Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2017/02214

 

2017 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2017/02214

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Хэрлэн сум, 8 дугаар хороо, Баялагийн 2-1 тоотод оршин суух, Осор овогт Лооройн Энхболд /РД: ЖЬ59050372/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Сөүлийн гудамж 42, Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар Төмөр зам нийгэмлэгт холбогдох,

 

Тус нийгэмлэгийн даргын 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн Б-I-65 тоот хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэбат, хариуцагч Улаанбаатар Төмөр зам нийгэмлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Энхболдын шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэбатын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Л.Энхболд миний бие нь улсад 31 жил 8 сар ажилласан бөгөөд Улаанбаатар төмөр замын Баянтүмэн тасгийн даргаар 2001 оны 11 дүгээр сарын 16-наас эхлэн 2017 оны 3 дугаар сарын 24-ны өдөр хүртэл тасралтгүй 15 жил 4 сар ажилласан юм. Улаанбаатар төмөр замын дарга Д.Жигжиднямаагийн 2017 оны 3 дугаар сарын 24-ны өдрийн б-1-65 дугаартай хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалаар Л.Энхболд миний биеийг үүрэгт ажлаас хууль бусаар чөлөөлсөн юм. Уг тушаал Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2-д заасныг үндэслэн гаргасан бөгөөд ажилтны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан хууль бус тушаал гаргажээ. Л.Энхболд миний бие нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдөл, хүсэлт огт гаргаагүй байхад өөрийн хүсэлтээр ажилтны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа нь Хөдөлмөрийн хуулийг илт зөрчиж ажилтны хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөнд гомдолтой байна. Л.Энхболд миний биеийг үүрэгт ажлаа хийж байхад байгууллагын удирдах албан тушаалтнуудын зүгээс 2 удаа өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдөл өгөхийг шаардаж байсан юм. Иймд Улаанбаатар төмөр замын даргын 2017 оны 3 дугаар сарын 24-ны өдрийн Б-I-65 дугаартай хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож Л.Энхболд миний биеийг хуучин ажилд эгүүлэн тогтоож хариуцагчаас шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү. Л.Энхболд миний бие нь сард 2.248.600 төгрөгийн цалин хөлс авдаг бөгөөд сарын ажлын хоногийн дундаж 21 хоногт хуваахад 1 өдрийн цалин 107,076 /нэг зуун долоон мянга далан зургаан төгрөг/-ийн цалин хөлс авдаг болно, өнөөдрийн шүүх хуралдаан хүртэл нэхэмжлэгч 99 хоног ажилгүй байсан бөгөөд нийт 10,600,524 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалангийн шүүхэд гаргасан тайлбарт: Хариуцагч нь 1450 метр замыг хуулж бусдад зарсан байгаа. Тухайн тушаал гарах болсон асуудал нь Баянтүмэн тасгийн Мөргөцөг-ийн 450 метр төмөр замыг хуулж бусдад зарсан асуудлыг Дотоод хяналт аудитын албанаас тогтоож уг асуудлаар шуурхай хурал хийсэн бөгөөд нэхэмжлэгч нь би өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөн шалгуулах хүсэлт гаргасны дагуу тушаал гарч хөдөлмөрийн гэрээ ажилтны санаачилгаар цуцлагдсан байна. Тухайн асуудлаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн Авилгатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст шалгаж байгаа тухай Дорнод аймгийн Прокурорын газрын 2017 оны 5 дугаар сарын 16- ний өдрийн 5/78 дугаартай хариу мэдэгдэх хуудас ирсэн энэ хэргийн талаар дэлгэрэнгүй тайлбар өгөх боломжгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-т уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа тул мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д Энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, 65.1.1, 65.1.3- 65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана. гэсэн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Энхболд нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар Төмөр зам нийгэмлэгт холбогдуулж тус нийгэмлэгийн даргын 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн Б-I-65 тоот хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан буюу Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн Баянтүмэн тасгийн даргын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, олговорт 10,600,524 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.

 

Хариуцагч Улаанбаатар Төмөр зам нийгэмлэг нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгаланд шүүх хуралдааны товыг шүүхээс хуульд заасан арга, хэлбэрээр мэдэгдэж, шүүх хуралдааныг нээх үед хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцсон атлаа хуралдааны хэлэлцүүлэг эхлэхээс өмнө шүүх хуралдаанд би суухгүй гэж орхиж гарсан тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хэлэлцэж, шийдвэрлэх нь хуульд харшлахгүй гэж үзэв.  

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Үүнд:

 

Нэхэмжлэгч Л.Энхболд нь Орос-Монголын хувь нийлүүлсэн Улаанбаатар Төмөр зам нийгэмлэгийн Баянтүмэн тасгийн даргаар 2001 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр томилогдож, тус нийгэмлэгийн даргын 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн Б-I-65 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2, Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн дүрмийн 22 дугаар зүлйийн а, з заалтыг тус тус үндэслэн Л.Энхболдтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаал зэргээр тогтоогдож байна.

Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн нэгдүгээр орлогч дарга Ушаков.А.В-ын 2016 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн А-344 дүгээр тушаалаар Баянтүмэн тасгийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй зам төмрийг хуулсан асуудлыг шалгаж, бодит байдалд дүгнэлт гаргах ажлын хэсгийг байгуулж, ажилуулсан бөгөөд ажлын хэсгийн 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн СТ-61/04/53 дугаар тайланд Мөргөцөг гэх газрын 103 дүгээр км-ын замын 4 дүгээр хэсэгт очиж замыг нэг бүрчлэн хэмжилт хийхэд салаа замын нийт 606 м замаас 125 м, мөн сул 31 м суман шилжүүлгийг үлдээж, 450 м замыг хуулсан байлаа, Баянтүмэн тасгийн удирдах албан тушаалтнууд нь гэр бүл, садан төрлийн холбоотойгоос гадна, хоорондоо таарамж муутай, тасгийн даргаа үл хүндэтгэдэгээс ажил явуулахад хүндрэлтэй болсон. НОДГ С.Төмөрхуягийн хуулсан үндсэн хөрөнгөд бүртгэлтэй салаа замыг дур мэдэн УРБ З.Отгонбаатар, түүний хадам ах болох иргэн Галбаатар овогтой Бат-Эрдэнэтэй хамтран хуулсан энэ үйлдэл нь өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан, ашиг хонжоо олох зорилгоор албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан шинжийг агуулсан байх тул хуулийн байгууллагаар шалгуулах нь зүйтэй гэж дүгнэж байна гэжээ.

Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр замын нэгдүгээр орлого дарга Ушаков А.В-ын удирдаж 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Баянтүмэн тасгийн 103 дугаар км зам дээр УБТЗ-ын зам хуулсан тухай асуудлыг хэлэлцсэн шуурхай хурлаас Л.Энхболдын үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувь хасах-аар шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Л.Энхболдтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тус нийгэмлэгийн даргын 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн Б-I-65 дугаар тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйл Хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачилгаар цуцлах, 39.2-т Хүндэтгэн үзэх шалтгаантай, эсхүл ажлаас чөлөөлөх хугацааг ажил олгогчтой тохиролцсон бол хөдөлмөрийн гэрээг энэ хуулийн 39.1-д заасан хугацаанаас өмнө цуцалж болно. гэж заасныг үндэслэсэн буюу Л.Энхболдыг өөрийнх нь хүсэлтээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлжээ. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт ... Л.Энхболд миний бие нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдөл хүсэлт огт гаргаагүй байхад ажилтны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа нь Хөдөлмөрийн хуулийг илт зөрчиж ажилтны хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөнд гомдолтой байна гэжээ.

Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйл Хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачилгаар цуцлах, 39.2-т Хүндэтгэн үзэх шалтгаантай, эсхүл ажлаас чөлөөлөх хугацааг ажил олгогчтой тохиролцсон бол хөдөлмөрийн гэрээг энэ хуулийн 39.1-д заасан хугацаанаас өмнө цуцалж болно. гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийг тайлбарласан Улсын Дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 33 дугаар тогтоолд Хөдөлмөрийн гэрээг цуцлах ажилтны өргөдөл гэдэгт ажил олгогчийн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүйгээр хугацаатай ба хугацаагүй хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажилтнаас зөвхөн өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр гаргасан бичгийн хүсэлтийг хэлнэ. гэжээ.

Тус шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШЗ2017/10077 дугаар захирамжаар Л.Энхболдын ажлаасаа чөлөөлөгдөхөөр гаргасан хүсэлт, өргөдлийг хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгээс гаргуулахаар даалгахад нотлох баримтыг шүүгчийн захирамжид заасан хугацаанд ирүүлээгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалан ... Шүүгчийн захирамжийг биелүүлэх боломжгүй, Л.Энхболдын ажлаас чөлөөлөгдөхөөр гаргасан өргөдөл, хүсэлт гэх зүйл байхгүй, 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн шуурхай хурлын тэмдэглэлд түүний би өргөдлөө өгөөд шалгуулья гэж хэлсэн нь тэмдэглэгдсэн, үүнээс өөр баримт байхгүй гэх тайлбараас үзэхэд хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлгийн даргын 2017 оны Б-I-65 дугаар тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2-т заасныг ноцтойгоор зөрчсөн байна.

Иймд нэхэмжлэгч Л.Энхолдын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч Л.Энхболдыг урьд эрхэлж байсан буюу Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр замын Баянтүмэн тасгийн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, олговорыг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, Л.Энхболдын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Нэхэмжлэгч Л.Энхболд нь Баянтүмэн тасгийн даргаар ажиллаж байхдаа сард 2,248,600 төгрөг, нэг өдөр 107,076 төгрөгийн цалин олговор авдаг байсан нь түүний цалингийн тодорхойлолтоор /2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр, дарга П.Түвшинжаргал, ерөнхий ня-бо Э.Туяасайхан/ тогтоодож байна. Нэхэмжлэгч ажлаас чөлөөлөгдсөн өдөр болох 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс шүүх хуралдаан болох өдөр хүртэл буюу 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл нийт 99 хоног /ажлын/ ажилгүй байсан хугацааны цалин олговорт 10,600,524 төгрөгийг /99х107,076=10,600,524/ хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Орос-Монголын хувь нийлүүлсэн Улаанбаатар Төмөр зам нийгэмлэгийн даргын 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн Б-I-65 тоот хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалыг хүчингүй болгох нь нэхэмжлэлийн шаардлага болохгүй шаардлагын үндэслэл болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Л.Энхболдыг урьд эрхэлж байсан буюу Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн Баянтүмэн тасгийн даргын ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар ажилгүй байсан хугацааны цалин олговорт хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгээс 10,600,524 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Энхболдод олгож, түүний ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР