Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/320

 

  

                                                           

 

 

 

 

 

2022        04          05                                

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг, 

улсын яллагч Ц.Майбаяр,  

шүүгдэгч С.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овогт Сэргэлэнгийн Сид холбогдох эрүүгийн 2011 01700 0296 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 01- ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Тайж овогт Сэргэлэнгийн С /РД:НЭ90052377/,

Монгол Улсын иргэн, 1990 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, газар зохион байгуулагч мэргэжилтэй, “Линк роуд” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбитын 76 дугаар гудамжны 73 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.С нь Баянзүрх дүүргийн хороо 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Скай ресорт” цанын баазын хойд хэсгээс 8 айлын газар авч өгнө гэж хуурч, баримт бичиг ашиглаж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж иргэн Б.Өнөрөөс 2020 оны 5 дугаар сарын 5-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрлах “Премиум палас” ХХК-ийн байранд байхад нь Б.Даваадуламын Хаан банкны 5720586623 дугаарын дансаар 60,000,000 төгрөг, өөрийн Хаан банкны 5041058707 дугаарын дансаар 11,600,000 төгрөг буюу нийт 71,600,000 төгрөгийг шилжүүлэн авч залилан бусдад их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.С нь Баянзүрх дүүргийн хороо 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Скай ресорт” цанын баазын хойд хэсгээс 8 айлын газар авч өгнө гэж хуурч, баримт бичиг ашиглаж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж иргэн Б.Өнөрөөс 2020 оны 5 дугаар сарын 5-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрлах “Премум палас” ХХК-ийн байранд байхад нь Б.Даваадуламын Хаан банкны 5720586623 дугаарын дансаар 60,000,000 төгрөг, өөрийн Хаан банкны 5041058707 дугаарын дансаар 11,600,000 төгрөг буюу нийт 71,600,000 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүгдэгч С.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв

Шүүгдэгч С.С мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би мөнгө зээлсэн. Өөрийнхөө эзэмшлийн газраа барьцаалаад мөнгө зээлсэн. Барьцаагаа Өнөрийн нэр дээр шилжүүлсний дараа мөнгө авсан. Энэ газар одоо ч гэсэн Өнөрийн нэр дээр барьцаалбараар бүртгэлтэй байгаа..." гэх /1-р хавтаст хэргийн 120 дугаар тал/,

