Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2017/00751

 

 

2017 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2017/00751

                  Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, 4 дүгээр байрны 18 тоотод оршин суух, 1963 онд төрсөн, эмэгтэй, Лүүжил овогтой Мишигийн Нэргүй /РД:ЧЙ63012301/-ийн нэхэмжлэлтэй, ажилласан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Нэргүй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.Нэргүй шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1982 онд ЗХУ-д үйлдвэрлэлийн дадлагад нэг жил суралцаж ирээд 1983 оны 04 сараас эхлэн хугацаанд Барилга, Барилгын материалын үйлдвэрийн Яамны харьяа Улаанбаатар хотын керамик эдэлхүүний комбинатад операторчноор ажилласан. 1983-1990 он хүртэл энэ байгууллагад ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр гарсан. Ингээд Хүнс, хөдөө аж ахуйн яамны харьяа Керамикийн заводод ажиллаж байгаад 1995 оноос хувиараа ажилласан. Гэтэл тэтгэвэрт гарах гэтэл миний бичиг баримт алга болсон. Хөдөлмөрийн дэвтэр алга болсон. Улаанбаатар хотын Керамик эдлэхүүний комбинатад ажилласан жил тогтоолгох хүсэлтэй байна. 1983 оны 04 дүгээр сарын 02-ноос 1990 оны 05 дугаар сарын 15 хүртэл хугацаанд ажилласан. Энэ байгууллагаас гарсан тушаал нь олдохгүй байгаа. Би Барилга, барилгын материалын яамны харьяа керамик эдлэлийн үйлдвэрт операторчноор ажиллаж байсан. Миний тэтгэвэрт гарах нас өнгөрсөн. Тэтгэвэрт гарах зорилготойгоор ажилласан жил тогтоолгох гэж байгаа гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.Нэргүй нь 1983 оны 04 сарын 02-ны өдрөөс 1990 оны 05 сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд Барилга, Барилгын материалын үйлдвэрийн Яамны харьяа Улаанбаатар хотын керамик эдэлхүүний комбинатад операторчноор ажиллаж байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч М.Нэргүй нь 1983 оны 04 сарын 02-ны өдрөөс 1990 оны 05 сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд Барилга, Барилгын материалын үйлдвэрийн Яамны харьяа Улаанбаатар хотын керамик эдэлхүүний комбинатад операторчноор ажиллаж байсан болох нь Барилга, Барилгын материалын үйлдвэрийн Яамны харьяа Улаанбаатар хотын керамик эдэлхүүний комбинатын даргын 1983 оны 04 сарын 02-ны өдрийн “Ажилд томилох тухай” 42 дугаар тушаал, тушаалын хавсралтын “М.Нэргүй операторчин 3-р зэрэг” гэсэн бичвэр, Д.Нарантуяа /РД:ЧИ61050702/, Б.Эрдэнэчимэг /РД:ЧП63030866/ нарын шүүхэд гаргасан тодорхойлолт, тэдний Барилга, Барилгын материалын үйлдвэрийн Яамны харьяа Улаанбаатар хотын керамик эдэлхүүний комбинатад 1980 оноос 1995 он хүртэл хугацаанд ажиллаж байсан талаар бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэргээр нотлогдож байна.

 

Иймд шүүх ажилласан байдал тогтоолгох тухай нэхэмжлэгч М.Нэргүйгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан М.Нэргүй нь 1983 оны 04 сарын 02-ны өдрөөс 1990 оны 05 сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд Барилга, Барилгын материалын үйлдвэрийн Яамны харьяа Улаанбаатар хотын керамик эдэлхүүний комбинатад операторчноор ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч М.Нэргүйгээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,500 төгрөгөөс 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 300 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.АЗБАЯР