| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2017/02615/И |
| Дугаар | 102/ШШ2017/02218 |
| Огноо | 2017-08-11 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 102/ШШ2017/02218
| 2017 оны 08 сарын 11 өдөр | Дугаар 102/ШШ2017/02218 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, этөч гудамж, 79 дүгээр байр, 25 тоот хаягт оршин суух, Хорчин овогт Дашзэвэгийн Баярсайхан /РД: АЖ89052111/-ийн нэхэмжлэлтэй
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Т.Төгсбадрахыг эрэн сурвалжлуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Баярсайхан нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие Баярсайхан нь “Бадраххаус” ХХК-тай 2014 оны 9 дүгээр сарын 15 өдөр "Барилгын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулан Архангай аймгийн Өгийнуур суманд 117 м.кв 2 давхар амины орон сууцыг түлхүүр хүлээлгэн өгөх нөхцөлтэйгөөр барихаар тохиролцсон билээ. Улмаар 2016 оны 12 дугаар сарын 25 өдөр барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу баригдсан барилгын гүйцэтгэлийн ажил чанарын шаардлага хангаагүй тул үүнтэй холбогдон гарах бүх зардал буюу 21,000,000 /хорин нэгэн сая/ төгрөгийг иргэн Д.Баярсайхан надад “Бадраххаус” ХХК-гийн гүйцэтгэх захирал Т.Төгсбадрах өгөхөөр тохиролцож “Төлбөр барагдуулах гэрээ”-г хийсэн. Энэхүү гэрээнд хохирлын 21,000,000 /хорин нэгэн сая/ төгрөгийг төлөхөөр тохирсон ба гэрээ байгуулсан өдрөө буюу 2016 оны 12 сарын 25-нд 5,000,000 /таван сая/ төгрөгийг бэлнээр, үлдсэн 16,000,000 /арван зургаан сая/ төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 1 өдрийн дотор төлж барагдуулах, хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутамд 0,3 хувийн алданги тооцохоор тохиролцсон. Гэтэл өнөөг хүртэл 16,000,000 /арван зургаан сая/ төгрөгөө төлж барагдуулаагүй байна. Улмаар 2016 оны 12 дугаар сарын 25 өдрийн “Төлбөр барагдуулах гэрээ”-г байгуулахдаа уг гэрээнд хариуцагч тал болох “Бадраххаус” ХХК /РД:5849829/ түүнийг төлөөлөн Төрбадрах овогтой Төгсбадрах нь Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 9-р хороо малчин 2, 39 тоот гэсэн хаяг өгсөн байсны дагуу 2017 оны 6-дугаар сарын 6 өдөр Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэрээний үүрэг бүхий төлбөрийг шүүхийн журмаар албадан гаргуулах нэхэмжлэл гаргасан билээ. Гэтэл тус шүүхээс “Бадраххаус” ХХК нь тус хаягт байдаггүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг 2017 оны 6 сарын 16 өдрийн дугаар 184/Ш32017/06483 тоот шүүгчийн захирамжаар буцаасан. Мөн 2016 оны 6 дугаар сарын 30 өдөр Т.Төгсбадрах нь Сонгинохайрхан дүүргийн 25-р хороо, одонтын 12-дугаар гудамж, 90 тоотод оршин суудаг гэсний дагуу Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус нэхэмжлэлийг Т.Төгсбадрах нь тус хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох гэсэн үндэслэлээр 2016 оны 7 дугаар сарын 6 өдөр дугаар 184 Ш32017/07294 шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг буцаасан. Иймд хариуцагч Т.Төгсбадрах нь одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй, оршин суух хаяг нь тодорхойгүй байгаа тул Т.Төгсбадрахыг эрэн сурвалжилж өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Баярсайхан нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Т.Төгсбадрахыг эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд ирээгүй, хуралдааныг өөрийн эзгүйд хийлгэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасны дагуу түүний эзгүйд хэргийг хэлэлцлээ.
Т.Төгсбадрах нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн бөгөөд оршин суудаг гэх хаяг болох Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 25 дугаар хороо, одонт 12 дугаар гудамж, 90 тоот хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй болох нь тус хорооны засаг даргын тодорхойлолт, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 184/ШЗ2017/07294 дугаар захирамж, хэргийн материалд авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Нэхэмжлэгч хариуцагчийн хаягийг мэдэхгүй, хаягийг тогтоох боломжгүй байгаа тул иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Т.Төгсбадрахыг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг хангах үндэслэлтэй байна.
Т.Төгсбадрахын оршин байдаг гэх албан ёсны хаяг: болох Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 25 дугаар хороо, одонт 12 дугаар гудамж, 90 тоот /РД: УБ89090416/ болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэхь хэсэгт зааснаар Өндрийх овогт Төрбадрахын Төгсбадрах /РД: УБ89090416/-ыг эрэн сурвалжилсугай.
2. Өндрийх овогт Төрбадрахын Төгсбадрах /РД: УБ89090416/-ыг эрэн сурвалжлах ажиллагааг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4. Шийдвэрийг нэхэмжлэгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР