Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/147

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Самбуу,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Ариунзул,

Шүүгдэгч Л.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т овогт Л Б-т холбогдох эрүүгийн 2134004190034 дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1968 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Төв аймаг Зуунмод суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр хүүхдийн хамт Төв аймаг Зуунмод сумын 3 дугаар багийн 23-4 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ... регистрийн дугаартай, Т овогт Л Б,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Зуунмод сумын Баянхошуу 3 дугаар баг 23-4 тоотод байх гэртэээ гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Х.Нямсүрэнг “цалингаа аваад хүмүүст тарааж өглөө” гэх шалтгааны улмаас хоорондоо маргалдаж, түүний биед зүүн нүдний дээд зовхи, цээж, баруун, зүүн хөх, нуруу, баруун гуяанд цус хуралт бүхий гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

Шүүгдэгч Л.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Зуунмод сумын Баянхошуу 3 дугаар баг 23-4 тоотод байх гэртэээ гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Х.Нямсүрэнг “цалингаа аваад хүмүүст тарааж өглөө” гэх шалтгааны улмаас хоорондоо маргалдаж, түүний биед зүүн нүдний дээд зовхи, цээж, баруун, зүүн хөх, нуруу, баруун гуяанд цус хуралт бүхий гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон.

 

Энэ нь эрүүгийн 2134004190034 дугаартай хэрэгт авагдсан

            Хохирогч Х.Нямсүрэнгийн өгсөн: “... Тэгээд би нөхөртөө цалин буугаад дүү болон өөрийн хүүхдүүддээ өгсөн талаар хэлтэл нөхөр Батаа маань уурласан. Тэгээд бид хоёр мөнгө ярьж нэлээн маргаж байтал би дээшээ хараад хэвтэж байсан чинь миний нөхөр Батаа нь миний цээж хэсэгт 2-3 удаа гараараа цохисон тэгсэн чинь миний хүү Баяр-Эрдэнэ сэрээд ээжээ та хурдан гараач аав таныг цохиод байна гэж хэлсэн тэгэхээр нь би гэрээсээ гараад урд талын Дуламсүрэн гэх айлд орсон. Дуламсүрэнгийн гэрт ороод миний нөхөр зодсон талаар хэлээд тэгээд Төв рүү найз Баасансүрэнгийн гэрт очиж хонолоо гээд найзынх руугаа явж тэнд хоносон. Баасансүрэнгийн гэрт хоноод маргааш нь буюу 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өглөө найз Баасансүрэнгийн гэрээс гараад гэр лүгээ явахаар явж байтал манай 2 найз Болдсүх эхнэртэйгээ такси барих гээд байж байсан. Тэгээд бид гурав хамт такси бариад Хуучин нисэх газар луу Болдсүхийн гэр лүү явсан. Би Болдсүхтэй хамт яваад тэдний гэрт очоод 2 хоносон. Тэгээд тэнд байж байхад Болдсүхийн эхнэр Оюунчимэгт хандан миний нөхөр Батаа нь намайг зодсон гэж цээжээ үзүүлэхэд Оюунчимэг нь надад хандан Нямсүрэн чиний цээж хавдаж хөхрөөд аймаар боллоо цагдаа дуудаж өгье гэж хэлсэн. Тэгээд 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын Баянхошуу 3 дугаар багт байх гэртээ Болдсүх, Оюунчимэг нараар хүргүүлж ирсэн. Намайг гэртээ ирэхэд миний нөхөр Б, хүү Баяр Эрдэнэ нар байсан. Би гэртээ ирээд унтаж амраад байж байхад нэлээн орой 21 цагийн орчим цагдаа нар орж ирээд юу болсон талаар асуухад нь болсон үйл явдлын талаар хэлэхэд цагдаа нар маргааш цагдаа дээр ирж уулзаарай гэж хэлээд гараад явсан. Миний нөхөр Б миний цээжин хэсэгт гараараа 2-3 удаа цохиж зодохоор нь би босоод гараад явсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй байна” гэх мэдүүлэг /хх-09-10 дугаар тал/,

