Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2020/0052

 

2020 оны 01 сарын 20-ны өдөр                     Дугаар                           Улаанбаатар хот

                                                               128/ШШ2020/0052

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Бадамс******* даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Б, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Б*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нарыг оролцуулан “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, НХБХГ холбогдох захиргааны хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны “4” дүгээр танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “*******” ХХК, Улаанбаатар хот, /РД/.

Хариуцагч: НХБХГ.

Нэхэмжлэлийн шаардлага: "Барилга угсралтын ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг сунгахаас татгалзсан 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 05/3441 дугаар шийдвэр нь хууль бус болохыг тогтоолгож, эрхийг сэргээх шийдвэр гаргахыг даалгуулах тухай" шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цр шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “...“Манай компани нь Нийслэлийн ерөнхий төлөлвлөгөөнд тусгагдсаны дагуу Нийслэлийн Засаг даргын 2003 оны 395 дугаар захирамжаар үйлчилгээний орон сууцны зориулалтаар 372 мкв. газрыг эзэмшиж, орчны орц гарцыг хэвээр үлдээн арктай барилгаар төлөвлөж батлуулсан. Уг баригдах барилга нь 40000 орон сууцны хөтөлбөрт хамрагдаж Барилга, хот байгуулалтын яамны 2006 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 3/457 дугаар албан бичигт тусгагдан бөгөөд "Энхтайвны өргөн чөлөө-2020" хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний тодотголд тусгагдсан. Нийслэлийн Засаг даргын 2005 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн хурлын шийдвэрээр зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийн барилгыг буулгах мэдэгдлийг өгсөн ч биелэгдэхгүй байгаа нөхцөл байдалд дүгнэлт хийж, улсын байцаагч нарын 2007 оны 01 дүгээр сарын 16-ны 09/39/40 дугаар, 200 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 07/31/44 дугаар актууд гарч, Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн заалтуудыг хэрэгжүүлэх талаар холбогдох арга хэмжээ авахыг Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газрын албанд шаардлага хүргүүлж байсан. Гэвч, эзэмшүүлсэн газар дээр хууль бус өргөтгөлүүд баригдсан асуудал, барилга барих эрх олгосон захирамжид иргэдээс шүүхэд хандаж, захиргааны хэргүүд бүх шатны шүүхээр хянагдаж эцэслэн шийдвэрлэгдэж, барилга барих ажил хойшлогдсон. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 242 дугаар тогтоолоор нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд оролцсон эвлэрлийн гэрээг шүүх баталгаажуулж, улмаар маргааныг эцэслэн шийдвэрлэсэн. Уг эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгч нар нэхэмжлэлээсээ татгалзаж, Нийслэлийн Засаг даргаас "“*******” ХХК -д олгосон эрхийг хүлээн зөвшөөрч, гуравдагчаас мөнгө хөрөнгө гарган барилгыг буулгахаар тохирч, Нийслэлийн Засаг даргаас энэ хугацаанд өргөтгөлийг буулгахыг шаардаж ажиллагаа хийхгүйгээр хүлээх нөхцөлийг тохиролцсон. Шүүхээр маргаан хянагдаж байх хугацаанд Нийслэлийн Засаг даргаас 2008 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 351 дүгээр захирамжаар тус компаний газрын эрхийг 15 жилийн хугацаатайгаар 0203746 дугаар гэрчилгээгээр сунгасан бөгөөд өнгөрсөн бүх хугацаанд газар эзэмшигчийн хувьд төлбөрөө б******* төлсөн.

Манай компаниас зөвхөн хууль бусаар баригдсан өргөтгөлүүдийг буулгах ажиллагаанд нийт 200 гаруй сая төгрөгийг зарцуулж, газраа зориулалтын дагуу ашиглаж чадахгүй өдийг хүрч хохирсоор байгаа.

Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын /хуучнаар/ 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Мэргэжлийн зөвлөлийн 17 дугаар хурлаар шинээр архитектур төлөвлөлтийн даалгавар, эх загвар зураг зэргийг дахин баталгаажуулах шаардлагагүй гэх шийдвэр гарсан.

Манай компаний зүгээс газраа зориулалтын дагуу ашиглахад шаардагдах бүхий л зөвшөөрлүүдийг холбогдох мэргэжлийн байгууллагуудаас авч, холбогдох ажиллагаа хийлгэсээр өдий хүрсэн боловч хариуцах мэргэжлийн байгууллага болох Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар нөхцөл байдлыг бодитойгоор дүгнэж шийдвэрлэхгүй байна. Иймд 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газарт 2008 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 351 дүгээр захирамжаар үйлчилгээний орон сууцны зориулалтын дагуу төлөвлөсөн арктай барилга барих ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг хүссэн хүсэлтийг шийдвэрлэж өгөхгүй 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 05/3441 дугаар шийдвэрт дурьдсан үндэслэлээр татгалзаж байгаа.

Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т "Төрөөс газар эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах зарчмыг баримтална гэж заасан, газраа зориулалтын дагуу эзэмших боломжгүй, хүндэтгэн үзэх шалтгаан байсан, хууль бус өргөтгөлийг буулгах, газрыг чөлөөлөх эрх үүргийг Газрын тухай хуулийн 56, мөн хуулийн 57 дугаар зүйлд зааснаар уг эрхийг захиргааны байгууллагад олгосон.

Иймд нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байхад захиргааны байгууллага газрыг зориулалтын дагуу ашиглах эрхийн асуудлыг шийдвэрлэж эрхийг сэргээх арга хэмжээ авахгүй байгаа нь хууль бус гэж үзэж байна” гэжээ.

Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн өмгөөлөгч П.А******* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “... 1999 оны 4 дүгээр сарын 19-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын А/92 дугаар албан бичгээр Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө-г баталж шийдвэрлэсэн нь 2020 он хүртэлх Энхтайваны өргөн чөлөөний ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан газар дээр 2002 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 88 дугаар тогтоолоор баталж шийдвэрлэсэн үйл баримт нь 2002 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн Засгийн газрын Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө батлах тухай 28 дугаар тогтоолд үндэслэгдэж Нийслэлийн Засаг даргын 2003 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 395 дугаар захирамжаар Орон сууцны зориулалттай газрыг “*******” ХХК -д газар өмчлөх эрхийг олгож шийдвэрлэсэн.

Дээр дурдагдсан эрх бүхий шийдвэрүүд нь Захиргааны хэргийн 3 шатны шүүхээр хянагдан хэлэлцэгдэж үйл баримт нь эцэслэн шийдвэрлэгдсэн. Газрын эрх олгогдсонтой холбогдуулан 2008 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 8003/0018 гэдэг гэрээг Нийслэлийн газрын албатай байгуулсан. Нэхэмжлэгчийн хувьд Нийслэлийн Газрын албатай байгуулсан гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлсээр өндрийг хүрсэн. 15 жилийн хугацаанд газрын эрхээ хэрэгжүүлж чадахгүй нөхцөл байдал байсан. Анх газар нь 5 жилийн хугацаатай олгогдоод энэ хугацаанд сунгагдаж шийдвэрлэгдсэн. Нэхэмжлэгч нь хууль болон гэрээнд заасны дагуу газар эзэмшүүлэх тухай захирамжаар зориулалтын дагуу олгогдсон газраа барилга барьж ашиглах газрын эрх байсан. Газар дээр барилга барьж эхлэх явцад хууль бусаар зөвшөөрөлгүй баригдсан барилгын асуудлууд маргаан үүсгэж эхэлсэн. Үүнтэй холбогдуулсан нийт 15 жилийн хугацаанд шүүхээр болон иргэдтэй тохиролцсоны үндсэн дээр барилгыг буулгах ажиллагаа явагдсаар өдийг хүрсэн. Өнгөрсөн хугацаанд Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн Газрын алба болон захиргааны байгууллагын зүгээс зөвшөөрөлгүйгээр барилга баригдаж нэхэмжлэгч компанийн хувьд газрын эрхээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдалд шүүх дээр эвлэрсэн. Барилга баригдахтай холбогдуулан иргэдээс гомдол гаргасан. Иргэдээс гомдол гаргасан үндэслэл нь газрын эрхийг олгосон шийдвэртэй буюу барилга барих эрх олгосон шийдвэртэй маргадаг. Маргах явцад барилгын ажил хийх эрхийг олгосон нь бусдын эрх ашиг болон барилгын тухай норм, дүрэм, стандартад нийцэж байгаа эсэх дээр шинжээчийн дүгнэлтийг үндэслэн Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх эцэслэн шийдвэрлэгдэж, эдгээр шийдвэрүүдийн эцэст энэ барилгыг барихад холбогдох норм, дүрэм стандарт зөрчигдөхгүй, орц, гарц, галын дүгнэлт мөн эргэн тойрны иргэдийн гомдлын асуудал тус тус шийдвэрлэгдэж эрх олгосон шийдвэрүүд нь хууль ёсны байна гэсэн шийдвэр гарсан. Үүнээс гадна архитектур төлөвлөлтийн даалгавар болон орон сууцны барилгыг барихтай холбогдуулан инженер технологийн судалгааны дүгнэлт зэрэг холбогдох техникийн нөхцөлүүд нь 2020 онд төлөвлөгдсөн бүх төлөвлөлтөд нийцэн батлагдаж ирсэн. Эдгээр мэргэжлийн байгууллагуудын шийдвэр болон газрын эрх нь хүчин төгөлдөр байгаа мөн өнөөдрийн хурлын нөхцөл байдал нь үүнтэй холбоотой маргаанууд бүгд эцэслэн шийдвэрлэгдсэн ба нэмж газрын эрх хүсэх нөхцөл байдал дээр шаардлагатай материалуудыг нэмж бүрдүүлж өгсөн. Хавтаст хэрэгт авагдсан байгаа 2 хос барилга дээр хамт шийдвэр гарч, хамт шийдвэрлэгдээд явж байна.

Бид шаардлагатай баримтуудыг бүрдүүлээд холбогдох маргаанууд шийдвэрлэгдсэн тул энэ газар барилга барих зөвшөөрлийг авъя гэж хүсэлт гаргасан. Хүсэлт гаргахад Нийслэлийн хот байгуулалт, Хөгжлийн газраас 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 05/3441 дугаартай албан бичгээр зөвшөөрлийг сунгаж олгох боломжгүй байна гэсэн хариу өгсөн.

Захиргааны хэргийн шүүхээс гаргасан шийдвэрүүдийг төлөвлөгөөндөө тусгана гээд өдийг хүртэл явсан. Хариуцагч байгууллага нь Нийслэлийн Засаг даргын агентлагт барилгын үйл ажиллагааны чиг үүргийг хариуцах байгууллагын хувьд Нийслэлийн Засаг даргыг төлөөлөн захиргааны хэргийн шүүх хуралдаанд дэмжиж оролцож байсан боловч бүх асуудлыг шийдвэрлээд дуусах үед үгүйсгэсэн хариу өгсөн. Энэ зөвшөөрлийг олгоход холбогдох дүрэм, журамд заасны дагуу бүрдүүлж өгвөл зохистой, шаардагдах баримт бичгүүдийг нэхэмжлэгчийн зүгээс бүрдүүлж өгсөн. Татгалзаж байгаа илэрхийллээ хууль журамд заасны дагуу бүрдүүлж өгөх баримтууд шаардлага хангахгүй байна гэсэн ба тухайлан яг ямар баримт дутуу байгаа нөхцөл байдлыг тодорхой зааж дурддаггүй.

Нийслэлийн Засаг дарга нь нэхэмжлэгчийн асуудлын хувьд Захиргааны ерөнхий хууль гарахаас өмнө буюу 2016 оны 07 дугаар сараас өмнө бүх асуудлууд шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэж холбогдох шийдвэрүүд нь гарч байсан учир энэ асуудлыг шийдэх нь зүйтэй гэсэн байр сууриа илэрхийлдэг.

Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн газрыг алба нь энэ барилга барихтай холбоотой асуудлаар маргаж байсан иргэдийн гомдлыг эцэслэн шийдвэрлэж дууссаны үндсэн дээр бид барилга барих хүсэлт гаргасан. Өнөөдрийг хүртэл хугацаанд хариуцагч байгууллагаас нэхэмжлэгч компанийн олон жил хөрөнгө мөнгөө зарцуулан, шүүхийн өмнө үүрэг хүлээж хууль зөрчиж зөвшөөрөлгүй барьсан барилгуудыг хүртэл нэхэмжлэгч компани их хэмжээний хөрөнгө, мөнгө зарцуулан зөвшөөрөлгүй барилгуудыг захиргааны байгууллагын өмнөөс буулгах ажиллагааг хариуцан хийж өдийг хүрсэн. Тэгэхээр хариуцагч байгууллага болон энэ салбарын байгууллагуудаас эрх бүхий байгууллагуудаас өнөөдрийг хүртэл хугацаанд нэхэмжлэгчийн газрын эрх болон барилга барих эрх олгосон түүнтэй холбогдон гарсан эрх бүхий байгууллагуудын шийдвэрүүдийг хүчингүй болгосон нөхцөл байхгүй.

 Өдийг хүртэл хугацаанд төрийн үйл ажиллагаа, шүүхийн шийдвэрүүдэд итгэж нэхэмжлэгч компани хөрөнгө, мөнгөө зарцуулан иргэдтэй тохиролцож асуудлыг шийдвэрлэж ирсэн. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн явдал нь хариуцагч байгууллагаас татгалзаж байгаа үндэслэлийг одоо хэрэгжиж байгаа хуулийн заалтын үндэслэлүүд, норм, дүрэм, стандартаар орчны байдалд сөрөг нөлөө үзүүлэх нөхцөл байгаа гэж Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 гэх мэт хуулийн заалтыг дурдан барилга барих эрхийг сунгахаас татгалзсан боловч татгалзлаа нотолсон баримт байхгүй харин эсрэг талдаа нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг хуулийн өмнө захиргааны хууль бус ажиллагааг засаж, залруулахтай холбоотой ажиллагаа явуулж байсан нь баримтуудаар нотлогдож байгаа. Газрын тухай хуулийн 56, 57 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байгаа нөхцөл байдлыг хариуцагч болон Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн газрын алба хариуцан арилгах үүрэгтэй. Гэвч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байсантай холбоотой шүүхээр хэрэг шийдвэрлэгдэж эвлэрсэн байгаа. Энэ байдлуудын улмаас хариуцагчийн татгалзаж байгаа үндэслэл нь хууль ёсны гэж үзэх боломжгүй, үндэслэл нь тогтоогдохгүй байгаа учир нэхэмжлэгчийн зөрчигдөж буй эрх, ашгийг сэргээн шийдвэрлэж, хариуцагчийн татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, барилга угсралтын ажлыг эхлэх зөвшөөрөл олгохыг даалгаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“...Нийслэлийн Засаг даргын 2003 оны 395 дугаартай захирамжаар “*******” ХХК ХХК-д 372 м.кв арктай барилга барих зориулалтаар газар олгосон байдаг.

Нэхэмжлэгч нь Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах хүсэлтээ Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 151 дүгээр тогтоолын хавсралтаар “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм”, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 5/14 дүгээр тогтоолоор “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах” үйл ажиллагааны журамд заасан бүрдлийг бүрдүүлэн ирсэн тохиолдолд судлан үзэж зөвшөөрлийг олгох боломжтой.

 Гэтэл “*******” ХХК -ийн 2006 оны 2006/030 дугаар хүсэлтийг шийдвэрлэвэл одоо байгаа орон сууцны барилгуудын дундах орц гарцыг хааж, барилга барих нь иргэн хуулийн этгээдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллахтай холбогдсон эрх ашгийг зөрчиж орчны чанарт сөрөг нөлөөлж болзошгүй нь Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3 “... хүн амын амьдрах орчны чанарт сөрөг нөлөө бүхий үйл ажиллагаа явуулах”, Галын аюулгүй байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 “... барилга байгууламжийг шинээр барих өргөтгөх ашиглах, ... холбогдох хууль тогтоомж, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичгийг мөрдөнө”, Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 “Зэргэлдээ орших барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулахгүй байх” заалтыг тус тус зөрчиж байсан тул зөвшөөрлийг сунгах боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч “*******” ХХК “Барилга угсралтын ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг сунгахаас татгалзсан 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 05/3441 дугаар шийдвэр хууль бус болохыг тогтоолгож, эрхийг сэргээх шийдвэр гаргахыг даалгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг шаардлага бүхий нэхэмжлэл өөрчлөгдөөгүй байна.

          Шүүх, хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг харьцуулан судалж дараах байдлаар дүгнэж шийдвэрлэлээ.

Нийслэлийн Засаг даргын 2003 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 395 дугаар захирамжаар “*******” ХХК -д орон сууц, үйлчилгээний зориулалтаар 372 м.кв газар 5 жилийн хугацаагаар эзэмшүүлж, 2008 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын 351 дүгээр захирамжаар газар эзэмшүүлэх эрхийн хугацааг 15 жилээр сунгасан байна. Нийслэлийн Газрын алба газар эзэмших эрхийн 0203746 дугаар гэрчилгээ олгож, 2008 оны 8 дугаар сарын 08-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан, энэ газар нь 372 м.кв хэмжээгээр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт олгогдсон бөгөөд энэ маргаан бүхий газар нь нэгж талбарын 186******* дугаарт бүртгэгджээ.[1]

Нийслэлийн Засаг даргын 1999 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн А/62 дугаар захирамжаар Хот байгуулалт, газар зохион байгуулалтын мэргэжлийн комиссын хурлын шийдвэрийг үндэслэн Энхтайваны өргөн чөлөө-2020 хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төслийг зөвшөөрсөн, улмаар Засгийн газрын 2002 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолоор Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг баталж, энэ дагуу нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2002 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 88 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын орон сууцны 1, 3, 4, 5, 6, 10, 12, 15 дугаар хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төслийг баталсан байна.[2]

Нийслэлийн Засаг даргын 2003 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 395 дугаар шийдвэрийг үндэслэн орон сууцны 65, 66 дугаар байруудын хооронд үйлчилгээний орон сууцны барилгын зориулалтаар 0,0372 м.кв газрыг олгосон бөгөөд 2005 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 22/05 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар, эх загвар зураг баталгаажсан байна.[3]

Нэхэмжлэгчээс Засгийн газрын 2009 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 204 дүгээр тогтоолоор батлагдсан “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, зөвшилцөх, магадлал хийх дүрэм”-ийн дагуу ажлын зураг төсөлд магадлал хийлгүүлж, онцгой байдлын газартай зөвшилцөн, мэргэжлийн хяналтын байгууллагаас барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг авсан бөгөөд барилгын ажил эхлүүлэх үед орчны иргэд, оршин суугчдын эсэргүүцэлтэй тулгарч, маргааныг шүүхээр шийдвэрлүүлж, эвлэрлийн гэрээг байгуулсан байна.

Энэхүү эвлэрлийн гэрээ байгуулсан маргаанаас өмнө Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2004 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 5-224/2536 дугаар албан шаардлагаар Ч.Б*******д “Өргөтгөлийн барилгыг буулгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2001 оны 395 дугаар захирамжаар “*******” ХХК -д олгосон талбайд барьсан өргөтгөлийн барилгаа буулгаж 2004 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор талбайг чөлөөлөхийг[4] даалгаж, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2006 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “газрын маргааныг шийдвэрлэх тухай” 05-10/11036 дугаар дүгнэлтээр иргэн А.А*******, Ч.Б******* нарт Улаанбаатар хотын ерөнхий менежерийн тушаалаар орон сууцны зориулалтыг өөрчлөхөөр олгосон зөвшөөрөл, газрын төлбөр тогтоох акт нь газар эзэмших үндэслэл болохгүй[5] талаар мэдэгдэж, уг шаардлага болон дүгнэлтийг хүргүүлж байжээ.

Улмаар Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2007 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн “Газар эзэмших эрхийн тухай” 09/36/40 дүгээр дүгнэлтээр А.А*******, Ч.Б******* нар нь Газрын тухай хууль зөрчин эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр бусдын хууль ёсны эзэмшил газарт давхцуулан газар эзэмшин ашиглаж байгаа болохыг тогтоож байжээ.

Үүний дараа Мэргэжлийн хяналтын газрын 2007 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн “Барилгын төлөвлөлтийн тухай” 07/31/44 дүгээр шинжээчийн дүгнэлтэд[6] “шинээр төлөвлөгдөж буй “*******” ХХК -ийн үйлчилгээ, орон сууцны барилга нь Дэд бүтцийн сайдын 2004 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 130 дугаар тушаалаар батлагдсан “Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм дүрэм” БНБД 30.01.04-ийн холбогдох заалтын галын аюулаас хамгаалах шаардлага болон архитектур орон зай зохиомжийн зарчимд нийцсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Энэ нь тус компаний барилгын зураг төсөлд хийсэн улсын экспертизийн дүгнэлт, мөн Монгол Улсад мөрдөгдөж байгаа хот төлөвлөлтийн норм дүрмийг дагаж хэрэгжүүлэх үүрэгтэй Нийслэлийн хот төлөвлөлтийн асуудал эрхэлсэн байгууллагаас уг зураг төслийн архитектур орон зайн төлөвлөлтийг хянан зөвшөөрсөн зөвшөөрлөөс гадна тухайн барилгын зураг төсөлд дээр дурдсан хот төлөвлөлтийн норм дүрмийн галын аюулаас хамгаалах шаардлага болон архитектур орон зайн зохиомжийн заалтууд тусгагдсан зэргээр нотлогдож байна” гэжээ.

Ийнхүү нэхэмжлэгч Ч.Б, Н.П, Ж.Я, Б.Ц нараас Нийслэлийн Засаг даргын 2003 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 395 дугаар захирамжаар “*******” ХХК -д газар эзэмшүүлсэн шийдвэрийг хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн шүүхэд маргасныг, Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2007 оны 238 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн  давж заалдах шатны шүүх хуралдааны 2007 оны 227 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны 2008 оны 20 дугаар тогтоолоор газар эзэмшүүлсэн шийдвэр хуульд нийцсэн, нэхэмжлэгч нарын эрхийг зөрчөөгүй болохыг дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн[7], мөн нэхэмжлэгч А.А эвлэрч 2011 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн “Нэхэмжлэгч хариуцагчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 242 дугаар шүүгчийн захирамж гарсан ба эвлэрлийн гэрээгээр 92.500.00 мянган төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр тохирч эвлэрлийн гэрээг байгуулсан байна.[8]

Эдгээр шүүхийн шийдвэрүүдийн дараа “*******” ХХК нь барилга барихаар олгогдсон газар дээр нь зөвшөөрөлгүй баригдсан өргөтгөлийг өөрийн зардлаар буулгажээ.

“Б*******” сууц өмчлөгчдийн холбооноос Нийслэлийн Засаг даргад хандан 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 13 дугаартай албан бичгийг хүргүүлсэн бөгөөд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2014 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн “Б******* СӨХ”-д “хариу хүргүүлэх тухай” 07/2379 дүгээр албан бичгээр “Нийслэлийн Засаг даргын 2003 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 395 дугаар захирамжийн “*******” ХХК -тай холбогдох заалтыг хүчингүй болгохоор Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд гаргасан танай оршин суугчдын нэхэмжлэлтэй хэргийг Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 20 дугаар тогтоолоор “*******” ХХК -ийн барилга баригдсанаар оршин суугчдын эрх ашиг хөндөгдөхгүй тул хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснээс гадна холбогдох эрх бүхий мэргэжлийн байгууллагуудаас зохих зөвшөөрлүүдийг авсан байна. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 5/14 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам” нь тус компанитай холбоотой шийдвэр гарсны дараа батлагдсан учир захирамжийг хүчингүйд тооцох үндэслэлгүй[9]” гэж хариу өгсөн ба энэ асуудлаар шүүхэд маргаан үүсгээгүй байна.

Дээрх маргаанууд шийдвэрлэгдсэнээр “*******” ХХК барилгын тэг тэнхлэгийг газар дээр байгуулсан актыг 2018 оны 3 дугаар сарын 05-нд үйлдүүлж, барилгын ажлын зөвшөөрөл авахад шаардагдах холбогдох техникийн нөхцөлүүдийг  авсан, тэдгээр нь хугацаандаа тухайлбал, Ус сувгийн удирдах газраас 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 565 дугаартай, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-иас 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 15/02251/19 дугаартай, “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-иас 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ТН-В560/2018 дугаартай цэвэр, бохир ус ариутгах татуурга, дулаан, цахилгаан хангамж, холбооны техникийн нөхцөл болон өндөр хурдны кабель шугамын угсралт, радио шугамын техникийн нөхцөлүүдийг шинэчлэн авсан, гэнэтийн ослын болон хариуцлагын даатгалд даатгуулсан байна.[10]

Улмаар нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 17 дугаар хурлаар хэлэлцэн шинээр архитектур төлөвлөлтийн даалгавар, эх загвар зургийг дахин баталгаажуулах шаардлагагүй гэж шийдвэрлэснийг тус газраас 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 03/2989 дүгээр албан бичгээр “*******” ХХК -д мэдэгджээ. Өөрөөр хэлбэл, 2005 онд баталсан архитектур төлөвлөлтийн даалгавар, эх загвар зураг хүчинтэй үйлчлэх болохыг эрх бүхий этгээд ийнхүү тодорхойлжээ.

Дээрх үйл баримтуудаас дүгнэн үзэхэд, маргаан бүхий газарт барилга баригдахаар төлөвлөгдсөн, маргаан бүхий газарт нэхэмжлэгчид барилга барих зориулалтаар газар эзэмших эрх олгогдсон, уг эрх хүчинтэй байгаа, барилга барихад шаардагдах архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын эскиз зураг, техникийн нөхцөлүүд олгогдсон, тэдгээр нь хүчинтэй байх бөгөөд газрын маргааны асуудлаар оршин суугчидтай болон холбогдох Сууц өмчлөгчдийн холбоотой эвлэрэн хэлэлцэж маргаангүй болсон байхад барилгын ажлыг эхлүүлэхэд авах зөвшөөрөл буюу Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг олгохоос хариуцагч Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар татгалзаж, энэ үндэслэлээ иргэд удаа дараа гомдол маргаан гаргадаг гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна, татгалзсан шийдвэр нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байна, Хот байгуулалтын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 “... барилга байгууламжийг шинээр барих өргөтгөх ашиглах, ... холбогдох хууль тогтоомж, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичгийг мөрдөнө”, Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 “Зэргэлдээ орших барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулахгүй байх” хуулийн заалт шаардлага зөрчигдсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6-д зааснаар Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг олгох чиг үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.2, 28.3, 28.4-т заасан баримт бичгийн бүрдлээр барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгох, ийнхүү олгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор олгохоор 27 дугаар зүйлийн 27.2-т, хэрвээ зөвшөөрөл олгохоос татгалзсан бол үндэслэл бүхий тайлбарыг татгалзсан шийдвэртээ тусган хүсэлт гаргасан этгээдэд бичгээр өгөхөөр 27.3-т тус тус хуульчилжээ. Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2, 28.3, 28.4-т зааснаар Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ авахад шаардагдах баримт бичгийн бүрдэлд барилга байгууламжийн байршил, загвар зураг, техникийн нөхцөлийг баталгаажуулсан шийдвэр, барилга байгууламжийн магадлал хийгдсэн иж б******* зураг, магадлалын дүгнэлт, зураг төсөл зохиогчийн танилцуулга, улсын бүртгэлийн болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, байгаль орчны нөлөөллийн үнэлгээний тайлан, гэнэтийн ослын болон хариуцлагын даатгал, барилгын зураг төслийн болон барилгын ажил гүйцэтгэх этгээдийн тусгай зөвшөөрөл, барилгын ажлын үе шатны хяналт тавих төлөвлөгөөг бүрдүүлэх бөгөөд дээрхээс өөр баримт бичиг шаардахыг 28.6 дахь хэсгээр хориглосон байна.

Ийнхүү тодорхой маргаануудын улмаас барилга баригдаагүй байх хугацаанд барилгын ажлын зөвшөөрөл авах, ашиглалтад оруулахтай холбоотой дүрэм, журмууд өөрчлөгдсөн, тодруулбал Засгийн газрын 2012 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 15 дугаар тогтоолын хавсралтаар “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм”, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 5/14 дүгээр тогтоолоор “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам”, Засгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 68 дугаар тогтоолоор “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм” шинэчлэн батлагдаж, уг журамд Засгийн газрын 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 171 дугаар тогтоолоор нэмэлт оруулсан байдаг.

Энэ утгаараа Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан болон эдгээр дүрэм, журамд заасан барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ авахад шаардагдах баримт бичгүүдээс бүрдүүлээгүй, дутуу гэх баримт байхгүй гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлах авч барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгохоос татгалзсан нь учир дутагдалтай байна.

Хариуцагч захиргааны байгууллага нь Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Эрх бүхий байгууллага барилгын ажлын зөвшөөрөл олгохдоо доор дурдсан асуудлыг харгалзан үзнэ”, 7.1.1-д “...барилгын үйл ажиллагаанаас шалтгаалан үүсэх иргэн, хуулийн этгээдийн өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа газар, үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой эрх, ашиг сонирхол” гэж зааснаар барилгын ажилтай холбоотойгоор иргэдээс ирсэн албан ёсны гомдол бүртгэгдсэн эсэх, барилга баригдсанаар бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газар, үл хөдлөх хөрөнгийн эрх зөрчигдөх талаар бодитой дүгнэлт өгөөгүй, мөн хуулийн 14.1-д “Барилга байгууламж дараахь шаардлагыг хангасан байна”, 14.1.4 “зэргэлдээ орших барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулахгүй байх” гэж зааснаар нэхэмжлэгч энэхүү заалтыг хэрхэн хангаагүй болохыг тайлбарлаж чадахгүй байна.

Иймд Барилга угсралтын ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг сунгахаас татгалзсан 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 05/3441 дугаар шийдвэр нь хууль бус болохыг тогтоолгож, эрхийг сэргээх шийдвэр гаргахыг даалгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зохицууулсны дагуу мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д: “улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд нэхэмжлэл б******* эсхүл хэсэгчлэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид буцаан олгоно” гэснийг хэрэглэн улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг шийдвэрлэлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.2, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага ТОГТООХ нь.

            1. Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.4, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 27.3, 28 дугаар зүйлийн 28.2, 35 дугаар зүйлийн 35.1.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын “Барилга угсралтын ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг сунгахаас татгалзсан 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 05/3441 дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, нэхэмжлэгчийн барилга угсралтын ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг сунгах тухай шийдвэр гаргахыг хариуцагч Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газарт даалгасугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар энэхүү шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                               У.БАДАМСҮРЭН

 

 

 

 

 


[1] Хавтаст хэргийн 13-20-р хуудас

[2] Хавтаст хэргийн 10-12-р хуудас

[3] Хавтаст хэргийн 41-р хуудас

[4] Хавтаст хэргийн 82-р хуудас

[5] Хавтаст хэргийн 81-р хуудас

[6] Хавтаст хэргийн 84-86-р хуудас

[7] Хавтаст хэргийн 90-92-р хуудас

[8] Хавтаст хэргийн 93-100-р хуудас

[9] Хавтаст хэргийн 88-р хуудас

[10] Хавтаст хэргийн 39-47-р хуудас