Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/72

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж

Нарийн бичгийн дарга                             М.Баярмэнд

Улсын яллагч                                             Б.*******

Хохирогч                                                     П.*******

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч          Б.*******

Шүүгдэгч                                                       Б.*******

                                                                        Д.*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                 Б.*******

                                                                        В.*******

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-д, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Б.*******, Д.******* нарт холбогдох 2123000840014 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.          

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1992 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Завхан аймгийн Идэр суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамтаар Завхан аймаг Идэр сум багт оршин суух хаягтай, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* ******* овогт ын *******, Регистрийн дугаар:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1976 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Завхан аймгийн Тэлмэн суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бага боловсролтой мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамтаар Завхан аймаг Тэлмэн сум багт оршин суух хаягтай, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, овогт гийн *******, Регистрийн дугаар:

Шүүгдэгч Б.*******, Д.******* нар нь бүлэглэн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ой болох Завхан аймгийн Идэр сумын баг “Наян бугат” гэх газраас зөвшөөрөлгүйгээр 6.091 метр куб хэмжээтэй, хэрэглээний хуурай шинэс мод бэлтгэж, байгаль орчинд 1.849.099 /Нэг сая найман зуун дөчин есөн мянга ерэн ес/ төгрөгийн хохирол учруулсан,

Мөн яллагдагч Б.******* нь 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Завхан аймгийн Идэр сумын багийн нутаг “Наян бугат” гэх газарт хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдэх явцад ургаа модыг хөрөөдөж унагахдаа аюулгүй байдлыг хангаагүйн улмаас иргэн П. нь унаж буй модонд цохиулж улмаар уг цохиулах үед авсан гэмтлийн улмаас нас барсан буюу хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон,

Мөн яллагдагч Д.******* нь 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Завхан аймгийн Идэр сумын багийн нутаг “Наян бугат” гэх газарт хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдэх явцад яллагдагч Б.*******ийн хөрөөдсөн модыг түлхэж унагахдаа аюулгүй байдлыг хангаагүйн улмаас иргэн П. нь унаж буй модонд цохиулж нас барсан буюу хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт  тус тус холбогджээ.

Тэдний холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-д заасан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт хамаарч байна.

                 Шүүгдэгч нарыг  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:

Нэг. Шүүгдэгч Б.*******, Д.******* нар бүлэглэн улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ой Завхан аймгийн Идэр сумын багийн нутаг дэвсгэр *******ын “Наян бугат” гэх газраас 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр зохих зөвшөөрөлгүйгээр хэрэглээний  мод бэлтгэсэн хэргийн үйл баримт нь  улсын тусгай хамгаалалттай газрын ойгоос мод бэлтгэсэн талаар мэдүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******ын “...Завхан аймгийн Идэр сумын багийн нутаг “Наян бугат” гэх газар нь Отгонтэнгэрийн Улсын Тусгай хамгаалалттай газарт хамаардаг. Иргэдэд Улсын Тусгай хамгаалалттай газар нутгаас мод бэлтгэх эрх, зөвшөөрөл олгодоггүй. Харин аж ахуйн нэгжүүд тусгаарлалт хийж байж дараа нь мод бэлтгэх эрхтэй болно... Дээрх иргэд нь Улсын тусгай хамгаалалттай газар нутагт учруулсан хохирлоо төлж барагдуулаагүй байгаа... Би тухайн газар нутагт учруулсан хохирлыг нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлгээр,

Энэ талаар мэдүүлсэн гэрч Д.гийн “...******* манай байгууллагын ажилтан бол мөн  ...Тухайн өдөр буюу 2021 оны 06 дугаар сарын 28-наас 30-ны хооронд би манай байгууллага ямар нэгэн мод бэлтгэх ажлын талаар үүрэг чиглэл өгч холбогдоогүй... Тэр хүмүүсийн мод бэлтгэсэн талбай нь манай компанийн тусгаарлалт хийлгэсэн талбайн гадна талд юм байна лээ, манай тусгаарлалтын талбайгаас мод хийгээгүй...” гэсэн мэдүүлгээр,

