Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 2018/ДШМ/75

 

Б.*******т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                      Даргалагч ерөнхий шүүгч           Б.Батзориг

                         Шүүгчид                                      Г.Давааренчин                                       

                                                                           Д.Буянжаргал

                      

Оролцогчид:

                      Прокурор                                      А.Энхтуяа

                        Шүүгдэгч                                         *******

                        Шүүгдэгчийн өмгөөлөгч               Ч.Баднайнямбуу

                        Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэдөш нарыг оролцуулж, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2018/ШЗ/356 дугаартай “Хэргийг Прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* ******* ******* ******* *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай, 1 хавтас эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Өмнөговь аймгийн Сэврээ суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, архитектор мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 2 дугаар хороо 40  мянгатын 55 дугаар байр 37 тоотод оршин суух хаягтай, ******* ******* ******* ******* ******* /Регистрийн дугаар: *******/

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч******* нь 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан 2 дугаар багийн нутагт “Монгол алт” нэртэй газарт текник хэрэгсэл байршуулан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулан газрын хэвлийд халдсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх*******т холбогдох эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хянан хэлэлцээд 2018/ШЗ/356 дугаартай шүүгчийн захирамжаар:

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-д зааснаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* ******* ******* ******* *******т холбогдох ******* тоот эрүүгийн хэргийг Сэлэнгэ аймгийн Прокурорын газарт буцааж,  

-*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.  

 

Прокурор А.Энхтуяа 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн №13 дугаартай прокурорын эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар дүгнэлтдээ:

...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан заалтыг зөрчсөн үндэслэл тогтоогдлоо. Учир нь: Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрч өгсөн “...2018.06.27-ны өдөр байгаль орчин, цагдаагаас хүмүүс ирээд зогсоосон...******* ах Улаанбаатар хот руу сэлбэгэнд явахдаа бид нарт голын голдирол хэсэгт газар байгаа гэж зааж өгөөд явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 хуудас/, гэрч “...******* ах хот руу явахдаа голын голдирол хэсэгт газар байгаа гэж зааж өгөөд явсан...Бид нар экскаватороо янзалчихаад тийшээ очиж ухсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 хуудас/, шинжээч О.Болд-Эрдэнийн 2018 оны 07 сарын 30-ны өдрийн “...Хүдэр сумын Монгол алтны ам гэх газар нь усан сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт хамаарагдана. ..Б.*******ын хууль бус ашиглалтын улмаас байгаль экологид 6.070.498 төгрөгний хохирол учирсан..." гэх дүгнэлт /хх-ийн 32-36 хуудас/, яллагдагч*******ын үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг /хх-ийн 50-51 хуудас/, эксковаторын гэрэл зураг, гэрэл зургийг үндэслэн үнэлгээ гаргах боломжгүй тухай “Ашид Билгүүн” ХХК-ны дүгнэлт зэрэг баримтуудаар******* нь 2018 оны 06 дугаар 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан 2 дугаар багийн нутаг “Монгол алт” гэх нэртэй газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл, хайгуул, олборлолт явуулан байгаль орчин экологид 6.070.498 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан, эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар газар доорх барилга байгууламж барьж хууль бусаар газрын хэвлийд халдсан” гэмт хэргийн шинжийг хангасан байхад шүүхээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан эксковатор, алт угаах төхөөрөмж, ус соруулах төхөөрөмж зэргийг битүүмжлээгүй зэргээс “техник хэрэгсэл байршуулан үйлдсэн” гэж үзэх боломжгүй байна гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

Эд зүйлийг битүүмжлэх талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлд “ Хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах болон хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээг хангах зорилгоор яллагдагч, шүүгдэгчийн эд хөрөнгийг шүүх, прокурорын шийдвэрээр битүүмжилнэ” гэж зохицуулсан байх ба хэрэг гарснаас хойш 2 сарын дараа буюу 2018 оны 08 сарын 31-ний өдөр*******т эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан ба гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх эксковатор нь яллагдагч*******ын өмчлөлийн эд хөрөнгө болох нь эд хөрөнгийн лавлагаа, яллагдагчийн мэдүүлгээр тогтоогдохгүй байна. Яллагдагч******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргасан бөгөөд прокуророос яллагдагчийн дээрх хүсэлтийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн.

Мөн*******ын үйлдсэн дээрх хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь хэсэгг заасан шаардлагуудыг хангасан байх тул хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Хялбаршуулсан журмаар шилжүүлсэн хэргийг шүүхээс урьдчилсан хэлэлцүүлэг зарлан хэргийг прокурорт буцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад энэ хуульд заасан ердийн журмаас гадна энэ бүлэгт заасан тусгай журмыг баримтална”, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан “Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргана.” гэсэн заалтыг тус тус зөрчиж хууль буруу хэрэглэсэн гэж дүгнэж байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт шүүх өөрийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлгийг зарлах боломжтой байх боловч урьдчилсан хэлэлцүүлгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.1-6.17 дахь хэсэгт заасан үндэслэлийн талаар хэлэлцэж шийдвэр гаргахаар хуульчилсан байхад дээрх үндэслэлд байхгүй үндэслэлээр хялбаршуулсан журмаар шүүхэд шилжүүлсэн хэрэгт урьдчилсан хэлэлцүүлэг зарлаж яллагдагчийн гэм буруутай эсэхийг асуудлыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд нотолбол зохих байдлыг нотлоогүй, түүнийг нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэсэн үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаасан нь үндэслэлгүй байна.

