| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2017/01296/И |
| Дугаар | 102/ШШ2017/01374 |
| Огноо | 2017-05-11 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 102/ШШ2017/01374
| 2017 оны 05 сарын 11 өдөр | Дугаар 102/ШШ2017/01374 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 53-34 тоотод оршин суух, Монгол овогт Цэнд-Аюушийн Батмөнх /РД: ЧЗ57051370/-ийн
1982 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хугацааны ажилласан байдлаа тогтоолгох хүсэлтийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Батмөнх, нарийн бичгийн даргаар С.Түмэн-Өлзий нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Батмөнхийн шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Ц.Батмөнх миний бие 1982 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хугацаат цэргийн албанаас халагдаад 1982 оны 09 дүгээр сарын 04-нөөс Баруун хараагийн Тэжээлийн үйлдвэрт цахилгаанчнаар орж ажилласан. 1985 оны 02 дугаар сарын 26-нд 14 хоногийн мэргэжил дээшлүүлэх курс төгсөж 4 дүгээр зэргийн цахилгаанчнаар ажиллаж байгаад 1986 оны 12 дугаар сарын 24-нд халагдаж, Улаанбаатар хотын Төмөр замын орон сууцны 2 дугаар ангид цахилгаанчнаар 1987 оны 01 дүгээр сарын 09-нд ажилд орсон. Тус ангийн боловсон хүчин Баасанжав халагдсан ажилчдын хөдөлмөрийн дэвтрийг тодорхой бус шалтгаанаар төмрийн цехийн зууханд шатааж устгасан байдаг. Ингээд дэвтэргүй болж, зарим ажилласан, халагдсан тушаал олдохгүй өнөөг хүрч тэтгэврээ тогтоолгож чадахгүйд хүрч хохирч байна. Иймд миний 1982 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдлыг маань сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт авагдсан болон хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Батмөнх нь 1982 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын /Баруун хараа/ Тэжээлийн үйлдвэрт цахилгаанчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд ханджээ.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Ц.Батмөнх нь 1982 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын /Баруун хараа/ Тэжээлийн үйлдвэрт цахилгаанчнаар ажиллаж байсан болох нь Архивын Ерөнхий газрын 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 409 дүгээр тодорхойлолт, Батлан Хамгаалахын Төв архивын 2013 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 12477 тоот лавлагаа, Ц.Батмөнхийн “Баруунхараагийн тэжээлийн комбинатын захиргаа”-ны 1985 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 18 дугаар тушаалаар олгосон 21 тоот 4 дүгээр зэргийн цахилгаанчны үнэмлэх, гэрч Ж.Болдбаатар, Д.Сэлэнгэ нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байна.
Иймд шүүх дээрх баримтуудыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ц.Батмөнхийг 1982 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын /Баруун хараа/ Тэжээлийн үйлдвэрт цахилгаанчнаар ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Монгол овогт Цэнд-Аюушийн Батмөнхийг 1982 оны 09 дүгээр сарын 4-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын /Баруун хараа/ Тэжээлийн үйлдвэрт цахилгаанчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР