| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2017/02044/И |
| Дугаар | 102/ШШ2017/02205 |
| Огноо | 2017-08-08 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 102/ШШ2017/02205
| 2017 оны 08 сарын 09 өдөр | Дугаар 102/ШШ2017/02205 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, шүүгч Б.Азбаяр, Н.Хангал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Чингисиын өргөн чөлөө, 50 дугаар байр, 35 тоотод оршин суух, Боржигон овогт Лхамаагийн Пүрэвсүрэн /РД: ЕЙ56030109/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Эрчим хүчний гудамж, УБ18030 оршин байх, Эрдэм транс ХХК /РД: 2619415/-д холбогдох
Гэм хорын хохиролд 580,000 төгрөг тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Пүрэвсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхсайхан, иргэдийн төлөөлөгч Н.Баатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Пүрэвсүрэнгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Л.Пүрэвсүрэн би 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Эрдэм транс ХХК-ийн 05-68 УНЯ улсын дугаартай нийтийн тээврээр зорчиж яваад жолооч Ц.Давааням нь огцом тоормос гишгэсний улмаас унаж, хөнгөн гэмтэл учирсан юм. Энэ хэргийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд учирсан гэм хорын хохирлоо иргэний журмаар шүүхэд хандан шийдвэрлүүл гэсэн хариуг Хан-Уул дүургийн прокурорын газраас өгсөн болно. Дээрхи гэмтлийн улмаас 580.000 төгрөгийн эмчилгээний зардал гарсан. Иймд Эрдэм Транс ХХК-с жолооч Ц.Даваанямын буруутай үйлдлийн улмаас миний эмчилгээнд зарцуулсан 580.000 төгрөгийн хохирлыг гаргуулан өгнө үү. Бид шүүх хуралдаан дээр эвлэрсэн тул эвлэрлийн гэрээг баталж өгнө үү гэв.
Хариуцагч Эрдэм транс ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбарт болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхсайханы шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ... Манай компанийн эзэмшлийн 05-68 УНБ улсын дугаартай, 13-168 граж дугаартай автобус нь техникийн үзлэгт орж тэнцсэн, тээврийн хэрэгслийн иж бүрэн даатгалд хамрагдсан, заалны бариул бүрэн бүтэн байсан. Уг хохирогч нь бариулнаас барьж яваагүйг камерын бичлэгээр нотолсон. Зорчигч нь нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо үүргээ биелүүлээгүйн улмаас хохирогч гэмтэл авсан, манай компанийн жолоочийн буруутай үйлдэл биш тул уг төлбөрийг төлөхөөс татгалзаж байгаа. Гэхдээ нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхой хэмжээгээр буулгавал эвлэрэх боломжтой. Эвлэрлийн гэрээг баталж өгөн үү гэв.
Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Л.Пүрэвсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхсайхан бид дараах байдлаар эвлэрэв. Нэхэмжлэлийн шаардлагын 580,000 төгрөгөөс нэхэмжлэгч 280,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч тал үлдэх 300,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Пүрэвсүрэн нь хариуцагч Эрдэм транс ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 580,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шатанд ... нэхэмжлэгч Л.Пүрэвсүрэн нэхэмжлэлийн шаардлагын 280,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч тал үлдэх 300,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон тэдний шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Зохигчид эвлэрсэн нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нэхэмжлэгч Л.Пүрэвсүрэнгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Эрдэм транс ХХК-д холбогдох иргэний хэргийн зохигчид ... Нэхэмжлэгч Л.Пүрэвсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхсайхан бид дараах байдлаар эвлэрэв. Нэхэмжлэлийн шаардлагын 580,000 төгрөгийн 280,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч тал үлдэх 300,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэж харилцан тохиролцож эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Пүрэвсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр төлсөн 18,050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Эрдэм транс ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 9,025 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Пүрэвсүрэнд олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР
ШҮҮГЧ Б.АЗБАЯР
Н.ХАНГАЛ