Шүүгдэгч*******т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэмжээ хязгаарын дотор хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой байх тул анхан шатны шүүхийн 2018 оны 10 сарын 09-ний өдрийн 356 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах нь зүйтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. Давж заалдах шатны шүүх хуралдаанд эсэргүүцлээ дэмжиж оролцож байна гэв.

 

Шүүгдэгч******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь дахин газрын хэвлийд халдаж ухахгүй гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Баднайнямбуу давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж орж ирсэн. Шүүхээс прокурорт буцаасан шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж байна. ...Анхан шатны шүүх юуг нь хангаагүй гэж үзэж байна гэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан баримтаар нотлогдоогүй гэсэн буцаасан шийдвэр гаргасан. Гэтэл тэр тоног төхөөрөмж битүүмжлэх эсэх асуудал ямар нөхцөл байдалд байсан гэдэгт “Экскаватор нь хэнийх гэдэг нь тодорхойгүй 22 дугаар товчоон дээр хүнээс түрээсэлж аваад түр хугацаагаар ажиллуулж байгаад буцаагаад өгсөн гэсэн мэдүүлэг” өгдөг. Энэ гэмт хэрэг нь мөрдөн байцаалтад буцлаа гэхэд холбогдогч болон гэрчүүдээс тайлбар авах тул Экскаватор нь хэнийх гэдэг нь тогтоогдож дахин шийдвэрлэж орж ирэх нь эргэлзээтэй гэж үзэж байна. Нэгэнт хавтаст хэрэг ийм байгаа учраас шүүгчийн захирамжид заасан ажиллагаа хийгдэх боломжгүй гэдэг нөхцөл байдал харагдаж байна. Дээрээс нь гэрчийн мэдүүлэг, шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг зэргээс гэмт хэрэг үйлдэж газрын хэвлийд халдсан нөхцөл байдал нь нотлогдож байгаа. Тийм учраас заавал эрүүгийн хэргийг буцаагаад байх үндэслэл байхгүй юм. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар шүүх прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой гэж үзэж байна. Иймд шүүгчийн захирамжыг хүчингүй болгож, хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэх боломжтой гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас******* нь 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан 2 дугаар багийн нутагт “Монгол алт” нэртэй газарт текник хэрэгсэл байршуулан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулан газрын хэвлийд халдсан гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-д зааснаар хэргийг Прокурорт буцааж шийдвэрлэжээ.

 

Прокурорын эсэргүүцлийг үндэслэн*******т холбогдох ******* дугаартай хэрэгт явуулсан мөрдөн шалгах ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзвэл:

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 09 дүгээр сарын 28-ний өдрийн 35 дугаартай “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” тогтоолын дагуу 2018 оны 09 дүгээр сарын 28-ний өдөр 194 дугаартай яллах дүгнэлт үйлдэж, Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналын хамт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасны дагуу эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

 

Гэтэл анхан шатны шүүх мөрдөн шалгах ажиллагааны явцад*******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх “Solar-220” маркийн эксковатор, алт угаах төхөөрөмж, ус соруулах төхөөрөмж зэргийн гэрэл зургийг авч хавсаргасан боловч уг эд хөрөнгийг  битүүмжлэх, улмаар үнэлгээг нь тогтоолгох, тухайн тээврийн хэрэгсэл болон тээврийн хэрэгслийн гэрчилгээ бусад бичиг баримтуудыг олох талаар тодорхой ажиллагаа хийгээгүйгээс мөрдөн байцаалтан шатанд хэргийн талаар нотолбол зохих байдлыг нотлоогүй гэсэн дүгнэлт хийж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-д зааснаар хэргийг Сэлэнгэ аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

 

Хэдийгээр мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрхи ажиллагааг дутуу хийсэн зөрчил байгаа боловч энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6-д заасан хэргийг прокурорт буцаах үндэслэл болохгүй байна.  

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6-д “...Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргана...” гэж, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д “...Шүүх хуралдаанаар дараахь нөхцөл байдлыг хянана:

4.1.шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх;

4.2.гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх;

4.3.прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн эсэх;

4.4.хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн эсэх;

4.5.гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн эсэх;

4.6.гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх...” гэж хэргийг прокурорт буцаах үндэслэлүүдийг тодорхойлон заасан бөгөөд*******т холбогдох эрүүгийн хэрэгт эдгээр үндэслэлүүдийн аль нэг нь тогтоогдоогүй, шүүгдэгч******* нь хүсэлтээсээ татгалзаагүй байна.

Түүнчлэн анхан шатны шүүх прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-д заасныг баримтлан хэргийг прокурорт буцаасан нь хууль зөрчсөн,  энэ хуулийн 36 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 13 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2018/ШЗ/356 дугаартай “Хэргийг Прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3, 39.8 дугаар зүйлийн  1.6, 39.9 дүгээр зүйлийн 1.3, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2018/ШЗ/356 дугаартай “Хэргийг Прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаасугай.

2.Хэргийг шүүхэд очтол*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

                                      ДАРГАЛАГЧ                         Б.БАТЗОРИГ

                                        ШҮҮГЧИД                        Г.ДАВААРЕНЧИН

                                                                                         Д.БУЯНЖАРГАЛ