Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сүхбаатарын Сэржмядаг |
Хэргийн индекс | 188/2022/0434/Э |
Дугаар | 2022/ШЦТ/435 |
Огноо | 2022-04-07 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Б.Ундрах |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 2022/ШЦТ/435
2022 04 07 2022/ШЦТ/435
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
нарийн бичгийн дарга Г.Хулан,
улсын яллагч Б.Ундрах,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх саналтай ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 22080000000000 тоот хэргийг 2022.03.31-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Хархорин суманд 1994 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Ж” ХХК-д талх, нарийн боовны цехэд туслах ажилтан ажилтай, ам бүл-4, эхнэр хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүрэг 00 дүгээр хороо 00-000а тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:**00000000/ Боржигон овогт Мын А нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо 361-р гарам Уулын 4-24 тоотод оршин суух иргэн Гийн гэрт Н.Бтой маргалдан толгойгоороо нүүр рүү нь мөргөн унагаж, дээрээс нь хөлөөрөө өшиглөж цохиж зодсоны улмаас түүний бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараахь баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Хохирогч Н.Боос цагдаагийн байгууллагад гаргасан “2022 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо 361 гармын ойролцоо амьдрах найзындаа зодуулсан” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (х.х-3),
- Хохирогч Н.Бийн “Би 2022 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн шөнийн 22 цагийн орчимд манай 10 жилийн ангийн найзууд болох *******, түүний эхнэр мөн Сэрдамба нартай хамт Гийн оршин суух Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо 361 гармын ойролцоо гэрт нь очсон. Бид нар Гийн гэрт Боргио нэртэй 2,5 литрийн нэг ширхэг пивыг хувааж уучихаад гэр рүүгээ харих гээд гарах гэтэл ******* намайг толгойгоороо нэг удаа миний хамар руу мөргөж унагаад, дээрээс хөлөөрөө өшиглөөд байсан. Тэгтэл би босож ирээд “*******аа чи миний хамрыг яагаад хугалчихлаа” гэж хэлэхэд юу ч дуугарахгүй байсан” гэх мэдүүлэг (х.х-11, 13, 15),
- Гэрч Э.Тын: “Тэгээд бид гурав буцаад ороход гэрийн үүдэнд Н.Б, ******* хоёр хоорондоо зодолдсон байдалтай *******ы дээр нь Н.Б гараад суучихсан хамраас нь цус гарсан байсан. Тэгээд салгасан ба тэрнээс хойш тэр хоёр хоорондоо зодолдоогүй. Н.Б *******ыг хамар руу мөргөсөн гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-19-20/
- Гэрч Д.Аын “манай гэрт *******, Н.Б нар үлдсэн, тэр хоёр *******ы эхнэрээс болж хоорондоо маргалдахаар нь би *******, Н.Б хоёрт “гэрт битгий хэрүүл хий, гар” гэж хэлсэн. ******* манайхаас түрүүлж гарсан араас Н.Б гарсан, тэгтэл үүдний амбаарт Н.Бийн нүүр рүү ******* толгойгоороо мөргөсөн. Тэгээд тэр хоёр гэрийн гадаа заамдалцаад авахад би араас нь гараад “больцгоо” гэж хэлсэн ба Н.Бийн хамраас цус гарсан. ******* Н.Бийн хамар руу толгойгоороо мөргөсөн ба хамар нь хавдаад цус ихээр гарсан” гэх мэдүүлэг (х.х-22),
- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2022 оны 1 дүгээр сарын 27-ны 111 дугаартай “Н.Бийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний зовхинд цус хуралт, хүзүү, шуунд зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтлүүдийн хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, баруун нүдний зовхинд цус хуралт, хүзүү, шуунд зулгаралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдэх боломжтой” гэх дүгнэлт (х.х-34-36),
- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2021.01.12-ны өдрийн 1512 дугаартай “*******ы биед гэмтэл тогтоогдсонгүй” гэх дүгнэлт /хх-24-25/,
- Яллагдагч *******ы “надад сонсгож буй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг хүлээн зөвшөөрч байна. Тэгээд бид хоёр гэрээс гараад, би үүдний амбаарт Н.Бийг заамдаж авахад намайг бас заамдаад авсан. Тэгээд би зөрүүлээд Н.Бийн нүүр рүү нь гараараа нэг удаа цохиод, мөргөсөн. Бид хоёр архи уугаад согтсондоо нэг нэгэндээ үг хаяад маргалдсан” гэх мэдүүлэг (х.х-47-48) зэрэг баримтууд хамаарч байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч *******ы хувийн байдалтай холбоотой болон бусад баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Хохирогч Н.Б нь “******* нь намайг ямар ч шалтгаангүйгээр зодсон” гэж мэдүүлсэн байх боловч шүүгдэгч *******, хохирогч Н.Б нарын хоорондоо муудалцах болсон шалтгаан нь Н.Бийн зүй бус харьцаанаас үүссэн болох нь гэрч Д.Аын “*******ы эхнэрээс болж маргалдаж байсан. *******ы эхнэр “явна” гээд байсан. ******* “өглөө явья” гээд байсан. Н.Б “надаас унааны мөнгө төгрөг авах уу” гэж хэлж байсан. Тэрэнд л уурласан юм шиг байна лээ” гэх мэдүүлэг /х.х-22/, гэрч *******ы “найз Н.Б бид нар руу архиндаа согтоод эхнэр бид хоёрыг “таксины мөнгө аваад гэр рүүгээ харь” гээд агсрах үед эхнэр Э.Т нь уурлаад Гийн гэрээс гараад “гэр рүүгээ явлаа” гээд зам дагаад алхахаар нь ардаас нь гүйж гараад “хайраа байж бай. Машин тэргээр явья” гэж хэлээд буцаад машин авах гэтэл надтай зөрөөд Г машинтайгаа манай эхнэрийг авах гээд гарч байсан” гэх мэдүүлэг /х.х-17/, гэрч Э.Тын: “Гийн гэрт шөнийн 00 цаг өнгөрч байхад очсон. Тэгээд 2 архи уусан ба би архи уугаагүй өглөө 8 цаг 30 минутын үед би “явлаа” гээд гэрээс гарахад манай нөхөр гарч ирээд “хамт явъя, машин дуудъя” гэхээр нь би “явлаа” гэж хэлэхэд манай нөхөр буцаад явсан. Тэгээд намайг зам дээр зогсож байхад Г, Сэрдамба хоёр ирээд “бүгдээрээ жоохон байж байгаад хамт явъя” гэж хэлсэн. ...Архи уугаад сууж байхад Н.Б манай нөхрийг үгээр идээд “мөнгө төгрөг авах юм уу, унааны мөнгөгүй болоод явж чадахгүй байгаа юм уу, надаас хэдэн төгрөг авах юм бэ” гээд үгээр идээд байсан. Мөн “сургууль дээрээ ноомой юм байсан” гээд яриад байсан” гэх мэдүүлэг /х.х-19-20/ зэрэг баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч *******ы нь хувийн сэдэлтээр, шууд санаатайгаар арван жилийн ангийн найз гэх Н.Бтой зодолдож түүний бие махбодид “хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний зовхинд цус хуралт, хүзүү, шуунд зулгаралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан хохирогч Н.Б, гэрч Д.А, Э.Т нарын мэдүүлэг, шинжээчийн 2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 111 дугаартай дүгнэлт болон яллагдагч *******ы гэм буруугаа хүлээж мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Н.Б нь эмчилгээ, шинжилгээтэй холбогдсон гарсан зардлыг нотлох баримт гаргаж өгөөгүй ба “Би хамраа улсын нэгдүгээр эмнэлгийн тэр хавьд хувийн эмнэлэгт үзүүлж янзлуулсан. Би *******аас эмчилгээний нийт 650000 төгрөг авсан тул надад ямар нэгэн гомдол байхгүй” хэмээн мэдүүлж (х.х-15) иргэний нэхэмжлэл гаргаагүй байна. Иймд өнөөдрийн байдлаар ******* нь бусдад төлөх төлбөргүй болсон байна.
Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /х.х-49/ тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо шүүхээс өмнөх шатанд сайн дураараа нөхөн төлж хохирогчийг гомдолгүй болгосон, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус харилцаа нөлөөлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байна. Түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Дээрх нөхцөл байдал болон ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хохирогч Н.Б нь хавтаст хэргийн материалтай танилцаад “санал хүсэлтгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх хүсэлт гаргасан болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан прокурортой тохиролцсон ял оногдуулах саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэж, торгох ялыг энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Боржигон овогт Мын Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт Мын Ад 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч ******* нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж битүүмжлүүлээгүй, хохирогч Н.Бид 650000 төгрөг хүлээлгэн өгсөн ба хохирогч нь иргэний нэхэмжлэлээсээ татгалзсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
4. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Шүүхээс оногдуулсан торгох ялыг энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож хорих ялаар солино гэдгийг *******д мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ С.СЭРЖМЯДАГ