Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 202/МА2017/00029

 

 

 

 

 

 

 

 

Н ББСБ-ын  

Дорноговь салбарын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай 

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 136/ШШ2017/00277 дугаар шийдвэртэй, 

Нэхэмжлэгч:  Н ББСБ-ын Дорноговь салбарын нэхэмжлэлтэй, 

Хариуцагч:  *** алба,

Хариуцагч: *** ХХК-нд холбогдох,  

Үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг, 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.З-ийн гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.З, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б  нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н ББСБ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай байгууллага 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн *** албатай гэрээ байгуулан хамтран ажиллаж байгаа бөгөөд иргэн Ц.Ц-ын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө болох Дорноговь аймаг, Сайншанд сумын 4 дүгээр баг, *** .. тоотод байршилтай Ү-***улсын бүртгэлийн дугаартай, 148,4 мкв хувийн сууц, Дорноговь аймаг, Сайншанд сумын *** айлын ...тоотод байршилтай, Ү-*** улсын бүртгэлийн дугаартай, 37 м.кв талбайтай орон сууц зэрэг үл хөдлөх хөрөнгийг *** алба нь *** ХХК-аар үнэлүүлсэн. Тус үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 217 тоот шинжээчийн дүгнэлтийг бодит бус гэж үзэж байна. Үүнд: Хөрөнгийн бүрэлдэхүүн тодорхойлолтод Дорноговь аймаг, Сайншанд сумын *** айлын тоосгон ханагүй угсармал барилга болно.  Дорноговь аймгийн Сайншанд сумын ***айлын үл хөдлөх хөрөнгийн ашиглалтанд орсон огноог судлаагүй буруу тооцсон нь харагдаж байна. 2014 онд гэрчилгээгээ авсан хувийн сууцын огноог 2017 он гэж бичсэн байна. Дээрх 2 үл хөдлөх хөрөнгө нь Дорноговь аймаг, Сайншанд сумын төвд бус зах хэсэгт байршилтай төвийн байрнуудаас үнэлгээ бага. Зах зээлийн жишиг үнийн аргаар үнэлгээг тооцохдоо хамгийн багадаа 2 ижил төстэй хөрөнгийн үнэлгээг тайланд тусгах ёстой байсан, харьцуулах ямар ч үнэлгээ оруулаагүй ба 1976 онд ашиглалтанд орсон байшинг 1 м.кв үнэлгээ 1 000 000 төгрөгөөр тооцсон байгаа нь хэт өндөр буюу бодит бус гэж үзэж байгаа тул *** ХХК-ийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 217 тоот шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгож өгнө үү гэжээ. 

Хариуцагч *** албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016-06-23-ны өдрийн 136/ШШ2016/00231 дүгээр шүүгчийн захирамжаар Ц.А, Ц.Ц нараас төлбөр 38500000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 237325 төгрөгийг гаргуулж Н ББСБ-д олгохоор шийдвэрлэгдсэн. Салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.З нь манай албанд 2016-10-28-ны өдөр хүсэлт гарган, урамшуулал болон зардлын гэрээ байгуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн.Төлбөр төлөгч Ц.Ц, Ц.А нарт шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх мэдэгдэл өгсөн боловч хуульд заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу албадлагын арга хэмжээ болох 2017.01.27-ны өдрийн 23/02, 23/03 тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн төлбөрийг төлөх 23/22 дугаартай хугацаатай мэдэгдэл өгсөн. Заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй тул 2017.02.21-ний өдрийн 23/02, 23/03 тоот хураах тогтоолоор төлбөр төлөгч Ц.Ц-ын нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгө болох Сайншанд сумын ***айлын ..тоот, улсын бүртгэлийн Ү-*** дугаартай, 37 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, Сайншанд сумын 4-р баг, ***гийн ...а тоот, Улсын бүртгэлийн Ү-***дугаартай 148,8 мкв талбайтай 5 өрөө хувийн сууцыг хураан авсан. 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлд заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч нараас үнийн санал авахад үнийн санал дээр талууд тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2 дахь хэсэгт заасны дагуу *** ХХК-ийг 2017-03-14-ний өдийн 08 дугаар тогтоолоор шинжээчээр томилж, 2017.04.18-ны өдөр төлбөр авагч, төлбөр төлөгч нарт үнэлгээг танилцуулсан. Төлбөр авагч Н ББСБ нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаараа 2017.04.19-ний өдөр манай албанд гомдол гаргасан бөгөөд гомдлын хариуг 2017.05.11-ний өдрийн 1/497 дугаар албан бичиг, *** ХХК-ийн хариу тайлбарын хамт хүргүүлсэн. Манай алба нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор мэргэжлийн хөрөнгийн үнэлгээ тогтоодог байгууллага болох *** ХХК-ийг шинжээчээр томилон үнэлгээг тогтоолгосон. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Хариуцагч ***ийн захирал Р.З анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хөрөнгийн үнэлгээг зардлын арга болон зах зээлийн харьцуулах аргаар хийсэн. Зардлын арга гэдэг нь энэ төрлийн барилгыг ямар үнээр барьсан талаар тооцож гаргадаг. Барилгын стандартын дагуу барихад 1 мкв нь 1 120 000 төгрөгөөр, хувийн орон сууцыг 1 340 000 төгрөг гэж тооцоолж үзсэн. 2-рт зах зээлийн аргаар хийсэн. 1-80 айлын орон сууцны мкв-ыг 1 000 000 төгрөгийн үнэтэй, хувийн орон сууцыг 1 200 000 төгрөгийн үнэтэй байхаар тооцсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба 70 хувиар бодож дуудлага худалдаанд оруулдаг. борлогдохгүй бол 50 хувь хямдруулж дуудлага худалдаанд оруулдаг зүй тогтолтой. Хөрөнгө дуудлага худалдаанд орвол зах зээл нь хөрөнгийн үнийг өөрөө тогтоодог. Өөрөөр хэлбэл бидний үнэлсэн үнэ 50 хувь буурах боломжтой. Ер нь хуучин барилгууд чанар хийц, стандарт маш сайн байдаг учраас үнэ цэнэ нь буурдаггүй. Шинэ байшин 750000 төгрөгийн үнэтэй гэж байна, хэрэв 750000 төгрөгөөр баригдсан байлаа гэхэд чанар муутай. Эсхүл Канад загвараар, эсхүл хөөсөнцрөөөр бүрж босгоно. Иймээс байрлал, хийцийг нь судалж үзээд 1 м.кв-ыг нь 1 000 000 төгрөг буюу 68 000 000 төгрөгийн үнэтэй байр юм гэж үзсэн. Энэ байшин 120-150 жил ашиглагдах стандартаар баригдсан  байдаг, харин шинэ байр 150 жил ашиглах боломжгүй. Чанарын хувьд маш сайн, засвар хийсэн учраас их үнэлсэн гэж үзэхгүй байна. Хувийн орон сууцны тухайд гэрчилгээг хэзээ ч авч болох учраас 2017 он гэж бичсэн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ. 

Анхан шатны шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т зааснаар  Н ББСБ-ын нэхэмжлэлтэй *** алба, ***д холбогдох үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н  ББСБ-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.З, өмгөөлөгч Б.Н нар давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Шинжээчийн үнэлгээ нь зах зээлийн худалдаалагдаж буй шинэ орон сууцнаас ч өндөр байгаа нь илэрхий байсан тул нэхэмжлэл гаргасан. Гэтэл анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх нь хэсэгт шинжээчийн дүгнэлтэнд эргэлзэх, үнэлгээг зах зээлийн үнэлгээнээс хэт дээгүүр үнэлсэн гэдгийг нотлоогүй гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 1-80 айлын 60 тоотод байрлах, 37 мкв байрыг 68 000 000 төгрөгөөр үнэлсэн нь үндэслэл муутай, хэт өндрөөр үнэлсэнтэй холбоотой нотлох баримтыг хэрэгт гаргаж өгсөн. Уг баримтууд дээрээс ижил төрлийн байрууд нь 35 000 000 төгөргөөр үнэлэгдэж байна. Мөн Сайншанд хотноо шинээр баригдаж буй орон сууцнуудын 1 м.кв-ын үнэлгээ нь 850000-950000 төгрөгийн хооронд тогтоогдож  байхад 1970-аад онд ашиглалтанд орсон хуучны байрыг дээрх шинэ байрны үнээс даруй 2 дахин илүүгээр үнэлсэн байна. Энэ нь шинжээчийн дүгнэлт үндэслэл муутай болсныг илтгэнэ. Нотлох баримтуудыг гаргаж өгсөөр байтал анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ дурдахдаа нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа гаргаж өгөөгүй гэсэн нь шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэснийг зөрчсөн гэж үзэж байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв. 

Хариуцагч *** давж заалдсан гомдолд гаргасан хариу тайлбартаа: Гомдлыг эс зөвшөөрч байна. Маргалдаж буй 60 тоот орон сууцны талбай 37 м2 нь зөвхөн сууцны өрөөнүүдийн талбай бөгөөд гал тогоо, угаалгын өрөө, ариун цэврийн өрөө, коридорын талбай ороогүй хуучны аргачлалаар тооцсон талбай болно. Уг орон сууцны талбай хэмжилтээр 68 м2 байгаа болно. Одоо үед орон сууцны талбайг нийт талбайгаар тооцдог болсон учир нэгж талбайн үнэ нь үүнтэй холбоотой. Уг сууцны нэгж талбайн үнэ 1 000 000 төгрөг гээд сууцыг 68 000 000 төгрөгөөр үнэлсэн. Анхны албадан дуудлага худалдаанд үнэлсэн үнийн 70 хувиар буюу нэгж талбайн үнэ 700 000 төгрөгийг нийт үнэ 47600000 төгрөгөөр тооцож оруулдаг журамтай. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр гаргаж өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхээс хэрэгт цугларсан баримтуудыг шинжлэн судалж үзэхэд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогч нарын эрхийг хангасан байх боловч нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байна. 

*** алба нь Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 136/ШШ2016/00231 дүгээр шийдвэрийн дагуу төлбөр төлөгч Ц.А, Ц.Ц нараас зээлийн төлбөрт 38500000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж, төлбөр авагч Н ББСБ-ын Дорноговь салбарт олгох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад  Ц.Ц-ын өмчлөлийн хөрөнгө болох Дорноговь аймгийн Сайншанд сум, *** айл 60 тоот, 37 м.кв талбайтай орон сууц, Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр баг, *** 6-1 “а” тоот, 148,8 м.кв талбайтай хувийн сууцыг тус тус үнэлүүлэхээр *** ХХК-ийг шинжээчээр томилсон байна./хх-46/

Шинжээч дүгнэлтдээ дээр дурдсан эхний орон сууц /37м.кв/-ыг 68 м2 талбайтай,  үнийг 68000000 /жаран найман сая/ төгрөг гэж, 148,8 м.кв талбайтай хувийн сууцыг 178560000 /нэг зуун далан найман сая таван зуун жаран мянган/ төгрөг гэж тус тус үнэлжээ.  

Үнэлгээг нэхэмжлэгч Н ББСБ-ын Дорноговь салбар эс зөвшөөрч, *** алба болон *** ХХК-нд холбогдуулж үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасныг  хариуцагч ШШГА-аас үл хөдлөх эд хөрөнгийг мэргэжлийн хөрөнгийн үнэлгээ тогтоодог компанийг шинжээчээр томилж үнэлгээг тогтоолгосон учир үндэслэлтэй, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж, хариуцагч *** ХХК нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, хөрөнгийг олон улсын стандартад заасны дагуу зардлын болон зах зээлийн харьцуулах аргаар хийсэн, үнэлгээ үндэслэлтэй гэж маргасан байна. 

Анхан шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т зааснаар Н ББСБ-ын нэхэмжлэлтэй *** алба, ***д холбогдох үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Н ББСБ-ын Дорноговь салбар эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ. 

Давж заалдах гомдол болон хэрэгт цугларсан нотлох баримтын дагуу хэргийг хянаж үзэхэд дараах үндэслэлээр анхан шатны шүүх тухайн эрх зүйн маргааныг шийдвэрлэхдээ зохигчоос гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр үнэлж, дүгнэлт хийгээгүй нь шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

Шинжээч хөрөнгийн үнэлгээг /хх4-9/ хийхдээ үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан тодорхойлоогүй байх тул шинжилгээг тал бүрээс нь бүрэн бодитой хийсэн гэж үзэхгүй бөгөөд энэ нь Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг зөрчжээ. 

   Тодруулбал: Дорноговь аймгийн Сайншанд сум, *** тоот, 37 м.кв талбайтай орон сууц нь 1976 онд ашиглалтад орсон, гэрчилгээг 2003 онд авсан, Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр баг, *** .... “а”тоот, 148,8 м.кв талбайтай хувийн сууцны гэрчилгээг 2014 онд авчээ.  

 

Шинжээч эдгээр хөрөнгийг өртгийн хандлага, зах зээлийн жишиг хандлагын аргаар тус тус үнэлсэн/хх4-9/ гэх боловч энэ нь тухайн сууцны ашиглалтад орсон хугацаа, тэдгээрийг бий болгоход гарсан зардал, зах зээлд зарагдаж байгаа ижил төстэй хөрөнгөтэй жишсэн гэх үндэслэлд тохирохгүй төдийгүй  хэрэгт байгаа үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ/хх10-11/-ээс зөрүүтэй, бодит байдалтай нийцэхгүй байна. 

1976 онд ашиглалтад орсон, 37 м.кв талбай бүхий орон сууц, 148,8 м.кв талбайтай хувийн сууц/ашиглалтад орсон хугацаа тодорхойгүй, 2014 онд гэрчилгээг авсан/-ыг тус тус  шинжээч өртгийн хандлагыг ашиглаж уг хөрөнгийг бий болгоход гарсан зардлыг тооцсон/хх-6/ гэх боловч Барилга хот байгуулалтын сайдын 2016-12-28-ны өдрийн 203 дугаар тушаалаар батлагдсан “Барилга байгууламжийн нэгж хүчин чадлын жишиг үнэлгээг тогтоох дүрэм”-ийг ашиглаж/хх-7/ хөрөнгийг бий болгоход гарсан зардлыг тооцох нь үндэслэлгүй төдийгүй энэ дүрмийн дагуу 2003, 2014 онд гэрчилгээ авсан үл хөдлөх “хөрөнгийг бий болгоход гарсан зардал”-ыг тооцож, тогтоох нь бодит байдалтай нийцсэн дүгнэлт болж чадахгүй бөгөөд  гарсан зардалтай холбоотой баримт мэдээлэл шинжээчийн дүгнэлт болон хариуцагч нарын тайлбарт тусгагдаагүй, нотлох баримт хэрэгт байхгүй байна. 

Түүнчлэн Дорноговь аймгийн Сайншандад ойрын үед арилжаалагдсан үйлчилгээний зориулалттай барилга объект байхгүй, орон сууцны нэгж талбайн үнэ цэнэ, мөн ижил төсөөтэй аймгийн төвд арилжаалагдсан ба арилжаалахаар зарлагдаж байгаа мэдээллийг үндэслэсэн /хх-8/ гэх тэмдэглэлээс үзэхэд шинжээчийг тухайн зах зээлд зарагдаж байгаа ижил төстэй хөрөнгийг жишсэн үнийг үндэслэж, зах зээлийн жишиг хандлагын аргаар тооцож үнэлгээг бүрэн бодитой хийсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Иймээс нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй болно.

Мөн *** ХХК-нь хөрөнгө үнэлсэн тухай шинжээчийн дүгнэлтийг 2017-04-12-ны өдөр Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба-нд хүргүүлсэн /хх-4/ байх ба тус алба энэ талаарх мэдэгдлийг төлбөр авагчид 2017-04-18-ны өдөр /хх-3/ мэдэгджээ.  

Төлбөр авагч үнэлгээг зөвшөөрөхгүй гэж тус албанд 2017-04-13-нд гомдол гаргасны дагуу ШШГА-аас холбогдох “эд хөрөнгийг хэрхэн үнэлсэн талаарх тайлбар”-ыг  2017-05-10-ны өдөр ***өөс авч /хх-51/, төлбөр төлөгчид 2017-05-11-ний өдөр гомдлын хариуг хүргүүлж/хх-13/, төлбөр авагч уг хариуг хүлээж авсны дараа шүүхэд холбогдох нэхэмжлэлийг гаргасан байх тул  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу төлбөр авагч Х.З-ийг тогтоосон журмаар шүүхэд нэхэмжлэл гаргасан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй гэж үзнэ. 

 Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийг 2017-05-22-ны өдөр хүлээн авсан/хх-1/ атлаа уг хугацааг иргэний хэрэг үүсгэх захирамжид 2016-05-30-ны өдөр гэж тэмдэглэсэн, мөн хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны төлөөлөгч М.Б-д итгэмжлэл олгогдсон хугацаа/2017-05-30/-наас өмнө буюу 2017-05-29-ний өдөр нэхэмжлэлийг гардуулсан/хх-23/,  хариуцагч *** ХХК-иас нэхэмжлэлийн хувийг хүлээж аваад/2017-06-07/ хариу тайлбарыг 14 хоногийн дотор шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байхад анхан шатны шүүхээс ИХШХШТХ-ийн 72 дугаар зүйлийн 72.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, мөн хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлээгүйг тэмдэглэж байна.  Эдгээр нь оролцогчдын эрхийг ноцтой зөрчөөгүй байх ба хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлд хамаарахгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 136/ШШ2017/00277 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар Сайншанд сумын *** айлын орон сууцны 60 тоот 3 өрөө орон сууц,  Сайншан сумын 4 дүгээр баг, ***гийн 6-1 А тоот 5 өрөө хувийн орон сууцны өнөөгийн зах зээлийн ханшийг тодорхойлсон тухай ***ийн тайлан, дүгнэлтийг хүчингүй болгосугай” гэж,

2 дугаар заалтыг “ Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н ББСБ-ын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, ***өөс тус бүр 35100 төгрөгийг гаргуулж Н ББСБ-ын Дорноговь салбарт олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.З-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.  

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.       

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.  

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Н.БАТЧИМЭГ

                                ШҮҮГЧИД                                 Г.ТЭГШСУУРЬ 

                                                                                  Н.БОЛОРМАА