Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 06 өдөр

Дугаар  2022/ШЦТ/322

 

  

                                                           

 

 

 

   

  2022        04         06                                   

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Г.Өсөхбаяр,

нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

улсын яллагч П.Итгэл нарыг оролцуулан,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Бямбаагийн Мд холбогдох эрүүгийн 2111 00520 0245 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овгийн Бямбаагийн М, /РД: ХК86012201/,

Монгол улсын иргэн, 1986 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эмэгтэй, бүрэн бус боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Алтан- Овоогийн 34-р гудамжны 29 тоотод оршин суух, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.М нь Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Алт мөнгөний төв” нэртэй дэлгүүрт байрлах Д.Ичинхорлоогийн түрээсийн лангуун дээр 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд худалдагчаар ажиллаж байхдаа 18,070,000 төгрөгийн мөнгөн эдлэл завшсан гэмт хэрэгт холбогджээ.     

                                             

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 127 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, хохирлын талаарх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Б.М нь:

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэн, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

            Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Б.М нь Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Алт мөнгөний төв” нэртэй дэлгүүрт байрлах Д.Ичинхорлоогийн түрээсийн лангуун дээр 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд худалдагчаар ажиллаж байхдаа 18,070,000 төгрөгийн мөнгөн эдлэл завшсан үйл баримт тогтоогдож байна.

            Энэ нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 5-р тал/, 

Хохирогч Д.Ичинхорлоо мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алт мөнгөний төв” гэдэг дэлгүүрийг 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр нээгдэх өдрөөс нь лангуу түрээсэлж эхлэхдээ Бямбаагийн М гэх охиныг худалдагчаар авч ажиллуулсан. Энэ хугацаанд бараа бүтээгдэхүүндээ тооллого хийхэд нэг хоёр бараа бүтээгдэхүүн дутдаг байсан. Өмнө нь дутааж байсан үнэт эдлэлийнхээ төлбөрийг бүрэн төлсөн. Тэгтэл 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр тооллого хийхэд мөнгөн аяга болон эрэгтэй, эмэгтэй бүс гэх мэтийн 129 ширхэг бараа бүтээгдэхүүн дутааж нийт 18,070,000 төгрөгийн хохирол учруулсан...” гэх /хавтаст хэргийн 12-р тал/, 

Дамно” хөрөнгийн үнэлгээний газрын шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 46-48-р тал/,

Шүүгдэгч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2020 оны 07 дугаар сарын 09-нд анх Чингэлтэй дүүргийн 1 хороонд байрлах Алт мөнгөний төвд Д.Ичинхорлоогийн мөнгөн аяганы лангуу дээр худалдагчаар ажилд орсон. Тэгээд тэндээ 2021 оны 04 дүгээр cap хүртэл ажилласан. Ажиллаж байх хугацаанд cap болгон Ичинхорлоо эгч тооллого хийдэг байсан. Тооллого хийх үед 2-3 аяга дутдаг байсан. Дутааж байсан шалтгаан нь болохоор өөрийн лангуу дээр байсан мөнгөн аягыг өөр лангуунд тавьж заруулдаг байсан юм. Тэгээд тэд нарт өгчхөөд дараа нь эргүүлж авахаа мартсан байдаг байсан. Гэхдээ тэгж дутаасан мөнгөн аяганы төлбөрийг тухай бүрт нь цалингаасаа төлж барагдуулдаг байсан. Харин дараа миний хувийн амьдрал мөнгөний шаардлага хэрэгцээ их гарсан юм. Манай найз залуу тухай үед элэгний хүнд өвчтэй байсан болохоор би өөрийн ажиллаж байсан лангуунаас мөнгөн аяга болон мөнгөн бүс зарж тэрнийхээ мөнгийг найз залуугийн эмчилгээ болон өөрийн хувийн амьдралд зарцуулсан. Тухай үед “вива сити”-д байр түрээсэлж амьдардаг байсан. Түрээсэлж байх явцын дунд байрны мөнгөө өгч чадахгүй болоод ирэхээр нь өөрийн ажиллаж байсан мөнгөн аяганы лангуунаасаа мөнгөн аяга зарж мөнгийг нь дундаас нь авч байрны түрээсэнд. төлбөрийг мөн өгдөг байсан. Cap болгоны тооллогоор аяга бусад зүйл дутахаар би бусад лангуунаас дутсан үнэт эдлэлийг аваад нөхөөд тоолуулчихдаг байсан. Ингэж явсаар байгаад нийт 129 ширхэг бараа бүтээгдэхүүн дутаасан. Ичинхорлоо эгч битгий өөр лангуу дээр бараа өгч заруулаад бай өөрсдөө зар гэж хэлдэг байсан. Өөр лангуунд өгсөн аяга, бүс болон бусад бараагаа бүртгэж өгдөггүй байсан. Тухай үедээ дутаасан бараа бүтээгдэхүүнээ би бүртгэж хэдэн төгрөгний өрөнд орсон гээд мэддэг байж байгаад сүүлдээ бүртгэж байсан бүртгэлээ хаяад алга болоод бүртэлгүй болсон. Тэгж байгаад цэгцэлж дахин бүртгэж тоогоо гаргая гэж бодож байгаад амжаагүй. Дахин тооллого ороод намайг бараа дутаасныг мэдсэн юм.

2020 оны 12 дугаар сарын үед хөл хориотой байх үеэр хүнд зээлээр өгсөн байсан мөнгөн аяганы мөнгө орж ирэхээр нь би өөрийн хувийн хэрэглээ болох хоол хүнс, байрны зардал, түрээсийн мөнгө гэх зэрэг зүйлд үрдэг байсан. Ажилдаа орохоороо цалингаасаа төлөндөө гэж явсаар байгаад таарсан. Тэгээд 2021 оны 04 дүгээр сард миний бие өвдөөд байхаар намайг Ичинхорлоо эгч амар гээд миний оронд өөр хүн суулгахаар болоод намайг байхгүйд тооллого хийсэн юм. Тэр үед би өөрөө болохоор 3-5 сая төгрөгний бараа дутаасан мөн найз залуугийнхаа эмчилгээнд гэж 8-10 сая төгрөг өгсөн байсан. Нийлээд 12-15 сая төгрөгний өрөнд орчлоо гэж бодож байтал 18.070.000 төгрөгний хохирол учруулсан байсан. Тэгээд тооллого хийхэд би байгаагүй болохоор мөн өөрөө ч очиж чадаагүй барааг өөр хүнд зээлээр өгсөн гэж худлаа хэлсэн. Би Ичинхорлоо эгчид 2021 оны 03 дугаар сарын 23-нд надаас аяга авдаг Дундговь аймгийн хүн болох (нэрийн санахгүй байна гэх) аяга авдаг эгч крантин болохоос өмнө эгч нь ахиухан аяга авчихмаар байна гээд байхаар нь 13,760,000 төгрөгний мөнгөн аяга болон 3 мөнгөн тоноглолтой бүс өгч явуулсан гээд худлаа хэлчихсэн юм. Түүнээс надаас ямар нэгэн Дундговь аймгийн хүн мөнгө аяга болон мөнгөн бүс авч явсан зүйл байхгүй. Айсандаа тэгж ярьсан юм ...” гэх /хавтаст хэргийн 124-125-р тал/,

Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлгээр тус тус нотлогдож байна. 

Хохирогчийн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд, шүүгдэгчийн мэдүүлэгтэй агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байх ба энэ талаар улсын яллагч үндэслэл бүхий дүгнэлт хийж яллах дүгнэлтэд тусгасныг дурдах нь зүйтэй.

            Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Б.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргав.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрч хохирогчид хохирол төлбөр төлөхөө илэрхийлсэн, хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 8 сарын хугацаанд арилгах үүрэг хүлээлгэж түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулав.

Шүүгдэгч Б.М нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг тайлбарлав.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Хохирогч Д.Ичинхорлоо нь шүүгдэгч Б.Мгаас нийт 18,070,000 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 2,500,000 төгрөг, 200,000 төгрөг 590,000 төгрөг тус тус 5027551156 дугаарын дансанд шилжүүлсэн баримт гаргаж өгсөн.

Шүүгдэгч Б.Мгаас 14,780,000 төгрөг гаргуулж хохирогч Хан-Уул дүүргийн 11-р хороо, Голден Велла хотхоны 201 байрны 37 тоотод оршин суух Хотон овгийн Дашнямын Ичинхорлоо /РД: ХЖ76060165/-д олгуулахаар шийдвэрлэв.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл бараа бүтээгдэхүүн хүлээлцэж тооцоо нийлсэн гэх “бөгж шоко” гэсэн бичиглэлтэй, алаг эрээн тахьны зурагтай хар өнгийн дэвтрийг хавтаст хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн Бямбаагийн Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 8 сарын хугацаанд гэмт хэргийн хор уршгийг ажилгах үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарласугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Мгаас 14,780,000 төгрөг хохирогч Хан-Уул дүүргийн 11-р хороо, Голден Велла хотхоны 201 байрны 37 тоотод оршин суух Хотон овгийн Дашнямын Ичинхорлоо /РД: ХЖ76060165/-д гаргуулж олгосугай.

6. Шүүгдэгч Б.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дэвтрийг хавтаст хэрэгт хавсаргаж, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                   ÄÀÐÃÀËÀÃ×, د¯Ã×     П.АРИУНБОЛД