| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2017/02462/И |
| Дугаар | 102/ШШ2017/02136 |
| Огноо | 2017-07-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 102/ШШ2017/02136
| 2017 оны 07 сарын 28 өдөр | Дугаар 102/ШШ2017/02136 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 3 дугаар хороолол, 37 дугаар байр, 21 тоот хаягт оршин суух, Жагнаа овогт Дэлэгийн Санжаажамц /РД: ЗЮ64082811/-ийн нэхэмжлэлтэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул оролцов.
Хэрэг маргааныг хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Санжаажамцын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Дэлэг овогтой Санжаажамц миний бие 1984-1992 онуудад захиргааны болон шүүхийн байгууллагад ажиллаж байгаад, өөрийн хүсэлтээр 1992 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс эхэлж, цагдаагийн байгууллагад ажиллаж байна. Би ЦЕГ-ын даргын 2009 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дүгээр тушаалаар 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж НЦГ-ын гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст гэмтлийн эмнэлгийн ахлах хэрэг бүртгэгчээр томилогдон одоог хүртэл гэмтэл согог судлалын үндэсний төвд жижүүрийн албанд 24 цагийн үүрэг гүйцэтгэж ажиллаж байгаа билээ. Монгол улсын Цагдаагийн албаны хуульд зааснаар жижүүрийн албанд ажилласан нэг жилийг нэг жил гурван сараар тооцож цагдаагийн байгууллагад ажилласан жил дээр нэмж тооцож нэмэгдлийг олгохоор болсон юм. Иймд миний 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүртэл цагдаагийн байгууллагад жижүүрийн албанд ажилласан нэмэгдэл хугацаа, уг ажилласан жилийн хугацааны хоногийг тооцож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.Санжаажамц нь 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 16-н өдөр хүртэл цагдаагийн байгууллагад жижүүрийн албанд ажилласан нэмэгдэл хугацаа, уг ажилласан хугацааны хоногийг тооцуулахыг хүсч шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд ирээгүй, хуралдааныг өөрийн эзгүйд хийлгэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасны дагуу түүний эзгүйд хэргийг хэлэлцлээ.
Тэрээр өөрийн оршин суугаа газрын харьяалах шүүхэд хандан хүсэлт гаргасан нь, Баянгол дүүргийн 8 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбараар тогтоогдож байх ба энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэг Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн өөрийн оршин газрын шүүхэд гаргана гэсэн шаардлагад нийцэж байна.
Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтийг буюу нэхэмжлэлийг доорх үндэслэлээр хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан үйл баримт буюу Д.Санжаажамц нь тухайн цаг хугацаанд цагдаагийн байгууллагад жижүүрийн албанд ажиллаж байсан болох нь Д.Санжаажамцын ... 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Цагдаагийн Ерөнхий газрын төв архивын 21/1380 дугаар архивын лавлагаа, Д.Санжаажамцын цалин авч байсан тухай /2009-2017/ Нийслэлийн Цагдаагийн газрын цалингийн картын түүхчилсэн лавлагаа, 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 03 дүгээр сарын 09-ний өдөр хүртэлх хугацаанд ажилласан үеийн ажлын төлөвлөгөө, хууль сануулж асуусан Боржигон овогт Батсүхийн Энхмаа /РД: ЧО66032009/, Боржигин овогт Нацагдоржийн Тайван /РД: ТЖ70062861/ нарын гэрчийн мэдүүлэг, Сүлд овогт Дашзэвэгийн тодорхойлолт, хэрэгт авагдсан бусад бичмэл баримтуудаар нотлогдож байна.
Мөн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр батлагдсан Цагдаагийн албаны тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2 дах хэсэгт Цагдаагийн алба хаагчийн албадан эрүүлжүүлэх, саатуулах байр, улсын онц чухал обьектын хамгаалалтад болон замын хөдөлгөөн зохицуулах, эргүүл, харуул, жижүүрийн албанд ажилласан 1 жилийг 1 жил 3 сараар, цагдаагийн байгууллагын нууцалбал зохих албанд гүйцэтгэх ажилтнаар ажилласан 1 жилийг 1 жил 4 сараар тус тус тооцно гэж заасан байх тул Жагнаа овогт Дэлэгийн Санжаажамц /РД: ЗЮ64082811/-ийг 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүртэл цагдаагийн байгууллагад жижүүрийн албанд ажилласан байдлыг сэргээн тогтоож, ажилласан хугацааг нийт 9 жил 16 хоног болохыг тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Жагнаа овогт Дэлэгийн Санжаажамц /РД: ЗЮ64082811/-ийг 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд цагдаагийн байгууллагад жижүүрийн албанд, ажилласан хугацааг нийт 9 жил 16 хоног болохыг сэргээн тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР