Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Чулууны Тунгалаг |
Хэргийн индекс | 128/2016/0583/З/ |
Дугаар | 32 |
Огноо | 2017-01-30 |
Маргааны төрөл | Татвар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 32
“Си Эф Си групп” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Б.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга З.Оюунгэрэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Гарьд нарыг оролцуулан, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 666 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 733 дугаар магадлалтай, “Си Эф Си групп” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 666 дугаар шийдвэрээр Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 18 дугаар зүйлийн 18.1.1, 29 дүгээр зүйлийн 29.1.1, 74 дүгээр зүйлийн 74.1.4, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 13 дугаар зүйлийн 13.11, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3-т заасныг тус тус баримтлан Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2012 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 352557 дугаар актаар “Си Эф Си групп” ХХК-аар төлүүлэхээр тогтоосон төлбөрөөс 46.613.400 төгрөгийн торгууль, 11.712.000 төгрөгийн алданги, 218.600 хүү, нийт 58.544.000 төгрөгийн төлбөрийг өршөөн хэлтрүүлж, үлдэх 140.275.100 төгрөгийн нөхөн татварыг төлүүлэхээр тогтоож шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлоор хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хянан хэлэлцээд 733 дугаар магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 666 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан “Си Эф Си групп” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст холбогдох Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2012 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 352557 дугаар актыг хүчингүй болгуулахыг хүссэн хэргийг хэрэгсэхгүй болгон, “Си Эф Си групп” ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдсэн байна.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Гарьд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 2012 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэс “Си Эф Си групп” ХХК-ийн санхүүгийн тайланд шалгалт хийж 352557 тоот хяналт шалгалтын актыг гаргасан байдаг. 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль батлагдсан. Тус хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “энэ хуулийн зорилт нь... зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 4 дүгээр зүйлийн 4.3-т “хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ”, 10 дугаар зүйлийн 10.2-т “энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамруулах үндэслэл нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна”, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т “татварыг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй татварын дүнд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна”, 74 дүгээр зүйлийн 74.3-т “энэ хуулийн 74.1, 74.2-т заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна” гэж тус тус заажээ.
Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдсантай холбогдуулан “Си Эф Си групп” ХХК нь маргаан бүхий захиргааны актыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгөхийг хүсч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст, нийслэлийн Татварын газарт болон Гааль, татварын ерөнхий газарт тус тус хандсан болно. Улмаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх маргаан бүхий захиргааны актыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч 58.540.000 төгрөгийн төлбөрийг өршөөн хэлтрүүлж, үлдэх хэсгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн.
Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хянавал:
Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйгээс шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлэн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь буруу байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй.
Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Баярнэмэх, Ц.Энхдэлгэр нар “Си Эф Си групп” ХХК-ийн 2010, 2011 онуудын татварын ногдуулалт, төлөлтийг шалгаж 2012 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 352557 дугаар актаар “нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй, дутуу ногдуулсан, үндэслэлгүйгээр хасалт хийсэн, албан татвар ногдуулах орлогыг үндэслэлгүйгээр бууруулсан, ногдуулсан татвараа хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй” гэх 1,668,892.7 мянган төгрөгийн зөрчил тогтоон, нөхөн татвар, торгууль, алданги, хүү нийт 198,819.1 мянган төгрөгийн төлбөр ногдуулсантай тус компанийн захирал Б.Ариунтуяа нь 2013 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр танилцаж, актыг мөн өдөр гардан авсан байх ба уг актыг захиргааны болон шүүхийн журмаар хянуулахаар гомдол, нэхэмжлэл гаргаагүй байна.
Нэхэмжлэгч нь дээрх актаар тавигдсан төлбөрөө төлөөгүй байсаар уг төлбөрийг 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр батлагдаж, мөн өдрөөс дагаж мөрдсөн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу “өршөөн хэлтрүүлүүлэх” хүсэлтийг Чингэлтэй дүүргийн болон нийслэлийн Татварын алба, Татварын ерөнхий газарт 2016 оны 5, 6 дугаар сард гаргасан бөгөөд тэдгээрээс “нөхөн татвар”-аа төлсөн тохиолдолд хүү, торгууль алдангийг “өршөөлд хамааруулах” үндэслэлтэйг нэхэмжлэгчид мэдэгдсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.
Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.6-д “татварын албанаас гаргасан акттай,... танилцах, үндэслэлгүй буюу хуульд нийцээгүй гэж үзвэл танилцсанаас хойш 30 хоногийн дотор гомдлоо захиргааны болон шүүхийн журмаар гаргах”, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 оны/ хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор... гомдлоо гаргана”, 12 дугаар зүйлийн 12.1-д “иргэн, хуулийн этгээд дараах тохиолдолд энэ хуулийн 6.1-д заасан хугацаанд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж тус тус зааж, шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн нь тухайн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болохоор мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.8-д зохицуулсан байна.
Иймээс, татварын улсын байцаагчийн 2012 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” 352557 дугаартай актыг хүчингүй болгуулахаар уг актыг хүлээн авснаас хойш 3 жил 5 сарын дараа буюу 2016 оны 6 дугаар 22-ны өдөр шүүхэд гаргасан “Си Эф Си групп” ХХК-ийн нэхэмжлэлээр анхан шатны шүүх 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр захиргааны хэрэг үүсгэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д заасантай нийцэхгүй, хуульд заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлэн гаргасан нэхэмжлэлийг хэрхэх талаарх хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглээгүй нь буруу тул давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасны дагуу энэ хэргийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Түүнчлэн нэхэмжлэгчийн “татварын улсын байцаагчийн актыг бүхэлд нь хүчингүй болгуулах” шаардлагыг шүүх хянан шийдвэрлэх хууль зүйн боломжгүй тул актаар ногдуулсан захиргааны шийтгэлийг өршөөн хэлтрүүлэхээр Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийг шүүхээс хэрэглэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлгэхээр гаргасан нэхэмжлэлийн өмгөөлөгчийн хяналтын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 733 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