| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2021/1008/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/172 |
| Огноо | 2022-02-09 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | А.Марал |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 2022/ШЦТ/172
2022 02 09 2022/ШЦТ/172
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,
улсын яллагч А.Марал,
шүүгдэгч Л.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Л.Г т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2106 04205 0027 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.Г нь 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2 дугаар байрны орцонд гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Д.Д гийн толгой, нүүр хэсэгт гараараа цохиж биед эрүү, хамрын зөөлөн эдийн няцрал цус хуралт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Г мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Хохирогч Д.Д мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “2021 оны 11 дүгээр сарын 21-ний шөнө 01 цагийн үед би өөрийн найзуудын хамтаар Гачууртад сургалтанд сууж тарчихаад байж байсан чинь манай нөхөр болох Л.Г нь согтуу, өөрийн Н гэх найзтайгаа хамт машинтай хүрч ирээд намайг янхан банзал, намайг хардаад чиний сургалтад сууна гэж юу байдаг юм гэж орилж чарлаад намайг машиндаа суулгаж авч яваад машин дотроо миний толгой руу маш олон удаа цохиж би цагдаа дуудах гэсэн чинь миний утсыг булааж авчихаад байсан. Тэгээд манай байрны гадаа ирээд гэрийн орцонд оруулаад намайг зодоод, би цагдаа дуудаад өгөөч гээд орилж байсан чинь гэрт маань байсан миний 25 настай төрсөн охин маань гэрээс гарч ирээд бид хоёрыг гэрт оруулсан. Тэгээд гэрт ороод охиныг маань цагдаа дуудвал ална шүү гэж дарамтлаад утсыг нь булаагаад авчихсан. Тэгээд охин маань тэр хүнтэй ноцолдож байгаад утсаа аваад цагдаад дуудлага өгсөн чинь Л.Г гараад зугатаачихсан. Бид 2 гэрлэлтээ батлуулаагүй. Хамтран амьдраад 8 жил болж байна. Дундаасаа 7 настай 1 хүүхэдтэй... Намайг машинд үсдэж хүчээр оруулаад миний толгой нүүр хэсэг рүү маш олон удаа гараа атгаж байгаад зодож цохисон. Миний хоолойг багалзуурдсан, хамарнаас маш их цус гараад хувцас маань маш их цус болсон. Миний хамар маань гэмтэж маш их цус гараад хувцас маань маш их цус болсон миний эрүү хэсэг болон баруун талын шанаа хөхөрч хавдсан байна... Нөхөр маань түрүү жил 2 удаа зодоод би цагдаад 2 удаа барьж өгөөд эрүүлжүүлэхэд өгч байсан. Тэгээд өглөө эрүүлжүүлэхээс гарч ирээд цагдаа нар чинь надад нөлөөлөхгүй шүү гэж дарамталдаг. Нөхөр маань намайг байнга хардаж сэрдэж мөрдөж мөшгидөг. Намайг хүмүүстэй огт уулзуулдаггүй. Би энэ байдлыг таслан зогсоомоор байна...”, “...Дандаа л толгой руу цохисон, уруулын дотор талд язарсан эрүүний мах дотор талдаа тасарсан юм шиг байна, тархи хөдөлсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-7, 26-27/,
- Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 8/,
- Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны үе мэдүүлэхдээ: “2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр манай ээж Д надруу залгаад Г ах нь гэртээ байна уу? намайг дарамтлаад байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Г ах гэртээ ирээгүй гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд тухайн шөнө 03 цагийн үед манай байрны орцонд хүн орилоод хашгирах, шатны бариул дуугарах чимээ гарсан. Тэгэхээр нь би сэрээд гэрийнхээ хаалга хэсэг рүү дөхөөд чимээг нь чагнасан. Тэгээд сонсож байсан чинь манай хойд аав болох Г ийн хоолой байх шиг байсан. Тэгэхээр нь би хувцасаа өмсөөд гэрээсээ гараад хартал 1-2 давхарын шатны хэсэгт Г нь согтуу манай ээжийг дарамталсан байдалтай, зодчихсон гэрт нь оруулахгүй байдалтай зогсож байсан. Тэгээд би шууд тухайн нөхцөл байдлыг хараад цагдаа дуудах гэж оролдоход Г нь миний утсыг булааж авсан. Тэгээд дахин ноцолдоод ээж бид 2 Г ийг гэрээсээ гаргаж чадсан бөгөөд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Намайг гэрээсээ гарч харахад манай ээжийн хамар нь маш том хавдсан байсан. Эрүү нь цохиулаад хавдаж хөхөрсөн байсан. Мөн манай ээжийн толгойтой үс нь туг тугаараа унасан. Бүх хувцас болон цүнх эд зүйлс нь цус болчихсон байсан. Мөн манай ээжийн хоолойг багалзуурдсан бололтой улайсан байсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10/,
- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Б.Даваасүрэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 11620 дугаар:
1. Д.Д гийн биед эрүү, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” Гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/,
- Урьд Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49/,
- Яллагдагч Л.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “..2021 оны 11 дүгээр сарын 20-ны өглөө манай эхнэр Гачуурт руу сургалтанд явсан бөгөөд би 16 цагийн орчимд архи уусан. Тэгээд орой 22 цагийн орчимд эхнэрийгээ тосохоор Гачуурт руу Н гэх таньдаг хүнээ гуйгаад явсан бөгөөд Гачууртад очиход манай эхнэр өөдөөс гарч ирсэн. Тухайн үед эхнэр архи согтууруулах ундааны зүйл бага зэрэг хэрэглэсэн байхаар нь би эхнэртээ “чи сургалтанд явлаа гэчихээд уулаа” гээд жоохон уурласан. Түүнээс болж маргаан үүсээд эхнэр бид 2 машинд суугаад Улаанбаатар хот руу явсан бөгөөд би машинд явж байхдаа эхнэрт уурлаад үснээс нь зулгааж, гараараа нүүр хэсэг рүү нь цохичихсон. Тэгээд эхнэрийн хамарнаас цус гарсан. Тэгээд гэрийнхээ орц руу ороод дахин маргалдаад би эхнэрийгээ цохисон бөгөөд манай охин Бадамханд гарч ирээд цагдаад дуудлага өгсөн. Би өөрийн гэм буруугаа маш сайн ойлгож хүлээн зөвшөөрч байгаа. Эхнэрийгээ зодсон гэм буруугаа ойлгож, энэ байдалд үнэхээр харамсаж байна..” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Л.Г нь 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2 дугаар байрны орцонд гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Д.Д гийн толгой, нүүр хэсэгт гараараа цохиж биед эрүү, хамрын зөөлөн эдийн няцрал цус хуралт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Л.Г нь 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2 дугаар байрны орцонд гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Д.Д гийн толгой, нүүр хэсэгт гараараа цохиж биед эрүү, хамрын зөөлөн эдийн няцрал цус хуралт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь:
- Хохирогч Д.Д мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2021 оны 11 дүгээр сарын 21-ний шөнө 01 цагийн үед би өөрийн найзуудын хамтаар Гачууртад сургалтанд сууж тарчихаад байж байсан чинь манай нөхөр болох Л.Г нь согтуу өөрийн Н гэх найзтайгаа хамт машинтай хүрч ирээд намайг янхан банзал, намайг хардаад “чиний сургалтад сууна гэж юу байдаг юм” гэж орилж чарлаад намайг машиндаа суулгаж авч яваад машин дотроо миний толгой руу маш олон удаа цохиж би цагдаа дуудах гэсэн чинь миний утсыг булааж авчихаад байсан. Тэгээд манай байрны гадаа ирээд гэрийн орцонд оруулаад намайг зодоод би цагдаа дуудаад өгөөч гээд орилж байсан чинь гэрт маань байсан миний 25 настай төрсөн охин маань гэрээс гарч ирээд бид хоёрыг гэрт оруулсан. Тэгээд гэрт ороод охиныг маань цагдаа дуудвал ална шүү гэж дарамтлаад утсыг нь булаагаад авчихсан. Тэгээд охин маань тэр хүнтэй ноцолдож байгаад утсаа аваад цагдаад дуудлага өгсөн чинь Л.Г гараад зугатаачихсан. Бид 2 гэрлэлтээ батлуулаагүй. Хамтран амьдраад 8 жил болж байна. Дундаасаа 7 настай 1 хүүхэдтэй... Намайг машинд үсдэж хүчээр оруулаад миний толгой нүүр хэсэг рүү маш олог удаа гараа атгаж байгаад зодож цохисон. Миний хоолойг багалзуурдсан, хамарнаас маш их цус гараад хувцас маань маш их цус болсон. Миний хамар маань гэмтэж маш их цус гараад хувцас маань маш их цус болсон миний эрүү хэсэг болон баруун талын шанаа хөхөрч хавдсан байна... Нөхөр маань түрүү жил 2 удаа зодоод би цагдаад 2 удаа барьж өгөөд эрүүлжүүлэхэд өгч байсан. Тэгээд өглөө эрүүлжүүлэхээс гарч ирээд цагдаа нар чинь надад нөлөөлөхгүй шүү гэж дарамталдаг. Нөхөр маань намайг байнга хардаж сэрдэж мөрдөж мөшгидөг. Намайг хүмүүстэй огт уулзуулдаггүй. Би энэ байдлыг таслан зогсоомоор байна...”, “...Дандаа л толгой руу цохисон, уруулын дотор талд язарсан эрүүний мах дотор талдаа тасарсан юм шиг байна, тархи хөдөлсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-7, 26-27/,
- Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 8/,
- Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны үе мэдүүлсэн: ... Тэгэхээр нь би хувцасаа өмсөөд гэрээсээ гараад хартал 1-2 давхарын шатны хэсэгт Г нь согтуу манай ээжийг дарамталсан байдалтай, зодчихсон гэрт нь оруулахгүй байдалтай зогсож байсан. Тэгээд би шууд тухайн нөхцөл байдлыг хараад цагдаа дуудах гэж оролдоход Г нь миний утсыг булааж авсан. Тэгээд дахин ноцолдоод ээж бид 2 Г ийг гэрээсээ гаргаж чадсан бөгөөд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Намайг гэрээсээ гарч харахад манай ээжийн хамар нь маш том хавдсан байсан. Эрүү нь цохиулаад хавдаж хөхөрсөн байсан. Мөн манай ээжийн толгойтой үс нь туг тугаараа унасан. Бүх хувцас болон цүнх эд зүйлс нь цус болчихсон байсан. Мөн манай ээжийн хоолойг багалзуурдсан бололтой улайсан байсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10/,
- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Рүрээлэнгийн шинжээч эмч Б.Даваасүрэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 11620 дугаар:
1. Д.Д гийн биед эрүү, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” Гэх дүгнэлт /хх-ийн 19-20/,
- Яллагдагч Л.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2021 оны 11 дүгээр сарын 20-ны өглөө манай эхнэр Гачуурт руу сургалтанд явсан бөгөөд би 16 цагийн орчимд архи уусан. Тэгээд орой 22 цагийн орчимд эхнэрийгээ тосохоор Гачуурт руу Н гэх таньдаг хүнээ гуйгаад явсан бөгөөд Гачууртад очиход манай эхнэр өөдөөс гарч ирсэн. Тухайн үед эхнэр архи согтууруулах ундааны зүйл бага зэрэг хэрэглэсэн байхаар нь би эхнэртээ чи сургалтанд явлаа гэчихээд уулаа гээд жоохон уурласан. Түүнээс болж маргаан үүсээд эхнэр бид 2 машинд суугаад Улаанбаатар хот руу явсан бөгөөд би машинд явж байхдаа эхнэрт уурлаад үснээс нь зулгааж, гараараа нүүр хэсэг рүү нь цохичихсон. Тэгээд эхнэрийн хамарнаас цус гарсан. Тэгээд гэрийнхээ орц руу ороод дахин маргалдаад би эхнэрийгээ цохисон бөгөөд манай охин Бадамханд гарч ирээд цагдаад дуудлага өгсөн. Би өөрийн гэм буруугаа маш сайн ойлгож хүлээн зөвшөөрч байгаа. Эхнэрийгээ зодсон гэм буруугаа ойлгож, энэ байдалд үнэхээр харамсаж байна..” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Л.Г ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Хохирогч Д.Д гомдол саналгүй, хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч Л.Г нь бусдад төлөх төлбөргүй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Л.Г т ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан шүүгдэгчид торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй,хохирогч хохирол нэхэмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Л.Г ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Л.Г т оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоож, Л.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, Л.Г т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА