| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2017/01065/И |
| Дугаар | 102/ШШ2017/01355 |
| Огноо | 2017-05-10 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 102/ШШ2017/01355
| 2017 оны 05 сарын 10 өдөр | Дугаар 102/ШШ2017/01355 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Бүрэнбүст баг, 5-14-37 тоот хаягт байрлах “Могойн шинэ ус” ХХК /РД: 2836831/-ийн
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, Зүүн наран, 18-94 тоот хаягт байрлах “Дугант бар” ХХК /РД: 2855836/ -д холбогдох
Брус мод худалдаж авсны төлбөрийн үлдэгдэл нийт 12,460,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүшиг, хариуцагчийн төлөөлөгч Б.Баяраа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түмэн-Өлзий нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Могойн шинэ ус” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр замын Толгойт дахь салбар АБТЕМА- хашаан дотор “Могойн ШинэУс” ХХК-ийн худалдан борлуулж байсан 4 метрийн ур 5см*7см харьцаатай хар модон бруснээс Дугант Бар ХХК гэгч нь 14,100,000 төгрөг /Арван дөрвөн сая нэг зуун мянган төгрөг/ үнэ бүхий брус 2014 оны 09 дүгээр сарын 30- өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 25-ны дотор төлбөрөө төлөх нөхцөлөөр барааг менежер Б.Урансайхан тоолж хүлээн авсан. 2014 оны 11 дүгээр сарын 26-нд 4,100,000 төгрөг дөрвөн сая нэг зуун мянган төгрөг/, 2014 оны 12 дугаар сарын 8-нд 1,000,000 төгрөг /нэг сая төгрөг/, 2014 оны 12 дугаар сарын 28-нд 1,000,000 төгрөг /нэг сая төгрөг/ 2015 оны 2 дугаар сарын 16-нд 1,000,000 төгрөг /нэг сая төгрөг/ тус тус төлсөн боловч үлдэгдэл 7,000,000 төгрөгийг /долоон сая төгрөг/ өнөөдрийг хүртэл төлөхгүй хохироож байна. Дээрхи үлдэгдэл төлбөрийг удаа дараа Дугант Бар ХХК-ны захирал Б.Баяраагаас нэхэмжилсэн боловч өдийг хүртэл төлбөрөө барагдуулахгүй байна. Иймд Б.Баяраа гэгчээс брус мод худалдаж авсны төлбөрийн үлдэгдэл 7,000,000 төгрөг /долоон сая төгрөг/, гэрээнд тусгасан торгууль 1,400,000 төгрөг /сая дөрвөн зуун мянган төгрөг/, төлбөрөө төлөөгүй 29 сарын 2% хүү болох 4,060,000 төгрөг /дөрвөн сая жаран мянган төгрөг/ нийт 12,460,000 төгрөг гаргуулна уу. Улсын тэмдэгтийн хураамж төлснийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хариуцагч талтай эвлэрэн хэлэлцэх боломжтой бөгөөд манайх хүү, торгууль болох 5,460,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 7,000,000 төгрөг дээр эвлэрэх боломжтой гэв.
Хариуцагч “Дугант бар” ХХК-ийн төлөөлөгч Б.Баяраа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талаас гаргасан эвлэрэн хэлэлцэх саналыг хүлээн зөвшөөрч байна гэв.
Зохигчийн хооронд шүүх хуралдаан дээр байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч “Могойн шинэ ус” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин би нэхэмжлэлийн нийт үнийн дүн болох 12,460,000 төгрөгөөс хүү, торгууль болох 5,460,000 төгрөгөөс татгалзаж, үлдсэн 7,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж эвлэрэх хүсэлтэй байна. Хүсэлтийг хүлээн зөвшөөрсөн Б.Баяраа гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Могойн шинэ ус” ХХК нь хариуцагч “Дугант бар” ХХК-д холбогдуулан брус мод худалдаж авсны төлбөрийн үлдэгдэл нийт 12,460,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...Нэхэмжлэгч “Могойн шинэ ус” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин нь нэхэмжлэлийн нийт үнийн дүн болох 12,460,000 төгрөгөөс хүү, торгууль болох 5,460,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч “Дугант бар” ХХК-ийн төлөөлөгч Б.Баяраа нь нэхэмжлэлийн шаардлагын үлдсэн төлбөр болох 7,000,000 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч эвлэрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар ...зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх ...зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна” гэжээ.
Зохигч талуудын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзлээ.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Могойн шинэ ус ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Дугант бар” ХХК-д холбогдох иргэний хэрэгт ““...Нэхэмжлэгч “Могойн шинэ ус” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин нь нэхэмжлэлийн нийт үнийн дүн болох 12,460,000 төгрөгөөс хүү, торгууль болох 5,460,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч “Дугант бар” ХХК-ийн төлөөлөгч Б.Баяраа нь нэхэмжлэлийн шаардлагын үлдсэн төлбөр болох 7,000,000 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Могойн шинэ ус” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 214,310 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Дугант бар” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 214,310 төгрөгийг тал хувь болох 107,155 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Могойн шинэ ус ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ М.МӨНХТӨР