Хохирогч Б.Өнөр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би Стой хамт 2008 онд Монгол Улсын Их Сургуулийн Газар зохион байгуулалтын ангид орсон бөгөөд тус ангид 2 дугаар курс хүртлээ сураад гадаад улс руу сурахаар явсан. Харин С сургуулиа төгссөн юм. С надад 2019 оны 9-10 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Ар гүнтэд байрлах зуслангийн газар үзүүлсэн бөгөөд би уг газрыг авахаар болж С газрын бичиг баримтыг хөөцөлдөж, надад уг газрыг авч өгсөн. Ингээд 2020 оны 5 дугаар сард С намайг “Скай ресортын” ертөнцийн зүгээр хойд зүгт авто замын дагуу 20 айлын газар байгаа, чамд би 6 айлын газрыг заръя гээд намайг дагуулж уг газар дээр бид 2 очиж үзсэн. Газар дээр очоод С надад газрын кадастрын зураг үзүүлээд цагааруулсан байгаа хэсэг нь дархан цаазтай хэсэгт ордог учир энд газар авах боломжгүй, харин энэ харлуулсан хэсэг нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт ордог юм байна, энэ газрыг чамд өгнө гэж надад хэлж тайлбарлаж байсан. С надад үзүүлсэн газрын кадастрын зургийг би өргөдлийн хамт гаргаж өгсөн байгаа. ...С надад ...0,7 га хэмжээтэй 8 айлын газар зарна гэсэн. Миний авах гэж байсан газар нь хашаа хатгаагүй, ямар нэгэн объект барьж байгуулаагүй хоосон газар байсан. С кадастрын зураг дээр 5308224.503-652536.319, 5308362.260-652511.360, 5308131.243-652834.878 солбилцол цэгтэй газрыг зааж надад зарна гэж байсан. Миний авах гэж байгаа газар дээр урьд өмнө ямар нэг газрын гэрчилгээ гараагүй, өөр хүний нэр дээр биш газар гэж байсан. Тэгээд намайг 2020 оны УИХ-ын сонгуулиас өмнө зургаан айлын газрын төлбөр 60,000,000 төгрөгийг өгөөрэй гээд намайг яаруулаад байсан. С анх 6 айлын газраа надад 70,000,000 төгрөгөөр зарна гэхээр нь би надад 70,000,000 төгрөг байхгүй, 60,000,000 төгрөгөөр авбал авъя гэж хэлээд бид хоёр 60,000,000 төгрөгөөр авахаар тохиролцсон. Би С руу 60,000,000 төгрөг шилжүүлсний дараа над руу залгаад чи над руу 15,000,000 төгрөг шилжүүлчих юм бол чамд ахиад 2 айлын газар авах боломж байна гэж надад хэлэхээр нь би 10,000,000 төгрөгөөр авъя гээд 10,000,000 төгрөг шилжүүлсэн. Газрын гэрчилгээнүүд чинь сонгуулийн дараа долоо хоног гэхэд гарчихна гэж надад хэлж байсан боловч товлосон хугацаандаа гараагүй болохоор юу болсон бэ гэж асуухад чи түр хүлээж бай, бичиг баримтаа өгчихсөн хүлээж байна гэх тайлбарыг тавьж байсан. Үүнээс хойш Сийн 9696-9656 дугаартай утас нь холбогдохгүй байгаа. Надад газар авч өгнө гэж хэлээд намайг залилсан. ... С газрын гэрчилгээ гаргаж өгөх эрх бүхий албан тушаалтан биш. Харин Газрын албанд ажиллаж байгаад ажлаасаа гарсан гэж би сонссон. Би Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо “Премиум паласт” байрлах ажил дээрээсээ Сийн 5041058707 дугаартай данс руу 2020 оны 5 дугаар сарын 5-ны өдөр 500,000 төгрөг, 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 1,000,000 төгрөг, 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 100,000 төгрөг, 2020 оны 6 дугаар сарын 2-ны өдөр 10,000,000 төгрөгийг тус тус өөрийн 5015288188 дугаарын дансаар шилжүүлсэн. Мөн С надаас 60,000,000 төгрөг дансаар авахдаа Б.Даваадулам гэдэг хүний 5720586623 дугаарын данс өгөөд энэ данс руу шилжүүлчих гэсний дагуу тухайн данс руу би 60,000,000 төгрөгийг шилжүүлж байсан. ...Газрын гэрчилгээ гаргуулах хүмүүсийн иргэний үнэмлэхийн зургийг дараад над руу явуулчих гэж байсан. Тэгээд би вайбер ашиглан хүмүүсийн иргэний үнэмлэхийн хуулбарыг явуулж байсан. Өөр ямар нэгэн бичиг баримт гаргаж өгөхийг надаас шаардаагүй..., ...Бид хоёр ямар ч ажлыг хамтарч хийх талаар ярилцаж байгаагүй. Урьд нь нэг ч ажил хамтарч хийж үзээгүй. Нэг удаа газар авч өгсөн л асуудал байгаа. ...Намайг одоо гялс мөнгөө өгчих гээд дахин дахин залгаад бүр ажил дээр хүрээд ирсэн. ...Би чамд ийм их хэмжээний мөнгө өгч байгаа юм чинь ядаж барьцаа өг гэсэн чинь надад цүнхнээсээ 00016763 дугаартай “Линк рөүд” компанийн нэр дээр байдаг аж ахуй нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргаж үзүүлсэн. ...С надад тэрийг хагас тэрбум төгрөгийн үнэтэй газрын гэрчилгээ гэж хэлсэн. Би ийм өндөр үнэтэй гэрчилгээ үлдээж байгаа юм чинь гайгүй байлгүй гэж бодоод тэр гэрчилгээг нь аваад манай ажлын 3 давхарт байрлах Т.Долгион гэдэг нотариатч дээр очоод барьцааны гэрээ байгуулсан. Ингээд надаас мөнгө авч яваад би барьцааны гэрээ гэрчилгээтэй үлдсэн. Энэ асуудлаас хойш С удалгүй утас нь холбогдохгүй сураггүй алга болсон..., ...Би хохиролоо 100 хувь төлүүлсэн болохоор одоо ямар нэгэн гомдолгүй. ...би өргөдөл дээрээ андуурч бичсэн байх, 71,600,000 төгрөг өгсөн нь зөв. Би Стой их сургуульд нэг ангид сурсан ангийн найз болохоос тийм айхтар дотно найз биш, би зээлсэн ч ийм их хэмжээний мөнгө зээлэхгүй...” гэх (1-р хавтаст хэргийн 43-44 дүгээр тал, 46-48 дугаар тал, 51 дүгээр тал/,

Гэрч Б.Ганзориг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би банкны дансаа Шүүхийн шийдвэрээр битүүмжлүүлсэн болохоор төрсөн дүү Даваадуламын Хаан банкны 5720586623 дугаарын дансыг 2019 оны 2 дугаар сараас эхлэн ашиглаж байна. 2020 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Даваадуламын данс руу орсон 60,000,000 төгрөг манай найз Сийн мөнгө байсан. Стой 2013 оны үеэс эхлэн найзалсан. Ер нь тоглоом тоглож яваад л танилцаж байсан. Надад хүнтэй газрын наймаа хийсэн, мөнгийг нь чиний дансаар авчихъя, дансаа өгчих тэгэх үү гэж хэлсэн. Өөрөө дансаараа урьд өдөр нь гүйлгээ хийчихсэн, гарахгүй байж магадгүй, ашиглаж байгаа дансаа өгчих гэхээр нь өгсөн юм. Тэгээд миний өгсөн данс руу 60,000,000 төгрөг орж ирсэн. Хэн гэдэг хүн явуулсан эсэхийг мэдэхгүй, би зөвхөн картыг нь ашигладаг, ухаалаг мэдээ ашигладаггүй болохоор надад гүйлгээний утга дээр нь юу гэж бичигдсэн эсэх нь мэдэгддэггүй юм. Тэгээд намайг дагуулж Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр “Натур” худалдааны төвийн Хаан банкны бэлэн мөнгөний машин дээр очоод Сийн хэлснээр нэлээд хэдэн хүн рүү мөнгө шилжүүлсэн. Дээрх 60,000,000 төгрөгөөс би нэг ч төгрөг аваагүй. Миний санаж байгаагаар “Теди” худалдааны төв дээр хувиараа наймаа эрхэлдэг Шинэхүү гэдэг залуу руу 20,000,000 төгрөг шилжүүлсэн. Мөн хэд хэдэн хүн рүү мөнгө шилжүүлсэн, хэн хэн гэдэг хүн рүү хэдэн төгрөг шилжүүлсэн эсэхийг мэдэхгүй байна, ямар ч гэсэн дандаа өглөгтэй, мөнгө өгөх ёстой хүмүүс рүүгээ мөнгө өгч байна гэж байсан...” гэх /1хх-ийн 64х/,

Гэрч Б.Шинэхүү мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...над руу шилжүүлсэн дансны эзэмшигчийг бол танихгүй. Дээрх мөнгийг хүний данснаас С над руу шилжүүлж байсан. С урьд нь надаас машин зээлээр аваад үлдэгдэл тооцоогоо өгөөгүй байсан, тэр мөнгөө өгсөн юм. 06-24УБВ улсын дугаартай цагаан өнгөтэй “Тоёота Кроун” загварын тээврийн хэрэгсэл авч байсан юм. Тэр мөнгийг над руу шилжүүлээд тооцоо дууссан юм. 20,000,000 төгрөгөөр тохироод авч байсан. Машин аваад 1 cap орчмын дараа тооцоогоо хийсэн. Тэр мөнгийг хаанаас авсан эсэхийг мэдэхгүй. Бид хоёрын хооронд одоо өөр тооцоо байхгүй...” гэх /1хх-ийн 66х/,

Гэрч Б.Даваадулам мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Ганзориг ах миний нэр дээр бүртгэлтэй Хаан банкны 5720586623 дугаартай дансыг сүүлийн 2 жил орчим ашиглаж байна. Ах өрөө дансгүй гээд миний дансыг ашигладаг юм. ...Хэрвээ мөнгө орсон бол тэр манай ах Ганзоригтой холбоотой мөнгө, надад ямар нэгэн хамааралгүй. Ах тэр мөнгийг юунд зарцуулсан эсэхийг би мэдэхгүй байна...” гэх /1хх-ийн 68х/,

Гэрч Ё.Баасандорж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний хувьд тухайн 10,000,000 төгрөг яагаад миний данс руу орж ирсэн эсэхийг одоо санахгүй байна. Ер нь бүдэг бадаг санахад С надад морь малны өглөгийн асуудал ч байсан, мөн надад морь мал харуулаад үлдээсэн ч асуудал байсан. Яг яагаад тэр мөнгө орж ирсэн эсэхийг одоо ёстой санахгүй байна. Би өөрөө уяач хүн болохоор адуу мал борлуулах, мөн хувиараа барилгын ажил хийдэг бол тэрний мөнгө гээд зөндөө л мөнгө орж гарч л байдаг юм. Тэд нарын аль нэг ч байх гэж бодож байна. 5926253091 дугаарын данс миний данс мөн байна...” гэх /1хх-ийн 70х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.  

Иймд С.С нь Баянзүрх дүүргийн хороо 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Скай ресорт” цанын баазын хойд хэсгээс 8 айлын газар авч өгнө гэж хуурч, баримт бичиг ашиглаж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж иргэн Б.Өнөрөөс 2020 оны 5 дугаар сарын 5-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрлах “Премиум палас” ХХК-ийн байранд байхад нь Б.Даваадуламын Хаан банкны 5720586623 дугаарын дансаар 60,000,000 төгрөг, өөрийн Хаан банкны 5041058707 дугаарын дансаар 11,600,000 төгрөг буюу нийт 71,600,000 төгрөгийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.   

 

Шүүгдэгч С.С 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгийн торгох ял оногдуулах прокурорын саналыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд торгох ял оногдуулав.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.С нь 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 18-ны хооронд шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан нэг хоногийг торгох ялын 15,000 төгрөгөөр тооцон хасаж биелүүлэх торгох ялыг 9,985,000 төгрөгөөр тогтоож,

шүүгдэгчийн цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1. Шүүгдэгч Тайж овогт Сэргэлэнгийн Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хуурч, баримт бичиг ашиглаж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч С.Сид 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 / арван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Сийн сэжигтнээр баривчлагдсан 1 / нэг/ хоногийг торгох ялын 15,000 төгрөгөөр тооцон хасаж биелүүлэх торгох ялыг 9,985,000 төгрөгөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6           /зургаан/ сарын  хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

6. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай. 

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

   ÄÀÐÃÀËÀÃ× Ø¯¯Ã×                                 П.АРИУНБОЛД