Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 202/МА2017/00027

 

 

Гзам ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, Ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 136/ШШ2017/00265 дугаар шийдвэртэй, 

Нэхэмжлэгч: , ГЗ ХХК /....регистрийн дугаартай/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ............ аймгийн ....... сумын Засаг даргад холбогдох,

........сумын Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/241 тоот хууль бус шийдвэрийн улмаас өөрт учирсан хохирол 35600000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагч ...сумын Засаг дарга С.О нарын давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г зам ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус компани нь Дорноговь аймгийн .......сумын Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/241 тоот захирамжийн дагуу 0202596 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээний үндсэн дээр .... сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр, цэргийн ангийн зүүн урд талд 101005033 дугаар нэгж талбар бүхий 6 га /60 000 м.кв/ газрыг үйлдвэрлэл, үйлчилгээ, шатахууны агуулахын зориулалтаар эзэмшиж ирсэн болно. Уг газрын эзэмших эрх олж авахын тулд манай компани .... сумын Засаг даргын Тамгын газартай 2011 оны 5 сарын 30-ны өдөр Газрын элэгдэл, эвдрэл, нөхөн сэргээх ажлын гэрээг байгуулж, уг гэрээнд заасан нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгэн 2011 оны 7 сарын 21-нд ....... сумын Засаг дарга, Байгаль орчны байцаагчид хүлээлгэн өгсөн. Гэтэл ....... аймгийн Засаг дарга 2016 оны 9 сарын 23-ны өдөр А/424 тоот захирамж гаргаж дээрх газар эзэмших эрхийн гэрчилгээ, ....... сумын Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/241 тоот захирамжийг хууль бус гэж үзэж тус тус хүчингүй болгосон байна. Уг газар  эзэмшихтэй холбоотойгоор тус компанид нөхөн сэргээлтийн ажлын зардал болох 33200000 төгрөг, газрын төлбөрт төлсөн 2400000 төгрөг, нийт 35600000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд энэ нь ...... сумын Засаг дарга 2011.08.03-ны өдрийн А/241 тоот хууль бус захирамж гаргаж тус компанид газар эзэмшүүлсэнтэй холбоотой тул уг хохирлыг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ. 

Хариуцагч .... сумын Засаг дарга шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Гз ХХК-нд Засаг даргын 2011 оны А/241 дүгээр захирамжаар нөхөн сэргээлт хийсэн гэх үндэслэлээр үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар 6 га газрыг эзэмшүүлсэн. Нөхөн сэргээлт хийсэн гэдэгт: Дээд шүүхийн 2008 оны “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 15 дугаар тогтоолын 1.5 дахь хэсэгт Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д заасан “...нөхөн сэргээх...” гэдэгт сонирхогч иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь ашиглалтгүй орхигдсон газрын эвдрэл, элэгдлийг нөхөн сэргээх төсөл, төлөвлөгөө боловсруулан аймаг, нийслэл, дүүргийн газрын алба, сумын газрын даамал болон Засаг даргатай урьдчилан тохиролцож, гэрээ хийсний үндсэн дээр хөрсний үржил шимийг сайжруулсан, ургамлан нөмрөгийг сэргээсэн, газрын гадаргууг засаж тэгшилсэн, хордолт, бохирдлыг цэвэрлэсэн зэргийг ойлгоно. Газрыг нөхөн сэргээсэн эсэхийг газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлтээр тодорхойлно гэж тайлбарласан байна. 

Уг дүгнэлт гараагүй байхад сумын Засаг даргын 2011 оны А/241 дүгээр захирамжаар 6 га газрыг эзэмшүүлсэн шийдвэр нь хууль б ус гэж үзэн аймгийн Засаг даргын 2016 оны А/424 дүгээр захирамжаар тухайн компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. ГЗ ХХК-аас өөрийн хөрөнгөөр маргаан бүхий газарт нөхөн сэргээлт хийх хүсэлт гаргасан тул сумын Засаг даргын 2011 оны А/61 дүгээр захирамжаар нөхөн сэргээлт хийхийг зөвшөөрсөн захиргааны акт гаргасан. Хүний үйл ажиллагааны улмаас элэгдэл, эвдрэлд орж, ашиглалтгүй орхигдсон газрын эвдрэл, элэгдлийг нөхөн сэргээх сонирхогч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь сайн дурын үндсэн дээр газрын эвдрэл, элэгдлийг нөхөн сэргээх төсөл төлөвлөгөө боловсруулан аймаг, нийслэл, дүүргийн газрын алба, сумын газрын даамал болон Засаг даргад хүсэлт гаргаж, урьдчилан тохиролцож гэрээ хийсний үндсэн дээр нөхөн сэргээлтийг хийж гүйцэтгэдэг. Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу ГЗ ХХК нь 2012-2016 онд газар эзэмшсэн төлбөрөө төлсөн. Иймд ГЗ ХХК-аас нэхэмжилж буй шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байна гэжээ. 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.6 дахь хэсэгт заасныг баримтлан Дорноговь аймгийн ........сумын Засаг даргаас газрын эзэмших гэрээнээс учирсан хохирол төлбөрт 1920000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ГЗ ХХК-нд олгож, үлдэх 2013 оны газрын төлбөр 480000 төгрөг, нөхөн сэргээлтийн ажлын зардал 33200000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч ГЗ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 335950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ........ сумын Засаг даргаас 45670 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ГЗ ХХК-нд олгож, ... шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдаж шийдвэрлэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б давж заалдсан гомдолдоо: ... нөхөн сэргээлтийн ажлын зардал 33200000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хэсгийг эс зөвшөөрч байна. Шийдвэрийн үндэслэх хэсэгт “...нөхөн сэргээлт хийхэд гаргасан зардал болох шатахуун, хоол хүнс, томилолт, шатахуун хадгалуулах,  техник, сэлбэг хэрэгсэл, харуул хамгаалалтын зардал бүгд 33200000 төгрөг зарцуулсан гэх баримтууд нь өөр бусад баримтуудаар тогтоогдохгүй, үнийн дүн зөрүүтэй байх тул, нотлох баримтаар үнэлэх боломжгүй, ...өөр дамжмал болон холбогдох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна” гэж заасан нь нотлох баримтыг үнэлэх талаарх хуульд заасан журмыг зөрчсөн байна. 

Үүнд: 1. Нэхэмжлэгч газрын нөхөн сэргээлтийн ажилд 33200000 төгрөгийн зардал гаргасан болохыг нотлох 2 бичгийн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Гурван зам ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын тухай Сайншанд сумын 5-р багийн Засаг даргын 2011.07.09-ний өдрийн а/613 тоот албан бичиг, 2011.07.21-ний өдөр үйлдсэн нөхөн сэргээлтийн талбай хүлээн авсан акт зэрэг албан бичиг нь үүрэг гүйцэтгэгч тал болох Гурван зам ХХК-ийн үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан баримт бөгөөд нөхөн сэргээлтийн ажлын зардлын дүнг баталгаажуулсан шууд нотлох баримт мөн. 

2. Анхан шатны шүүхийн шийдвэрт “өөр бусад баримтуудаар тогтоогдохгүй” гэж заасан нь ямар нотлох баримтыг шүүх үнэлсэн болохоо тодруулаагүйгээс ойлгомжгүй болжээ. 

3. Хариуцагч тал нөхөн сэргээлтийн ажилд зардал гаргасан болон түүний үнийн дүнг ямар нэг байдлаар үгүйсгээгүй болно.

4. Иймд шүүх ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгсөн баримтыг шууд нотлох баримт гэж үзэж эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлэлгүй хуульд заасан уг журмыг зөрчсөн байна. 

Шүүх “...сумын Засаг даргын шийдвэрийг аймгийн Засаг дарга бүрэн эрхийн хүрээнд хүчингүй болгосон нь гэрээний нэг тал гэрээнээс татгалзсан гэж үзнэ” гэсэн үндэслэл зааж Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгийн заалтыг үндэслэн маргааныг шийдвэрлэсэн нь дараах байдлаар хууль буруу хэрэглэсэн гэж үзнэ. Үүнд:

1. Дорноговь аймгийн Засаг дарга 2016 оны А/424 тоот захирамжаараа ...... сумын Засаг даргын 2011 оны А/61 тоот захирамж, 0202596 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг хууль бус гэжү зэж хүчингүй болгосон нь 0105/2011 тоот “Иргэн, хуулийн этгээдэд газар ээзмшүүлэх гэрээ” хүчин төгөлдөр бусад тооцогдох үндэслэл болсон байна,

2. Дорноговь аймгийн Засаг дарга 0105/2011 тоот “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-ний оролцогч тал биш тул гэрээнээс татгалзах, цуцлах боломжгүй,

3. Харин уг гэрээний тал болох ........ сумын Засаг даргын Тамгын газраас уг гэрээг дуусгавар болгох талаар ямар нэг үйлдэл гаргаагүй, зөвхөн гэрээний харилцааг дуусгавар болгосны үр дагаврыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа явуулсан болно. Газар эзэмшүүлэгч энэ нөхцөлд гэрээнээс татгалзсан байсан ч эрх зүйн хувьд уг нөхцөл байдал нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлд нөлөөлөхгүй болно. 

4. Хэрэв гэрээний нэг тал гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх, гэрээнээс татгалзах, бусад байдлаар гэрээ дуусгавар болгоход чиглэгдсэн үйлдэл, мэдэгдэл гаргасан бол үүнээс үүдэлтэй маргааныг гэрээний эрх зүйн дагуу шийдвэрлэнэ.

5. Харин гэрээний оролцогч бус этгээд нийтийн эрх зүйн харилцааны хүрээн дэх бүрэн эрхийнхээ хүрээнд гэрээ байгуулах эрх зүйн үндэслэл болсон захиргааны актыг хууль бус гэж үзэн эрх хувьд үйлчлэлгүй болгосонтой холбоотой харилцаа нь өөрөө гэрээний харилцаа бус, харин гэрээний байгуулах үндэслэл болсон захиргааны шийдвэр гаргах, түүнийг хүчингүй болгохтой холбоотой харилцаа юм. 

6. Нэгэнт 0105/2011 тоот Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ хүчин төгөлдөр бус, эсхүл илт хууль бус болсон тохиолдолд буруутай этгээд эрх ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээдэд учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд энэхүү буруутай этгээд нь нэхэмжлэгчид газар эзэмшүүлэх талаар хууль зөрчсөн шийдвэр гаргасан Сайншанд сумын Засаг дарга юм. 

Анхан шатны шүүх шийдвэртээ “Мөн нөхөн сэргээлтийн гэрээгээр хэн, хэзээ үр дагаврыг хариуцах талаар талууд тохиролцоогүй, ...” гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангахаас татгалзсан нь дараах үндэслэлээр хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэхээр байна. 

1. Эрх зүйн хувьд гэрээ дуусгавар болсны үр дагаврыг гэрээнд заагаагүй бол хуульд хатуу заасан хэм хэмжээгээр, хуульд хатуу заасан хэм хэмжээ байхгүй бол тухайн төрлийн гэрээний талаарх хуульд заасан диспозитив хэм хэмжээгээр тодорхойлно. Энэ үүднээс Гурван зам ХХК-иас Сайншанд сумын Засаг даргатай байгуулсан Газрын элэгдэл, эвдрэл нөхөн сэргээх ажлын гэрээний 5.2-т Энэхүү гэрээтэй холбоотой бусад асуудлыг Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ гэж заасан байна. 

2. Захиргааны  байгууллага, албан тушаалтны хууль бус үйл ажиллагааны улмаас бусдад учруулсан гэм хор, хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбоотой харилцаа нь хуульд зааснаар зохицуулагдана. 

3. Гэрээний харилцаа дуусгавар болсны үр дагаврыг хуульд заасны дагуу гэрээний оролцогч талууд түүнчлэн хуульд заасан бол эрх, үүрэг бүхий этгээд хэрэгжүүлнэ. Иймд Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 136/ШШ/2017/00265 дугаар шийдвэрт “хариуцагчаас нөхөн сэргээлтийн ажлын зардал 33200000 төгрөгийг гаргуулсугай” гэсэн өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ........сумын Засаг дарга С.О давж заалдсан гомдолдоо болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Энэ маргаан нь Газрын тухай хуулийн 60 дугаар зүйл, Газрын төлбөрийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд тус тус заасанчлан урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааг зохих журмаар явуулж, Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэгдэх маргаан байсан. Учир нь Дорноговь аймгийн ..сумын Засаг дарга нь ЗЕХ-ийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар захиргааны байгууллага ба ИХШХШТХуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т заасан үндэслэл хамаарахгүй учир иргэний хэргийн харъяалалд багтахгүй юм. Иймд шүүх ИХШХШТХуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байсан байна. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хуулийн 497, 498 дугаар зүйлийн 498.2 хэмээн тодорхойлсон ба гэм хорын эрх зүйн маргаан байсан бол ИХШХШТХуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-т заасанчлан шүүх хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэх ёстой байсан. Гэтэл 2017-06-30-ны өдөр уг хэргийг шүүгч В.А даргалж, дангаар хянан шийдвэрлэсэн. Иймээс шийдвэрийг хүчингүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй юм. Мөн түүнчлэн Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 35 дугаар зүйлийн 35.3.3-т тус тус заасанчлан газрын төлбөр төлөх, 35 дугаар зүйлийн 35.3.2, 47 дугаар зүйлийн 47.2-т заасанчлан эзэмшиж буй газартаа нөхөн сэргээлт хийж, хамгаалах нь газар эзэмшигчийн хуулиар хүлээсэн үүрэг юм. Тиймээс ГЗ зам ХХК нь 2012-2016 оны хооронд эзэмшиж, ашиглаж байсан газрын төлбөр болоод нөхөн сэргээлтийн зардлыг шаардах эрхгүй тул анхан шатны шүүхийн 2017-06-30-ны өдрийн 265 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв. 

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч ГЗ зам ХХК нь хариуцагч Дорноговь аймгийн ........ сумын Засаг даргад холбогдуулан .......... сумын Засаг даргын газар эзэмшүүлэх тухай 2011-08-03-ны өдрийн А/241 тоот хууль бус захирамжийн улмаас учирсан хохирол 35600000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаа Сайншанд сумын Засаг даргын 2011-08-03-ны өдрийн А/241 тоот газар эзэмшүүлэх тухай захирамж /хх-8/, иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 2011-08-10-ны өдрийн гэрээ /хх 10-14/,  газрын элэгдэл, эвдрэл нөхөн сэргээх ажлын гэрээ /хх 15-16/, Гурван зам ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын талаарх Сайншанд сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх 17-31/,  Дорноговь аймгийн Засаг даргын газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгох тухай 2016-09-23-ны өдрийн А/424 дугаар захирамж /хх-33/, газрын төлбөр шилжүүлсэн тухай Хаан, Хадгаламж банкны мөнгөн шилжүүлгийн баримтууд /хх 34-38/ зэрэг нотлох баримтанд үндэслэжээ. 

Хариуцагч Сайншанд сумын Засаг дарга нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч  “Газрыг нөхөн сэргээсэн эсэхийг газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлт” гараагүй байхад газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан нь хууль бус байсан, аж ахуйн нэгж байгууллага сайн дурын үндсэн дээр нөхөн сэргээлтийг хийж гүйцэтгэдэг тул шаардлага хууль зүйн үндэслэлгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.6 дахь хэсэгт заасныг хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг зохигчид эс зөвшөөрч давж заалдсан гомдол гаргасан байна. 

Гомдлыг үндэслэн хэргийг бүхэлд нь хянан үзвэл анхан шатны шүүх нь маргааны үйл баримтыг зөв тодорхойлоогүй буюу Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг оновчтой сонгож, зөв тайлбарлан хэрэглэж чадаагүй, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүйгээс шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Энэ нь нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хууль бус захиргааны актын улмаас учирсан хохирол гэж тодорхойлж, Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/241 дүгээр захирамжийг хууль бус болохыг Дорноговь аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/424 дүгээр захирамжаар тогтоосон гэж үзэж Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/241 дүгээр захирамжийн дагуу эзэмшиж байсан газарт хийсэн нөхөн сэргээлтийн зардал буюу 35600000 төгрөгийг хохиролд тооцон нэхэмжилсэн нь ойлгомжгүй буюу нэхэмжлэлийн үндэслэл тодорхойгүй байгааг анхан шатны шүүх анхаараагүй, тодруулаагүй байна. 

Тодруулбал Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д “хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно” гэж заасан байх ба Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/241 дүгээр захирамжаар нэхэмжлэгч “ГЗ ХХК-д газар эзэмших эрхийг олгосоноос үзэхэд энэхүү захирамж нь  Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4-д зааснаар эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд эрх олгосон, ашигтай нөхцөл байдлыг бий болгосон эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт болох юм.

Улмаар уг захирамж нь нэхэмжлэгчийн хувьд түүний ямар эрхийг зөрчсөн нь ойлгомжгүй ба ... сумын Засаг дарга 2011 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/241 тоот захирамжаар Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д зааснаар газрыг өөрийн хүч, хөрөнгөөр нөхөн сэргээснийг үндэслэл болгон ГЗ ХХК-д Сайншанд сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний 336 дугаар цэргийн ангийн зүүн урд талд 6 га /60000 м2/ газрыг үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмших эрхийг олгосноор нэхэмжлэгч энэ эрхээ хэрэгжүүлж иржээ. 

