| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2017/01691/И |
| Дугаар | 102/ШШ2017/01365 |
| Огноо | 2017-05-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 102/ШШ2017/01365
| 2017 оны 05 сарын 11 өдөр | Дугаар 102/ШШ2017/01365 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Тээвэрчид гудамж, 51 дүгээр байр, 3 тоот хаягт оршин суух, Захчин овогт Батсүхийн Лхамсүрэн /РД: ЧЗ74072324/-ийн
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 53 дугаар байр, 4 дүгээр орц, 45 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Жамбаагийн Бүжин /РД: ЧЗ34072061/-д холбогдох,
Зээлийн төлбөрт 800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа хийгээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Лхамсүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б.Лхамсүрэн нь 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Бүжингийн Алтаншүр гэх эмэгтэйд 800,000 төгрөг зээлдүүлсэн бөгөөд Алтаншүр нь уг мөнгийг Жамбаа овогтой Бүжингийн дансаар шилжүүлэн авна гэсний дагуу Лхамсүрэн нь 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны 5034600184 тоот дансаар 800,000 төгрөг шилжүүлсэн. Улмаар Б.Алтаншүр нь би уг мөнгийг гар дээрээ хүлээж аваагүй хэмээн шалтаглан одоог хүртэл зээлсэн мөнгөө төлөхгүй зээлдүүлэгчийг хохироож байгаа болно. Иймд 800,000 төгрөг хүлээн авсан этгээд болох Ж.Бүжингээс уг мөнгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Ж.Бүжин 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийн шаардлага болох 800,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Лхамсүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золзаяа нь хариуцагч С.Орхонтуулд холбогдуулан зээлийн төлбөрт 800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.Бүжин нь нэхэмжлэлийн шаардлага 800,000 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн нь зохигчийн шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, бусдын эрх, ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Лхамсүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золзаяагийн нэхэмжлэлтэй хариуцагч Ж.Бүжинд холбогдох зээлийн төлбөрт 800,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 800,000 төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 23,750 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 11,875 төгрөгийг, хариуцагч Ж.Бүжингээс 11,875 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ М.МӨНХТӨР