Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/393

 

2022         03          29                                         2022/ШЦТ/393

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Сэржмядаг  даргалж, тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

нарийн бичгийн дарга О.Жавхлан,

улсын яллагч Г.Мөнхтүвшин,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр шүүхэд ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 2208000000000 тоот хэргийг 2022.03.22-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ховд аймгийн Чандмань суманд 1971 оны 10 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа том оврын тээврийн хэрэгслийн жолооч ажилтай гэх, ам бүл-4, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүрэг 0 дугаар хороо Бага Нарангийн 00-0-б тоот оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:**000000/ Боржигон овогт Т-ын О нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 14 цагийн орчимд Сонгинохайрхан 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “И цогцолбор” 1 дүгээр ахлах сургуулийн 1 дүгээр давхрын үүдэнд иргэн Г.Гтай маргалдаж гартаа барьж байсан нөүтбүүкийг нь өшиглөн унагаж гэмтээсний улмаас бусдад бага хэмжээнээс дээш буюу 830000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн тэмдэглэл /хх-2/,

- Камерын бичлэгт үзлэг хийсэн “...улмаар хоорондоо ярилцаж зогсож байгаад эмэгтэй хүний гартаа барьсан нөүтбүүкийг нь хар өнгийн малгайт, хар өнгийн куртиктэй, эрээн өнгийн өмдтэй эрэгтэй хүн өшиглөж шалан дээр унагаав” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /х.х-11-12/,

- Хохирогч Т.Ггийн:  “...Тухайн үед над руу уурлаад байсан. Би зүүн гартаа нөүтбүүк бариад зогсож байтал миний нөүтбүүк рүү хөлөөрөө өшиглөсөн. Тэр үед мөн миний гар хэсгийг мөн өшиглөсөн. Миний бодлоор намайг цохиж зодох гэж байсан бол гараас өөр газар руу өшиглөх байх гэж бодож байна. Гэтэл ******* миний нөүтбүүк рүү хөлөөрөө өшиглөсөн. Тэр үед мөн миний гар бас оногдсон” гэх мэдүүлэг /х.х-24/,

- Гэрч С.Дын “...Би тухайн өдөр сургууль дээрээ байж байсан. Миний өрөө сургуулийн 1 давхарт байдаг. Тэгээд өдөр хүн орилоод дуу чимээ гараад байхаар нь гарч харахад сургуулийн хаалга хэсэг дээр хүмүүс хэрэлдээд байхаар нь очсон. Тэгтэл манай сургуулийн багш Т.Гтай үл таних залуу архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай хэрэлдээд орилоод байсан. Тухайн үед Т.Г багш нэг гаран дээрээ нөүтбүүкээ барьчихсан байсан. Тэр үед тухайн залуу гар хэсэг рүү нь хөлөөрөө өшиглөхөд нөүтбүүк нь газарт унасан. Тэгээд би очоод “та нар яаж байгаа юм бэ” гэхэд “та нарт ямар ч хамаагүй” гэж хэлсэн. Тэгээд “та гар” гэж хэлээд Т.Г багшийг өөр тийш явуулж байгаад гаргах гэтэл гарахгүй байсан” гэх мэдүүлэг /х.х-37/,

- Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Ц-249 дугаартай “Ленова брэндийн нөүтбүүк /хэрэглэж байсан/- 830000 төгрөг” гэх дүгнэлт /х.х-40/ зэрэг нотлох баримтууд хамаарч байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч *******ын хувийн байдалтай холбоотой болон бусад баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

