Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 2018/ДШМ/49

 

*******ад холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч З.Энхцэцэг, ерөнхий шүүгч Л.Наранбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга Н.Энхнаран

Хохирогчийн өмгөөлөгч Д.Урансувд

Хохирогч Д.******* нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж шийдвэрлэсэн 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 2018/ШЦТ/231 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Д.*******ын давж заалдах гомдлоор *******ад холбогдох эрүүгийн 1821003110213 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Л.Наранбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

******* овогт *******ын *******. Монгол Улсын иргэн, ******* регистрийн дугаартай, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1975 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд бус боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг *******гийн ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, 70 хувийн группэд байдаг.

Шүүгдэгч ******* нь согтуугаар 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын *******гийн ******* тоотод өөрийн төрсөн эцэг болох 81 настай иргэн Д.*******ыг зодож, харгис хэрцгийгээр харьцсан, мөн 2018 оны 03 дугаар сарын 04-ний орой өөрийн төрсөн эцэг Д.*******ыг гэрээсээ хөөж харгис хэрцгий харьцаж, доромжлон хутга барин айлган сүрдүүлсэн, мөн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний орой согтуугаар унтаж амраахгүйгээр агсан тавьж, улмаар унтаж байхад чинь хоолойг чинь огтолно гэх зэргээр байнга харгис хэрцгий харьцаж, зодож, догшин авирлан тарчлаасан гэмт хэрэгт холбогджээ

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддорж шүүгдэгч *******ыг “гэр бүлийн хамаарал бүхий хүн болох өөрийн төрсөн эцэг Д.*******ыг зодож, харгис харьцсан, догшин авирласан, тарчлаасан, мөн энэ гэмт хэргийг ахмад настан хүний эсрэг үйлдсэн” үйлдсэн гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 2018/ШЦТ/231 дүгээр шийтгэх тогтоолоор:

1/ Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргээс байнга зодсон, тарчлаасан гэх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,

2/ Шүүгдэгч *******ыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай “ахмад настай” хүний эсрэг байнга харгис хэрцгий харьцсан, догшин авирласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

3/ Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч *******ыг 6 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэж,

4/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан 6 /зургаа/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

5/ Эрүүгийн 1821003110213 дугаартай хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй ба шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорьж, ...шийдвэрлэжээ.

Хохирогч Д.******* давж заалдах гомдолдоо: “...Миний зүгээс хүүд минь оногдуулсан ял хүндэдсэн гэж үзэн гомдол гаргаж байна. Би хүүгээ хорих ял авна гэж бодоогүй, энэ тухай мэдээ ч үгүй. Шүүх дээр хүүдээ гомдолтой гэж хэлээд буруутгачихлаа. Хүү минь надад хэрцгий хандсан нь үнэн боловч би өдий насалчихаад хүүгээ шоронд орохыг хараад эмзэглэж байна. Энэ хүүгээ би багад нь үхэхийн дайтай өвчтэй байхад нь цусаа өгч байж хүн болгосон болохоор бусдаас илүү хайрлаж явдаг. Миний хамгийн том хүү болохоор дүү нар нь ахыгаа ял эдлээд шоронд ороход нь мөн л сандарч эмзэглэж байна. Хамгийн гол нь хүү минь 70 хувийн хөдөлмөрийн чадвараа алдсан баруун хөл нь доод хэсгээрээ хатингаршсан, сүүжний тогоо хэсгээрээ шөрмөсөн дээрээ тогтож байгаа юм. Ийм биетэй хүнийг ах дүү, аав нь хайрлахгүй бол хэцүү биз дээ. Хэрвээ хөлөө жоохон л гэмтээвэл түүнийг эмчлүүлэхээс эхлээд асрах сувилах гэж бүр их зардал ажил болно. Өөрт нь хэцүү байна. Алдаж эндсэн алдаа болгоныг хатуу цээрлүүлж байна гэхэд бид эргээд нэг л гэр бүл болохоор улам л хагарал үүсэх байх. Эх, эцэг хүн хэзээ ч үрээ түлхдэггүй юм. Муу зүйл ч хийсэн хамгаалж байдаг хамгийн үнэнч туслахын үүднээс миний хувьд хүүгийн эрүүл мэндийн шалтгаан болон хүүгээ ял авснаас хойш нойр хүрэхээ больж шаналж байх тул биечлэн оногдуулсан хорих ялыг тэнсэж өгөхийг хүсч гомдол гаргаж байна. Хүүгийн маань хөл муу тул эмчлүүлмээр байна. Хүү минь гэм буруугаа ойлгосон. Цаашид дахин муу авир гаргахгүй. Иймд өндөр настай эцэг хүний хувьд хүүгийн минь ялыг хөнгөлж шоронгоос гаргах өгөхийг хүсч байна” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Шүүгдэгч ******* нь согтуугаар 2017 оны 03 сарын 04-ний орой төрсөн эцэг Д.*******ыг гэрээсээ хөөж, үг хэлээр гутаан доромжилж, харгис хэрцгий харьцаж, хутга барин айлган сүрдүүлсэн, мөн 2018 оны 04 сарын 19-ний орой согтуугаар хохирогч Д.*******ыг унтаж амруулахгүй агсан тавьж, “унтаж байхад чинь хоолойг чинь огтолно” гэх зэргээр харгис хэрцгий харьцаж, догшин авирласан, 2017 оны 09 сарын 17-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын *******гийн ******* тоотод, төрсөн эцэг 81 настай Д.*******ыг “чам шиг муу өвгөн намайг барж идэхгүй, муу банди минь чамайг тонилгоно, ална” хэмээн айлган сүрдүүлж байнга харгис хэрцгий харьцаж, догшин авирласан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогч Д.*******ын мэдүүлэг, гэрч *******ын мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлэг, Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 404, 2018 оны 103 дугаар шийтгэвэр зэрэг нотлох баримтаар нотлогдсон гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмыг ноцтой зөрчөөгүй бөгөөд шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Шүүх тухайн зүйл хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулсан байх тул хорих ялыг хөнгөрүүлж өгөхийг хүссэн хохирогч Д.*******ын давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Дээр дурдсан үндэслэлүүдээр хохирогч Д.*******ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 2018/ШЦТ/231 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Д.*******ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч *******ын 2018 оны 08 дугаар сарын 13-наас 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 65 /жаран тав/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                     Ж.ДОЛГОРМАА

 

ШҮҮГЧИД                                                                                З.ЭНХЦЭЦЭГ

 

Л.НАРАНБАЯР