| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2017/02551/И |
| Дугаар | 102/ШШ2017/02139 |
| Огноо | 2017-07-28 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 102/ШШ2017/02139
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу-3/9 Жи мобайл ХХК-ийн байрны 5 давхарт байрлах “Жи мобайл” ХХК /РД: 5055873/-ийн
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, ТЭЦ 2, 1 дүгээр гудамж, 10 тоот хаягт оршин суух, Бичигтийн тайж овогт Гансүхийн Мягмарсүх, /РД: ФБ96080671/-д холбогдох,
Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 150,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Г.Мягмарсүх нь манай компанитай 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1135895 тоот “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах" гэрээ байгуулан 240,000 төгрөгийн үнэ бүхий NР10 төхөөрөмжийг 12 сарын хугацаатай урьдчилгаа 20,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 220,000 төгрөгийг 12 сарын хугацаанд сар бүр 20,000 төгрөгөөр төлөх нөхцөлтэйгээр авсан. Г.Мягмарсүх нь одоогийн байдлаар манай компанид NР10 төхөөрөмжийн 100,000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байгаа болно. Иймд Г.Мягмарсүхээс төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу авсан төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 100,000 төгрөг, гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т заасны дагуу 836 хоногийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги 50,000 төгрөг, нийт 150,000 төгрөгийг гаргуулан өгч, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амаргжаргал шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Иргэн Г.Мягмарсүх нь “Жи мобайл” ХХК-ийн нэхэмжилсэн 150,000 төгрөгийг бүхэлд нь төлсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нь хариуцагч Г.Мягмарсүхэд холбогдуулан төхөөрөмж зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 150,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл шүүхэд гаргасан байна.
Хариуцагч Г.Мягмарсүх нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлж, 150,000 төгрөгийг төлсөн болох нь 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн Хаан банкны орлогын мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Мягмарсүхэд холбогдох, төхөөрөмж зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 150,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 5,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Мягмарсүхээс 2,575 төгрөг, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 2,575 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ М.МӨНХТӨР
| ||||
| |