| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Сэржмядаг |
| Хэргийн индекс | 188/2022/0394/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/402 |
| Огноо | 2022-03-31 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.2., |
| Улсын яллагч | Ж.Энхжаргал |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 2022/ШЦТ/402
2022 03 31 2022/ШЦТ/402
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж тус шүүхийн “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
нарийн бичгийн дарга М.Солонго,
улсын яллагч Ж.Энхжаргал,
хохирогч Л.Г,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Д,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 2103002000000 тоот хэргийг 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1990 оны 7 дугаар сарын 06-нд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын өрмийн инженер мэргэжилтэй, “Т” ХХК-нд барилгын өрмийн инженер ажилтай, ам бүл-6, эхнэр, 4 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо Мандал овоо 00-00 тоотод оршин суух, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй, /РД:**0000000/ Б овогт Б-ын Д нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1/ Холбогдсон хэрэг, гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 22 цаг 50 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо Мандал овоо 00-0 а тоот хашааны ард талд Hyundai Sonata маркийн 00-00 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа жалга руу унаж онхолдон зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч Л.Г, П.М нарын бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл, Ч.Бийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл, өөрийнх нь бие махбодид хүнд зэргийн гэмтэл, Hyundai Sonata маркийн 00-00 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд мөнгөн дүнгээр 3590000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /х.х-11-20/,
- Хохирогч Л.Гийн “...дэлгүүр орж нэг 0.75 литртэй архи аваад “хүнгүй газар очоод ууя” гээд уул руу гарсан чинь Нямбаяр ах ******* руу залгаад “машин аваад ир, би гарах гэж байна” дуудахаар нь бид хэд машиныг өгөхөөр хөдөлсөн чинь чигээрээ яваад жалга руу орж онхолдсон. Тухайн үед ******* жолоо барьж байсан, жолоочийн эсрэг талын урд суудалд Ч.Б, жолоочийн хойд талд П.М, жолоочийн эсрэг талын арын суудалд би сууж явсан. Осол болохоос өмнө ******* тоормос нь барихгүй, жолооны хүрд нь чангараад байна гэж хэлж байсан. Тэгээд осол болсноос хойш юу болсныг сайн санахгүй байгаа нэг мэдэхэд гэмтлийн эмнэлэгт сэрсэн” гэх мэдүүлэг /х.х-23/,
- Хохирогч П.Мын “...******* Бийн хамт машинтай ирээд Л.Г бид хоёрыг “суучих” гэхээр нь бид хоёр суугаад явсан. Тухайн үед ******* машин бариад, жолоочийн эсрэг талд урд суудалд Ч.Б, Л.Г жолоочийн арын суудалд, би жолоочийн эсрэг талын арын суудалд сууж явсан. Тэгээд бид нар дэлгүүр ороод 1 шил 0.75 литртэй, 1 шил 0.5 литртэй “Хараа” архи аваад “хүнгүй газар очиж ууя” гээд уул руу гарсан. Тэгээд архиа ууж дуусаад хөдлөх гээд машиндаа сууцгаахад ******* машин жолоодож хөдлөх үедээ гэнэт чигээрээ яваад жалга руу унасан” гэх мэдүүлэг /х.х-26/,
- Гэрч Ч.Бийн “******* Жижгээ гэх ахаасаа Sonata-6 маркийн тээврийн хэрэгсэл гуйж гуйж аваад бид нар дээр жолоодож ирээд дэлгүүрээс 2 шил архи аваад уулан дээр гарч бид 4 уучихаад Л.Гийг гэрт нь хүргэж өгөх гээд ******* тухайн тээврийн хэрэгслийг жолоодоод хөдөлсөн чинь овоолсон шороо мөргөөд уулын уруу машинаа зогсоож чадахгүй жалга руу орж онхолдсон” гэх мэдүүлэг /х.х-48-49/,
- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2021.08.23-ны өдрийн 7514 дугаартай “Л.Гийн биед зүүн дунд чөмөгт ясны хугарал, зүүн шуу ясны хугарал, баруун талын 2, 3, 4-р хавирганы хугарал, дух, дээд уруулд шарх, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн зүйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /х.х-52-54/,
- Шүүх эмнэлгийн шинжилгээний 2021.01.05-ны өдрийн 62 дугаартай “П.Мын биед зүүн богтос ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /х.х-76 -00/,
- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2021.08.25-ны өдрийн 7808 дугаартай “Ч.Бийн биед баруун хөмсөгт шарх, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун нүдний алиманд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн зүйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /х.х-59-60/,
- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2021.08.23-ны өдрийн 7429 дугаартай “*******ын биед баруун сүүжний тогооны хугарал, баруун умдаг суудал ясны далд хугарал, доод уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг их хэмжээгээр тогтонги алдагдуулах тул Гэмлийн зэрэг тогтоох журмын 3.6.1-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-64-66/
- Шүүхийн шинжилгээний автотехникийн шинжээчийн 2982 дугаартай “Авто машинд гарсан гэмтэл нь ослын үед үүссэн байх боломжтой тул осолд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /х.х-98-120/,
- Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2021.01.06-ны өдрийн 13392 дугаартай Hyundai Sonata маркийн 00-00 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл хохирлыг тогтоосон үнэлгээ. “Шууд зардлын дүн 3590000 төгрөг, шууд бус зардлын дүн 1390000, нийт 4980000 төгрөг” гэх үнэлгээний тайлан /х.х-124/ зэрэг баримтуудаар;
Зам тээврийн осол гарах үед жолооч ******* 1.67 хувь буюу дунд зэргийн согтолттой /цусанд 2.2 промилли спиртийн агууламж илэрсэн/, зорчигч Ч.Б 2.03 хувь буюу хүнд зэргийн согтолттой /цусанд 2.6 промилли спиртийн агууламж илэрсэн/, зорчигч П.М 2.19 хувийн согтолттой, зорчигч Л.Гийн цусанд 1.6 промилли спиртийн агууламж илэрч дунд зэргийн согтолттой байсан болох нь тэдний согтуурлыг драгер багажаар шалгасан тэмдэглэл, шүүхийн шинжилгээний химийн шинжээчийн 3746, 3748, 3747 дугаартай дүгнэлтүүд /х.х-16-18, 79-95/ зэрэг баримтаар;
Мөн жолооч ******* нь Зөрчлийн тухай хуулийн 00.3.1-д зааснаар 2021 оны 7 дугаар сарын 16-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулах шийтгэл авсан болох нь жолоочийн лавлагаа мэдээллийн хуудас /х.х-145/-аар тус тус тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч *******ын хувийн байдалтай холбоотой болон бусад баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээр дурьдсан баримтуудаар шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ шөнийн цагаар үзэгдэлт хангалтгүй байхад тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа зогсоох боломжтой хурдыг сонгон яваагүйн улмаас хөдөлгөөнд аюул саад учрах үед тээврийн хэрэгслийн хурдыг хасах, эсхүл зогсоох арга хэмжээ авахад самбаачлах хурд дутаж, жалга руу онхолдон унасан зам тээврийн осол гаргасан болох нь тогтоогдож байна. Жолооч *******ын энэхүү үйлдэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-ын “Замын хөдөлгөөнд оролцогч нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг биелүүлэх үүрэгтэй” заалт, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-ийн “Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх үүрэгтэй” заалт, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.4-ийн “тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг холбогдох хуульд заасны дагуу хассан” заалт, Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.3-ын “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” заалт, мөн дүрмийн 3.7-ын Жолоочид дараахь зүйлийг хориглоно. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” заалт, мөн дүрмийн 12 дугаар зүйлийн 12.3: Харанхуй болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” заалт, мөн зүйлийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” заалтыг тус тус зөрчсөн байна.
Жолооч *******ын гаргасан зам тээврийн осол дээр гаргасан мөрдөгчийн магадлагаагаар /х.х-129/ “******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг 3.4. Жолооч дараахь үүргийг хүлээнэ. б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” заалтыг зөрчсөн” гэх дүгнэлт нь үндэслэлтэй байх боловч тухайн нөхцөл байдал нь зам тээврийн ослын улмаас учрах хохирол, хор уршгийн хэмжээ нэмэгдэхэд нөлөөлсөн бөгөөд харин зам тээврийн осол гарах үндсэн нөхцөл шалтгаан нь жолооч ******* нь согтууруулах ундаа хэрэглэсэн дунд зэргийн согтолттой байснаас үүссэн болох нь баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч *******ын гаргасан зам тээврийн ослын улмаас иргэн Л.Г, П.М нарын эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн хохирол учирсан бөгөөд ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ уг хэргийг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн зүйл хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.
2/ Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч *******ын гаргасан зам тээврийн ослын улмаас иргэн Ч.Бийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн хохирол учирсан, *******ын өөрийнх нь эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, иргэн П.Мгийн эд хөрөнгөд 3590000 төгрөгийн шууд хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжгүй байгаа боловч нэгэнт эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэж байгаа тохиолдолд Ч.Б, П.М нарт учирсан хохирол, төлбөртэй холбоотой асуудлыг хамтатган шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******ын хууль бус болгоомжгүй үйлдлийн улмаас иргэн Л.Г, П.М нарын эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн хохирол, иргэн Ч.Буянхшигийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, иргэн П.Мгийн эд хөрөнгөд 3590000 төгрөгийн шууд хохирол, 1390000 төгрөгийн шууд бус хохирол тус тус учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн 2021 оны 7514 дугаартай дүгнэлт, 2022 оны 62 дугаартай дүгнэлт, хохирогч Л.Г, П.М нарын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан, иргэний нэхэмжлэгч П.М, Ч.Б нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаасаа өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасны дагуу өөрийн хууль бус болгоомжгүй үйлдлийн улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг шүүгдэгч ******* нь хариуцан арилгах үүрэгтэй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь өөрийн эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг хуульд заасан арга, журмаар арилгахыг *******аас шаардах эрхтэй байна.
Хэргээс үзэхэд мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч П.Мгийн “энэ автомашин нь одоо Оймандахын Билгүүн гэх хүний нэр дээр байдаг юм. 2018 оны 3 дугаар сард би 3000000 төгрөгөөр худалдаж авсан юм. Автомашинд учирсан хохирлыг нэхэмжилж байна. *******ын зүгээс ямар нэгэн хохирол барагдуулаагүй” хэмээн мэдүүлж байсан /х.х-42/ ба шүүхэд “иргэний нэхэмжлэгч П.М миний бие *******т гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. *******ын ар гэрийнхэнтэй тохиролцон урьдчилгаа 500000 төгрөг авсан, үлдэгдлийг ар гэрийнхэнтэй тохиролцсон тул *******т гомдол санал байхгүй тул хөнгөнөөр шийдэж өгнө үү” гэх хүсэлтэд 2022.03.30-ны өдөр 500000 төгрөг дансаар шилжүүлэн авсан баримт хавсарган ирүүлжээ.
Иргэний нэхэмжлэгч П.Мгийн нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлт нь шүүгдэгч *******ын ар гэрийнхэн буюу түүний хамтран амьдрагч эхнэр Л.Г, тэтгэвэрт гарсан гэх эх н.Отгон-Янжмаа нарын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно” гэх Үндсэн хуулиар баталгаажсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон шинжтэй байх тул шүүх П.Мгийн хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэлээ.
Иймд шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон этгээд болох *******аас шууд зардал 3590000 төгрөг, шууд бус зардал болох 1390000 төгрөг, нийт 4980000 төгрөг болсноос шүүх хуралдаанаас өмнө хүлээлгэн өгсөн 500000 төгрөгийг хасаж тооцоход 4480000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч П.Мд олгох байдлаар *******ын бусдад учруулсан эд хөрөнгийн гэм хорыг өөрөөр нь арилгуулах нь шударга ёсонд нийцнэ гэж үзэв.
Хохирогч Л.Г, П.М, иргэний нэхэмжлэгч Ч.Б нар нь иргэний нэхэмжлэл гаргаагүй, эмчилгээ зардалтай холбоотой баримт шүүхэд гаргаж өгөөгүй тул өнөөдрийн шүүх хуралдаанаар холбогдох иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэх боломжгүй байна. Хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь шаардлагатай гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар *******аас жич нэхэмжлэх эрхтэй байна.
3/ Хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч ******* нь урьд шүүхээр 3 удаа ял шийтгүүлж байсан болох нь дараахь баримтаар тогтоогдож байна. Үүнд:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн 2010 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр тогтоож, 2 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзаж, хяналт тавихыг цагдаагийн байгууллагад даалгасан,
2. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 1067 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэж, оногдуулсан 6 жилийн хорих ялаас 2 жилийг өршөөн хасаж, *******ын биечлэн эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон
3. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 241 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялаас 2 жилийг өршөөн хасаж, *******ын биечлэн эдлэх хорих ялыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосон болох эрүүгийн хариуцлагыг хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /х.х-155/, шийтгэх тогтоолуудын хуулбар /х.х-157-000/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч *******ын гаргасан зам тээврийн ослоос үүдэн хохирогч нарт учирсан хохирол, хор уршгийн хэмжээ нэмэгдэхэд зорчигч Л.Г, П.М, Ч.Б нар нь хамгаалах бүсээ хэрэглээгүй нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг 3.4. Жолооч дараахь үүргийг хүлээнэ. б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” заалтыг зөрчсөн үйлдэл нөлөөлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Улсын яллагчаас “тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 25 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэх” санал гаргаж, шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгчийн хувийн байдал болон 4 хүүхэдтэй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзээд хорих ялыг хамгийн бага хэмжээгээр оногдуулж өгнө үү. ...хорих ялаас багасгаж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж оролцсон болно.
Дээрх нөхцөл байдлыг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэж, энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 241 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялын хугацааг тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б овогт Б-ын Дыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч Б овогт Б-ын Дын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******т энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 241 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 25 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн 2 /хоёр/ жил 6 /зургаан/ сар 25 /хорин таван/ хоногийн хугацаагаар хорих эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар *******т оногдуулсан 2 жил 6 сар 25 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар *******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг хорих ял эдэлж дууссан өдрөөс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч ******* нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж, битүүмжлүүлээгүй, хохирогч Л.Г, П.М, иргэний нэхэмжлэгч Ч.Б нар нь “гомдол саналгүй” гэж иргэний нэхэмжлэл гаргаагүй, иргэний нэхэмжлэгч П.Мгийн хохирол төлбөрт 500000 төгрөг дансаар шилжүүлэн өгсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******аас 4480000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч П.Мд олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Л.Г, П.М, иргэний нэхэмжлэгч Ч.Б нар нь эмчилгээтэй холбогдон гарсан зардлын нотлох баримтаа бүрдүүлж *******аас нэхэмжлэх эрхтэйг заасугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Шүүгдэгч *******т энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
11. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ С.СЭРЖМЯДАГ