Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/263

 

 

 

 

 

 

 

 

 

     2022            04           11                                        2022/ШЦТ/263                                

                                                                                                                     

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, шүүгч И.Ганбат, шүүгч Х.Одбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт М-ын А-д холбогдох эрүүгийн 22100 0000 0028 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Э.Бадрал, иргэдийн төлөөлөгч О.Хандам, хохирогч Б.М, шүүгдэгч М.А, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баттулга нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга О.Жавхлан шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт амьдрах, хххх тоотод оршин суух, урд:

- 2010 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 246 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3, 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар 06 жил 06 сар хорих ял,

- 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 833 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 03 сарын хугацаагаар баривчлах ял,

- 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 341 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жил хорих ял шийтгүүлснийг биеэр эдэлж байгаад Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 313 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 02 сар 16 хоногийн хорих ялаас чөлөөлсөн, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт М-ын А /РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч М.А нь согтууруулах ундаа зүйл хэрэглэж согтуурсан үедээ 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Хабитат Тайван 20 айлын хашаанд байрлах гэр хотхонд хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Б.М-ийн эсрэг зэвсэг буюу хутга ашиглаж зүүн гуя, зүүн шуунд нь хатгаж биед нь “...зүүн гуяны хураагуур судас гэмтээсэн шарх, зүүн шуунд шарх” гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч М.Агийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Хэрэг гарсан өдөр би Сүхээтэй хамт гэр лүү нь явж байхад хохирогч М над руу залгаад “би Мөнхцэцэгийн гэрт байна, юу хийж байна вэ” гэхээр нь “ганц шил юм хайгаад явж байна” гэж хэлсэн. Тэгэхэд Сүхээ, бид хоёрыг “хүрээд ир, ганц юм байна” гэсэн. Бид хоёр очиход нэг шил архи нь дуусаж байсан.

“Юу ч байхгүй байна шүү дээ” гэж хэлэхэд “надад карт байна, очоод архи авчих” гээд Сүхээ дэлгүүр лүү явж нэг шил архи, ундаа авч ирсэн ба түүнийг уугаад байж байхад Сүхээ надад “Чи Мийг шоронд шээлтүүр зөөдөг байсан гэж хэлсэн биз дээ” гэхэд нь би “тийм зүйл байхгүй” гэж хэлсэн. Тэгэхэд М миний хамар руу цохиж, “ална” гээд хутга авахад нь би хутгыг нь зууралдаж байгаад авсан. Тухайн үед М гүйгээд гарсан ба дараа нь хашааны дэргэд хэвтэж байсан. Би “эмч дуудаарай, цагдаа дуудаарай” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг,

 

2. Хохирогч Б.М-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Би Мөнхцэцэгийн гэрт очиж архи уусан. Шүүгдэгч рүү залгаж “хаана байна” гэж асуусан нь үнэн. Утсаар ярьж “хүрээд ир” гэхэд ирсэн ба ирэхдээ 1 шил архитай ирсэн. Тэрийг нь дөрвүүлээ хувааж уусан. Би нэлээн согтсон байсан. Дэлгүүр явснаа санахгүй байгаа. Тухайн үед намайг шээлтүүр зөөдөг байсан талаар ярьсан. А “юу гэж тийм юм байх вэ” гэж хэлж байсан. Би тэгээд “ойлголцлоо” гэж бодсон боловч хэрүүл болж зодолдсон. Би гэр дотор зодолдсоноо санахгүй байна. Шүүгдэгч намайг хутга авсан гэж байна. Би хутга аваагүй, хүнтэй зодолдоогүй. Тухайн үед юу болсныг мэдэхгүй байна. Би согтуу байсан учраас ухаан санаа орж гарч байгаа. Ямар ч байсан би хутга аваагүй.

Миний зүүн гарын шуу дээр 2 шарх, зүүн хөлний цавь орчимд 1 шарх үүссэн. Цавины судас гэмтсэн гэж хагалгаанд орсон. Одоо эрүүл мэндийн байдал хэвийн байгаа. Эмчилгээний зардал 454.610 төгрөг нэхэмжилсэн байна. Хохирол төлөгдөөгүй, гэхдээ найзууд учраас би энэ 454.610 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж байна. Одоо надад Агаас нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй.” гэсэн мэдүүлэг,

 

Хоёр: Эрүүгийн 22100 0000 0028 дугаартай хэргээс:

 

1. Хэрэг учрал болсон гэх Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Хабитат Тайван 20 айлын хашаанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хэргийн 03-08 дахь тал),

 

2. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт (хэргийн 09-10, 11-13 дахь тал),

 

3. Хэргийн газрын үзлэгээр хураан авсан хүрэн өнгийн модон иштэй ажлын хэсэг нь 12 см, бариул хэсэг нь 11 см урттай хутгыг хэрэгт эд мөрийн баримтаар тооцох тухай 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Мөрдөгчийн тогтоол (хэргийн 16 дахь тал),

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.М-ийн хохирогчоор өгсөн:

“...2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Мөнхцэцэгийн гэрт бид хоёр нэг шил архи хувааж уугаад дуусаж байхад 16 цагийн үед найз А утсаар яриад “хаана байна вэ” гэхээр нь “Мөнхцэцэгийн гэрт байна” гэж хэлсэн. Удалгүй 17 цагийн үед А өөр нэг найзынхаа хамт орж ирсэн. Тэгээд бид нар хамт архи уусан. А бид хоёр өмнө нь шоронд хамт байсан бөгөөд намайг “миний шээсийг зөөдөг байсан” гэж хэлсэн байхаар нь энэ асуудлыг хэлээд бид хоёр бага зэрэг маргалдаад зууралдаад авсан. Тэгээд Мөнхцэцэг болон Агийн найз нөгөө эрэгтэй хоёр боль гээд салгасан юм.

Тэгээд гадаа гараад зогсож байхад дахиад А хэрүүл өдөөд маргалдаад гадаа зогсож байхад А миний хэвлий орчимд 2-3 удаа цохисон ба гарыг нь харсан чинь /өнгийг нь хараагүй/ хутгатай байсан. Хутгатай гарыг нь хоёр гараараа бариад хутгыг нь булааж аваад гэр тойроод жижиг намхан хашааны хаалга руу алхаж явахад хэвлий орчмоор халуу дүүгээд цус гоожиж байсан бөгөөд хэсэг алхаж байгаад газар ухаан алдаад унасан. Намайг өөр цохиж зодсон зүй байхгүй. Тэгээд нэг мэдэхэд эмнэлэгт эмнэлэгт сэрсэн. Хутга нь ямар хэлбэр хэмжээтэй хутга байсныг мэдэх зүйл байхгүй байна, учир нь гадаа харанхуй байсан. Тухайн үед би нэлээн согтуу байсан, А нэг хүний хамт ирэхдээ согтуу байсан. Би эмчилгээ хийлгэсэн зардлаа гаргуулж авмаар байна. Гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 20-21 дэх тал),

 

Мөн хохирогчийн дахин өгсөн:

“...Хэргийн газраас хурааж авсан хутгыг харлаа. Тухайн үед А бид маргалдаад гэрээс гарахаар болоод би түрүүлж гараад гэрийн гадна амбаарын үүдэнд зогсож байсан, араас А гарч ирэхээр нь “чи намайг шоронд шээлтүүр зөөдөг байхыг харсан юм уу” гэж хэлсэн чинь “чи тийм л байсан ш дээ” гээд бид маргалдаад зогсож байсан чинь гэдэс рүү 1-2 удаа цохихоор нь гар луу нь харсан чинь баруун гартаа хутга барьчихсан байсан. Гадаа харанхуй байсан болохоор ямар өнгөтэй хутга байсныг сайн анзаарч хараагүй. Тэгэхээр нь би хутгатай гарыг нь хоёр гараараа бугуйгаар нь барьсан чинь хутгаа тавихгүй бид хоёр ноцолдож байгаад би хутгыг авах гээд зүүн гараа бугуйнаас нь авсан чинь дийлэхгүй гарыг нь алдсан. Тэгсэн чинь шууд миний зүүн гар орчимд чичлэх шиг болохоор нь хоёр гараараа зүүн гарыг нь мушгиж байгаад хутгыг нь булааж аваад харсан чинь хүрэн өнгийн иштэй хутга байхаар нь гэрийн амбаарын хаалганы чигт шидчихээд гэр тойроод байдаг жижиг намхан хашааны хаалганы хажууд очоод зогссон чинь зүүн гуя дагаа халуу дүүгээд байхаар нь гараа хийгээд үзсэн цус гоожоод байхаар хашааны хажууд дараад сууж байсан. Нэг мэдсэн эмнэлэгт сэрсэн. Өөр юу болсон талаар мэдэх зүйл байхгүй. Миний зүүн гарын булчинд гадна талынх нь нэг оёдолтой, дотор талынх нь хоёр оёдолтой, зүүн хөлийн гуяны дотор цавинд тасарсан судаснуудыг залгаж оёсон. Гуянд учирсан шарх хэдэн шархтай, хэдэн оёдолтой байсныг мэдэхгүй байна, нэлээн олон оёдол харагдсан. Шинжээчийн дүгнэлттэй танилцсан, санал гомдол алга.

Эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна. Үүнд 150.000 төгрөгөөр судасны нарийвчилсан зураг авхуулсан, мөн эмнэлэгт хэвтэж байхад болон гараад эмчилгээнд хэрэглэсэн зардал 304.610 төгрөг, нийт 454.610 төгрөгийг нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 22, 93 дахь тал),

 

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Мөнхцэцэгийн гэрчээр өгсөн:

“...2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гэртээ байж байхад М 16 цагийн үед ганцаараа эрүүл орж ирсэн. Тэгээд бид хоёр нэг том пиво хувааж уугаад сууж байхад манай найз А, Сүхээгийн хамт 19 цагийн үед ирсэн юм. А ирэхдээ нэг шил 0.75 литрийн Хараа нэртэй архи, 1 том Сэнгүүр пиво авчирсан. Тэр хоёр бага зэрэг халамцуу байсан ба бид дөрөв авчирсан архи, пивоноос уугаад сууж байхад А, М хоёр Багануурын хорих ангид урд хамт байсан талаар яриад маргалдаж байгаад больсон. Тэгээд би нэг хэсэг унтчихсан байсан ба нэг сэрэхэд гэрт хүнгүй байхаар нь гадаа гарахад цагдаа нар ирчихсэн байсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 25 дахь тал),

 

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Сүхбаатарын гэрчээр өгсөн:

“...Өчигдөр буюу 2021оны 12 дугаар сарын 20-ны өдөр найз Агийн хамт ...гэртээ байхдаа нэг жижиг архи хувааж уугаад дуусаж байсан чинь найз Мөнхцэцэг 18 цагийн үед утсаар яриад манай гэрт хүрээд ир гэхэд нь А бид хоёр 19 цагийн үед гэрт нь очсон. Гэрт нь Мөнхцэцэг, нэг танихгүй залуу байсан. Мөнхцэцэг бид хоёр хамт дэлгүүр орж нэг шил 0.75 Хараа архи, нэг том савтай пиво аваад ороод архиа уусан. Бид нар архиа уугаад байж байхад А, М хоёр хоорондоо шоронгийн тухай яриад 21 цагийн үед шиг санагдаж байна маргалдаж байгаад гараад явсан. Гадаа хүмүүс шуугилдаад байхаар нь би гараад харсан чинь М нил цус болчихсон хэвтэж байхаар нь гайхаад эмнэлэг дууд гээд байж байхад удалгүй эмнэлэг ирээд Мийг аваад явсан. Тухайн үед бол би нэлээн согтуу байсан. А бас дунд зэргийн согтолттой, харин Мөнхцэцэг нэлээн согтуу орон дээр хэвтээд унтаад байх шиг байсан. М бас дунд зэргийн согтолттой байсан. Би Аг хутга авч гарсныг бол хараагүй. Энэ хоёр нэг шоронд хамт байсан талаараа яриад маргалдаад байсан бөгөөд гэрт бол нэг нэгийгээ цохиж зодсон асуудал болоогүй.

Хэргийн газрын үзлэгээр хураагдсан энэ хутгыг би харж байгаагүй. Тухайн айлын хутга байж магадгүй юм. Тэрнээс бол А хутга шөвөг биедээ авч явсан зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хэргийн 36-37 дугаар тал),

 

7. ШШҮХ- ийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 812 дугаартай:

1. Б.М-н биед зүүн гуяны хураагуур судас гэмтээсэн шарх, зүүн шуунд шарх, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Тогтоогдсон шарх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр, зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл.

3. Амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.8-д зааснаар гэмтлийн хүнд зэрэг тогтоов. Зүүн гуяны хураагуур судас гэмтээсэн шарх гэмтэл нь хүнд зэрэг, зүүн шуунд шарх гэмтэл нь хөнгөн зэрэг болно. Цээжний зулгаралт гэмтэлд гэмтлийн зэрэг тогтоохгүй.

4. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна.” гэсэн дүгнэлт (хэргийн 45-46 дахь тал),

 

8. Хохирогч Б.М-ийн ГССҮТөвд хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүх, эмчилгээ үйлчилгээ хийлгэсэнтэй холбоотой баримтууд (хэргийн 80-82, 105-112 дахь тал),

 

9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч М.Агийн яллагдагчаар өгсөн:

“...2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Хабитат 20 гэр хотхонд Мөнхцэцэгийн гэрт М, Сүхбаатар бид гурав архи уусан. Урьд нь М бид хоёр шоронд хамт ял эдэлж байсан юм. Архи ууж суухдаа бид хоёр шоронд байсан талаараа яриад, хоорондоо хэсэг маргалдаад намжсан. 21 цагийн үед санаж байна, бид хоёр дахин маргалдаад М гэрээс гарахаар нь би араас нь гарахдаа шургуулгад байсан хүрэн өнгийн модон иштэй хутга авсан.

Намайг гарахад М үүдэнд зогсож байсан ба бид хоёр дахин маргалдсан. Тэгээд би гартаа барьсан хутгаараа түүнийг хэдэн удаа дүрснээ санахгүй байна. Нэг харахад М хашааны буланд цусандаа хутгалдчихсан хэвтэж байсан. Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Хохирлыг барагдуулах болно.” гэсэн мэдүүлэг (хэргийн 91 дэх тал) болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой гэрч М.Ариунтуул (хэргийн 43 дахь тал), гэрч С.Мөнхжаргал (хэргийн 58 дахь тал) нарын мэдүүлэг, шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 58 дахь тал), Хан-Уул дүүргийн шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 246 дугаартай шийтгэх тогтоол, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 833 дугаартай шийтгэх тогтоол, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 341 дугаартай шийтгэх тогтоолуудын хуулбар баримт (хэргийн 67-69, 70-72, 73-75 дахь тал), Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт (хэргийн 76 дахь тал), шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар (хэргийн 77 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг хүлээсэн шинжээч эмч гаргасан байх тул тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж шүүх үнэлж дүгнэн, шийдвэрийн үндэслэл болгосон болно.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч М.Агийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.  

 

Гурав: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч М.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Хабитат Тайван 20 айлын хашаанд байрлах гэр хотхонд хохирогч Б.Мтэй хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж, улмаар гэрт байсан хутгыг авч түүний зүүн гуя, зүүн шуунд нь хатгаж биед нь “...зүүн гуяны хураагуур судас гэмтээсэн шарх, зүүн шуунд шарх” бүхий учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл санаатай учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдэж шинжлэн судлагдсан:

- хэрэг учрал болсон гэх Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Хабитат Тайван 20 айлын хашаанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хэргийн 03-08 дахь тал),

- хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт (хэргийн 09-10, 11-13 дахь тал)

- хэргийн газрын үзлэгээр хураан авсан хүрэн өнгийн модон иштэй ажлын хэсэг нь 12 см, бариул хэсэг нь 11 см урттай хутгыг хэрэгт эд мөрийн баримтаар тооцох тухай 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Мөрдөгчийн тогтоол (хэргийн 16 дахь тал),

- хохирогч Б.М-ийн: “...“...2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Мөнхцэцэгийн гэрт бид хоёр нэг шил архи хувааж уугаад дуусаж байхад 16 цагийн үед найз А утсаар яриад “хаана байна вэ” гэхээр нь “Мөнхцэцэгийн гэрт байна” гэж хэлсэн. Удалгүй 17 цагийн үед А өөр нэг найзынхаа хамт орж ирсэн. Тэгээд бид нар хамт архи уусан. А бид хоёр өмнө нь шоронд хамт байсан бөгөөд намайг “миний шээсийг зөөдөг байсан” гэж хэлсэн байхаар нь энэ асуудлыг хэлээд бид хоёр бага зэрэг маргалдаад зууралдаад авсан. Тэгээд Мөнхцэцэг болон Агийн найз нөгөө эрэгтэй хоёр боль гээд салгасан юм.

Тэгээд гадаа гараад зогсож байхад дахиад А хэрүүл өдөөд маргалдаад гадаа зогсож байхад А миний хэвлий орчимд 2-3 удаа цохисон ба гарыг нь харсан чинь /өнгийг нь хараагүй/ хутгатай байсан. Хутгатай гарыг нь хоёр гараараа баримд хутгыг нь булааж аваад гэр тойроод жижиг намхан хашааны хаалга руу алхаж явахад хэвлий орчмоор халуу дүүгээд цус гоожиж байсан бөгөөд хэсэг алхаж байгаад газар ухаан алдаад унасан. Намайг өөр цохиж зодсон зүй байхгүй. Тэгээд нэг мэдэхэд эмнэлэгт эмнэлэгт сэрсэн. Хутга нь ямар хэлбэр хэмжээтэй хутга байсныг мэдэх зүйл байхгүй байна, учир нь гадаа харанхуй байсан. Тухайн үед би нэлээн согтуу байсан, А нэг хүний хамт ирэхдээ согтуу байсан. Би эмчилгээ хийлгэсэн зардлаа гаргуулж авмаар байна. Гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 20-21 дэх тал),

 

Мөн хохирогчийн дахин өгсөн:

“...Хэргийн газраас хурааж авсан хутгыг харлаа. Тухайн үед А бид маргалдаад гэрээс гарахаар болоод би түрүүлж гараад гэрийн гадна амбаарын үүдэнд зогсож байсан, араас А гарч ирэхээр нь “чи намайг шоронд шээлтүүр зөөдөг байхыг харсан юм уу” гэж хэлсэн чинь “чи тийм л байсан ш дээ” гээд бид маргалдаад зогсож байсан чинь гэдэс рүү 1-2 удаа цохихоор нь гар луу нь харсан чинь баруун гартаа хутга барьчихсан байсан. Гадаа харанхуй байсан болохоор ямар өнгөтэй хутга байсныг сайн анзаарч хараагүй. Тэгэхээр нь би хутгатай гарыг нь хоёр гараараа бугуйгаар нь барьсан чинь хутгаа тавихгүй бид хоёр ноцолдож байгаад би хутгыг авах гээд зүүн гараа бугуйнаас нь авсан чинь дийлэхгүй гарыг нь алдсан. Тэгсэн чинь шууд миний зүүн гар орчимд чичлэх шиг болохоор нь хоёр гараараа зүүн гарыг нь мушгиж байгаад хутгыг нь булааж аваад харсан чинь хүрэн өнгийн иштэй хутга байхаар нь гэрийн амбаарын хаалганы чигт шидчихээд гэр тойроод байдаг жижиг намхан хашааны хаалганы хажууд очоод зогссон чинь зүүн гуя дагаа халуу дүүгээд байхаар нь гараа хийгээд үзсэн цус гоожоод байхаар хашааны хажууд дараад сууж байсан. Нэг мэдсэн эмнэлэгт сэрсэн. Өөр юу болсон талаар мэдэх зүйл байхгүй. Миний зүүн гарын булчинд гадна талынх нь нэг оёдолтой, дотор талынх нь хоёр оёдолтой, зүүн хөлийн гуяны дотор цавинд тасарсан судаснуудыг залгаж оёсон. Гуянд учирсан шарх хэдэн шархтай, хэдэн оёдолтой байсныг мэдэхгүй байна, нэлээн олон оёдол харагдсан. Шинжээчийн дүгнэлттэй танилцсан, санал гомдол алга.

Эмчилгээний зардлаа гаргуулж авмаар  байна. Үүнд 150.000 төгрөгөөр судасны нарийвчилсан зураг авхуулсан, мөн эмнэлэгт хэвтэж байхад болон гараад эмчилгээнд хэрэглэсэн зардал 304.610 төгрөг, нийт 454.610 төгрөгийг нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 22, 93 дахь тал),

- гэрч Б.Мөнхцэцэгийн: “...2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гэртээ байж байхад М 16 цагийн үед ганцаараа орж ирсэн. Тэгээд бид хоёр нэг том пиво хувааж уугаад сууж байхад манай найз А Сүхээгийн хамт 19 цагийн үед ирсэн юм. А ирэхдээ нэг шил 0.75 литрийн Хараа нэртэй архи, 1 том Сэнгүүр пиво авчирсан. Тэр хоёр бага зэрэг халамцуу байсан ба бид дөрөв авчирсан архи, пивоноос уугаад сууж байхад А, М хоёр Багануурын хорих ангид урд хамт байсан талаар яриад маргалдаж байгаад больсон. Тэгээд би нэг хэсэг унтчихсан байсан ба нэг сэрэхэд гэрт хүнгүй байхаар нь гадаа гарахад цагдаа нар ирчихсэн байсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 25 дахь тал),

- гэрч Д.Сүхбаатарын: “...Бид нар архиа уугаад байж байхад А, М хоёр хоорондоо шоронгийн тухай яриад 21 цагийн үед шиг санагдаж байна маргалдаж байгаад гараад явсан. Гадаа хүмүүс шуугилдаад байхаар нь би гараад харсан чинь М нил цус болчихсон хэвтэж байхаар нь гайхаад эмнэлэг дууд гээд байж байхад удалгүй эмнэлэг ирээд Мийг аваад явсан. Тухайн үед бол би нэлээн согтуу байсан. А бас дунд зэргийн согтолттой, харин Мөнхцэцэг нэлээн согтуу орон дээр хэвтээд унтаад байх шиг байсан. М бас дунд зэргийн согтолттой байсан. Би Аг хутга авч гарсныг бол хараагүй. Энэ хоёр нэг шоронд хамт байсан талаараа  яриад маргалдаад байсан бөгөөд гэрт бол нэг нэгийгээ цохиж зодсон асуудал болоогүй. Хэргийн газрын үзлэгээр хураагдсан энэ хутгыг би харж байгаагүй. Тухайн айлын хутга байж магадгүй юм. Тэрнээс би А хутга шөвөг биедээ авч явсан зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хэргийн 36-37 дугаар тал),

- ШШҮХ-ийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 812 дугаартай:

1. Б.М-н биед зүүн гуяны хураагуур судас гэмтээсэн шарх, зүүн шуунд шарх, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Тогтоогдсон шарх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр, зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл.

3. Амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.8-д зааснаар гэмтлийн хүнд зэрэг тогтоов. Зүүн гуяны хураагуур судас гэмтээсэн шарх гэмтэл нь хүнд зэрэг, зүүн шуунд шарх гэмтэл нь хөнгөн зэрэг болно. Цээжний зулгаралт гэмтэлд гэмтлийн зэрэг тогтоохгүй.

4. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна.” гэсэн дүгнэлт (хэргийн 45-46 дахь тал),

- хохирогч Б.М-ийн ГССҮТөвд хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүх, эмчилгээ үйлчилгээ хийлгэсэнтэй холбоотой баримтууд (хэргийн 80-82, 105-112 дахь тал) болон шүүгдэгч М.Агийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг (хэргийн 91 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан) зэрэг бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.А “...гэрийн гадаа зодоон болоогүй, хохирогч өөрөө хутга бариад над руу дайрсан, би хутгатай гарыг нь болиулах гэж ноцолдсон, би хутга хэрэглээгүй, өөрийгөө хамгаалсан...” гэж хэргийн үйл баримтыг үгүйсгэсэн мэдүүлгийг, мөн түүний өмгөөлөгчөөс “...миний үйлчлүүлэгч уг нь гэм буруугийн талаар маргахгүй гэсэн байр суурь илэрхийлж байсан боловч шүүх хуралдааны явцад хэргийн үйл баримтад маргаж байгаа тул үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалж буйн хувьд ижил байр суурь илэрхийлж байна, нөгөөтээгүүр тухайн гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн гэх үндэслэл яригдаж байгаа тул хохирогчийн мэдүүлгийн зөрүүг арилгах, хэрэгт гэрчээр асуугдаж мэдүүлэг өгсөн Б.Мөнхцэцэг, Д.Сүхбаатар нараас нэмэлт мэдүүлэг авах шаардлага үүсэж байх тул хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах” тухай санал тус тус гаргаж мэтгэлцсэн. 

 

Тухайн хэргийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар тогтоогдвол зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нөхцөл байдлыг бүрэн шалгаж тогтоосноос гадна хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд шинжлэн судалсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүгдэгч М.А болон хохирогч Б.М-ийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт баримтууд, шинжээчийн дүгнэлт болон Б.М-ийн хэрэгт хохирогчоор тогтоогдон удаа дараагийн өгсөн мэдүүлэг зэргийг үгүйсгэх үндэслэл баримт нотолгоо авагдаагүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчийг гэрчээр болон яллагдагчаар байцааж мэдүүлэг авах явцад түүнийг аливаа хэлбэрээр дарамтлах, эрүүдэн шүүх зэргээр эрхийг нь зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Түүнчлэн тухайн хэргийн нөхцөлд болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Дөрөвдүгээр бүлэгт тухайлан заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Иймээс шүүгдэгчийн “...гэрийн гадаа зодоон болоогүй, хохирогч өөрөө хутга бариад над руу дайрсан, би хутгатай гарыг нь болиулах гэж ноцолдсон, би хутга хэрэглээгүй, өөрийгөө хамгаалсан...” гэх мэдүүлэг болон хохирогчийн мэдүүлгийн эх сурвалж, тэдний мэдүүлгийн зөрүүг арилгах, гэрч Б.Мөнхцэцэг, Д.Сүхбаатар нараас дахин мэдүүлэг авах зэрэг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаах тухай шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан саналыг шүүх хүлээн авч хангаагүй болно.

