| Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ноопын Болормаа |
| Хэргийн индекс | 136/2016/00409/и |
| Дугаар | 202/МА2017/00028 |
| Огноо | 2017-08-16 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 08 сарын 16 өдөр
Дугаар 202/МА2017/00028
Т.Б-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 136/ШШ2017/00238 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Т.Б нэхэмжлэлтэй,
Хариуцагч: У.Г-т холбогдох,
Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, өөрийн хуваарьт хөрөнгө болох хуучны мөнгөн аяга, хулсан ташуур, хүүхдийн төрсний гэрчилгээ гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
У.Г-ийн хүүхдийн асрамжийг өөрчлөн тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, дунд эд хөрөнгө болох мөнгөн аяга, хулсан ташуурын үнээс 260000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй, Т.Б-д холбогдох иргэний хэргийг,
Хариуцагчийн өмгөөлөгч З.Аийн гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Б-д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Х, хариуцагч У.Г, хариуцагчийн өмгөөлөгч З.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж нэхэмжлэхдээ: Бид 2016.09.05-нд гэрлэлтээ цуцлуулж охин Б.А, Б.А нарыг эх У.Гийн асрамжинд, хүү Б.Ш-г миний асрамжинд өгсөн юм. Тухайн үед хууль зүйн мэдлэг муу, сандарч тэвдсэн байсан болохоор эхээс нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй гэж хэлсэн. Би хоёр охиндоо хүүхдийн тэтгэлэг төлж байгаа. Одоо У.Г-ээс хүү Б.Ш-дээ 18 нас хүртэлх тэтгэмжийг, миний хуваарьт өмч болох хуучны мөнгөн аяга, хулсан ташуурыг, хүү Б.Ш-ийн төрсний гэрчилгээний хамт гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч У.Г шүүхэд гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: Т.Б хүүхдээ өөрийн асрамжинд авсан шигээ харж хандаж, асарч хүмүүжүүлж чадахгүй байна. Б-ийн асрамжид хүү Шочсоноос хойш зан байдал нь их эвдэрч байгааг ангийн багш, байрны багш, сумын таньдаг, мэддэг хүмүүс бүгд надад хэлдэг. Хүү маань байранд суудаг, саяхан хүү цахим хаягтаа садар самуун зүйлийг тавьж байршуулсан байсан. Миний хувьд хүүхдээ шилжилтийн насан дээр нь зөв хүмүүжлээр төлөвшүүлмээр байна. Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, бидэнд гэр бүлийн гишүүний хуваарьт хөрөнгө байхгүй. Иймд хүүхдийн ирээдүйд зөв хүмүүжил чухал байгаа тул эхийн асрамжинд үлдээж, Б-ээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Мөн *** ХХК-ийн үнэлгээгээр хулсан ташуурыг 150000, мөнгөн аягыг 180000 төгрөгөөр үнэлсэн тул дундын эд хөрөнгөөс 4 хүнд ногдох 260000 төгрөгийг Т.Б-ээс гаргуулж өгнө үү, хүүхдийн төрсний гэрчилгээг өгөхийг зөвшөөрч байна гэжээ.
Анхан шатны шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар хүү Б.Ш-г эцэг Т.Б-н асрамжинд хэвээр үлдээж, хүүхдийн асрамжийг өөрчлөн тогтоолгох тухай хариуцагч У.Г-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2002 оны 04 сарын 13-ны өдөр төрсөн хүү Б.Ш-г 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эх У.Г-ээр тэжээн тэтгүүлж, нэхэмжлэгч Т.Б-ээс хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай хариуцагч У.Г-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэг, 127 дугаар зүйлийн 127.1, 127.1.2, 127.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч У.Г-ээс хулсан ташуурыг гаргуулж, нэхэмжлэгч Т.Б-д олгож, дундын эд хөрөнгөөс 108000 төгрөгийг нэхэмжлэгч Т.Б-ээс гаргуулж У.Г-т олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 152000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайх уулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураажийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 33350 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, 302000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 9710 төгрөгийг хариуцагч У.Г-ээс гаргуулж нэхэмжлэгч Т.Б-д олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 26150 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, 108000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 4550 төгрөгийг нэхэмжлэгч Т.Б-ээсгаргуулж хариуцагч У.Г-т олгож,
Хариуцагч У.Г нь хүү Б.Ш-ийн төрсний гэрчилгээг өгөхөө хүлээн зөвшөөрсөн болохыг дурдаж,… шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч З.А давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч У.Г нь хүү Б.Ш-ээ өөрийн асрамжиндаа авч, хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан хүү Б.Ш-ийн хувьд урьд нь ээжтэйгээ хамт амьдрахаар саналаа гаргаж байсны дараагаар аавтайгаа амьдрахаар саналаа гаргасан нь Т.Б-ийн нөлөөлөлд автсан байхыг үгүйсгэх аргагүй. Нэхэмжлэгч Г хүү Ш-ийн хүмүүжилд сэтгэл зовниж байгаа нь эхийн анхаарал, хайр халамжаар үр хүүхдийнхээ төлөө гэсэн байдлаар хандаж, өөрөө ч үр хүүхдүүдээ асран хамгаалаад, өсгөн хүмүүжүүлээд аваад явах чадвартай. Г нь ахуйн нөхцөл бололцооны хувьд ч боломжтой нөхцөл харагдаж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, У.Г-ийн нэхэмжлэлийн шаардлага болох Б.Ш-г өөрийн асрамжиндаа авч, Т.Б-ээс хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэв.
Хариуцагч У.Гдавж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш-ийн төрсний гэрчилгээг өгсөн гэв.
Нэхэмжлэгч Т.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 9 сард Г бид хоёр салаад, тэрнээс хойш хүү Ш над дээр байгаа. Тэр үед хүүхдийн тэтгэлэг авахгүй гэсэн тохиролцоо байгаа. Хүү маань сая 9-р анги төгссөн, одоо Улаанбаатар хотод сургуульд суулгах гэж байгаа. Би хүүхэддээ ээж нь миний хүүг авна гэж давж заалдсан, ээж дээрээ очвол очих юм уу гэж асуухад ээж дээрээ очихгүй, би таньтай хамт яваад хэлэх үү гэж хэлж байсан, хүүхэд маань тэгж хэлж байхад би яах билээ. Хүү Ш-г эхэд нь өгөөд би гурван хүүхдийн тэтгэлэг төлөх юм бол надад хэцүү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Х давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүх хүү Ш-ийн өөрийнх нь санал зэргийг харгалзаад эцгийнх нь асрамжинд үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Г-ийн хүүхдийг өөрийнхөө асрамжинд авах гээд байгаа нь хүүхдээ өөрийнхөө асрамжинд байлгая гэсэн сэтгэл байна уу, үгүй юу гэдгийг анхаарч үзээсэй гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийг дараах үндэслэлээр өөрчилж шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэхэмжлэгч Т.Б нь хариуцагч У.Г-ээс хүү Б.Ш-ээ 18 нас хүртэлх хугацааны тэтгэмжийг, өөрийн хуваарьт өмч болох хуучны мөнгөн аяга, хулсан ташуурыг, хүү Б.Ш-ийн төрсний гэрчилгээний хамт гаргуулах нэхэмжлэл гаргаснийг хариуцагч У.Г мөнгөн аяга, ташуур нь гэр бүлийн дундын хөрөнгө учраас энэхүү шаардлагыг зөвшөөрөхгүй, харин хүүхдийн төрсний гэрчилгээг өгөхийг зөвшөөрч байна гэжээ.
Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тэрээр нэхэмжлэгч Т.Б-д холбогдуулан хүү Б.Ш-г өөрийн асрамжид авах, Т.Б-ээс хүүхдийн тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн дундын хөрөнгө учир *** ХХК-ийн ташуурыг 150000, мөнгөн аягыг 180000 төгрөгөөр үнэлсэн үнээр тооцож, 4 хүнд ногдох 260000 төгрөгийг Т.Б-ээс гаргуулж өгнө үү гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Т.Б нь “...шүүхийн шийдвэрийн дагуу хүү Б.Ш-г өөрийн асрамжид авсан ба хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг нэхэмжилж байна, мөнгөн аягыг миний аав надад гэр бүл болохоос өмнө бэлэглэсэн, ташуурын хувьд эмээ маань надад бэлэглэсэн үе дамжсан эдлэл учир сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэжээ.
Давж заалдах гомдлын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж үзэхэд Т.Б-ийн асрамжид түүний хүү Б.Ш-г үлдээсэн талаарх үйл баримт Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016-09-05-ны өдрийн шийдвэрээр нэгэнт тогтоогджээ.
Түүнчлэн Б.Ш нь эцэг Т.Б-ийн асрамжид байснаар амьдрах, сурч хүмүүжих ахуйн нөхцөл доройтсон, түүний амь нас, эрүүл мэнд болон хүмүүжилд нь хохирол учирч болзошгүй гэж үзэх үндэслэл, шалтгаан нөхцөл тогтоогдохгүй байх тул хүүхдийн асрамжийг өөрчилж, эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэх үндэслэлгүй юм.
Анхан шатны шүүхээс Б.Ш-г эцэг Т.Б-ийн асрамжид хэвээр үлдээж, хүүхдийн асрамжийг өөрчлөн тогтоолгох тухай хариуцагч У.Г-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хүү Б.Ш-г эх У.Г-ээр тэжээн тэтгүүлэхээр, нэхэмжлэгч Т.Б-ээс хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай хариуцагч У.Г-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, У.Г-ээс хулсан ташуурыг гаргуулж, нэхэмжлэгч Т.Б-д олгож, мөнгөн аягыг гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж үзэж, 108000 төгрөгийг Т.Б-ээс гаргуулж, У.Г-т олгохоор, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 152000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 40 дүгээр зүйлийн 40.1.2, Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 127.1, 127.1.2 дахь хэсгийг тус тус зөв тайлбарлан хэрэглэжээ.
Харин анхан шатны шүүх Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн “Гэр бүлийн дундаа хамтран өмчлөх хөрөнгөөс гишүүнд ногдох хэсгийг тодорхойлох” гэсэн зохицуулалтыг хэрэглээгүй, мөнгөн аягыг хэнээс гаргуулж хэнд олгохыг, нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргаж байгаа нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус бүрийн дүнг зөв тодорхойлж, тохирох улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн төлүүлэх, буцаан олгох, чөлөөлөх асуудлыг Улсын тэмдэгтийн хураамжийн хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 58, 63 дугаар зүйлийн 63.1-д заасны дагуу бүрэн шийдвэрлээгүй байх тул энэ үндэслэлээр шийдвэрийн тогтоох хэсэгт нэмэлт өөрчлөлт оруулахаар тогтов.
Тухайлбал нэхэмжлэгч Т.Б-ийн хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар тэтгэвэр тэтгэмжийн талаар гаргасан нэхэмжлэл тул тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд харин гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөтэй холбоотой нэхэмжлэлийн хувьд ташуур болон мөнгөн аяганы үнэлгээгээр тогтоогдсон 330000 төгрөгөөс тооцвол тэмдэгтийн хураамжинд 10550 төгрөг, хүүхдийн төрсний гэрчилгээ гаргуулах нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын хувьд 70200 төгрөг, нийт 80750 төгрөг төгрөгийг тэмдэгтийн хураамжинд төлөх ёстой гэж үзвэл нэхэмжлэгч нь 33350 төгрөгийг урьдчилан төлсөн тул одоо 47400 төгрөгийг улсын орлогод, хариуцагч У.Г-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 108000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн тул түүнд 4550 төгрөгийг тус тус төлбөл зохино.
Хариуцагч У.Г нь хүүхдийн асрамж өөрчлүүлэх болон гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнөөс 260000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлд нийт 78650 /70200+8450/ төгрөг тэмдэгтийн хураамжинд төлөх ёстойгоос 26150 төгрөгийг төлсөн бөгөөд дутуу 52500 төгрөгийг улсын орлогод, нэхэмжлэгч Т.Б-ийн хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэлийн үнийн дүнг тэтгэврийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцвол 46860 төгрөгийг улсын орлогод буюу тэмдэгтийн хураамжинд улсын орлогод нийт 99360 төгрөгийг төлөх, нэхэмжлэгч Т.Б нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул түүнд тэмдэгтийн хураамжинд 77510 төгрөгийг /гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөтэй холбоотой нэхэмжлэлийн үнийн дүн 222000 төгрөгт 7310 төгрөг, төрсөний гэрчилгээ гаргуулах шаардлагад 70200 төгрөг/ нэхэмжлэгч Т.Б-д төлөх үндэслэлтэй.
Мөн анхан шатны журмаар шүүх иргэний хэргийг хянан хэлэлцэх хугацааг хуульд тодорхой заасан байна. Энэ хугацааг шүүх өөрчлөх, баримтлахгүй байх эрхгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан хугацаанд явагдах учиртай. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн шалтгаан арилмагц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн явуулаагүй /хх40-46,68-69,73-79,83/ байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1, 71.2, 80 дугаар зүйлийн 80.3, 80.4-т заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан хугацааг анхан шатны шүүхийн шүүгч үндэслэлгүйгээр хэтрүүлснийг тэмдэглэх нь зүйтэй ба энэ нь хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчөөгүй байх ба хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлд хамаарахгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийн тогтоох хэсэгт зохих нэмэлт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 136/ШШ2017/00238 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дугаар заалтыг “Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 129 дүгээр зүйлийн 129.1, 129.1.1, 129.2, 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч У.Г-ээс хулсан ташуур, мөнгө аягыг гаргуулж, нэхэмжлэгч Т.Б-д олгож, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох мөнгөн аяганы ногдох хэсэг болох нийт 108000 төгрөгийг нэхэмжлэгч Т.Б-ээс гаргуулж, хариуцагч У.Г-т олгож, хариуцагч У.Г-ийн “гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнөөс ногдох хэсэг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 152000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. “гэж,
4 дүгээр заалтын “... Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн” гэсний дараа “7.1.1” гэж нэмж, “... улсын төсөвт хэвээр үлдээж“ гэсний дараа нэхэмжлэгч Т.Б-ээс тэмдэгтийн хураамжинд 47400 төгрөгийг гаргуулж улсын орлогод, 4550 төгрөгийг гаргуулж хариуцагч У.Г-т тус тус олгосугай.” гэж өөрчилж,
5 дугаар заалтын “... 60 дугаар зүйлийн 60.1” гэсний дараа “63 дугаар зүйлийн 63.1.5” гэж,”... Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн” гэсний дараа “7.1.1” гэж тус тус нэмж, “...улсын төсөвт хэвээр үлдээж” гэсний дараа “хариуцагч У.Г-ээс уг тэмдэгтийн хураамжинд 99360 төгрөг гаргуулж улсын орлогод, 77510 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Б-д тус тус олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч З.Аийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгч З.Аээс давж заалдах гомдол гаргахад хариуцагч У.Г-ээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ
ШҮҮГЧИД Г.ТЭГШСУУРЬ
Н.БОЛОРМАА