| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дэмбэрэлийн Батбаатар |
| Хэргийн индекс | 020/2015/0060/З |
| Дугаар | 221/МА2016/0103 |
| Огноо | 2016-02-03 |
| Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 221/МА2016/0103
"П" ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Дэлгэрмөрөн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч Ц.Б, С.Г, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 727 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан давж заалдах гомдлоор "П" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Б, С.Г нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийслэлийн Татварын газрын Татвар, хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Б, С.Г нарын 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 221075 дугаар актыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ..."П" ХХК-ийг шалгасан татварын улсын байцаагчийн 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 221075 тоот актад дурдсан төлбөрөөс 2014 оны 07 дугаар сарын 02-ны 39 дүгээр тогтоолоор 8,040.0 мянган төгрөгийн алдангийг хасч 60,934.0 мянган төгрөгийг төлүүлэхээр өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн.
Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл нь Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 39 дүгээр тогтоолыг хэвээр баталсан. Уг актаар буюу "Д г" ХХК, "З з" ХХК, "Т з" ХХК, "Т х с" ХХК, "Т г ц" ХХК болон "Ө ц у" зэрэг ХХК-аас "П" ХХК нь барилгын ямар ч материал худалдан аваагүй, бизнесийн үйл ажиллагаа эрхлээгүй нь нотлогдсон.
Учир нь дээрх 6 ХХК-ууд нэг бүлэглэлд багтдаг барилгын ямар ч үйл ажиллагаа явуулдаггүй падаан зардаг компаниуд. Энэ нь зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн мөрдөн байцаагч эрүүгийн 2012000074 дүгээр хэрэг дээр шалгагдаж байгаа болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 727 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1,18.1.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.6, 7.7-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч "П" ХХК-ийн Нийслэлийн татварын газрын Татвар, хяналт шалгалтын хэлтсийн Татварын улсын байцаагч Ц.Б, С.Г нарын 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 221075 дугаар актыг бүхэлд нь хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт, арга зүйн хэлтсийн 2012 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 7/1320 дугаар албан бичгийг үндэслэн Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн Татварын улсын /ахлах/ байцаагч Н.Р, С.Г нар тус компанийн санхүүгийн тайлан, албан татвар ногдуулалт, төлөлтийн тайлан, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтад шалгалт хийн нэр бүхий 6 аж ахуйн нэгжээс нийт 468,722.6 мянган төгрөгийн худалдан авалт хийсэн гэж аж ахуйн нэгжийн орлого болон нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд тусган, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын ногдох орлого, нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтын дүнгээс хасч, төсөвт төлөх албан татвараас санаатайгаар зайлсхийсэн гэж үзэж Монгол Улсын Татварын Ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.6-д заасан үндэслэлээр 2012 оны 7 дугаар сарын 10 ны өдөр 220017 дугаар татварын улсын байцаагчийн дүгнэлт, хавсралтын хамт үйлдэж цагдаагийн байгууллагаар шалгуулахаар шийдвэрлэсэн.
Ингээд Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэс эрүүгийн 201201000074 дугаартай хэрэгт тус компанийн захирал Н.Н болон нягтлан бодогч Г.Д нарыг сэжигтнээр тооцон хэргийг шалгах явцад татварын улсын байцаагчийн дүгнэлтээр тогтоосон гэх 46,8 сая төгрөгийг 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Татварын ерөнхий газрын төрийн сан банкны 900000603 дугаар дансанд бүрэн төлсөн тул мөрдөн байцаагч 2013 оны 3 дугаар сарын 25 ны өдөр хэрэгсэхгүй болгох санал гаргаж, Нийслэлийн прокурорын газраас 2013 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 97 дугаар тогтоолоор Н.Н. Г.Д нар нь татварын өр төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт заасан татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийг үйлдэх гэсэн субьектив санаа зорилго байгаагүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон.
Ингээд 2013 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Н.Д, Б.Х нар Татварын ерөнхий газрын даргын 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр баталсан удирдамж, түүний дагуу санхүүгийн тайлан тэнцэл, албан татвар ногдуулалт, төлөлтийн тайлан, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, нэмэгдсэн өртгийн албан татварын хөндлөнгийн мэдээлэл, Улсын мөрдөн байцаах газрын 10/5... дугаартай албан бичгийг үндэслэн "П" ХХК-д нэмэгдсэн өртгийн албан татварын шалгалтыг дахин хийсэн. Тухайн шалгалтаар 2007-2011 оны албан татвар ногдуулалт төлөлтийн байдалд татварын улсын байцаагч Н.Р, С.Г нарын дээрх 220017 дугаар татварын улсын байцаагчийн дүгнэлтийн төлбөрийг төлсөн, татварын хяналт шалгалтаар зөрчил илрээгүйг дүгнэж, 2013/032 дугаар илтгэх хуудсыг бичиж, Татварын хяналт шалгалтын хэлтсийн дарга Б.Энхтүвшин танилцаад баталгаажуулсан байдаг.
Гэтэл 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Б, С.Г нар 221075 дугаартай Татварын улсын байцаагчийн актаар нийт 68,974.9 мянган төгрөгийг төлүүлэхээр тогтоосон. Актын тогтоох хэсгийн 1-д Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 ...үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан..., 74.1.6 ... баримт бичгийг хуурамчаар үйлдэх..., 74.3 Энэ хуулийн 74.1, 74.2-т заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох... гэж заасныг тус тус үндэслэн 2011 онд 6 аж ахуй нэгжтэй бизнесийн үйл ажиллагаа эрхлээгүй атлаа нийт 468,722.6 мянган төгрөгийн худалдан авалт хийсэн гэж Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийн тайлангийн худалдан авалт хэсэгт тусган, төлөх албан татварыг бууруулсан зөрчилд 46,872.3 мянган төгрөгийн нөхөн татвар (эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байхад төсөвт тушаасан), 14,061.7 мянган төгрөгийн торгууль, 8,040.9 мянган төгрөгийн алдангийг ногдуулж төлүүлэхээр тогтоосон.
Нийслэлийн татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 39 дүгээр тогтоолоор 8,040.0 мянган төгрөгийн алдангийг хасч, нөхөн татвар, торгуулийг хэвээр үлдээж, нийт 60,934.0 мянган төгрөгийг төлүүлэхээр өөрчлөлт оруулсан.
Тус компани нь дээр дурдсан барилгын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулахдаа дотоодын зах зээлээс барилгын бараа материал, түүхий эд худалдан авах бүрдээ худалдагч аж ахуйн нэгжээс нэмэгдсэн өртгийн албан татварын падаан анхан шатны баримт бүрдүүлэн ажилладаг.
"П" ХХК актад нэр заагдсан 6 хуулийн этгээд буюу "Д г" ХХК, "З з" ХХК, "Т з" ХХК, "Т х с" ХХК, "Т г ц" ХХК болон "Ө ц у" ХХК-уудаас 100 айл, Дөчиндөрөв, Гурвалжин барилгын материалын захуудаас цемент, арматур, керамзит, ф500 мм ган хоолой, барилгын материалыг худалдан авсаар байтал хариуцагчид бизнесийн үйл ажиллагаа эрхлээгүй атлаа гэж таамаг тавьж үндэслэл, нотолгоогүй буруутгаж акт тавьсан.
Татварын албанаас аж ахуйн нэгжүүдийг нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэж, гэрчилгээ өгч, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан олгохдоо падаан нэг бүрийг аль компани, аж ахуйн нэгжид олгосноо бүртгэн баталгаажуулж өөрийн цахим мэдээллийн сандаа (mta.mn) дурын сонирхогч этгээд харж болохоор байршуулсан байдаг.
Тухайн үед эдгээр 6 компанийг Татварын албаны www.mta.mn цахим хаягаар нэр регистрийн дугаараар шивж, шалгаж үзэхэд бүгд татварын албанд бүртгэлтэй, нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч аж ахуйн нэгжүүд байсан. Мөн эдгээр 6 компанийн 9 ширхэг падаан нэг бүрийг www.mta.mn /е-tailan/ цахим онлайн хаягаар тайлан шивэхэд ямар нэгэн алдаа заагаагүй, падаан бүр нь тухайн аж ахуйн нэгжийнх болох нь харагдаж байсан. Тийм ч учраас тухайн улирлын цахим болон цаасаар гаргасан тайланг татварын улсын байцаагч нар хүлээн авч баталгаажуулсан. Бодитой худалдан авалт хийсэн, өөрөөр хэлбэл, татварын алба өөрөө хэвлэн тараасан нэмэгдсэн өртгийн албан татварын падаан дээр худалдагч тал тамга, тэмдгээ дарж баталгаажуулсан санхүүгийн баримтыг татварын улсын байцаагч нар ямар ойлголтоор хуурамчаар үйлдсэн гэж үзсэнийг ойлгоогүй.
Анхан шатны шүүх хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.6 болон 7.7-д заасныг мөн Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 болон 18.1.3-д заасныг үндэслэлгүй гэж үзэж байна.
Иймд, илт хууль бус Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 727 дугаар шийдвэрийг бүхэлд нь хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3-д заасны дагуу хэргийг бүхэлд нь хянан үзээд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч "П" ХХК-аас Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Б, С.Г нарын 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 221075 дугаар актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Татварын улсын байцаагчийн 2012 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 220017 дугаар дүгнэлтээр аж ахуйн нэгжийн орлого болон нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулалт, төлөлтийн тайланд тусган, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдох орлого, нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтын дүнгээс хасч, төсөвт төлөх албан татвараас санаатайгаар зайлсхийсэн гэж үзэж "П" ХХК-ийн захирал Н.Нийг эрүүгийн журмаар шалгуулахаар шийдвэрлэсний дагуу 468.722.600 төгрөгийн бараа, материал худалдан авалт хийсэн мэтээр хий бичилт хийж, 46.872.260 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсны эцэст Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын 2013 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 97 дугаар тогтоолоор сэжигтэн Н.Нид холбогдох эрүүгийн хэргийг татварын өр төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байдлыг нь харгалзан үзэж, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Үүний дараа Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагч нар Татварын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 /Энэ хуулийн 33.2.6-д заасан дүгнэлтийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүчингүй болгосон нь зөрчил гаргасан этгээдийг захиргааны хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй/-д заасныг үндэслэн нэр бүхий компаниудтай бизнесийн үйл ажиллагаа эрхлээгүй атлаа худалдан авалт хийсэн гэж нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлангийн худалдан авалтын хэсэгт тусган төлөх албан татварыг бууруулсан зөрчилд нь 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 221075 дугаар актаар хариуцлага ногдуулсан нь үндэслэлтэй.
Учир нь "П" ХХК нь санхүүгийн анхан шатны баримтууд болон Нийслэлийн татварын газарт тайлагнасан нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа тусгаснаас өөрөөр буюу нэр бүхий компаниудаас худалдан авалт хийгээгүй, нэмэгдсэн өртгийн албан татвар падаан хий бичүүлж авсан болох нь тогтоогдсон бөгөөд ийнхүү хариуцлага ногдуулсан нь Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 /Дараахь үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татварын алба, татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна/, 74.1.6 /баримт бичгийг хуурамчаар үйлдэх, засварлах/, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 /Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй/-д нийцжээ.
Түүнчлэн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 /Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн зөв гаргах үндэслэл болно/, 7.6 /Анхан шатны баримтын бүрдэлт, үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна/, 7.7 /анхан шатны баримтгүй ажил гүйлгээг бүртгэл, тайланд тусгахыг хориглоно/-д падааны үнэн зөв эсэхийг бэлтгэн нийлүүлэгч буюу худалдан авагч болон худалдагч хариуцахаар,
Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 /татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх/, 18.1.3 /анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах үүрэгтэй/-д заасан татвар төлөгчийн үүргээ биелүүлээгүй "П" ХХК-д хариуцлага ногдуулсан маргаан бүхий захиргааны акт үндэслэлтэй бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
Харин Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 /Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ/, 10 дугаар зүйлийн 10.3 /Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэлийг хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, прокурорын хяналтын болон шүүхийн шатанд тус тус шалган тогтоосон байна/-д заасны дагуу "П" ХХК-д өршөөл үзүүлж, актаар тогтоосон 14,061.7 мянган төгрөгийн торгуулиас чөлөөлөхөөр байна.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 727 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг 1. Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.6, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсгийг тус тус баримтлан Нийслэлийн татварын газрын Татварын хянал шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Б, С.Г нарын 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 221075 дугаар актаар ногдуулсан 14,061.7 мянган төгрөгийн торгуулиас "П" ХХК-ийг чөлөөлж, "П" ХХК-ийн төлөх төлбөрийн хэмжээг 46,872.3 мянган төгрөгөөр тогтоосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Д.БАТБААТАР