| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2016/07965/И |
| Дугаар | 102/ШШ2017/00742 |
| Огноо | 2017-03-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 102/ШШ2017/00742
| 2017 оны 03 сарын 16 өдөр | Дугаар 102/ШШ2017/00742 | Улаанбаатар хот |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Шар хадны 39 дүгээр гудамж, 586 тоотод оршин суух, Хантуул овогтой Цэсмаагийн Баасантуяа /РД:ЦЖ77102862/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, Ганти 40с байр, 11 тоотод оршин суух, Боржигон овогтой Янжмаагийн Тунгалагтуяа /РД:НЙ71031807/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 4,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Баасантуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Баасантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Баасантуяа би Я.Тунгалагтуяатай 2015 оны 11 сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан 3,000,000 төгрөгийг хүүгүй 6 сарын хугацаатай буюу 2016 оны 05 сарын 15-ны өдөр хүртэл зээлдүүлсэн. Зээлийн хугацаа дууссан боловч Я.Тунгалагтуяа нь зээлийн төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна. Иймд зээлийн гэрээний нөхцөлд заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутам 0.5 хувийн алданги тооцож 130 хоногийн алданги 1,950,000 төгрөг болж байна. Иргэний хуульд зааснаар үндсэн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй буюу 1,500,00 төгрөгийн алданги тооцож, үндсэн зээл 3,000,000 төгрөг, алдангийн хамт нийт 4,500,000 төгрөгийг хариуцагч Я.Тунгалагтуяагаас гаргуулах хүсэлтэй байна гэжээ.
Нэхэмжлэгч Ц.Баасантуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Баасантуяа нь 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр иргэн Я.Тунгалагатуяад 3,000,000 төгрөгийг зээлж, зээлийн үүрэг биелүүлээгүй тохиолдолд биелүүлээгүй өдөр бүр үндсэн зээлд 0,5 хувийн алданги тооцож байхаар зээлийн гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч Ц.Баасантуяа нь хариуцагчийн дансанд 3,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Гэвч хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлээгүй тул үндсэн зээл, алданги нийт 4,500,000 төгрөгийг нэхэмжилсэн. Зээлийн алдангийг 2016 оны 05 дугаар сарын 16 өдрөөс тооцож 1,990,000 болсон ч 1,500,000 буюу 50 хувиар алданги тооцож нэхэмжилсэн. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн дансны хуулгыг гаргуулах гэсэн боловч хариуцагчийн данс хаагдсан байсан тул ямар нэгэн дансны хуулга, бусад баримт авах боломжгүй байсан. Мөн зээлийн гэрээг байгуулахад хариуцагч өөрийн биеэр болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч болох нөхөр Т.Ванчинсүрэн нар хамт байж байсан. Бид эвлэрэх саналд хүрч 3,000,000 төгрөг өгнө гэсэн боловч одоогоор өгөөгүй байгаа бөгөөд хариуцагч талаас чи шүүхээр яваад ав гэсэн. Эвлэрэх боломжгүй болсон тул нэхэмжлэл гаргаж 4,500,000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Баасантуяа нь хариуцагч Я.Тунгалагтуяад холбогдуулан 4,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
Ц.Баасантуяа нь Я.Тунгалагтуяатай 2015 оны 11 сарын 15-ны өдөр 3,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, хүүгүй, хугацаандаа зээлээ төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцож зээлийн гэрээ байгуулжээ.
Дээрх зээлийн гэрээ нь хуулийн шаардлага хангасан, талуудын хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурсан байх тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэж, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэв.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ”, 232.4-т “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж тус тус заасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “...зохигч... нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасан бөгөөд хариуцагч шүүхэд хариу тайлбар гаргаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгээгүй байна.
Иймд хариуцагч Я.Тунгалагтуяагаас 4,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Баасантуяад олгох нь зүйтэй гэж дүгнэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ванчинсүрэн нь шүүх хуралдаанд ирэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь тус шүүх дэх шүүх хуралдааны хамгаалалтын цагдаагийн илтгэх хуудас, согтуурлын зэрэг тогтоох багаж, Т.Ванчинсүрэнгийн өөрийнх нь тайлбараар тус тус нотлогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т заасны дагуу согтуурсан буюу мансуурсан этгээдийг шүүх хуралдааны танхимд байлгаж болохгүй тул энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу хариуцагч Я.Тунгалагтуяагаас 4,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Баасантуяад олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Я.Тунгалагтуяагаас 86,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Баасантуяад олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АЗБАЯР