| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Болдбаатарын Батсайхан |
| Хэргийн индекс | 185/2022/0370/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/401 |
| Огноо | 2022-04-15 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Буянхишиг |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 2022/ШЦТ/401
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,
Улсын яллагч Ц.Буянхишиг /томилолтоор/,
Шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт Э ы Б д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1982 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, иргэний бүртгэлээр ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, О овогт Э ы Б /РД:.../.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Бнь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө ...тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох дагавар охин М.М ыг “ээжийгээ өмөөрсөн” гэх үл ялих зүйлээр шалтаглан түүний толгой хэсэгт нь хутганы ишээр цохих, түлхэж нүүр хэсгээр нь ширээ мөргүүлэх, хөл дээр нь гишгэх зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь “...зүүн зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салст, хоёр шилбэ, баруун тавхайд цус хуралт...” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Нэмж гаргах мэдүүлэг байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэв.
Шүүгдэгч Э.Б гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Миний буруу. Хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлмээр байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар хуудас/,
Хохирогч М.М ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Шөнө гэртээ унтаж байтал хойд аав Б гаднаас согтуу орж ирээд ээжийг Н гээд дуудаад байсан. Тэгээд гал тогооны өрөөнд ширээ, хана руу цохиод дуу чимээ гаргаад байхаар нь би явж очоод “маргааш ажлын өдөр, унтаж амармаар байна” гэхэд надаас хэрүүл өдөөд байсан. Тэгсэн чинь ээж босож ирээд “чи эрүүлдээ энэ асуудлаа ярь” гэсэн чинь ээжийг түлхээд унагаачихаар нь би Б г “одоо боль” гэхэд намайг ор руу түлхээд унагаачихсан. Тэгээд ... “чиний ээж архичин, чи ч архичин, чи орой үдэш юу хийж явдаг юм, энэ тэнд хэвтэж байдаг байлгүй” гээд дахиад намайг түлхсэн. Би унахдаа орон дээр байсан жижиг хураагддаг ширээг нүүрээрээ мөргөсөн ба уруулын дотор талд цус хурсан байсан. ...Би маргааш нь ажилтай байсан болохоор ажлын хувцсаа өмсөөд ээжийн араас гарах гэтэл Б баруун гартаа хутга, зүүн гартаа заазуур барьчихсан, “чи эмч гэлүү, үхсэн хүн ямар байдгийг харуулна” гээд далайхаар нь айгаад нүүрээ дараад доош харсан чинь толгойн дээр нэг удаа хутганы ар хэсгээр хүчтэй цохисон. ...Надад нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,
Гэрч Э.М гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Бэлх-10-аас “хажуу айлын хүн эхнэрээ зодоод байх шиг байна” гэсэн дуудлагын дагуу очиход нэг эгч гадаа гараад ирсэн зогсож байсан. Тухайн хүнтэй уулзахад “манай нөхөр агсам тавиад байна” гэхээр нь гэр рүү нь ороход хаалга нь цоожтой байсан. Хаалгыг нь онгойлгоход 30-35 орчим насны эрэгтэй хүн гартаа хутга, заазуур барьчихсан зогсож байсан ба гарт нь байсан хутга, заазуурыг нь газарт тавиулаад шууд машин руугаа аваад гарсан. Буцаж ороод гэрт байсан охиноос юу болсон талаар тодруулж мэдүүлэг авахад “хойд аав Б нь ээжийг гарсны дараа хаалга хааж байгаад намайг ор руу түлхэж унагаагаад хутга барьж над руу далайгаад “чи үхсэн хүн ямар байдгийг мэдэх үү, чи эмч гэлүү гэж хэлээд нэг удаа толгойны дээд хэсэгт цохисон” гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2217 дугаартай “...М.М ын биед зүүн зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салст, хоёр шилбэ, баруун тавхайд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх дүгнэлт /хх-ийн 50-51 дүгээр хуудас/,
2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 24-28 дугаар хуудас/,
Аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 40 дүгээр хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:
Шүүгдэгч Э.Б гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 64 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72 дугаар хуудас/, ... дүүргийн 10 дугаар хорооны тодорхойлолт /хх-ийн 63 дугаар хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 65 дугаар хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 66 дугаар хуудас/, авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-ийн 67 дугаар хуудас/, хуулийн этгээд бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 68 дугаар хуудас/, ... дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 75 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн ... дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Э.Б гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч Э.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө ...тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох дагавар охин М.М ыг “ээжийгээ өмөөрсөн” гэх үл ялих зүйлээр шалтаглан түүний толгой хэсэгт нь хутганы ишээр цохих, түлхэж нүүр хэсгээр нь ширээ мөргүүлэх, хөл дээр нь гишгэх зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь “...зүүн зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салст, хоёр шилбэ, баруун тавхайд цус хуралт...” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Шүүгдэгч Э.Б гийн: “...Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Миний буруу. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар хуудас/,
Хохирогч М.М ын: “...Шөнө гэртээ унтаж байтал хойд аав Б гаднаас согтуу орж ирээд ээжийг Н гээд дуудаад байсан. ...би Б г “одоо боль” гэхэд намайг ор руу түлхээд унагаачихсан. Тэгээд ... “чиний ээж архичин, чи ч архичин, чи орой үдэш юу хийж явдаг юм, энэ тэнд хэвтэж байдаг байлгүй” гээд дахиад намайг түлхсэн. Би унахдаа орон дээр байсан жижиг хураагддаг ширээг нүүрээрээ мөргөсөн ба уруулын дотор талд цус хурсан байсан. ...Б баруун гартаа хутга, зүүн гартаа заазуур барьчихсан ...далайхаар нь айгаад нүүрээ дараад доош харсан чинь толгойн дээр нэг удаа хутганы ар хэсгээр хүчтэй цохисон. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,
Гэрч Э.М гийн: “...2022 оны 01 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Бэлх-10-аас “хажуу айлын хүн эхнэрээ зодоод байх шиг байна” гэсэн дуудлагын дагуу очиход нэг эгч гадаа гараад ирсэн зогсож байсан. Тухайн хүнтэй уулзахад “манай нөхөр агсам тавиад байна” гэхээр нь гэр рүү нь ороход ...30-35 орчим насны эрэгтэй хүн гартаа хутга, заазуур барьчихсан зогсож байсан ба гарт нь байсан хутга, заазуурыг нь газарт тавиулаад шууд машин руугаа аваад гарсан. ...охиноос юу болсон талаар тодруулж мэдүүлэг авахад “хойд аав Б нь ээжийг гарсны дараа хаалга хааж байгаад намайг ор руу түлхэж унагаагаад хутга барьж над руу далайгаад “чи үхсэн хүн ямар байдгийг мэдэх үү, чи эмч гэлүү гэж хэлээд нэг удаа толгойны дээд хэсэгт цохисон” гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2217 дугаартай дүгнэлт /хх-ийн 50-51 дүгээр хуудас/,
2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 24-28 дугаар хуудас/, аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 40 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Э.Б нь гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлт /хх-ийн 74 дүгээр хуудас/-ийг прокурорт бичгээр гаргасан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйийн тайлбар хэсэгт: Гэр бүлийн хамаарал бүхий харилцаа гэж “...гэр бүлийн гишүүд, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаа, гэрлэлт нь цуцлагдсан, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаад больсон, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа хүн, тэдгээрийн асрамжид байгаа хүмүүсийн хоорондын харилцааг ойлгоно...” гэж,
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүчирхийлэл гэж “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор тус тус хуульчилсан байна.
Иймд шүүгдэгч Э.Б нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох дагавар охин М.М ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Э.Б г дээрх зүйл, хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч Э.Б нь хохирогч М.М ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байх бөгөөд хохирогч нь хохиролтой холбоотой баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй, “нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүхээс үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Э.Б г шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад хэргийг прокурорт буцаах үндэслэл тогтоогдохгүй байх тул улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан “...500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох...” саналын хүрээнд шүүгдэгч Э.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгож шийдвэрлэв.
Бусад асуудлаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж;
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч М.М нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Э.Б нь өөрийгөө өмгөөлөх, шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцох талаар бичгээр шүүхэд хүсэлт гаргасан тул Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О овогт Э ы Б г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б гийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг хуульд заасан 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч М.М нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.