| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2017/00974/И |
| Дугаар | 102/ШШ2017/01364 |
| Огноо | 2017-05-11 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 102/ШШ2017/01364
| 2017 оны 05 сарын 11 өдөр | Дугаар 102/ШШ2017/01364 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, үйлдвэрчний эвлэлийн гудамж, өөрийн байранд байрлах, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, ҮЭСТО-ны урд тал, Рокмоны 801 тоот хаягт байрлах “Энержистрийм” ХХК /РД: 5615968/-д холбогдох
Дутуу төлөгдсөн нийгмийн даатгалын шимтгэл 23,385,191 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бат-Өлзий, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Эрдэнэцэцэг, төрийг төлөөлж прокурор О.Пүрэвсүрэн
, нарийн бичгийн дарга С.Түмэн-Өлзий оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бат-Өлзий шүүх хуралдаанд: “Энержистрийм” ХХК нь тус дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэст бүртгэлтэй бөгөөд 2015 оны 09 дүгээр сараас 2016 оны 12 сарыг дуустал нийгмийн даатгалын шимтгэл төлөлгүй 15,590,127 /Арван таван сая таван зуун ерэн мянга нэг зуун хорин долоо/ төгрөгийн өр үүсгээд байна. Дээрх байгууллагын холбогдох албан тушаалтан нартай холбогдож нийгмийн даатгалын шимтгэлээ төлж барагдуулах талаар удаа дараа сануулсан боловч одоог болтол шимтгэлийн өрнөөс төлөлгүй “Нийгмийн даатгалын тухай хууль”-ийн 16 дугаар зүйлийн 1 дүгээрт заасан “Нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам”, 17 дугаар зүйлийн 17.1.1, 1.4 дүгээрт заасан “Ажил олгогч, даатгуулагчийн шимтгэл төлөх үүрэг” зэрэг заалтуудыг зөрчиж байна. Иймд “Нийгмийн Даатгалын тухай хууль”-ийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь заалтад “дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн 'өлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги сиогдуулна” гэж заасны дагуу 7,795,063 /Долоон сая долоон зуун ерэн таван мянга харан гурав/ төгрөгийн алдангийг хуулийн дагуу ногдуулаад байна. Төлбөл зохих шимтгэлийн дүн, алдангийн хамт 23,385,191 /Хорин гурван сая гурван зуун наян таван мянга нэг зуун өрэн нэг/ төгрөгийг хуулийн дагуу гаргуулж шийдвэрлэж өгнө үү.
Манай талаас хариуцагч компанитай эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулж байгаа тул бидний эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Эрдэнэцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хүсэлтдээ: Манай талаас нэхэмжлэгчийн тавьсан саналыг хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулж байгаа тул бидний эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор О.Пүрэвсүрэн
шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие төрийг төлөөлж орлцож байгаа учраас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түргэн шуурхай явуулж, хялбаршуулан журмаар шийдвэрлэж байгааг дэмжиж байна. Тиймээс эвлэрлийн гэрээг баталгаажуулахад татгалзах зүйлгүй гэв.
Зохигчид шүүх хуралдаан дээр байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй, “Энержистрийм” ХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бат-Өлзий, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Эрдэнэцэцэг бид өөрт олгогдсон итгэмжлэлийн хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлийн өр болох 23,385,191 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар эвлэрч байна гэжээ” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэнд Нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагч “Энержистрийм” ХХК-д холбогдуулан дутуу төлөгдсөн нийгмийн даатгалын шимтгэл 23,385,191 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шатанд “...нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бат-Өлзий, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Эрдэнэцэцэг бид нар нь нийгмийн даатгалын шимтгэлийн өр болох 23,385,191 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар тохролцож” эвлэрсэн нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон тэдний шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Зохигчид эвлэрсэн нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэнд Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Энержистрийм” ХХК-д холбогдох иргэний хэргийн зохигчид “нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бат-Өлзий, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Эрдэнэцэцэг бид нар нь нийгмийн даатгалын шимтгэлийн өр болох 23,385,191 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар тохролцож” эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
4. Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР