Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/250

 

 

 

 

 

 

 

 

 

     2022            04           04                                         2022/ШЦТ/250                                

                                                                                                                     

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ж-гийн О-д холбогдох эрүүгийн 20100 2087 0054 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч С.Ууганбаяр, хохирогч З, шүүгдэгч О, шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нарыг оролцуулан нарийн бичгийн дарга О.Жавхлан шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.  

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19*** оны *** дугаар сарын ***-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 55 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “********” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт амьдрах, хххх тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт Ж-гийн О /РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ж.О нь 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр “******” төвийн **** давхарт байрлах оффис дотор иргэн Д.З-тай уулзаж “***** хотхонд м.кв 1.500.000 төгрөгөөр байр авч өгье, байрны сонголтоо хийгээд ир” гэж хуурч, ...зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар зээлийн гэрээ байгуулж төөрөгдөлд оруулан түүнээс 45.000.000 төгрөгийг өөрийн эхнэр А.Э-ийн Хаан банкин дахь 5xxxхххх00 тоот дансаар шилжүүлэн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.    

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч Ж.О”ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Одоо нэмж ярих зүйл байхгүй. Хэргийн зүйлчлэл, гэм бурууд маргахгүй. Манай байгууллагад 2017 онд Хятадын байгууллагаас хөрөнгө оруулалт хийсэн ба уг хөрөнгө оруулагч байгууллага нь “******” ХХК-тай байнгын ажил хэргийн харилцаатай байсан. Тэгээд цар тахлын улмаас ажил нь зогссон. Нөхцөл байдал ийм байдалд хүрснийг хүлээн зөвшөөрч байна. Би хүн залилах хүн биш. “Ажил болно, бүтнэ” гэж бодож байсан боловч бүтээгүй.

Одоо хохирогч Зт учруулсан хохирлоос 15.000.000 төгрөг дутуу байгаа. Шүүхийн шатанд 5.000.000 төгрөгийн нэмж төлсөн. Миний хувьд өөр хэрэгт хохирогчоор тогтоогдоод явж байгаа ба Дорноговь аймгийн шүүхийн шийдвэрээр надад мөнгө гаргуулахаар шийдвэрлэсэн байгаа. Удахгүй мөнгө орж ирэх тул хохирлоос үлдсэн 15.000.000 төгрөгийг 3 сарын хугацаанд нөхөн төлж барагдуулна.

Би “********” хотхоноос хүнд байр авч өгөөгүй, “Хятадын хөрөнгө оруулагчтай яриад метр квадратыг нь 1.500.000 төгрөгөөр аваад өгье” гэж хэлж байсан. Би Д.Заас авсан 45.000.000 төгрөгийг агуулахад байгаа маханд зарцуулсан боловч хил хаагдсанаас болж хуурай аргаар боловсруулсан махаа борлуулж чадаагүй өдийг хүрлээ.” гэсэн мэдүүлэг,

 

2. Хохирогч Д.З”ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Би 2020 онд байрны урьдчилгаанд 45.000.000 төгрөг өгсөн. Тухайн байр 2020 оны 11 сард байр ашиглалтад орсон боловч би байрандаа орж чадаагүй. Тэгээд би “мөнгөө буцаан авъя” гэж их ярьсан боловч авч чадаагүй. 2021 оны 7 дугаар сард мөнгөнөөсөө бага багаар авсан ба үлдэгдэл мөнгөө авч чадахгүй одоог хүрлээ. Нийт 45.000.000 төгрөгөөс 30.000.000 төгрөг төлсөн. Одоо 15.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Анх гэрээ хийхдээ “сарын 3 хувийн хүүтэй мөнгийг чинь зээлье, байрандаа ороод үлдэгдэл мөнгөө төлөөрэй” гэж хэлж байсан. “****** хотхонд 1м.кв 1.500.000 төгрөгөөр бодож 87 м.кв байр авсан. Үлдэгдэл мөнгөө байрандаа ороод өгөөрэй. Хүү бодоод урьдчилгаа тооцъё” гэж хэлсэн. Хохирлоо хурдан гаргуулж авмаар байна.” гэсэн мэдүүлэг,

 

Хоёр: Эрүүгийн 20100 2087 0054 дугаартай хэргээс:

 

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.З-ын хохирогчоор өгсөн:

“...Би байр авахаар хайж байсан бөгөөд манай ээжийн танил О гэдэг хүнд бартерын хямд байр байна гэж сонсоод, түүний ажлын байр болох Тэмээтэй хөшөөний баруун талд байрлах ******гийн 9 давхарт очиж уулзахад “хямдхан байр байгаа, метр квадрат нь 1.500.000 төгрөг” гээд “Гэгээнтний хажууд баригдаж байгаа ****** хотхоноос сонголтоо хийгээд ир” гэж хэлсэн.

Би үүний дагуу 7 давхарт байрлах 87.7 мкв 3 өрөө байрыг сонгоод, буцаж очоод хэлэхэд “асуудалгүй” гэсэн юм. Ингээд би байрны урьдчилгаа гэж 45.000.000 төгрөгийг түүний эхнэр Э-ийн данс руу шилжүүлсэн. Тэгээд тухайн байр 2020 оны 11 дүгээр сард ашиглалтад орсон боловч намайг оруулаагүй. “Барилгын компанитай тооцоо нийлээгүй байна” гэдэг шалтгаан зааж, өнөөдрийг хүртэл оруулж чадаагүй байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 15-16, 19-20 дахь тал),

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э-ийн гэрчээр өгсөн:

“...Манай нөхөр О, бид хоёр гадаад худалдааны чиглэлийн “********” ХХК-тай бөгөөд энэ компани нь гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 2020 оны 02 дугаар сард З гэх хүнээс 45.000.000 төгрөг миний дансанд орж ирсэн. Энэ мөнгийг ямар үйл ажиллагаанд зарцуулах гэж манай нөхөр авсныг бол мэдэхгүй байна. Надад хэлэхдээ гэрээ байгуулсан гэсэн. Нийт 65.000.000 төгрөг авсан байснаас 20.000.000 төгрөгийг буцааж өгсөн, одоо 45.000.000 төгрөгийг өгөх ёстой.” гэсэн мэдүүлэг (хэргийн 23-24 дэх тал),

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.З гэрчээр өгсөн:

“...Манай хүү З надаар дамжуулан миний танил Оээс байр авахаар тохирч 45.000.000 төгрөгийг түүнд өгөөд, өнөөдрийг хүртэлх хугацаанд байр авах битгий хэл мөнгөө бүрэн бүтэн буцаан авч чадаагүй байна. Би анх найз Э-с Оийн талаар сонсоод, хүүдээ “таньдаг хүнд бартерын байр байгаа юм байна” гэж хэлээд уулзуулсан. Би Отэй уулзахад өөрийгөө урагшаа мах гаргадаг, хятадуудтай нийлсэн компанитай, бартераар авах байр бол зөндөө байдаг” гэж хэлсэн. Би угаасаа танил хүн, хуучин цагдаад ажилладаг байсан болохоор нь итгэсэн юм.

Би тухайн үед тэтгэвэртээ гараад удаагүй байсан ба тэтгэмжид авсан 20.000.000 төгрөгийг 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Зээлийн гэрээ хийж өгсөн. Тэр үед манай хүү З бас зээлийн гэрээ хийж, 45.000.000 төгрөг өгсөн. ...2021 оны 7 дугаар сард хэл ам болж байж миний мөнгийг бүрэн буцааж өгсөн.” гэсэн мэдүүлэг (хэргийн 36-37 дахь тал),

 

4. 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 20/11 дугаартай “Зээлийн гэрээ” (хэргийн 38 дахь тал),

 

5. “*****” ХХК-ийн “...захиалагч нарын мэдээллийг шүүж үзэхэд тус компани болон иргэн О /РД:****** нарын хооронд орон сууцны захиалгын болон бусад чиглэлээр гэрээ байгуулагдаагүй байна.” гэсэн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 21/12/10-114 дугаартай албан бичиг (хэргийн 74 дэх тал),

 

6. Хаан банкны 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 50/12530 дугаартай албан бичиг, Э-н эзэмшлийн Хаан банкин дахь 5xxxxхххх00 тоот Депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хэргийн 76, 77-93 дахь тал),

 

7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Оийн яллагдагчаар өгсөн:

“...Би Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Нэгэнт байдал ийм болсон учраас хүлээн зөвшөөрч байна. Уг нь бол миний бизнес цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалж зогсонги байдалд орсноос ийм нөхцөл байдал үүссэн. Тэрнээс биш би Зыг залилан мэхлэх зорилго агуулж, мөнгийг нь аваагүй юм шүү дээ.” гэсэн мэдүүлэг (хэргийн 45-46 дахь тал) болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 50 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 54 дэх тал), Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хэргийн 59 дэх тал) зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж шүүх үнэлсэн болно.

 

Иймд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Оийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

 

Дөрөв: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч О нь 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр “*****” төвийн 9 давхарт байрлах оффис дотор иргэн Д.Зт “******* хотхонд м.кв 1.500.000 төгрөгөөр байр авч өгье, байрны сонголтоо хийгээд ир” гэж зээлийн гэрээ байгуулан 45.000.000 төгрөгийг өөрийн эхнэр Э-ийн Хаан банкин дахь 5xxxхххх00 тоот дансаар авч, захиран зарцуулж ашигласан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан:

- хохирогч Д.Зын: “...Би байр авахаар хайж байсан бөгөөд манай ээжийн танил О гэдэг хүнд бартеры хямд байр байна гэж сонсоод, түүний ажлын байр болох Тэмээтэй хөшөөний баруун талд байрлах *****-ийн 9 давхарт очиж уулзахад “хямдхан байр байгаа, метр квадрат нь 1.500.000 төгрөг” гээд “******* хажууд баригдаж байгаа ****** хотхоноос сонголтоо хийгээд ир” гэж хэлсэн. Би үүний дагуу 7 давхарт байрлах 87.7 мкв 3 өрөө байрыг сонгоод, буцаж очоод хэлэхэд “асуудалгүй” гэсэн юм. Ингээд би байрны урьдчилгаа гэж 45.000.000 төгрөгийг түүний эхнэр А.Э-ийн данс руу шилжүүлсэн. Тэгээд тухайн байр 2020 оны 11 дүгээр сард ашиглалтанд орсон боловч намайг оруулаагүй. “Барилгын компанитай тооцоо нийлээгүй байна” гэдэг шалтгаан зааж, өнөөдрийг хүртэл оруулж чадаагүй байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 15-16, 19-20 дахь тал),

- гэрч Э-ийн: “...Манай нөхөр О бид хоёр гадаад худалдааны чиглэлийн “***** ХХК-тай бөгөөд энэ компани нь гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 2020 оны 02 дугаар сард З гэх хүнээс 45.000.000 төгрөг миний дансанд орж ирсэн. Энэ мөнгийг ямар үйл ажиллагаанд зарцуулах гэж манай нөхөр авсныг бол мэдэхгүй. Надад хэлэхдээ гэрээ байгуулсан гэсэн. Нийт 65.000.000 төгрөг авсан байснаас 20.000.000 төгрөгийг буцааж өгсөн, одоо 45.000.000 төгрөгийг өгөх ёстой.” гэсэн мэдүүлэг (хэргийн 23-24 дэх тал),

- гэрч С.З-н: “...Манай хүү З надаар дамжуулан миний танил Оээс байр авахаар тохирч 45.000.000 төгрөгийг түүнд өгөөд, өнөөдрийг хүртэлх хугацаанд байр авах битгий хэл мөнгөө бүрэн бүтэн буцаан авч чадаагүй байна. Би анх найз Энхжаргалаас Оийн талаар сонсоод, хүүдээ “таньдаг хүнд бартерын байр байгаа юм байна” гэж хэлээд уулзуулсан. Би Отэй уулзахад өөрийгөө урагшаа мах гаргадаг, хятадуудтай нийлсэн компанитай, бартераар авах байр бол зөндөө байдаг” гэж хэлсэн. Би угаасаа танил хүн, хуучин цагдаад ажилладаг байсан болохоор нь итгэсэн юм.

Би тухайн үед тэтгэвэртээ гараад удаагүй байсан ба тэтгэмжид авсан 20.000.000 төгрөгийг 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Зээлийн гэрээ хийж өгсөн. Тэр үед манай хүү З бас зээлийн гэрээ хийж, 45.000.000 төгрөг өгсөн. ...2021 оны 7 дугаар сард хэл ам болж байж миний мөнгийг бүрэн буцааж өгсөн.” гэсэн мэдүүлэг (хэргийн 36-37 дахь тал),

- 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 20/11 дугаартай “Зээлийн гэрээ” (хэргийн 38 дахь тал),

- “T*****” ХХК-ийн “...захиалагч нарын мэдээллийг шүүж үзэхэд тус компани болон иргэн О /РД:*******/ нарын хооронд орон сууцны захиалгын болон бусад чиглэлээр гэрээ байгуулагдаагүй байна.” гэсэн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 21/12/10-114 дугаартай албан бичиг (хэргийн 74 дэх тал),

- Хаан банкны 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 50/12530 дугаартай албан бичиг,  Э-ийн эзэмшлийн Хаан банкин дахь 5xxxхххх00 тоот Депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хэргийн 76, 77-93 дахь тал) болон шүүгдэгч Ж.Оийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан) зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг, мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчлан тогтоосон.

 

Шүүгдэгч Ж.О нь 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр “*****” төвийн 9 давхарт байрлах оффис дотор иргэн Д.Зт “****** м.кв 1.500.000 төгрөгөөр байр авч өгье байрны сонголтоо хийгээд ир” гэж зээлийн гэрээ байгуулан 45.000.000 төгрөгийг өөрийн эхнэр Э-ийн Хаан банкин дахь 5xxxxхххх00 тоот дансаар авч, захиран зарцуулж ашигласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ хуурч, ...зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан ...эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгө буюу мөнгийг өөртөө шилжүүлэн авсан” буюу “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.  

 

Тухайн хэргийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Оийг “хуурч, ...зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан ...эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгө буюу мөнгийг өөртөө шилжүүлэн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. 

 

Түүнчлэн хэргийн шүүгдэгч О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

“Бусдын эрх, ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.

 

Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогч Д.Зын эд хөрөнгөд 45.000.000 төгрөгийн хохирол учирсан нь нотлогдсон бөгөөд шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 25.000.000 төгрөг, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэгдэх явцад 5.000.000 төгрөгийг тус тус хохирогчид нөхөн төлсөн, хохирлоос үлдэх 15.000.000 төгрөгийг 3 сарын дотор төлж барагдуулахаа илэрхийлсэн болох нь хохирогч, шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан) баримтаар тогтоогдсон тул шүүгдэгчээс үлдэх хохирол болох 15.000.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Зт олгож шийдвэрлэх үндэслэлтэй.        

 

Шүүгдэгч Ж.О нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар (хэргийн 54 дэх тал) тогтоогдсон бөгөөд энэ нь анхан удаа Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэх үндэслэл болох юм.

Шүүгдэгч үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд тухайлан заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх, шүүгдэгч О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ, тэрээр анх удаа хөнгөн гэмт үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцож,  гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч маргаагүй болон гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлын зарим хэсгийг нөхөн төлсөн зэрэг шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын санал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан О-д 08 /найм/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй.

 

Түүнчлэн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэгдэх ажиллагааны явцад Өршөөл үзүүлэх тухай хуулийг 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Монгол Улсын Их хурлаас баталж, 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн ба уг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “энэ хууль 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарна” гэж хууль үйлчлэх цаг хугацааг тогтоож, “мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Эрүүгийн хуульд заасан ...., Залилах /Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/ гэмт хэрэг үйлдэж үйлдэж хорих ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заасны дагуу шүүгдэгч О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 08 /найм/ сарын хугацаагаар хорих ялыг түүний оршин суух хаяг болох Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, “эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 08 /найм/ сарын хугацаагаар хүлээлгэсэн” зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэх эрх зүйн үндэслэл үүссэн байна.

 

Энэ хэрэгт О нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй.          

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон   

 

ТОГТООХ нь:

 

1. Б овогт Ж-гийн О-ийг “хуурч, ...зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан ...эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгө буюу мөнгийг өөртөө шилжүүлэн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О-д 08 /найм/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар О-д оногдуулсан 08 /найм/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О-д оногдуулсан  08 /найм/ сарын хугацаагаар хорих ялыг түүний оршин суух газрыг харьяалах Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, “эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 08 /найм/ сарын хугацаагаар хүлээлгэсэн” зорчих эрхийг хязгаарлаах ялаар сольсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар О нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтанд мэдэгдэж, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохиролд О-ээс 15.000.000 /арван таван сая/ төгрөгийг гаргуулж, хохирогч Д.З-т олгосугай.

 

7. Энэ хэрэгт О нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай. 

 

9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 С.БАЗАРХАНД