Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2016/0083

 

Иргэн Д.Аийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 30 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор иргэн Д.Аийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Засаг дарга, Баянхонгор аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянхонгор аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 14 дүгээр тогтоол, Баянхонгор аймгийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Захирамж хүчингүй болгох тухай 288 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Баянхонгор аймгийн Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартааАймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс 2011 оны 06 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулсан Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын ажлын байрны сонгон шалгаруулалтыг Газрын тухай хуульд нийцээгүй ажлын байрны тодорхойлолтыг үндэслэн явуулсан гэж үзэж 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 14 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон. Уг тогтоолыг үндэслэн аймгийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 288 дугаар захирамжаар 2011 оны Д.Аийг ажилд томилох тухай 303 дугаар захирамжийг хүчингүй болгосон байдаг. Иймд Д.Аийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Баянхонгор аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.8-д аймаг, нийслэлийн газрын албаны даргыг газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргатай зөвшилцөж аймаг, нийслэлийн Засаг дарга, дүүргийн газрын албаны даргыг нийслэлийн газрын албаны даргатай зөвшилцөж дүүргийн Засаг дарга тус тус томилох, чөлөөлөх, мөн хуулийн 20.3-т Аймаг, нийслэл, дүүргийн газрын албаны даргыг газрын харилцааны зохих мэргэжилтэй, тухайн салбарт 3-аас доошгүй жил ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас Төрийн албаны тухай хуулийн 17.1-д заасны дагуу сонгон шалгаруулж томилно. гэсэн заалтуудыг илт зөрчиж томилсон нь тогтоогдсон. Иймд аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс 2011 оны 06 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулсан Газрын харилцаа, барилга хот байгуулалтын 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 14 дүгээр тогтоолыг үндэслэн аймгийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 288 дугаар захирамжаар 2011 оны Д.Аийг ажилд томилох тухай 303 дугаар захирамжийг хүчингүй болгосон. Иймд Д.Аийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: А овогтой Б миний бие шүүх хуралд оролцохгүй бөгөөд шүүхээс гарах шийдвэрийг хүндэтгэн үзэх болно. Миний бие аймгийн Засаг даргын 05 дугаар сарын 14-ний өдрийн 289 дүгээр захирамжаар аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын албан тушаалын сонгон шалгаруулалт хүртэл хугацаанд газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байна гэжээ.

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 30 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 27 дугаар зүйлийн 27.1.2, 27.2.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч Д.Аийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 14 дүгээр тогтоол, Баянхонгор аймгийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 288 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгож, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож,

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг тус тус баримтлан Д.Аийн ажилгүй байсан хугацааны цалин 5.925.786 /Таван сая есөн зуун хорин таван мянга долоон зуун наян зургаан/ төгрөгийг хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргаас /Засаг даргын Тамгын газар/ гаргуулж, нэхэмжлэгч Д.Ад олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг хуульд заасан хэмжээгээр нөхөн төлөхийг үүрэг болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч нарын өмгөөлөгч П.Ө давж заалдах гомдолдоо: Д.А нь анх 2009 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдож байсан байх бөгөөд төрийн албанд урьд өмнө ажиллаж байсан талаар баримт авагдаагүй байна. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-д Аймаг, нийслэл, дүүргийн газрын албаны даргыг газрын харилцааны зохих мэргэжилтэй, тухайн салбарт 3-аас доошгүй жил ажиллаж байгаа тэрийн албан хаагчдаас Төрийн албаны тухай хуулийн 17.1-д заасны дагуу сонгон шалгаруулж томилно гэж заасан.

Гэтэл Д.Аийн анх томилогдсон 2009 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2011 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд 2 жил 4 сар 27 хоногийн хугацаа байх бөгөөд хуульд заасан 3 жил гэсэн шаардлагыг хангаагүй байхад Төрийн албаны зөвлөлөөс сонгон шалгаруулалт зарлаж, Д.Аийг дээрх албан тушаалд томилсон нь анхнаасаа хууль зөрчсөн, үндэслэлгүй байсан тул хуульд заасан эрхийн дагуу Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс 14 дүгээр тогтоолыг, Засаг даргаас 288 дугаар захирамжаар илт үндэслэлгүй, хууль зөрчсөн тогтоол захирамжийг тус тус хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй.

Мөн нэхэмжлэгч Д.А нь ашигт малтмалын эрэл зураглал мэргэжлээр төгссөнөөс гадна хуульд заасан газрын харилцааны зохих мэргэжлийг эзэмшээгүй, хуульд заасан мэргэжлээр урьд өмнө ажиллаж байгаагүй байхад мөн хуулийг илтэд зөрчиж томилсон 2011 оны ажилд томилох тухай 303 дугаар захирамж илтэд үндэслэлгүй байсан тул хуульд заасан эрх хэмжээний хүрээнд илт үндэслэлгүй захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд энэ хугацаанд хууль бусаар төрөөс авсан цалин 17 сая төгрөгийг Д.Аээс буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий хэрэг нь Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа болно.