 Шүүгдэгч ******* нь хохирогч Т.Ггийн нэр дээр автомашин худалдан авч борлуулах зэргээр хамтран бизнесийн үйл ажиллагаа явуулдаг байсан бөгөөд тухайн өдөр Т.Г нь “нэр дээрээ байсан автомашиныг шилжүүлэхгүй байна” гэх шалтгаанаар маргалдан уурлаж, Т.Ггийн гартаа барьж явсан нөүтбүүкийг нь өшиглөн унагасны улмаас тухайн нөүтбүүкийг цаашид хэвийн ашиглах боломжгүй болгон Т.Гд 8300000 төгрөгийн хохирол учруулсан болох нь яллагдагч *******ын “Би сургууль руу орж Т.Гтай уулзаж “чи миний машиныг заруулахгүй байна. Эсхүл манай хүүгийн нэр дээр шилжүүлж өг” гэж маргалдсан. Тэгээд 1 давхарт буугаад дахин маргалдсан. Шалтгаан нь би хөдөө орон нутгийн хүн учраас тээврийн хэрэгсэл авахдаа Т.Ггийн нэр дээр шилжүүлэн авч зардаг байсан. Ойрын үед машинаа заръя гэхээр Т.Г заруулахгүй байсан учраас бид хоёр маргаантай байсан юм. Тэр үед Т.Г миний ярьж байсан зүйлийг тоохгүй нэг гар дээрээ нөүтбүүк барьчихсан оролдоод байхаар нь дотроо “чи муу намайг тоохгүй байна. Наад нөүтбүүкийг чинь хагалчихъя л даа” гэж бодож байгаад гарт нь байсан нөүтбүүк руу хөлөөрөө өшиглөхөд нөүтбүүк нь шалан дээр унаж хагарсан. Тэгтэл жижүүр ах намайг аваад сургуулиас гаргасан” гэх мэдүүлэг /хх-52-54/, хохирогч Т.Ггийн “Би анх *******тай танилцаад нөхөрлөж байгаад дотно харьцаатай болсон. ******* орон нутгийн хүн учраас миний нэр дээр тээврийн хэрэгсэл авч зарж борлуулах болсон. Надтай тээврийн хэрэгсэл зарж борлуулсан ашгаа хувааж авна гэсэн боловч надад огт ашиг өгөөгүй. Сүүлд машин зарна гэхээр нь чи ашгаа хуваахгүй байна гэж уурласан. Тухайн үед над руу уурлаад байсан. Би зүүн гартаа нөүтбүүк бариад зогсож байтал миний нөүтбүүк рүү хөлөөрөө өшиглөсөн” гэх мэдүүлэг /х.х-24/, хөрөнгийн үнэлгээний шинжээчийн үнэлгээний тайлан зэрэг баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч *******ын энэхүү үйлдэл нь өс хонзонгийн сэдэлтээр, шууд санаатайгаар бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээх гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн зүйл хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “И цогцолбор” 1 дүгээр ахлах сургуулийн 1 дүгээр давхрын үүдэнд буюу сургуулийн орчинд хичээлийн цагаар багш Т.Гтай хэрүүл маргаан үүсгэж гар руу нь өшиглөсөн олон нийтийг илтэд үл хүндэтгэсэн үйлдэл нь дээрх үйлдлээс тусдаа Зөрчлийн тухай хуульд заасан зөрчлийн шинжийг агуулсан байгаа боловч өнөөдрийн шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж буй эрүүгийн хэрэгтэй уг асуудлыг хамтатган шийдвэрлэх боломжгүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн дотор хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч *******ын хууль бус санаатай үйлдлийн улмаас хохирогч Т.Ггийн эзэмшиж байсан Леново маркийн нөүтбүүк цаашид ашиглаж боломжгүй эвдэрсний улмаас Т.Гд 830000 төгрөгийн хохирол учирсан болох нь хохирогчийн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаасаа өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасны дагуу өөрийн хууль бус болгоомжгүй үйлдлийн улмаас бусдын эд хөрөнгөд учирсан гэм хорыг шүүгдэгч ******* нь хариуцан арилгах үүрэгтэй, хохирогч Т.Г нь өөрийн эд хөрөнгөд учирсан гэм хорыг хуульд заасан арга, журмаар арилгахыг *******аас шаардах эрхтэй байна.

Шүүгдэгч ******* нь Т.Гд шинэ нөүтбүүк авч өгсөн болох нь Т.Ггаас прокурорт гаргасан хүсэлтээр /хх-96/ тогтоогдож байх тул *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдын эд хөрөнгөд учруулсан гэм хор бүрэн арилсан, ******* нь бусдад төлбөргүй болсон байна.

Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдэж буй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /х.х-55/ тогтоогдож байна.

Гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг мөнгөөр нөхөн төлж, хор уршгийг арилгасан нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Дээрх нөхцөл байдал болон *******ын хувийн байдал зэргийг харгалзан прокурортой тохиролцож орж ирсэн ялыг буюу 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Хэрэгт хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг дискийг эрүүгийн хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Т-ын Оыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас 830000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Т-ын От 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ******* нь торгох ялыг энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж, битүүмжлүүлээгүй, хохирогч Т.Гд шинэ нөүтбүүк авч өгч хохирогч нь “гомдол саналгүй” гэж иргэний нэхэмжлэлээсээ татгалзсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******т урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солино гэдгийг *******т мэдэгдсүгэй.

8. Хэрэгт хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг дискийг *******т холбогдох эрүүгийн 2208000000000 тоот хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    С.СЭРЖМЯДАГ