| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2017/02473/И |
| Дугаар | 102/ШШ2017/02135 |
| Огноо | 2017-07-27 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 102/ШШ2017/02135
| 2017 оны 07 сарын 28 өдөр | Дугаар 102/ШШ2017/02135 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Нарны хороолол, үгб гудамж, 3 дугаар байр, 50 тоот хаягт оршин суух, Тайжууд овогт Жамсрангийн Басбаяр /РД: ОЭ85030575/-ийн нэхэмжлэлтэй
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд “Linemedia” ХХК болон захирал А.Насанбатыг эрэн сурвалжлуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Басбаяр нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Linemedia” ХХК /РД:5872928/-н захирал А.Насанбат нь Ж.Басбаяраас 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 2,800,000 төгрөгийн үнэ бүхий иж бүрэн компьютер худалдан авсан. Барааны төлбөрийг худалдан авснаас хойш нэг сарын дараа төлөхөөр харилцан тохиролцож “Linemedia” ХХК нь тодорхойлолт хийж өгсөн боловч өнөөдрийн байдлаар 2,800,000 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулаагүй байна. Дээрх төлбөрийг төлүүлэхээр А.Насанбатын 89185458 гэх дугаарлуу залгасан боловч утсаа авдаггүй болно. Иймд “Linemedia” ХХК /РД:5872928/ болон захирал А.Насанбатыг эрэн сурвалжилж оршин байх хаягийг тодорхойлж өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Басбаяр нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд “Linemedia” ХХК /РД: 5872928/, захирал А.Насанбатыг эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд ирээгүй, хуралдааныг өөрийн эзгүйд хийлгэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасны дагуу түүний эзгүйд хэргийг хэлэлцлээ.
“Linemedia” ХХК /РД: 5872928/, захирал А.Насанбат нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн бөгөөд оршин суудаг гэх хаяг болох Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Хийморь хотхон, Б жигүүрт бүртгэлгүй, оршин суудаггүй болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Linemedia” ХХК-ийн тодорхойлолт, хэргийн материалд авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Нэхэмжлэгч хариуцагчийн хаягийг мэдэхгүй, хаягийг тогтоох боломжгүй байгаа тул иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд “Linemedia” ХХК /РД: 5872928/, захирал А.Насанбатыг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг хангах үндэслэлтэй байна.
“Linemedia” ХХК /РД: 5872928/, захирал А.Насанбатын оршин байдаг гэх албан ёсны хаяг: Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Хийморь хотхон, Б жигүүр бөгөөд утас-89185458, 77100068, цахим хаяг [email protected] болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэхь хэсэгт зааснаар “Linemedia” ХХК /РД: 5872928/, захирал Алтайгийн Насанбатыг эрэн сурвалжилсугай.
2. “Linemedia” ХХК /РД: 5872928/, захирал Алтайгийн Насанбатыг эрэн сурвалжлах ажиллагааг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4. Шийдвэрийг нэхэмжлэгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР