Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 2022/ШЦТ/399

 

2022          03          31                                   2022/ШЦТ/399

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

нарийн бичгийн дарга Г.Хулан,

улсын яллагч Н.Улсболд,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 2208000000000 тоот хэргийг 2022.03.03-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

                                              

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1979 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн, эрэгтэй, 43 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа бизнес эрхэлдэг гэх, ам бүл-5, эхнэр 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо Өнөр хороолол 00а байр 00 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:**0000000/ Хойд овогт Огийн Э нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч О.Э нь 2022 оны 01 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, 00а байрн дугаар орцонд Б.Бтай “эмэгтэй хүнийг зодлоо” гэх шалтгаанаар маргалдан улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохисны улмаас эрүүл мэндэд нь уруулд шарх, гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь дараахь баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Хохирогч Б.Б-ын: “эхнэр бид хоёр хувцсаа өмсөөд Баатарын гэрээс гараад лифтэнд сууж байх үед Х.А араас гарч ирээд манай эхнэрийг “чи үлд, нөхрийгөө явуул” гээд эхнэрийн куртикнээс нь зуураад татаад байсан ба эхнэр урдаас нь эсэргүүцээд хойш ухраад Х.Аын гарыг тавиулах гээд тэр хоёр зууралдсан байдалтай байж байгаад салгасан. Тэгтэл Баатар намайг “чи эмэгтэй хүн зодоод байгаа юм уу” гэж хэлээд гараараа миний нүүр рүү нэг удаа цохихоор нь би Баатарт хандан “би эмэгтэй хүн зоддог хүн биш” гэж хэлээд Баатарыг тавиад эхнэрийгээ дагуулаад байрнаас гарч яваад гэртээ очоод амарсан. Баатар миний нүүр рүү нэг удаа цохихдоо уруулын хэсэгт цохисон ба одоо миний дээд, доод уруул хавдсан, дотор талдаа язарсан байна” гэх мэдүүлэг /х.х-18/,

- Хохирогч Х.Аын “Тулгаагийн куртикнээс нь тавихад Болор-Эрдэнийн нөхөр Тулгааг “яагаад эмэгтэй хүн зодоод байгаа юм” гэж хэлээд тэр хоёр маргалдаад заамдалцаад бие биеийгээ нэг нэг удаа цохиод салсан” гэх мэдүүлэг /х.х-9/,

- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 1432 дугаартай “Б.Б-ын биед уруулд шарх, дух, зүүн хөмсөг, зүүн хацар, уруул, эрүү , хүзүүнд зулгаралт, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уруулын шархнаас бусад гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /х.х-55-56/,

- Яллагдагч *******ын: “Энэ үед манай гэрийн гадна хаалга онгорхой бас үүдэнд Х.Аын гутал нь байсан ба би гэрийнхээ хаалгыг хаах гэж байх үед орцонд эмэгтэй хүн орилох чимээ гарсан. Тэгэхээр нь би юу болсныг мэдэх гээд гэрээсээ гараад лифтээр нэг давхар руу буухад нэг давхар лифтний хаалган дээр Д газар уначихсан, Х.А энэ намайг зодчихлоо гээд Б.Б руу заасан. Тэгэхээр нь би Б.Баттулгыг Д, Х.А хоёрыг зодсон байна гэж ойлгоод “чи яагаад эмэгтэй хүн зодож байгаа юм” гэхэд Б.Б би зодоогүй энэ өөрөө эхэлсэн гээд Х.А руу заасан. Тэгээд Б.Б “чи яах гээд байгаа юм” гээд намайг заамдаад авахаар нь би Б.Баттулгыг зөрүүлж заамдаж нүүр рүү гараараа нэг удаа цохиход Б.Б зөрүүлээд миний нүүр рүү гараараа нэг удаа цохисон” гэх мэдүүлэг /х.х-71/ зэрэг баримтууд хамаарч байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч *******ын хувийн байдалтай холбоотой болон бусад баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

Хэрэгт хавсаргасан баримтаас дүгнэж үзэхэд шүүгдэгч *******ын эхнэрийн найз гэх Дгийн нөхөр Б.Б, мөн найз гэх Х.А нарын хооронд таарамжгүй харьцаа үүсч маргалдсан ба Х.А нь *******ыг шатаар бууж ирэх үед  Х.А, Б.Б нар маргалдаж зууралдсан байдалтай байсны улмаас ******* нь Б.Баттулгыг “эмэгтэй хүнийг зодсон” гэж ойлгож цохисон болох нь хохирогч Б.Б-ын: “...Архи дуусаад 23 цаг өнгөрч байх үед Х.А над руу “чи эхнэрийнхээ гэрт хэвтдэг жаргасан залуу” гээд үг хаяад байсан. Тэгэхээр нь би Х.Ад хандаж “чи ийм болохоор нөхөргүй байдаг байх” гэж хэлээд эхнэрийгээ “явъя” гэж хэлээд эхнэр бид хоёр хувцсаа өмсөөд Баатарын гэрээс гараад лифтэнд сууж байх үед Х.А араас гарч ирээд манай эхнэрийг “чи үлд, нөхрийгөө явуул” гээд эхнэрийн куртикнээс нь зуураад татаад байсан ба эхнэр урдаас нь эсэргүүцээд хойш ухраад Х.Аын гарыг тавиулах гээд тэр хоёр зууралдсан байдалтай байж байгаад салгасан. ...Тэгтэл Баатар намайг “чи эмэгтэй хүн зодоод байгаа юм уу” гэж хэлээд гараараа миний нүүр рүү нэг удаа цохихоор нь би Баатарт хандан “би эмэгтэй хүн зоддог хүн биш” гэж хэлээд Баатарыг тавиад эхнэрийгээ дагуулаад байрнаас гарч яваад гэртээ очоод амарсан” гэх мэдүүлэг /х.х-18/, хохирогч Х.Аын “...шөнийн 00 цаг өнгөрсөн байх үед Д, Болор-Эрдэнэ хоёрын нөхөр гэнэт маргалдаад эхэлсэн. Тэгэхээр нь би Дгийн нөхөр Тулгааг сайн танихгүй болохоор “битгий маргалд” гэж хэд хэдэн удаа хэлэхэд Тулгаа эхнэрийгээ “явъя” гээд тэр хоёр хувцсаа өмсөөд гарахаар нь би хамт гараад лифтэнд хамт суугаад доошоо нэг давхарт буусан. Энэ үед би Тулгааг “чи яагаад маргаан хийгээд байгаа юм бэ, яагаад ингээд байгаа юм” гэж хэлэхэд Тулгаа намайг “я..н, л...р минь чамд хамаагүй” гэж хэлэх хэлэхгүй үгээр хэлэхэд нь би урдаас нь “чи яахаараа намайг ингэж доромжилдог юм” гэхэд Тулгаа намай “г..й минь би чамайг мэднэ” гээд намайг хэлэх хэлэхгүй үгээр хэлээд байхаар нь миний уур хүрээд тулгааг самардах гээд гараа далайтал Тулгай миний гарнаас бултаад холдоход би эрчиндээ хөл алдаад зүүн талын мөр болон гарынхаа хэсгээр хана мөргөсөн. ...Тэгээд би тулгаа руу “чи эмэгтэй хүн яаж байгаа юм” гээд уурласан байдалтай орилоод тулгаагийн куртикнээс дахин зуураад барьсан байх үед Болор-Эрдэнийн нөхөр бууж ирсэн. Энэ үед би Тулгаагийн куртикнээс тавихад Болор-Эрдэнийн нөхөр Тулгааг “яагаад эмэгтэй хүн зодоод байгаа юм” гэж хэлээд тэр хоёр маргалдаад заамдалцаад бие биеийгээ нэг нэг удаа цохиод салсан” гэх мэдүүлэг /х.х-9/ баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь тухайн үеийн нөхцөл байдлыг “Б.Б нь Х.Аыг зодлоо” гэж буруугаар төсөөлж ойлгосны улмаас Б.Баттулгыг цохиж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дээр дурьдсан баримтуудаар тогтоогдож байх боловч энэ нь түүний үйлдсэн гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болохгүй юм.

Иймд шүүгдэгч ******* нь хүний хуулиар хамгаалагдсан халдашгүй эрх, эрх чөлөөнд нь хүч хэрэглэн халдаж зодсоны улмаас Б.Б-ын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан хохирогч Б.Б-ын мэдүүлэг, шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 1432 дугаартай дүгнэлт, яллагдагч *******ын мэдүүлэг зэрэг баримтаар нотлогдож байх тул *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******ын хууль бус санаатай үйлдлийн улмаас хохирогч Б.Б-ын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр, хохирогч Б.Б нь эмнэлэгт үзүүлээгүй, эмчилгээ хийлгээгүй, иргэний нэхэмжлэл гаргаагүй болох нь хохирогчийн мэдүүлгээр /х.х-17-18/ тус тус тогтоогдож байна.

Шүүх хуралдааны товыг хохирогч Б.Бд мэдэгдэхэд “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” хэмээн мэдэгдсэн нь шүүхийн мэдэгдэх хуудсаар тогтоогдож байгаа ба иргэний нэхэмжлэл гаргах эсэх нь хохирогчийн эрх хэмжээний асуудал ба хохирогч иргэний нэхэмжлэл гаргаагүй тохиолдолд шүүхээс шийдвэр гаргах үндэслэлгүй тул иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхихоор шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /х.х-86/ тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Дээрх нөхцөл байдал болон *******ын нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн, түүний хувийн байдал, орлогын байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон хэрэглэж, торгох ялыг энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Хойд овогт Огийн Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хойд овогт Огийн Эт 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан *******т оногдуулсан 500000 төгрөгөөр торгох ялыг энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 5 /таван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч ******* нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж, битүүмжлүүлээгүй, хохирогч Б.Б “гомдол саналгүй” гэж иргэний нэхэмжлэл гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн ялыг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож хорих ялаар солино гэдгийг *******т мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               С.СЭРЖМЯДАГ