  Гэрч С.ын “...Завхан аймгийн Идэр сумын багийн ******* гэх газрын зарим хэсэг буюу эх нь Улсын тусгай хамгаалалттай газарт хамаардаг. Тэр хүмүүс мод бэлтгэх зөвшөөрөл аваагүй. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт манай сумын Байгаль орчны улсын байцаагч болон байгаль хамгаалагч нар мод бэлтгэх эрх, зөвшөөрөл олгох эрх байхгүй...” гэсэн мэдүүлгээр болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийх явцад бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт, хэрэгт хураагдсан эд мөрийн баримт зэрэг  шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.*******, Д.******* нар нь зохих зөвшөөрөлгүй улсын тусгай хамгаалалттай газрын ойгоос хэрэглээний мод бэлтгэсэн үйлдлийн улмаас ойн санд 1.849.099 төгрөгийн хохирол учирсан нь Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын ойн ангийн шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 22 дугаартай “Мод бэлтгэсэн гэх Завхан аймгийн Идэр сумын багийн нутаг “Наян бугат” гэх газарт Отгонтэнгэрийн Улсын Тусгай Хамгаалалттай газрын сонгон шалгаруулалтад орсон ойн мэргэжлийн байгууллага цэвэрлэгээний огтлолт, цэвэрлэгээний ажил гэрээний дагуу хийж болно. Ой зохион байгуулалтын ажил 2013 онд хийгдсэн, нөөц тогтоогдсон. Тухайн мод бэлтгэсэн Завхан аймгийн Идэр сумын багийн нутаг “Наян бугат” гэх газар ойн сангийн 1 дүгээр мужлалд хамаарна. Завхан аймгийн Идэр сумын багийн нутаг “Наян бугат” гэх газар нь Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарна. Мод бэлтгэсэн гэх Завхан аймгийн Идэр сумын багийн нутаг “Наян бугат” гэх газарт 2002 онд ой хээрийн түймэрт шатсан ойн сан. Ойгоос мод бэлтгэх эрхийн бичиггүйгээр мод бэлтгэсэн үйлдэл нь Ойн тухай хуулийн 20.2.1, 35.4 дүгээр заалт зөрчсөн байна. Тухайн мод нь хэрэглээний хуурай мод, хэрэглээний зориулалттай бэлтгэсэн мод байна. Тухайн ойгоос хийж бэлтгэсэн дээрх моднуудын экологи, эдийн засгийн үнэлгээ нь Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны А/176-р тушаалыг үндэслэн экологи эдийн засгийн үнэлгээ тогтооход бүх төрлийн хуурай модны 1-р мужийн 1 м3 шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ нь хэрэглээний модонд 168.655 төгрөг, итгэлцүүр болох 1.8-аар үржин бодож 1 метр куб модны экологи эдийн засгийн үнэлгээ 303.579 төгрөг. Бэлтгэсэн 6.091 метр куб хэрэглээний модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 1.849.099 /Нэг сая найман зуун дөчин есөн мянга ерэн ес/ төгрөг болж байна” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна.

Хоёр. Шүүгдэгч  Б.*******, Д.******* нар тухайн цаг хугацаанд буюу 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Завхан аймгийн Идэр сумын багийн нутаг дэвсгэр *******ын “Наян бугат” гэх газрын ойгоос мод бэлтгэх явцдаа ургаа модыг хөрөөдөж унагахдаа П. нь унаж буй модны мөчирт цохиулж амь хохирсон  нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Тухайлбал: Энэ талаар мэдүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.*******гийн “...2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр орой 17 цагийн үед манай нөхөр ******* над руу залгаад “Хүүхдээ модонд цохиулчихлаа, яанаа хурдан ирээч” гэж хэлээд тасалсан. ...би  Идэр сумын эмнэлгийн машинтай тухайн “Наян бугат” гэх газар очсон. Намайг очиход манай хүү амьсгал хураачихсан гэрт оруулаад тавьчихсан байсан. ...Миний хүү аавтайгаа явж байгаад ийм зүйл болсон...” гэсэн мэдүүлгээр,

Тухайн үед ойгоос мод бэлтгэхдээ хохирогчийн модонд цохиулсныг харснаа мэдүүлсэн гэрч Д.ийн “...өдөр цайгаа уучихаад, ...16 цаг орчмын үед буцаад ууланд гарч модоо хийсэн. ...10 гаран мод тайраад байж байтал нэг мод унагаахаар болоод байж байтал Д.*******, түүний хүү П. нар ирж тухайн модыг түлхэлцсэн. ...Тэгээд модыг хөрөөдөөд манай нөхөр “Холдоцгоогоорой” гэж хэлсэн. Тэгээд ах бид хоёр барьж байсан модоо бариад эргээд харсан, тэгтэл ах “Ээ холддоггүй хүүхэд юм аа” гээд хэлэхээр нь би эргээд хартал ахын хүүхэд хагас суугаа байдалтай, яг ухаан алдах гээд манарсан байдалтай харагдсан. Тэгээд ах барьж аваад тэврээд сэгсрээд байсан. Тэгээд хамар болон амнаас нь цус гараад байсан. Тэгээд ах унасан газраас нь холдуулъя гээд хамт өргөлцөөд тухайн унасан газраас холгүйхэн газар тавьсан...” гэсэн мэдүүлгээр,

 Хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч  Б.*******ийн “...2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 16 цагаас 17 цагийн хооронд байх би модоо хөрөөдөж унагааж байсан. ******* ах, хүү нар миний унагааж байсан модыг хажуугаас нь модоор тулж байсан юм. ...мод унахад, унасан модны гишүү, мөчир хугарч үсрээд ийн толгой хэсэгт цохисон. Цохиулаад царай нь хөхөрчихсөн, унасан байсан мод налж хагас суугаа байдалтай ухаан алдсан байсан. Тэгээд тэндээс дээлэн дээр тавьж өргөөд гэр рүү авч явсан. Тэгээд сумын эмч ирж үзээд ийг нас барсан байна гэж хэлсэн... Бид нар хувиараа хэрэглээний мод бэлтгэж мод авдаг хүмүүст зарах гэж байсан юм...” гэсэн мэдүүлгээр,

Энэ талаар мэдүүлсэн  шүүгдэгч Д.*******ийн “...2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 15-18 цагийн хооронд ******* цахилгаан хөрөөгөөр нэг мод унагаах гээд хөрөөдөж байсан юм. *******ийн эхнэр, , бид 3 хөрөөдөж байгаа модыг нь цааш нь унагаах гээд модоор түлхэж байсан юм. Хөрөөдөж байгаа модны ...гишүүний хугархай дээрээс унаж ирээд манай хүү ийн толгой орой хэсэг зулай хэсэгт цохисон. Цохиулаад хагас суугаад ухаан алдсан юм. Ухаан алдаад сэргэхгүй, хамар амны нүхнээс цус гарсан байсан. Тэгээд тэндээс нь өмсөж байсан куртикэн дээр нь тавиад өргөж яваад доош уруудаад гэрт аваачаад байлгаж байтал сумын эмч ирж үзээд нас барсан байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.*******, Д.******* нарын болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь хохирсон нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн  №000000041 дугаартай “...Амь хохирогч П.ийн биед үүссэн гэмтлүүд нь хатуу мохоо зүйлээр нэг удаа толгойн орой хэсэгт хүчтэй цохилтын улмаас үүснэ. ...Амь хохирогч П. нь тархины аалзан бүрхүүлийн цус харвалт, ховдлын цус харвалт, суурь ясны шугаман хугарлын улмаас амьсгал, зүрх судасны дутагдлаар нас барсан байна. Амь насыг аврах боломжгүй гэмтэл байна...” гэсэн дүгнэлтээр, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийх явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт, цогцост хийсэн үзлэгийн тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн  нотлох баримтуудаар тогтоогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчилгүй энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг  зөрчөөгүй энэ хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийг нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарыг гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан ба дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй тэдний үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

 Монгол Улсын Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.7-д зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэхийг хориглосон ба мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.4.2-д зохих ...зөвшөөрөлгүйгээр  шинэс мод бэлтгэснийг хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзэхээр  байна.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг,  Ойн тухай хуулийн  8 дугаар зүйл болон энэ хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт зааснаар иргэн зохих зөвшөөрөл авсны үндсэн дээр ойд мод бэлтгэх эрхтэй ба Ойн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн 20.1.4-д зааснаар иргэн ахуйн хэрэглээнд шаардагдах мод бэлтгэх хүсэлтээ ойн анги /байхгүй бол тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч/-д гаргаж, сумын эрх бүхий албан тушаалтан мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээг энэ хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасны дагуу тухайн иргэнд олгох талаар зохицуулсан.

 Шүүгдэгч Д.*******ийн өмгөөлөгч В.******* гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдаанд “Ойн тухай хуульд ойгоос мод бэлтгэхдээ унанги  мод, үзүүр мод бэлтгэх боломжтой гэж үзэж байна. Огт мод бэлтгэдэггүй гэсэн үг биш анхаарч үзэх шаардлагатай. Ургах боломжгүй болсон модыг ой цэвэрлэх зорилгоор огтолж цэвэрлэдэг.  Д.*******ийн үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон гэж үзэхгүй мод түлхсэн нь хүн нас барахад шалтгаант холбоотой эсэх, мод түлхсэнээс болж хор уршиг үүсээгүй гэж үзэж байгаа шүүгдэгчийг гэм буруутай эсэхэд эргэлзээтэй” гэсэн дүгнэлтийг гаргаж байна.

Шүүгдэгч Б.*******, Д.******* нар улсын тусгай хамгаалалттай газрын ойд хэрэглээний мод бэлтгэх зорилгоор санаа зорилгоороо нэгдэн зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн нь “Хүрээлэн байгаа орчны эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд тухайн бүлгийн гэмт хэргүүдээс “хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг нь зохих зөвшөөрөлтэй, гарал үүслийн гэрчилгээтэй хүн, хуулийн этгээд  ойд мод бэлтгэх ба дээрх зөвшөөрөл гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэсэн бол хэнийг ч хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нарын  холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “хууль бусаар мод бэлтгэх”   гэмт хэрэг  нь  хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийснээрээ төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй. Шүүгдэгч нар дээрх ой болох улсын тусгай хамгаалалттай газраас мод бэлтгэснээр хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг төгссөн гэж үзлээ.

Шүүгдэгч Б.*******, Д.******* нар бүлэглэн улсын тусгай хамгаалалтай газрын ойгоос зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсч үйлдсэн дээрх нөхцөлд байдалд зориуд хүргэсэн Эрүүгийн  хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хууль бус үйлдэл үр дагавар байгаль орчинд учруулсан хохирол хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой тул Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-д заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Мод бэлтгэх явцдаа ургаа модыг хөрөөдөх түлхэх үйлдлийн улмаас модны мөчир цохиж хүний амь хохирсон энэхүү хууль бус үйлдлийн улмаас хохирол хор уршиг учрах боломжтойг мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсоны эсхүл хохирол хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй аюулгүй байдлаа хангаагүйн улмаас хүний амь хохирч хохирол, хор уршиг учирсан Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэр учир Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж дүгнэлээ.

 Иймд шүүгдэгч Б.*******, Д.******* нарыг бүлэглэн улсын тусгай хамгаалалтай газраас хууль бусаар мод бэлтгэсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм  буруутайд тус тус тооцлоо.

                                        Гурав. Хохирол тооцсон талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар гэм буруутай этгээд хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.******* шүүгдэгч Б.*******оос амь хохирогчийн оршуулгатай холбогдон гарсан зардалд 8043224 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. 

Шүүгдэгч Б.******* нь хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1000000 төгрөг төлсөн нь дансны хуулга болон хохирогчийн мэдүүлгээр тогтоогдсон бөгөөд хохирогч П.*******гийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн зарлагын 2 ширхэг баримтыг тооцон дүгнэхэд 324480 төгрөгийн баримт байна.  Б.*******оос амь хохирогчийн оршуулгатай холбогдон гарсан зардалд 8043224 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа боловч хэрэгт энэ талаарх баримт  авагдаагүй ирүүлээгүй байна. Иймд хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Харин Б.*******, Д.******* нарын зохих зөвшөөрөлгүйгээр улсын тусгай хамгаалалтай газрын ойгоос хууль бусаар мод бэлтгэсэн үйлдлийн улмаас байгаль экологид учруулсан 1849099 төгрөгийн хохирлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д зааснаар экологи–эдийн засгийн үнэлгээг 3 /гурав/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1849099х3=5547297 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т зааснаар Байгаль орчин уур амьсгалын санд  оруулах  нь зүйтэй.

                           Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.*******, Д.******* нарыг бүлэглэн улсын тусгай хамгаалалтай газрын ойгоос хууль бусаар мод бэлтгэсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.*******, Д.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,  мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“  гэж тус  тус  заасныг үндэслэв.

Шүүгдэгч Б.*******, Д.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Б.*******, Д.******* нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-д зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн тус бүр ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.*******, Д.******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-д зааснаар 1 /нэг/ жилийн зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.******* нь Завхан аймгийн  Идэр  суманд оршин суух хаягтай, шүүгдэгч Д.******* нь Завхан аймгийн Тэлмэн суманд оршин суух хаягтай болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.*******ийг 2 жилийн хугацаагаар Завхан аймгийн Идэр сумаас, шүүгдэгч Д.*******ийг 2 жилийн хугацаагаар Завхан аймгийн Тэлмэн сумаас гадагш зорчих эрхийг хязгаарлах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.*******, Д.******* нарт дээрх тогтоосон чиглэлээр зорчих эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хүлээлгэх нь зүйтэй.

Шүүгдэгч Б.*******, Д.******* нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.*******, Д.******* нарын эд хөрөнгөөс хохирол хор уршгийг нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжилсэн Д.*******ийн хээр зүсмийн морийг, Б.*******ийн бор зүсмийн морийг прокурорын тогтоолоор тус тус битүүмжилжээ. 

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхдээ дээрх морьдийг уналга болгон ашигласан бол заавал хураахаар заасан бөгөөд тэдний 2 тооны морийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэж үзэхээргүй  байна.

Иймд шүүгдэгч Д.*******ийн хээр зүсмийн морь, Б.*******ийн бор зүсмийн морийг тус тус битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Б.*******ийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан БНХАУ-д үйлдвэрлэгдсэн улаан өнгийн цахилгаан хөрөө 1 ширхэг, 6.091 метр куб хэмжээтэй, хэрэглээний хуурай 25 ширхэг шинэс модыг тус тус улсын орлого болгож, амь хохирогч П.ийн толгойн тус газарт цохигдсон гэх тус бүр нь 160 см урттай 3 ширхэг модны мөчрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.*******, Д.******* нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний үнэмлэх хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд    

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.1, 1.2, 1.5, 1.6, 1.7, 1.8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх  хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* ******* овогт ын *******, овогт гийн ******* нарыг бүлэглэн улсын тусгай хамгаалалтай газраас хууль бусаар мод бэлтгэсэн буюу Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм  буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Б.*******, Д.******* нарт Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-д зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.*******, Д.******* нарт оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-д зааснаар 1 /нэг/ жилийн зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ийг Завхан аймгийн Идэр сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчихыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Д.*******ийг Завхан аймгийн Тэлмэн сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчихыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тус тус   хориглож, шүүгдэгч нарт тогтоосон чиглэлээр зорчих эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хүлээлгэсүгэй. 

5. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******, Д.******* нарыг зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялыг нэг хоногоор тооцож солихыг тэдэнд анхааруулсугай.

 6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгч Б.*******, Д.******* нарт зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан хугацаанд хяналт тавьж ажиллахыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгч  Б.******* нь 1000000 төгрөг төлснийг дурдаж, амь хохирогчийн оршуулгатай холбогдон гарсан зардал 8043224 төгрөгийг шүүгдэгч Б.*******оос гаргуулахаар нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгосугай.

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан яллагдагч Б.*******ийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан БНХАУ-д үйлдвэрлэгдсэн улаан өнгийн цахилгаан хөрөө 1 ширхэг, 6.091 метр куб хэмжээтэй, хэрэглээний хуурай 25 ширхэг шинэс модыг тус тус улсын орлого болгож, амь хохирогч П.ийн толгойн тус газарт цохигдсон гэх тус бүр нь 160 см урттай 3 ширхэг модны мөчрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

9. Шүүгдэгч Д.*******ийн эзэмшлээс 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 27 дугаар прокурорын тогтоолоор битүүмжилсэн хээр зүсмийн морийг, шүүгдэгч Б.*******ийн эзэмшлээс 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 02 дугаар прокурорын тогтоолоор битүүмжилсэн бор зүсмийн морийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

10. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-т тус тус зааснаар шүүгдэгч Б.*******, Д.******* нараас 5547297 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т зааснаар  Байгаль орчин уур амьсгалын санд  оруулсугай.

11. Хохирогч П.******* нь шүүгдэгч Д.*******аас гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

12. Шүүгдэгч  Б.*******, Д.******* нарт өмнөх авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

13. Шүүгдэгч Б.*******, Д.******* нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

14. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

15. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч зөвхөн иргэний нэхэмжлэгчтэй холбогдох хэсэгт  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ДЭЛГЭРМАА