Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/440

 

2022          04          08                                    2022/ШЦТ/440

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

нарийн бичгийн дарга Г.Хулан,

улсын яллагч Н.Ундрах,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******од холбогдох эрүүгийн 2208000000000 тоот хэргийг 2022.04.01-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

                                              

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1985 оны 2 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, эрэгтэй, 37 настай, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа барилгын ажил хийж байгаа гэх, ам бүл-5, хадам эх, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Алтан-Овоогийн 00-00 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Алтан-Овоогийн 00-00 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:**00000000/ Малиг-Очир овогт Г-ын Г нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсны улмаас бусдад 500000 төгрөгийн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ******* нь Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо Алтан-Овоогийн 20-22 тоотод байрлах гэрээсээ 2022 оны 2 дугаар сарын 1-ний өдөр  хадам эх Ц.Тгийн дунд гарын мөнгөн аягыг нууцаар авч явсны улмаас бусдад 500000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Иргэн Ц.Тгоос цагдаагийн байгууллагад 2022 оны 2 дугаар сарын 07-ны өдөр гаргасан “гэрээс мөнгөн аяга алдагдсан” гэх гомдол, гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /х.х-1/,

- Хохирогч Ц.Тгийн: “2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр манай хүргэн ******* архи их хэмжээгээр хэрэглэсэн ирээд маргааш нь сэрэхдээ уусан архи нь бүрэн гүйцэт гараагүй байсан учраас эрүүл болохгүй байна гээд загнасан.Тэгээд “архи уугаад байх юм бол манай охиноос салаад яв” гэж хэлсэн.  Намайг гадаа мод хагалж байхад ******* хувцсаа бариад гараад явсан. Түүнээс хойш гэртээ ирээгүй, 2022 оны 2 дугаар сарын 01-ний орой тавгийн идээгээ засах гээд цэгцэлж байхад манай өв дамжигдан ирсэн дунд гарын хуучны мөнгөн аяга байхгүй болсон байсан. Мөнгөн аяга 2000 оны 1 дүгээр сарын 31-ний орой авдарт байж байсан” гэх мэдүүлэг /х.х-5-7/,

- Гэрч Г.О-ийн: “2022 оны 2 дугаар сарын 01-ний өдөр ажлаасаа ирэхэд хамтран амьдрагч ******* байхгүй байсан. Тухайн үед битүүний орой байсан учраас тавгийн идээгээ засах гэтэл манай ээжийн эзэмшлийн дунд гарын мөнгөн аяга байхгүй байсан. ******* гэрээсээ явахдаа манай ээжтэй маргалдаад явсан учир мөнгөн аягыг авсан гэж бодож байна” гэх мэдүүлэг /х.х-12/,

- Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2022.02.09-ний өдрийн 142 дугаартай “хуучны дунд гарын мөнгөн аягыг 500000 төгрөгөөр үнэлсэн” гэх дүгнэлт /х.х-15-16/,

- Яллагдагч *******ын: “согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хадам эхийн эзэмшлийн мөнгөн аягыг аваад хүнд барьцаанд тавиад мөнгө аваад хувьдаа хэрэглэсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /х.х-26/ зэрэг баримтууд хамаарч байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч *******ын хувийн байдалтай холбоотой болон бусад баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь эхнэр, хүүхэд, хадам эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо Алтан-Овоогийн 00-00 тоотод амьдран суудаг болох нь хохирогч Ц.Т, гэрч Г.Оюун-Эрдэнэ, шүүгдэгч ******* нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Шүүгдэгч *******ын хадам эх Ц.Т нь Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т заасан “Гэр бүлийн гишүүн гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа ...хүүхэд болон төрөл садангийн хүнийг ойлгоно” гэх заалт, мөн зүйлийн 3.1.5-д “төрлийн хүн гэж гэрлэгчийн эцэг, эх..ийг ойлгоно” гэх заалтад заасан *******, Г.Оюун-Эрдэнэ нарын гэр бүлийн гишүүнд хамаарч байна.

Хохирогч Ц.Тд өв залгамжлагдан ирсэн мөнгөн аяга нь Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.2-т зааснаар түүний хуваарьт хөрөнгө байх тул ******* нь Ц.Тгийн хуваарьт хөрөнгийг өөрийн үзэмжээр захиран зарцуулах эрх хуулиар олгогдоогүй байна.

Шүүгдэгч ******* нь гэр бүлийн гишүүн Ц.Тгийн хуваарьт хөрөнгө болох мөнгөн аягыг түүнд мэдэгдэлгүйгээр нууцаар авч явж захиран зарцуулсан ба түүний үйлдлийн улмаас бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний буюу 500000 төгрөгийн хохирол учирсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, гэрч Г.О-ийн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлт, *******ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч *******ын энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан” гэмт хэргийн зарим шинжийг агуулсан байх боловч хэрэгт хавсаргагдан ирсэн хохирогч Ц.Т, гэрч Г.Оюун-Эрдэнэ нарын мэдүүлгээр “анх удаа ийм үйлдэл гаргасан” гэх тул прокуророос *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээний дотор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Иймд *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******ын хууль бус санаатай үйлдлийн улмаас иргэн Ц.Тд мөнгөн дүнгээр 500000 төгрөгийн хохирол учирсан болох нь баримтаар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаасаа өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасны дагуу өөрийн хууль бус болгоомжгүй үйлдлийн улмаас бусдын эд хөрөнгөд учирсан гэм хорыг шүүгдэгч ******* нь хариуцан арилгах үүрэгтэй, хохирогч Ц.Т нь өөрийн эд хөрөнгөд учирсан гэм хорыг хуульд заасан арга, журмаар арилгахыг *******оос шаардах эрхтэй байна.

Шүүгдэгч ******* нь Ц.Тд мөнгөн аягыг биетээр нь буцаан хүлээлгэж өгсөн болох нь хохирогч Ц.Тгоос прокурорт 2022.03.17-ны өдөр ирүүлсэн хүсэлтээр тогтоогдож байх тул *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдын эд хөрөнгөд учруулсан гэм хор бүрэн арилсан, ******* нь  бусдад төлбөргүй болсон байна.

Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /х.х-27/ тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь хохирогчийн мөнгөн аягыг буцаан хүлээлгэн өгч хохирогчийн хохирол төлбөрийг барагдуулсан нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна. Түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Дээрх нөхцөл байдал болон ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хохирогч Ц.Т нь хавтаст хэргийн материалтай танилцаад “санал хүсэлтгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх хүсэлт гаргасан болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан прокурортой тохиролцсон ял оногдуулах саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, шүүхээс тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Малиг-Очир овогт Г-ын Гыг бусдын эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасныг баримтлан Малиг-Очир овогт Г-ын Год Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, шүүхээс тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Шүүгдэгч ******* нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж, битүүмжлүүлээгүй, хохирогч Ц.Т нь шүүхэд “өөрийн эд зүйл болох мөнгөн аягаа буцаан авсан” гэх хүсэлтийг ирүүлсэн тул иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисон ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******од урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн болон тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож хорих ял оногдуулахыг *******од мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                С.СЭРЖМЯДАГ