Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/336

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Ж.Баасанжав,

нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

улсын яллагч Б.Баярчимэг нарыг оролцуулан,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хөх овогт Доржпаламын Бд холбогдох эрүүгийн 2211 00000 0040 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Хөх овгийн Доржпаламын Б, /РД: УХ66080915/,

Монгол Улсын иргэн, 1966 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, зураач мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, охины хамт Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 19-43 тоотод бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 18 дугаар байрны подвалд оршин суудаг,

урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 385 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Б нь 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Circle К” сүлжээ дэлгүүрээс иргэн А.Хэрлэнгийн “Guess” брэндийн эмэгтэй хүний жижиг хар өнгийн цүнх 1 ширхэг, “Chanel” брэндийн 30 граммын савлагаатай үнэртэй ус 1 ширхэг, “Bulgari” брэндийн 60 граммын савлагаатай үнэртэй ус 1 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бус авч 679,200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.     

                                             

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 05 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, хохирлын талаарх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Д.Б нь:

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэн, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

            Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Д.Б нь 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Circle К” сүлжээ дэлгүүрээс иргэн А.Хэрлэнгийн “Guess” брэндийн эмэгтэй хүний жижиг хар өнгийн цүнх 1 ширхэг, “Chanel” брэндийн 30 граммын савлагаатай үнэртэй ус 1 ширхэг, “Bulgari” брэндийн 60 граммын савлагаатай үнэртэй ус 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бус авч 679,200 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн үйл баримт тогтоогдож байна.

            Энэ нь хохирогч А.Хэрлэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 12 дугаар сарын 14-ний 11 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 5 дугаар сургуулийн ард байрлах “Circle К” сүлжээ дэлгүүрт ганцаараа орсон. Тухайн үед гар утасны маань цэнэг нь дуусчихсан байсан болохоор гар утсаа цэнэглэх зорилгоор ороод залгууртай ширээн дээр очиж суусан. Тэгээд гар утсаа цэцэглээд 15 минут орчим болоод гарах гэсэн чинь миний үүрч байсан хар өнгийн цүнх маань алга болчихсон байсан. Би цүнхээ өөрөөсөө бага зэрэг өндөр ширээн дээр тавьчихсан байсан юм. Ингээд дэлгүүрийн камерыг нь шүүж үзсэн чинь цэнхэр өнгийн куртиктэй, хар өнгийн малгай, хар өнгийн масктай 35 орчим насны эрэгтэй хүн орж ирээд цүнхийг маань аваад гарч байгаа бичлэг байсан... “...Өөрийн цүнх болон хоёр үнэртэй усны хохирлыг барагдуулж авах хүсэлтэй байна..” гэх /хавтаст хэргийн 8-10-р тал/,

 Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл:

Гаднаас цэнхэр өнгийн куртик, хар бараан өнгийн өмд, гуталтай, хар өнгийн малгай өмсөж цэнхэр өнгийн маск зүүсэн, хар өнгийн цүнх үүрсэн эрэгтэй хүн гаднаас орж ирээд сууж байгаа...эрэгтэй хүн баруун гартаа ямар нэг эд зүйл бариад биеийн урд хэсэгт байрлуулаад гадагш гарч явсан бичлэг бичигдсэн байв...” гэх /хавтаст хэргийн 13-16-р тал/,

 Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан / хавтаст хэргийн 18-р тал/,

Шүүгдэгч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна хохирогчид учирсан хохирлыг яаралтай төлж барагдуулах болно...” гэх / хавтаст хэргийн 27-р тал/,

Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт, мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэх гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр тус тус нотлогдож байна. 

Хохирогчийн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд, шүүгдэгчийн мэдүүлэгтэй агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байх ба энэ талаар улсын яллагч үндэслэл бүхий дүгнэлт хийж яллах дүгнэлтэд тусгасныг дурдах нь зүйтэй.

            Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Д.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Д.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргав.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрч хохирогчид хохирол төлбөрөө барагдуулсан, хохирогч санал гомдолгүй, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнсэж, мөн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох үүрэг хүлээлгэж түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулав.

Шүүгдэгч Д.Б нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг тайлбарлав.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Хохирогч А.Хэрлэн шүүхэд гаргасан хүсэлтдээ миний бие Д.Бд гомдол саналгүй, хохирлоо бүрэн барагдуулж авсан гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг дискийг хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хөх овгийн Доржпаламын Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар 6 сарын хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарласугай.

5. Шүүгдэгч Д.Б бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг дискийг хэрэгт хавсаргаж, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ÄÀÐÃÀËÀÃ×, د¯Ã×                  П.АРИУНБОЛД