Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2017/00741

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, шүүгч М.Мөнхтөр, Ш.Оюунтуул нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 21 дүгээр гудамж 758 тоотод оршин суух, Батхан овогтой Дамдиндоржийн Равдан /РД:ЧЖ77122077/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүргийн 23 дугаар хороо Зүүн Ард Аюушийн 8 дугаар гудамж, 266Б тоотод оршин суух, Цөрөм овогтой Хангайдоржийн Болдбаатар /РД:РЭ62120719/-т холбогдох гэм хорын хохиролд 1,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Равдан, түүний өмгөөлөгч Б.Цолмон, хариуцагч Х.Бодлбаатар, иргэдийн төлөөлөгч Х.Баатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Равдан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдөр авто осол болж манай эгчийн дүү нас барсан. Ингээд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 90 дугаартай шийтгэх тогтоол гарч хэрэг хаагдсан. Энэхүү тогтоолын 6 дахь хэсэгт иргэний хариуцагч Болдбаатарын хэрэгт битүүмжлэгдсэн машин нь хохиролд тооцуулахаар шийдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хохиролд тооцох машиныг авахаар очтол тухайн машин нь хоосон байна гэсэн мэдээллийг өгсөн. Үүний дагуу би хариуцагчтай холбогдож энэ талаар мэдэгдэхэд би энэ машины эзэн, хэрэг хийсэн этгээд ял аваад явсан би өөрийн машины эд ангийг зарсан. Үүнээс үүдэж би Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргасан боловч н.Баясгалан гэх прокурор хэргийг хянаж үзээд хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш хөөн хэлэлцэх 6 сарын өнгөрсөн учир иргэний хэргээр өөрт учирсан хохирлыг барагдуул гэсэн. Ийнхүү би иргэний хэргээр баримттай байгаа өмгөөлөгчийн зардал болох 1,500,000 төгрөгийг нэхэмжилж байна. Баримтад эрүүгийн хэрэг явагдаж байхад 1,000,000 төгрөгөөр өмгөөлөгч авсан дараа нь иргэний хэрэгт өмгөөлөгч 500,000 төгрөгөөр авсан мөнгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч Х.Болдбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би өөрийн хүү Б.Ганбаярт холбогдох эрүүгийн 2015240000820 дугаартай хэрэгт иргэний хариуцагчаар татагдан оролцож байсан ба Д.Равданд хохирол барагдуулах нь тодорхой юм. Дээрх эрүүгийн хэрэгт миний 3,000,000 төгрөгийн үнэтэй Соната-5 маркийн автомашиныг битүүмжилсэн гэдэг боловч уг битүүмжилсэн тогтоол нь обуд, мотор, кроп зарагдсанаас хойш 2015 оны 12 сарын 01-ний өдөр үйлдсэн гэдэг. Харин 2016 оны 01 сарын 21-ний өдрийн Баянгол, хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 90 дугаартай шийдвэрт Соната-5 маркийн 3075 УНЗ дугаартай автомашиныг хохиролд тооцуулахаар шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсэн байдаг. Уг автомашиныг би унах засах ямар ч сонирхол байгаагүй. Мөргөөд дайраад алчихсан юм биш. Хажуу талаас нь ирж мөргөж хойшоо савж унаад нас барсан. Тухайн үедээ гэрэл байхгүй,тооромз байхгүй, каск малгай байхгүй байсан. Шинжээчийн дүгнэлт гарсан байдаг. Д.Равдан байнга цагдаа шүүхээр явж намайг хэл амаар доромжлох, алуурчин ба түүний эцэг гэх янз бүрээр тайлбар материал дотор бичигдсэн байгаа. Энэ хүнд төлөх  зардлыг автомашин орсон ч бай ороогүй ч бай өөрийн бололцоогоор төлж л байна. Одоо ажил байхгүй, хашаа хороо зөвшөөрөлгүй газар гэр барьсан нь 4 ханатай, хүнд өгөх хөрөнгө байхгүй. 3 ам бүлээ тэжээх гэж зовж явна. Иймд цаашид би энэ хэрэгт оролцож чадахгүй. Би иргэний хэрэгт өмгөөлөгч авсан зардлыг хүлээн зөвшөөрөх боловч эрүүгийн хэрэгт өмгөөлөгч авсан зардлыг хүлээн зөвшөөрөхгүй. Би эрүүгийн хэрэг үйлдээгүй. Иймд иргэний хэргийн өмгөөлөгчийн хөлс 500,000 төгрөгийг гаргаж өгөх боломжтой гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: 

 

Нэхэмжлэгч Д.Равдан нь хариуцагч Х.Бодлбаатарт холбогдох эрүүгийн хэрэгт өмгөөлөгч авч, эрх зүйн туслалцаа авсны хөлс 1,000,000 төгрөг, эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа авсан зардлаа гаргуулахаар иргэний хэрэгт өмгөөлөгч авч төлсөн хөлс 500,000 төгрөг нийт 1,500,000 төгрөгийг хариуцагч Х.Болдбаатараас гаргуулахаар нэхэмжилснээс хариуцагч 500,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх 1,000,000 төгрөгийг эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Д.Равдан нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2015 оны 08 сарын 13-ны өдөр өөрийн эгч н.Баябадолгорын хүү Б.Санчирдоржийг хариуцагч Х.Болдбаатарын хүү Б.Ганбаяр нь “Соната-5” маркийн, 30-75 УНЧ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа зам тээврийн осол гаргаж Б.Санчирдорж нас барсан. Эрүүгийн хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Д.Равдан, иргэний хариуцагчаар Х.Болдбаатарыг татаж, Х.Болдбаатарын “Соната-5” маркийн 30-75 УНЧ улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн боловч хариуцагч Х.Болдбаатар нь битүүмжилсэн машины эд ангийг зарж борлуулсан. Энэ үйлдэлд эрүүгийн хэрэг үүсч, өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авсны хөлс 1,000,000 төгрөг төлсөн. Эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болсон тул өмгөөлөгчид төлсөн хөлс 1,000,000 төгрөг, энэ төлбөрийг гаргуулахаар иргэний хэргийн шүүхэд эрх зүйн туслалцаа авсны хөлс 500,000 төгрөг нийт 1,500,000 төгрөгийг гэм хорын хохиролд тооцож нэхэмжилсэн” гэжээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй үндэслэлээ “...эрүүгийн хэрэг үйлдсэн Б.Ганбаяр ял аваад явсан. Би боломжоороо хохирлыг нь төлж байгаа. Надад ямар ч буруу байхгүй тул 500,000 төгрөгийг төлөх боломжтой. 1,000,000 төгрөгийг зөвшөөрөхгүй” гэж тайлбарлажээ.

 

Зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах байдал тогтоогдож байна. Үүнд:

 

2016 оны 06 сарын 19-ний өдөр Эрүүгийн хуулийн 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хариуцагч Х.Болдбаатарыг 2015 оны 12 сарын 01-ний өдөр Замын цагдаагийн газрын ЗТГХМШХ-ийн ахлах мөрдөн байцаагчийн тогтоолоор эрүүгийн 201524000820 тоот хэрэгт битүүмжилсэн “Соната-5” маркийн 30-75 УНЧ улсын дугаартай автомашины 4 дугуй, мотор кропыг зарж үрэгдүүлсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж, 2016 он 07 сарын 07-ны өдрийн тогтоолоор нэхэмжлэгч Д.Равданг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон тогтоол, Х.Болдбаатарт холбогдох эрүүгийн 201626021710 дугаартай хэргийг Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2016 оны 07 сарын 18-ны өрийн 1516 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1-т заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сар өнгөрсөн, хөөн хэлэлцэх хугацаа дууссан, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулж болохгүй үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

 

Хариуцгач эрүүгийн 201524000820 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгийг үрэгдүүлсэн тухайд маргаагүй, нэхэмжлэгч уг байдлыг хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авсны хөлс 1,000,000 төгрөг төлсөн болох нь өмгөөлөгч Б.Цолмон, нэхэмжлэгч Д.Равдан нарын хооронд 2016 оны 03 сёарны 13-ны өдөр байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ, зохигчийн шүүхэд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байна. 

 

Бусдын эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй болохыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан. Мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөхөөр заасан тул нэхэмжлэгчээс эрүүгийн хэрэгт өмгөөлөгчид төлсөн 1,000,000 төгрөгийн хохиролыг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Харин иргэний хэрэгт өмгөөлүүлэх, төлбөртэй өмгөөлөгч авах нь нэхэмжлэгчийн эрхэд хамаарах тул өмгөөлөгчид төлсөн хөлсийг зайлшгүй гарах зардалд тооцохгүй. Энэ үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас 500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

Иймд хариуцагч Х.Бодбаатараас 1,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Равданд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгэсхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлгдөсөн болохыг дурдаж, нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээгээр хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж, улсын оролгод оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Х.Болдбаатараас 1,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Равданд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.9, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Равдан нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Х.Болдбаатараас 28,550 төгрөг гаргуулж улсын төсөв /Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данс/-т оруулсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.АЗБАЯР

 

ШҮҮГЧ                                                            М.МӨНХТӨР

 

                                                                        Ш.ОЮУНТУУЛ