Харин Дорноговь аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/424 дүгээр захирамж гарснаар нэхэмжлэгч “ГЗ ХХК-ийн “Сайншанд сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний 336 дугаар цэргийн ангийн зүүн урд талд 6 га /60000 м2/ газрыг үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар эзэмших эрх”-ийн гэрчилгээг хүчингүй болгож, дээрх А/241 тоот захирамжийг хүчингүй болсонд тооцсоноос үзэхэд Дорноговь аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/424 дүгээр захирамж нь нэхэмжлэгч Гурван зам ХХК-ны газар эзэмших эрхийг хөндсөн гэж үзэхээр байна. 

Дээр дурдсаныг дүгнэж үзвэл Дорноговь аймгийн Засаг дарга нь эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгосон байх бөгөөд Захиргааны Ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт нь хууль бус тохиолдолд түүнийг хүчингүй болгох хэдий ч  Дорноговь аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/424 дүгээр захирамж нь хуулийн дээрх журамд нийцсэн эсэх талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, улмаар энэ талаарх эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй байхад иргэний хэрэг хянан шийдвэрлэх ерөнхий харъяаллын шүүх нь дээрх захиргааны актын үндэслэлд дүгнэлт хийх боломжгүйн гадна энэхүү маргаан нь тухайн шүүхэд харъяалагдахгүй юм.

Түүнчлэн Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д “Хүний үйл ажиллагааны улмаас элэгдэл, эвдрэлд орж, ашиглалтгүй орхигдсон газрыг өөрийн хүч, хөрөнгөөр нөхөн сэргээсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тухайн газрыг эзэмшүүлж болно.” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь газрыг нөхөн сэргээсэн зардалд гаргасан хөрөнгө болох 35600000 төгрөгийг газар эзэмших эрхийг хүчингүй болгосноос учирсан хохиролд тооцож нэхэмжилсэн нь ойлгомжгүй байгааг анхан шатны шүүх анхаараагүй байна. 

Учир нь нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ хууль бус шийдвэрийн улмаас учирсан хохирол гэж тодорхойлсон ба энэ тохиолдолд эрх бүхий байгууллагын шийдвэр хууль бус байснаас хохирол учирсан байх, өөрөөр хэлбэл хууль бус шийдвэр, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байх учиртай болно. 

Гэтэл нэхэмжлэгч ГЗ ХХК нь Сайншанд сумын Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/241 тоот захирамж  хууль бус байснаас учирсан хохирол гэж нэхэмжилсэн нь буюу эерэг нөлөөлөл бүхий актын улмаас хохирол учирсан гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон нь ойлгомжгүй ба чухам ямар захиргааны акт хууль бус байснаас нэхэмжлэгчид хохирол учирсаныг буюу нэхэмжлэлийн үндэслэлийг тодруулах шаардлагатайн гадна энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулах, улмаар хэргийн болон шүүхийн харъяалал, оролцогчдын эрх зүйн байдлыг зөв тодорхойлоход ач холбогдолтой гэж үзнэ.

Мөн анхан шатны шүүх нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа захиргааны байгууллагын хууль бус шийдвэрийн улмаас учирсан хохирол гэж тодорхойлсон байхад гэрээнээс үүссэн харилцаа гэж маргааны талаар үндэслэлгүй дүгнэлт хийж хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчих үндэслэл болсон. 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа захиргааны байгууллагын хууль бус шийдвэрийн улмаас учирсан хохирол гэж тодорхойлсноос үзэхэд энэ нь зөрчлийн улмаас үүсэх үүрэг буюу Иргэний хуулийн 497, 498 дугаар зүйлд зааснаар байгууллага албан тушаалтан бусдад гэм хор учруулсаны хариуцлагад хамаарах ба шүүгч дангаар хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д нийцээгүй байна. 

Дээрх үндэслэлүүдээр “анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам” гэсэн агуулга бүхий хариуцагчийн гаргасан давж заалдсан гомдол үндэслэлтэй тул хангаж, харин анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнөөс давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтын талаар эцэслэн дүгнэлт хийх боломжгүй тул “шийдвэрт өөрчлөлт оруулах тухай” нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б -ийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.4 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдсон тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. 

Хариуцагч тал нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн байх бөгөөд хэргийг нэгэнт дахин шийдвэрлүүлэхээр буцаасан тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 323950 төгрөгийг буцаан олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.3-т нийцнэ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 136/ШШ2017/00265 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай. 

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч ........ сумын Засаг дарга нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгч “ГЗ” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 323950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн,  төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.       

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Н.БОЛОРМАА

       ШҮҮГЧИД                         Г.ТЭГШСУУРЬ

                                               Н.БАТЧИМЭГ