| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 182/2016/00425/И |
| Дугаар | 102/ШШ2017/01353 |
| Огноо | 2017-05-10 |
| Маргааны төрөл | Хүнийг сураггүй алга болсонд тооцох буюу нас барсан гэж зарлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 102/ШШ2017/01353
| 2017 оны 05 сарын 10 өдөр | Дугаар 102/ШШ2017/01353 | Улаанбаатар хот |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 3-31 тоотод оршин суух, Тайж овогт Ганбатын Анударь,
Төрсөн эцэг Сономдэндэвийн Ганбатыг сураггүй алга болсон тооцож, нас барсан гэж зарлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Г.Анударь, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түмэн-Өлзий нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Г.Анударийн шүүхэд гаргасан хүсэлтэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний аав С.Ганбат, эх Ш.Бямбатогтох нар 1998 онд гэр бүл болж, би 1998 оны 2 дугаар сарын 11-ний өдөр төрсөн. Эцэг, эх маань 2000 оноос хойш тусдаа амьдарч байгаад аав маань сураггүй алга болсон. Миний ээж 2014 оны 3 дугаар сард шүүхэд өргөдөл гаргаж, миний эцэг С.Ганбатыг эрэн сурвалжлуулах захирамж гаргуулж, цагдаагийн байгууллага эрэн сурвалжилсан боловч ямар ч сураг чимээ гараагүй, төрөл төрөгсөд нь ч сураг чимээ байхгүй гэж байгаа. Энэ хооронд 2016 оны 2 дугаар сард миний ээж Ш.Бямбатогтох нас барж, би бүтэн өнчин үлдсэн. Би энэ жил сургуулиа төгч, их сургуульд элсэж, бүтэн өнчин гэдгээр сургалтын хөнгөлөлт эдлэх гэсэн боловч эцэг С.Ганбатыг сураггүй алга болсон, нас барсан тухай шүүхийн шийдвэр гараагүй байгаа учраас уг хөнгөлөлтөд хамрагдаж чадахгүйд хүрээд байна. Иймд миний эцэг С.Ганбатыг сураггүй алга болсонд тооцож, нас барсан гэж зарлаж өгнө үү гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Г.Анударь нь төрсөн эцэг С.Ганбатыгг сураггүй алга болсонд тооцуулж, нас барсан гэж зарлуулахыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Тайж овогт Сономдэндэвийн Ганбат нь 1974 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн бөгөөд 1998 онд Шардамбын Бямбатогтохтой гэр бүл болж, 1998 оны 2 дугаар сарын 11-ний өдөр охин Г.Анударь төрсөн.
С.Ганбат нь 1999 онд гэрээсээ гарч яваад сураггүй алга болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хүсэлт гаргагчийн гаргасан тайлбар, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 688 дугаар С.Ганбатын эрэн сурвалжлах тухай шийдвэр, гэрч Ж.Эрдэнэцэцэг, Б.Шардамба, Т.Сономдэжид нарын мэдүүлэг болон хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтаар нотлогдож байна.
С.Ганбат нь оршин суугаа газраасаа алга болсноос хойш 5 жил өнгөрсөн байх тул хүсэлт гаргагч Г.Анударийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж, 1974 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төрсөн Тайж овогт Сономдэндэвийн Ганбат /РД: АМ74103017/-ыг нас барсан гэж зарлах нь зүйтэй байна.
Иргэний хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-д Иргэнийг нас барсан гэж зарласан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрийг уг этгээдийн нас барсан өдөр гэж үзнэ. гэж заасныг дурдах нь зүйтэй.
Харин иргэнийг нас барсан гэж зарлахад тухайн этгээдийг эхлээд сураггүй алга болсонд тооцох шаардлагагүй тул нэхэмжлэлийн шаардлагаас С.Ганбатыг сураггүй алга болсонд тооцож өгнө үү гэх хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,116,118 дүгээр зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар 1974 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төрсөн Тайж овогт Сономдэндэвийн Ганбат /РД: АМ74103017/-ыг нас барсан гэж зарласугай.
2.Иргэний хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар Г.Анударийн нэхэмжлэлээс С.Ганбатыг сураггүй алга болсонд тооцож өгнө үү гэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно., 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай
ДАРГАЛАГЧ М.МӨНХТӨР