Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Болдбаатарын Батсайхан |
Хэргийн индекс | 185/2022/0376/Э |
Дугаар | 2022/ШЦТ/411 |
Огноо | 2022-04-18 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Ц.Шагдар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 2022/ШЦТ/411
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,
Улсын яллагч Ц.Шагдар,
Шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө овогт Бийн А д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2003 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, ам бүл 3, эцэг, эгчийн хамт амьдардаг, иргэний бүртгэлээр ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Ө овогт Бийн А . /РД:.../,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.А нь 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 24 дүгээр байрны урд талын саадан дотор А.Ч тэй үг хэлээр доромжилсон гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний зүүн чихний хэсэгт гараараа цохиж, эрүүл мэндэд нь зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр манай дээд үе болон доод үеийнхний дунд маргаан болсон. Тэр үед би Ч тэй таараад “танай үеийхэн хаана байна” гэж асуухад юм дуугараагүй. Тэгээд би буцаж эргээд явж байтал Ч миний араас ирээд “та нарыг ална” гэж хэлэхээр нь би Ч дээр дахин очоод алгадсан. Миний буруу...” гэв.
Шүүгдэгч Б.А ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр сургууль дээрээ байж байтал 11 дүгээр ангийн хүүхэд найз Г ийг мөрлөсөн учир 11 болон 12 дугаар ангиудын дунд үл ойлголцол үүссэн. ...Би Ч ээс “танай ангийнхан хаана байна” гэж асуухад Ч “мэдэхгүй” гэж хэлсэн бөгөөд Г, Э нартай түрүүлээд явж байтал Ч утсаар ярьснаа “гөлөгнүүдээ одоо ирж байна” гэж чанга хашхирсан. Ингэхээр нь бидэнд хэлж байна гэж бодоод би Ч ий чих рүү нэг удаа алгадсан. Үүнээс хойш 10 орчим минутын дараа Ч ангийнхаа багшийг дагуулж ирээд намайг ална гэж хараалын үгээр доромжилтол багш нь боль гэж хэлээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй хохирогч А.Ч ий мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн өдөр манай сургууль дээр А ын 12г бүлгийнхэн манай 11г бүлэгтэй маргалдаж байсан бөгөөд ямар учраас ийм зүйл болсон талаар мэдэхгүй. Дараа нь хичээлээ тараад явж байтал А өөрийн найзуудтайгаа ирсэн бөгөөд надаас “танай 11г бүлгийнхэн хаана байна” гэж асуухаар нь би ямар нэгэн зүйл хэлээгүй учир А зам гарч явснаа эргэж хараад “чи сая амандаа гөлөг гэж хэлсэн үү” гэж хэлээд буцаж над дээр ирж миний зүүн чих рүү нэг удаа хүчтэй алгадсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24 дүгээр хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Г.Э ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн өдөр би А , Г болон өөр бүлгийн нэрийг нь мэдэхгүй хэдэн хүүхэд явж байтал Ч ангийнхаа хэдэн хүүхэдтэй зогсож байсан. Тэгээд А бид хэд очоод “нөгөө хэд чинь хаана байгаа вэ” гэж асуухад Ч “мэдэхгүй” гэж хариулсан учир бид цааш явж байтал араас Ч “гөлөгнүүдээ” гэж хэлэхийг А сонсож, улмаар ганцаараа Ч дээр эргэж очиж юм ярьж байгаад Ч ий нүүр рүү нэг удаа алгадсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,
Гэрч Б.Г ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн өдөр манай сургуулийн 11г ангийн сурагчид сургуулийн коридорт явж байтал мөрлөсөн бөгөөд би маргалдаад байж байтал манай ангийн багш гарч ирээд биднийг салгаж уг маргаан дууссан. ...Явах замдаа Ч тэй таарч А “ангийнхан чинь хаана байна” гэж асуутал юм дуугараагүй учир бид эргэж цааш явж байтал А Ч ийг “одоо дуудах гэж байна гөлөгнүүдээ гэж бидэнд хэллээ” гэж уурлаад Ч ий зүүн хацар руу гараараа нэг удаа цохисон. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 3479 дугаартай “...А.Ч ий биед зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. ...” гэх дүгнэлт /хх-ийн 49-50 дугаар хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-14 дүгээр хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:
Шүүгдэгч Б.А ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 60 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59 дүгээр хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 61 дүгээр хуудас/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 62 дугаар хуудас/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 63 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн ... дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.А ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч Б.А нь 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 24 дүгээр байрны урд талын саадан дотор А.Ч тэй үг хэлээр доромжилсон гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний зүүн чихний хэсэгт гараараа цохиж, эрүүл мэндэд нь зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Шүүгдэгч Б.А ын: “...би Ч ий чих рүү нэг удаа алгадсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй хохирогч А.Ч ий: “...А зам гарч явснаа эргэж хараад “чи сая амандаа гөлөг гэж хэлсэн үү” гэж хэлээд буцаж над дээр ирж миний зүүн чих рүү нэг удаа хүчтэй алгадсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24 дүгээр хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Г.Э ийн: “...Ч “гөлөгнүүдээ” гэж хэлэхийг А сонсож, улмаар ганцаараа Ч дээр эргэж очиж юм ярьж байгаад Ч ий нүүр рүү нэг удаа алгадсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,
Гэрч Б.Г ийн: “...А Ч ийг “одоо дуудах гэж байна гөлөгнүүдээ гэж бидэнд хэллээ” гэж уурлаад Ч ий зүүн хацар руу гараараа нэг удаа цохисон. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 3479 дугаартай дүгнэлт /хх-ийн 49-50 дугаар хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-14 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Б.А нь гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлт /хх-ийн 71 дүгээр хуудас/-ийг прокурорт бичгээр гаргасан байна.
Мөн хохирогч А.Ч нь прокурорын шатанд “би А д гомдолгүй...” гэх хүсэлтийг бичгээр гаргасан байна.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.А ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохиролтой холбоотой нотлох баримт гаргаж өгөөгүй ба шүүгдэгч Б.А нь насанд хүрээгүй хохирогчид 150.000 төгрөг өгсөн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүхээс үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.А ыг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад хэргийг прокурорт буцаах үндэслэл тогтоогдохгүй байх тул улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлөх...” саналын хүрээнд шүүгдэгч Б.А д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлж шийдвэрлэв.
Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.А нь өөрийгөө өмгөөлөх, шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцох талаар бичгээр шүүхэд хүсэлт гаргасан тул Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ө овогт Бийн А ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.А ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлсүгэй.
3. Тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримт үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
4. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.А д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.