Дээрх нөхцөл байдлууд болон хэрэгт авагдсан бусад баримтаар Баянхонгор аймгийн Засаг даргын 288 дугаар захирамж, Төрийн албаны зөвлөлийн 14 дүгээр тогтоол хуулийн үндэслэлтэй байхад хууль бус хууль зөрчсөн гэж үзэж хүчингүй болгосон нь хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Д.Аээс Баянхонгор аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 14 дүгээр тогтоол, Баянхонгор аймгийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Захирамж хүчингүй болгох тухай 288 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Нэг. Баянхонгор аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс аймгийн Засаг даргаас ирүүлсэн захиалгын дагуу Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан Төрийн албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмыг үндэслэн Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг 2011 оны 06 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулж, оролцогчдоос хамгийн өндөр оноо авсан Д.Аийн нэрийг 2011 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 105 дугаар дүгнэлтээр томилуулахаар дэвшүүлжээ.

Тухайн шалгалтыг явуулахдаа салбар зөвлөл Засаг даргаас ирүүлсэн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын ажлын байрны тодорхойлолтыг Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 126 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн ажиллах журам-д нийцүүлж, хянаж, хүлээн авсан, улмаар Д.Аийг хуульд заасан болзол, шаардлагыг хангасан, аймгийн Засаг даргаас ирүүлсэн ажлын байрны тодорхойлолтод тэнцсэн гэж үзэн сонгон шалгаруулалтад оруулж нэр дэвшүүлэх саналаа гаргасан атлаа хожим 2015 оны аймгийн Засаг даргаас албан бичиг ирсний дагуу урд гүйцэтгэсэн ажлаа үгүйсгэсэн агуулгатай буюу албан тушаалтны ажлын байрны тодорхойлолтыг хүчингүйд тооцсон тогтоол гаргасан нь төрийн захиргааны төв байгууллага өөрийнхөө буруутай үйл ажиллагааг бусдад хариуцуулсан шийдвэр болжээ.

Энэ нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн төдийгүй Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан зарчимд нийцэхгүй байна.

Хоёр. Баянхонгор аймгийн Засаг дарга 2011 онд Д.Аийг Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.8 /аймаг, нийслэлийн газрын албаны даргыг Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргатай зөвшилцөж аймаг, нийслэлийн Засаг дарга, дүүргийн газрын албаны даргыг нийслэлийн газрын албаны даргатай зөвшилцөж дүүргийн Засаг дарга тус тус томилох, чөлөөлөх/, Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6 /Мэргэшлийн шалгаруулалтаар шалгарсан иргэнийг зохих албан тушаалд томилсон тухай төрийн холбогдох байгууллагын эрх бүхий албан тушаалтан шийдвэр гаргаж баталгаажуулна/-д заасныг баримтлан сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн төрийн албаны салбар зөвлөлөөс ирүүлсэн дүгнэлтийг хүлээн авч Д.Аийг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын албан тушаалд томилсон байх бөгөөд үүний дараа түүнийг ажлаас чөлөөлсөн тушаалуудыг 2013, 2014 онуудад гаргасан боловч шүүхээс Д.Аийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь зөрчсөнийг тогтоож, Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоосон нь хуулийн хүчин төгөлдөр байхад хариуцагч албан тушаалтан Баянхонгор аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 1а/325 дугаар албан бичгээр урд гаргасан дүгнэлтээ хүчингүй болгох талаар чиглэл өгч, түүнийх нь дагуу гаргасан /хх-1-67/ тогтоолыг үндэслэн маргаан бүхий актыг гаргасан нь хууль бус бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан зарчмыг зөрчжээ.

Эдгээр болон бусад асуудлаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийснээс гадна маргаан бүхий актаар Д.Аийг ажлаас хууль бусаар халагдсан гэж үзэн, ажилгүй байсан хугацааны олговрыг олгохоор шийдвэрлэсэн нь зөв байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагч Баянхонгор аймгийн Засаг дарга нэхэмжлэгч Д.Аийг удаа дараа ажлаас үндэслэлгүйгээр халж байгаа үйлдэл нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасныг санаатайгаар зөрчсөн, энэ нь мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д зааснаар хариуцлага хүлээлгэх үндэслэл болж болзошгүйг анхааруулах нь зүйтэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 30 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ Д.БАТБААТАР