Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 281

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Буянтогтох даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,

улсын яллагч Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Энхбат,

шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн

шүүгдэгч С.Лувсаннамсрай нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Сумъяадоржийн Лувсаннамсрайд холбогдох эрүүгийн  201619000467 тоот хэргийг 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авснаар 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1991 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Сутай Мандах ХХК-д мужаан ажилтай, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо овоотын 8-290 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Сумъяадоржийн Лувсаннамсрай, /РД:НЛ91030315/

 

Холбогдсон хэргийн талаар /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар/

Шүүгдэгч С.Лувсаннамсрай нь Төв аймгийн Дэлгэрхаан сумын нутаг дэвсгэр Дуутхуримт 2 дугаар баг хүүхдийн овоо гэх газар 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдөр иргэн Э.Шатар, Н.Энхтайван нарын хамт архи ууж байгаад маргалдан Э.Шатарын баруун талын эрүүний дээд хэсэгт архины шилээр цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд

 

Шүүгдэгч С.Лувсаннамсрай шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэв.

 

Хохирогч Э.Шатар хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Энхтайван, Лувсаннамсрай бид 3 Энхтайваны гэрт 1 шил архи хувааж уусан. Тэгээд Лувсаннамсрай Улаанбаатар хот явна гээд Лувсаннамсрайгийн гэрээр орчихоод би Лувсаннамсрайг мотоциклийн ард сундлаад сумын төвийн хойно байдаг хүүхдийн овоон дээр гарсан. Овоон дээр дахин 1 шил архи уугаад байж байгаад Лувсаннамсрайг Улаанбаатар хот руу явах машин ирээд авъя гэхэд Лувсаннамсрай маргааш явахаар боллоо би нэг өдөр өөрийгөө мэдэж боло биз дээ гээд үлдсэн. Тэгээд бид хоёр овооны хажууд байх чулуун дээр сууж байтал миний өөдөөс нөүтбүүкний цүнхтэй хувцасаа шидсэн. Дараа нь миний сууж байсан сандал дээрээс намайг түлхэж унагаасан. Би босоод чи одоо яагаад байгаа юм бэ зүгээр байгаач гэсэн чинь чи ямар том болчихсон юм бэ, наашаа босоод ир гэж хэлсэн. Би сандал дээрээс босоод очсон чинь миний хамар руу эхлээд цохисон. Миний хамраас цус гараад тонгойгоод зогсож байгаад Лувсаннамсрайгийн гарнаас нь барьтал гараа тавиулаад овооны тийш гүйж очоод зүүн гартаа архины шилний ам, баруун гартаа архины шилний хагархай бариад гүйгээд ирсэн. Тэгэхээр нь би яах гээд байгаа юм бэ, зүгээр бай гээд баруун гарыг нь бариад авсан чинь зүүн гартаа байсан архины шилээр миний баруун шанаа руу цохисон. Тэгээд цус гарсан чинь өөдөөс нөгөө гартаа байсан шилээ бариад дайраад байсан. Тэгээд Энхтайван ирээд Лувсаннамсрайг барьж авсан. Намайг Энхтайван эмнэлэг рүү хүргэж өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/

 

Гэрч Г.Энхтайван хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэгтээ: Шатар, Лувсаннамсрай бид 3 манай гэрт 1 шил архи хувааж уугаад Дэлгэрхаан сумын төвийн хойд талд байдаг овоон дээр очоод дахин 1 шил архи уусан. Би овооны урд сууж байгаад эргээд харсан чинь тэр хоёр ноцолдож байсан. Очоод харсан чинь Шатарын нүүрнээс цус гарсан байсан. Би салгаад Шатарыг эмнэлэг рүү авч явсан. Лувсаннамсрайг тэнд нь орхисон. Шатарыг эмнэлэгт хүргэж өгөөд гэртээ харисан...гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/

 

Шинжээчийн №329 дүгээр дүгнэлт: Иргэн Э.Шатарын баруун эрүүнд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хурц ир ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалдтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 18 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонсгох замаар шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.Лувсаннамсрай нь Төв аймгийн Дэлгэрхаан сумын нутаг дэвсгэр Дуутхуримт 2 дугаар баг хүүхдийн овоо гэх газар 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдөр иргэн Э.Шатар, Н.Энхтайван нарын хамт архи ууж байгаад маргалдан Э.Шатарын баруун талын эрүүний дээд хэсэгт архины шилээр цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч Э.Шатарын мэдүүлэг, гэрч Н.Энхтайвангийн мэдүүлэг, шинжээчийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 329 дугаартай дүгнэлт, С.Лувсаннамсрайгийн хэрэг бүртгэлтэнд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч С.Лувсаннамсрайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

       

   Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухайгаа мэдүүлж, мөн бичгээр илэрхийлж шүүхэд өгсөн байна.

 

Шүүгдэгч С.Лувсаннамсрайхолбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ гэж заасан нь хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж зааснаар хохирогч Э.Шатар нь шүүгдэгч С.Лувсаннамсрайтай эвлэрч байх тул С.Лувсаннамсрайд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

 

  • рүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3, 283, 284, 286, 290, 293, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4 дэх хэсэг, 248 дугаар зүйлийн 248.1.2, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

                                             ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Сумъяадоржийн С.Лувсаннамсрайг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  •           . Монгол Улсын Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Э.Шатар нь шүүгдэгч С.Лувсаннамсрайтай сайн дураараа эвлэрсэн тул Төв аймгийн Прокурорын  газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн С.Лувсаннамсрайд холбогдох 201619000467 тоот эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

            3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад гаргуулах хохирол төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.  

 

            4. С.Лувсаннамсрайд авсан бусдын батлан даалтанд өгөх таслах сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

            5. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд­ гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

           6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, С.Лувсаннамсрайд бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.БУЯНТОГТОХ