Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2017/01387

 

 

 

2017 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2017/01387

Улаанбаатар хот

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 5А-93 тоот хаягт байрлах, “Тренд мебель” ХХК /РД:5445825/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороолол, 9 дүгээр байр, 36 тоот хаягт оршин суух Боржигон овогт Сүхбаатарын Эрдэнэцэцэг /РД: ЧД62042061/-д холбогдох

 

Гэр ахуйн тавилгын төлбөр 1,240,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч, хянаад  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Тренд мебель” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.Эрдэнэцэцэг нь манай “Тренд мебель” ХХК-иас 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 08-ны өдөр 2016 оны 03 дугаар сарын 31-ний дотор төлж барагдуулахаар 1,235,000 төгрөг болон 205,200 төгрөгийн гэр ахуйн тавилга худалдаж, урьдчилгаа болгон 200,000 төгрөгийг төлсөн. Гэтэл үлдэгдэл төлбөрийг өнөөдрийг хүртэл өгөөгүй байна. Иймд Ж.Эрдэнэцэцэгээс гэр ахуйн тавилгын төлбөр 1,240,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

 

Хариуцагч Ж.Эрдэнэцэцэг нь 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: ... “Тренд мебель” ХХК-ийн Мишээл экспод байрлах тасгаас иргэн Пүрэвсүрэнд гэр ахуйн тавилга авахад нь тусалсан юм. Гэтэл иргэн Пүрэвсүрэн үлдэгдэл тооцоогоо хийлгүй өдийг хүрсэн бөгөөд би Пүрэвсүрэнтэй холбогдож чадахгүй болсон тул өөрийн биеэр зээл авч зуучлан борлуулалт хийсэн хариуцлагаа хүлээн нэхэмжлэлийн шаардлага болох 1,240,000 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор бүрэн барагдуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Батбаатартай тохирсон болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Тренд мебель” ХХК нь хариуцагч Ж.Эрдэнэцэцэгт холбогдуулан тус шүүхэд гэр ахуйн тавилгын төлбөрт 1,240,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоож байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон  

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “Тренд мебель” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.Эрдэнэцэцэгт холбогдох гэр ахуйн тавилгын төлбөрт 1,240,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34,310 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 17,155 төгрөгийг, хариуцагч Ж.Эрдэнэцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 17,155 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Тренд мебель” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.          

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                             М.МӨНХТӨР