 

Хэргийн нөхцөлд хохирогч Б.М-ийн биед учирсан “...зүүн гуяны хураагуур судас гэмтээсэн шарх, зүүн шуунд шарх” бүхий хүнд гэмтэл нь шүүгдэгч М.А түүний зүүн гуя, зүүн шуунд нь хутгаар хатгасны улмаас үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн биед хүнд гэмтэл учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч М.А нь хохирогч Б.М-ийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “Зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Хан-Уул дүүргийн прокуророос М.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, хуулийн үндэслэл бүхий гэж дүгнэсэн ба шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс: “...шүүгдэгч М.Аг гэмт хэрэгт гэм буруутай байна “ гэсэн дүгнэлт гаргасныг тэмдэглэх нь зүйтэй.    

 

Иймд шүүгдэгч М.Аг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж,

- мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

 

Тухайн хэргийн нөхцөлд хохирогч Б.М-ийн эрүүл мэндэд учирсан хүнд гэмтэл нь тухайн гэмт хэргийн хохиролд, учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ оношилгоо хийлгэх болон бусад зайлшгүй гарсан зардал зэрэг нь хохирол учирсны улмаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тус тус тооцогдоно.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, мөн бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй байна.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар энэ хэргийн хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй бөгөөд хохирогч Б.М нь шүүхийн хэлэлцүүлэгт “мөрдөн шалгах ажиллагааны явцад 454.610 төгрөгийн хохирол нэхэмжилсэн нэхэмжлэлээс татгалзаж, цаашид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” хэмээн мэдүүлэг өгсөн тул шүүгдэгчийн хувьд энэ тогтоолоор гаргуулах нэг мөр шийдвэрлэх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүх, шүүгдэгч М.Аг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож шийдвэрлэсэн тул “энэ хуульд заасан заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч М.А нь урьд гэмт хэрэгт холбогдож, ял шийтгүүлж байсан нь хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримт (хэргийн 58 дахь тал), Хан-Уул дүүргийн шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 246 дугаартай шийтгэх тогтоол, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 833 дугаартай шийтгэх тогтоол, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 341 дугаартай шийтгэх тогтоолуудын хуулбар (хэргийн 67-69, 70-72, 73-75 дахь тал)/ баримтуудаар тогтоогдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан тул шүүгдэгчийн урьд гэмт хэрэг үйлдэн ял шийтгүүлж байсан нөхцөл байдал нь түүний эрх зүйн байдлыг дордуулах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болохгүй юм.

 

Шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд тухайлан заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар М.Ад 06 /зургаа/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч М.А нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2022/ЦХШЗ/26 дугаартай захирамжаар түүнд яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан, улмаар шүүхэд хэргийг хянан хэлэлцсэн энэ өдрийг хүртэл хугацаанд яллагдагч, шүүгдэгчээр (хэргийн 141, 148-149 дэх тал) цагдан хоригдсон нийт 86 /наян зургаа/ хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, эрүүгийн 22100 0000 0028 дугаартай хэрэгт иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон    

 

                                                              ТОГТООХ нь:

 

1. Б овогт М-ын А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар М.Ад 06 /зургаа/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Ад оногдуулсан 06 /зургаа/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Агийн цагдан хоригдсон нийт 86 /наян зургаа/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Агаас 454.610 (дөрвөн зуун тавин дөрвөн мянга зургаан зуун арав) төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлээс хохирогч Б.М нь бүхэлд нь татгалзсан болохыг тэмдэглэсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

7. Эрүүгийн 2210 0000 00028 дугаартай хэрэгт шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба М.Ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

10. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд М.Ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 С.БАЗАРХАНД         

 

               ШҮҮГЧИД                                                                   И.ГАНБАТ

 

                                                                                                   Х.ОДБАЯР