Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 2129

 

К ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2017/02112 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч К ХХК,

Хариуцагч Х.Нд холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 4 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагч Х.Нгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жанчив,

Хариуцагч Х.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жанчив шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Н нь манай компаниас 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 250 000 төгрөг, мөн сарын 29-ний өдөр 100 000 төгрөг, мөн оны 10 дугаар сарын 09-ний өдөр 2 150 000 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 2 000 000 төгрөгийг, нийт 4 500 000 төгрөгийг зээлсэн болно. Тэрээр зээлсэн мөнгөө төлөх талаар ямар нэгэн арга хэмжээ авахгүй байна. Х.Н нь зээл хүсэхдээ Хаан банк ХХК-аас аваагүй байгаа цалингаа аваад энэ зээлээ эргүүлэн төлнө гэж тайлбарлаж байсан бөгөөд Хаан банк ХХК-д гаргасан хүсэлтээ үзүүлж байсан болно. Зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул хүү нэхэмжлэхгүй, иймд хариуцагч Х.Нгээс үндсэн зээл 4 500 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний өмгөөлөгч Л.Сарангуа шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн зүгээс Х.Н намайг зээл хүсэхдээ Хаан банк ХХК-д гаргасан хүсэлтээ үзүүлсэн, мөн 2014 онд 2 500 000 төгрөг, 2015 онд 2 000 000 төгрөг зээлж авсан гээд хавсаргасан зарлагын баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Бид хэд компьютер график дизайны анги төгссөн мэргэжил нэгтэй хүмүүс. Ямар бичиг баримт дээр ямар засвар орсныг мэдэх боломжтой. 2013 оны баримтыг 2015 он болгоод зассан байна. Сайн харвал арын таталт нь арай өөр байгаа. Үүнийг шалгуулахаар шинжээч томилуулахаар хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хүлээж авсангүй. 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдөр би ажил дээр байгаагүй, талийгаачийн газрыг очиж цэвэрлэх зан үйл хийхээр Өлзийт рүү явсан байсан. Энэ үед би эднийд очиж мөнгө зээлсэн зүйл байхгүй. Нотлох баримт болгож миний нэр дээрх болон байгууллагын дансны хуулгыг өгсөн байгаа. Тэрэн дээр эднийхээс надад мөнгө авах шаардлага байсан уу, үгүй юу гэдэг нь харагдана. Тиймээс нэхэмжлэгчээс мөнгө хүлээж авах боломж байхгүй гэж үзэж байгаа.

4 500 000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага нь 2014 оноос 2015 оны хооронд хамаарч байна гэж нэхэмжлэгч бичсэн. Зээлдүүлсэн гэх 2 500 000 төгрөг, 100 000 төгрөг, 2 150 000 төгрөг нь кассын дэвтэр гэх компанийн хөтөлдөг дэвтэр дээр бичигдсэн гэж хэлээд байгаа. Энэ кассын дэвтэр нь нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа. Яагаад гэхээр энэ дэвтэрт мөнгийг зээлсэн, зээлдүүлсэн хүний гарын үсэг байхгүй. 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 2 000 000 төгрөгийн тухайд бид нар удаа дараа хэлж байгаа. Ийм баримт огт үйлдээгүй 2013 оны баримтыг 2015 он гэж зассан байна.

Дээрээс нь энэ 4 500 000 төгрөгийг би хүлээн зөвшөөрөхгүй, би энэ мөнгийг зээлж аваагүй гэж хариуцагч хэлж байгаа. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд зааснаар санхүүгийн анхан шатны баримт гэж юуг хэлэх вэ гэхээр ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог хэлж байгаа. Мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно, 7 дугаар зүйлийн 7.5 дахь хэсэгт заасан анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно, 9 дүгээр зүйлд тухайн аж ахуйн нэгж ямар нэгэн өр төлбөртэй гэж байгаа бол аж ахуйн нэгж байгууллага нь түүндээ өр төлбөрөө нягтлан бодох бүртгэлийн Олон улсын стандартын дагуу тусгах ёстой.

Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Тэгэхээр энэ баримт хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв гэж үзэхэд эргэлзээтэй байна. Тиймээс Иргэний хуулийн 282 дугаар зүйл 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгө буюу эд зүйлийг зээлдэгчид шилжүүлснээр зээлийн гэрээ байгуулсанд тооцно гэсний дагуу зээлийн гэрээний зүйлээ шижлүүлсэн нь тодорхой бус байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсгэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.Нгээс 2 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч К ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 500 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 86 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Нгээс 46 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Х.Н давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй тул шударга бус шийдвэр боллоо гэж үзэн шийдвэрээс 2 000 000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн хэсгийг зөвшөөрөхгүй байна. Миний бие энэ компаниас ямар нэгэн зээл авч байгаагүй. Компьютер графикийн анги төгссөн бид хамтран ажиллаж байсан нь үнэн.

Кассын дэвтэрт бичигдсэн 2 500 000 төгрөгийн хувьд шүүх үндэслэлтэй зөв шийдэрлэсэн, харин 2 000 000 төгрөг “Нямсүрэн зээл” гэж бичигдсэн баримт нь үнэн зөв эсэхэд эргэлзээ байхад шүүх үнэлж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна. Энэ баримтыг би хуурамч гэж үзэж байгаа. Баримтын баруун өнцөгт 2013 он гэснийг 2015 он болгож зассан байна.

Миний гарын үсгийг магадгүй комьютер графикийн аргаар энэ баримтад ашигласан. Гэхдээ би гарын үсгийг шинжилсэн шинжээчийн дүгнэлтийг зөв гэж үзэхгүй байгаа бөгөөд шинжээчийн дүгнэлтийг шүүх хөдөлбөргүй үнэн зөв баримт гэж үздэггүй гэж итгэж байна. 2015 оны 7 дугаар сард надад компаниас мөнгө зээлэх шаардлага байгаагүй гэдгээ нотлохын тулд би өөрийн банкны хуулгыг баримт болгон шүүхэд гаргасан ба нэхэмжлэгчийн миний Хаан банк ХХК-д гаргаж байсан өргөдлийг ашигласан нь үндэслэлгүй бөгөөд 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 14 000 000 төгрөгийг Хаан банк ХХК-аас авчихсан байсан.

Хэрэв компанийн зүгээс надад зээл олгосон бол ийм баримт бичиж олгохгүй. Учир нь, Нябо бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн зөв гаргах үндэслэл болно. Анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно гэх бөгөөд компанийн анхан шатны баримт эсэх талаар шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч хариулахгүй гэсэн тайлбар өгсөн. Мөн байгууллага тайлан балансдаа хэрхэн тусгасан талаар баримт гаргаж өгөөгүй. Хэрэв компани надад ийм хэмжээний зээл олгосон бол зээлийн гэрээ байгуулах, зээлийн гэрээний хугацааны талаар тохиролцох байсан.

Энэ талаар Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4, 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэг зөрчигдсөн. Надаас зээлээ төлөхийг шаардаж байсан бол ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгүүлж, цалин хөлс бодохгүй байсан. К ХХК-ийн шүүхэд гаргаж өгсөн баримтууд дотор нэгээс бусад нь эх хувиар ирсэн баримтууд байдаг. Хуулбар хувиар ирсэн нэг баримт нь 2 000 000 төгрөгийн бэлэн мөнгөний зарлагын баримт юм. Хэд хэдэн удаагийн хуралдаанаар тухайн баримтын эх хувийг гаргаж өгөхийг хүссэн боловч К ХХК гаргаж үзүүлээгүй бөгөөд миний бие хуулбар баримтыг хуурамчаар гарын үсэг үйлдсэн байх өндөр магадлалтай хэмээн үзэж шинжилгээнд оруулж өгөхийг хүссэн билээ.

Гэвч нэхэмжлэгч байгууллага эх хувийн баримтыг надад болон миний өмгөөлөгчид огт үзүүлэлгүй гарын үсгийн загварыг шинжилгээнд өгсөн байсан. Шинжилгээний хариутай хамт эх хувийн баримтыг хавсаргасан байсантай танилцсан юм. Эх хувийн баримтын дээд хэсэгт 2013 он гэсэн огноо хэсгийн 3-ын тоог 5 буюу 2015 он болгож гараар засварласан байгаа нь ил харагдах бөгөөд нэхэмжлэгч байгууллага санаатайгаар эх хувийн баримтыг шүүхэд өгөлгүй хуулбар баримтыг хавтас хэрэгт өгсөн байгаа нь илт байна. Иймд шүүх эргэлзээ бүхий үнэн зөв бус баримтыг үнэлж, нэхэмжлэлийг хангасан нь шударга бус боллоо гэж үзэн гомдолтой байх тул нэхэмжлэлээс 2 000 000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч К ХХК нь хариуцагч Х.Нд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4 500 000 төгрөг гаргуулахаар шаардаж, үндэслэлээ хариуцагч нь манай компаниас 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 250 000 төгрөг, мөн сарын 29-ний өдөр 100 000 төгрөг, мөн оны 10 дугаар сарын 09-ний өдөр 2 150 000 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 2 000 000 төгрөгийг тус тус зээлснээ төлөөгүй гэснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, нэхэмжлэгчээс мөнгө зээлээгүй, бидний хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй, баримт дээрх гарын үсэг минийх гэдэг нь эргэлзээтэй байна гэж маргажээ.

Хариуцагч Х.Н 2 000 000 төгрөгийг  2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн “Бэлэн мөнгөний зарлагын баримт”-аар /хх 57/ хүлээн авч, гарын үсэг зурсан бичгийн баримт хэрэгт авагдсан ба уг баримт дээрх гарын үсэг хариуцагч Х.Нгийнхтэй тохирч байгааг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 3089 дүгээр дүгнэлтээр /хх 52-67/ тогтоосон тул 2 000 000 төгрөгийг зээлдүүлсэн гэх нэхэмжлэгчийн тайлбар хэргийн баримтаар тогтоогдсон гэж үзэх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийг буцаан шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн, шүүхийн энэ талаарх дүгнэлт зөв, хариуцагчийн энэ үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.  

Харин нэхэмжлэгч тал 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 250 000 төгрөг, мөн сарын 29-ний өдөр 100 000 төгрөг, мөн оны 10 дугаар сарын 09-ний өдөр 2 150 000 төгрөгийг тус тус хариуцагчид хүлээлгэн өгсөн гэж шүүхэд “Кассын дэвтэр”-ийг баримтаар ирүүлсэн боловч мөнгийг хүлээн авснаа зөвшөөрч хариуцагч гарын үсэг зураагүй, нэг талын баримт байх тул мөнгө хүлээлгэн өгснийг эргэлзээгүйгээр нотолж чадахгүй тул нэхэмжлэлийн энэ хэсгийг хангах үндэслэлгүй.

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 2 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгон, үлдэх 2 500 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй бөгөөд хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журамд нийцүүлэн зөв үнэлсэн гэж үзнэ.

            Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Х.Нгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянгол дүүргийн шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2017/02112 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Х.Нгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х.Нгээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Н.БАТЗОРИГ

                        ШҮҮГЧИД                                           Ч.ЦЭНД

                                                                                    А.ОТГОНЦЭЦЭГ