
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 205 дугаартай “1. Ш.Энхбатын биед баруун шанаа, дээд доод уруулын дотор талд шарх, баруун зүүн нүдний дээд доод зовхи, нүдний салстад цус хуралт, дух, баруун шанаа, зүүн шанаанд зулгаралт, 2 нүдний зовхи, хамрын нураа, урууланд зөөлөн эдийн гэмтэл. 2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /ХХ-ийн 24-25-р тал/ зэрэг нотлох баримтууд авагджээ.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Г.Баянжаргалын иргэний үнэмлэхийн лавлагаа /ХХ-ийн 41 дүгээр хуудас/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /ХХ-ийн 43 дугаар хуудас/, Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /ХХ-ийн 44 дугаар хуудас/, ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /ХХ-ийн 42 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Нэг.Шүүгдэгч Г.Баянжаргалыг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч Г.Баянжаргал нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 09 дүгээр сарын 22-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сум, Найрамдлын гудамжинд тухайн үед үүссэн тааламжгүй харилцааны улмаас хохирогч Ш.Энхбатын нүүрэн тус газарт удаа дараа цохисны улмаас эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:...Хохирогч Ш.Энхбатын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 12 дугаар тал/, Гэрч Б.Мөнхбаярын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 14 дугаар тал/, 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн Шинжээчийн №205 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 24-25 дугаар тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч Г.Баянжаргал нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.
Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.Баянжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Г.Баянжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Хоёр.Хохирол төлбөрийн талаар: Хохирогч Ш.Энхбат нь ямар нэгэн хохирол төлбөр, хор уршиг, эмчилгээний зардал нэхэмжлээгүй ба хохирол төлбөр нэхэмжилсэн баримт шүүхэд ирүүлээгүй ба энэ хэрэгт хэлэлцэгдэх мөнгөн төлбөр байхгүйг дурдах нь зүйтэй байна.
Гурав. Шүүгдэгч Г.Баянжаргал нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 09 дүгээр сарын 22-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сум, Найрамдлын гудамжинд тухайн үед үүссэн тааламжгүй харилцааны улмаас хохирогч Ш.Энхбатын нүүрэн тус газарт удаа дараа цохисны улмаас эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Г.Баянжаргалд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас сонгон хэрэглэж 500 нэгж буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 5 сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.Баянжаргал нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овгийн Ганбаатарын Баянжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Баянжаргалыг 500 нэгж буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Г.Баянжаргал нь торгох ялыг 05 /тав/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт Г.Баянжаргал нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хилийн хориг тавигдаагүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Баянжаргалд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.