Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2017/01356

 

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 10 өдөр

   Дугаар 102/ШШ2017/01356

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, 19 дүгээр хороолол, “Жигүүр гранд” ХХК-ийн байр, 0 тоотод оршин байх, “Сандэй” ХХК /РД: 2068966/-ийн нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 11-3-101 тоотод оршин суух, Их тугчин овогт Хөхөөгийн Энхтайван /РД: ЧН75102511/

 

Зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 67,848,500 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 497,193 төгрөгийн хамт гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ундрах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түмэн-Өлзий нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Сандэй” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: 2015 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Х.Энхтайвантай бараа зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулж нэг бүр нь 15,500 төгрөгийн үнэтэй Сапуд 887 ширхгийг, нэг метр нь 1,800 төгрөгийн үнэтэй Труба 47,000 метрийг, нийт 98,348,500 төгрөгийн үнэ бүхий барааг манай компани хариуцагчид нийлүүлсэн. Гэрээ байгуулсан өдөр Х.Энхтайван 29,000,000 төгрөгийг өгснөөс хойш нэг ч төгрөгийг төлөөгүй. Иймд Х.Энхтайванаас үндсэн төлбөр 67,848,500 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 497,193 төгрөг, нийт 68,345,693 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Х.Энхтайваны шүүхэд гаргасан хариу тайлбарт болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ундрахын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгчээс 98,348,500 төгрөгийн бараа авсан нь үнэн. Үүнээс захирал Амийжинд бэлнээр 1,500,000 төгрөг, дансаар 6,000,000, дахиад бэлнээр 20,000,000 төгрөг, мөн нэхэмжлэгч нь Ш.Лхагвадорж гэж хүнээс зээлсэн гэх 6,000,000 төгрөгийг нь тэдний өмнөөс төлсөн, мөн дахиад 5,000,000 төгрөгийг дансаар төлсөн. Тухайн трубанаас “Их мандуул” ХХК 34,200,000 төгрөгийн труба аваад Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын шинэ барилгыг барихад ашиглаад одоог хүртэл буцааж өгөөгүй байна. Үлдсэн 25,648,500 төгрөгийг 2017 оны 7 дугаар сард бүрэн төлж барагдуулах болно гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Сандэй” ХХК нь хариуцагч Х.Энхтайванд холбогдуулж зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 67,848,500 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 497,193 төгрөгийн хамт гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Саруулд шүүх хуралдааны товыг 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдөр 94118449 дугаар утсаар мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ундрах нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т “Харин нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хариуцагчийн хүсэлтээр шүүх хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан түүний эзгүйд хянан шийдвэрлэх, ...” гэж заасантай харшлахгүй байх тул нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

Иймд хэрэгт цугларсан нотлох баримтууд болон нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, бусад нотлох баримтуудыг үндэслэж хариуцагч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т заасантай харшлахгүй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч “Сандэй” ХХК нь хариуцагч Х.Энхтайванд 2015 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Бараа зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулж нэг бүр нь 15,500 төгрөгийн үнэтэй Сапуд 887 ширхгийг, нэг метр нь 1,800 төгрөгийн үнэтэй Труба 47,000 метрийг, нийт 98,348,500 төгрөгийн үнэ бүхий барааг зээлээр хуралдсан, хариуцагч гэрээ байгуулсан өдрөө 29,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөрийг гэрээнд заасан графикийн дагуу төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т заасан “Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасныг дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас барааны үлдэгдэл төлбөрийг шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч Х.Энхтайван нь “... барааг бусдад дамжуулан зээлдүүлсэн” гэж маргаж байгаа нь үүрэг гүйцэтгэгчийг бусдын өмнө хүлээсэн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй тул хариуцагчаас нь 67,848,500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасныг баримтлан хариуцагч Х.Энхтайванаас 67,848,500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Сандэй” ХХК-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 497,193 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 497,193 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасныг баримтлан шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

               

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                М.МӨНХТӨР