            Шүүгдэгч Л.Бын сэжигтнээр өгсөн “... Бид нар гэртээ ирээ, хүү маань унтсан тэгсэн эхнэр бид хоёр жаахан юм ярьж байгаад маргалдсан Эхнэр Нямсүрэн маань цалингаа аваад хүмүүст тараагаад өгсөн байхаар нь би цалингаа тараагаад өгчихсөн байх юм гэр орондоо түлээ нүүрс авмаар байхад гэж хэлсэн тэгтэл эхнэр Нямсүрэн маань үр хүүхдүүддээ мөнгө өгөхөд яадаг юм гээ хэлснээс нь болоод маргалдсан. Тэгээд хэрэлдээд байхаар нь би цээжин хэсэг нь баруун гараараа 2 удаа цохитол эхнэр Нямсүрэн маань гараад зугтаасан тэгэхээр нь би хүүгээ тэврээд унтаж амарсан. Ийм л зүйл болсон. Би эхнэртэйгээ эвлэрсэн. Би эхнэртэйгээ хэрэлдэж маргалдаж байсан зүйл байхгүй сая л хэрэлдэж маргалдсаны улмаас цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар тал/,

             Гэрч Р.Дуламцэрэнгийн өгсөн: “2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр би ажлаасаа буугаад 10 цаг 30 минутын үед хариад гэртээ байхад Нямсүрэн манай гэрт орж ирээд манай нөхөр хаачив гэж асуухаар нь би мэдэхгүй гэж хэлсэн. Нямсүрэн нь манай гэрт орж ирээд нөхөр Б маань миний цээж хэсэгт цохисон гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар тал/,

            Гэрч Н.Буяннэмэхийн өгсөн: “ ... Тэгээд Болдсүх ах түүний эхнэр Нямсүрэн эгч бид дөрөв 0,75 литрийн архи хувааж уучхаад Нямсүрэн эгч согтоод унтахдаа янцаглаад унтахгүй ёолоод амьсгаадаад байхаар нь "та яасан юм бэ?" гэхэд Нямсүрэн эгч "эгч нь нөхөртөө 3 хоногийн өмнө зодуулсан юм" гэхээр нь би цээжийг нь хартал хүн аймар юм болцон улаан эрээн хөхрөөд аймар болсон байсан. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллага болон эмнэлгийн байгууллагад хандсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар тал/

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 486 дугаартай “1.Х.Нямсүрэнгийн биед зүүн нүдний дээд зовхи, цээж, баруун, зүүн хөх, нуруу баруун гуянд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2 Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтлүүд байна. 3.Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт/хх-ийн 24 дүгээр тал/,

            Төв аймгийн Цагдаагийн газрын 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 4304 дугаартай гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

            Шүүгдэгч Л.Б нь гэм буруу дээрээ маргаагүй, гэм буруутай  гэдгээ хүлээн зөвшөөрсөн болно.

 

Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэг гэм буруугийн санаатай хэлбэртэй, өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэв.

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгчийн буруутай санаатай үйлдлийн улмаас хохирогч Х.Нямсүрэнгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас Шүүгдэгч Л.Б-т Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг гаргав.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

Шүүгдэгч Л.Б нь эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр хүүхдийн хамт Төв аймаг Зуунмод сумын 3 дугаар багийн 23-4 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй талаар хэрэгт ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас авагдсан, одоо 53 настай баримт сэлт хэрэгт авагджээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж,

  Шүүгдэгч нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг байна.

 

 Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэгт холбогдсон байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Л.Бын цагдан хоригдсон 12 хоногийн 1 хоногийг 15000 төгрөгөөр торгох ялаар дүйцүүлэн сольж, түүнд оногдуулсан торгох ялаас хасаж тооцох нь зүйтэй байна.

            Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2.“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.

 

Хохирогч Х.Нямсүрэн нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж мэдүүлсэн/хх-10 тал/, мөн шүүхэд мэдэгдсэн, хэрэгт хохирлын баримт авагдаагүй байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын асуудал байхгүй байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн 2134004190034 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11 дүгээр зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Т овогт Л Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Л.Б-ын цагдан хоригдсон 12 хоногийн 1 хоногийг 15000 төгрөгөөр торгох ялтай дүйцүүлэн шүүгдэгч Л.Бт оногдуулсан 500000 төгрөгөөр торгох ялаас хасч 320000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-т оногдуулсан 320000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд/3 сар/ төлөхийг сануулсугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Л.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

6.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичгийн баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Л.Б нь бусдад төлөх төлбөргүй, 12 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.

 

7.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

8.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Л.Б-т урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Ц.ОТГОНЖАРГАЛ