Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2017/01440

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 17 өдөр

  Дугаар 102/ШШ2017/01440

Улаанбаатар хот

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Хас банкны төв байранд байрлах, “Хас банк” ХХК /РД: 2578697/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, СВД, 3 дугаар байр, 42 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Нямын Уранцэцэг /РД: ХЕ69112461/-ийн

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, СВД, 3 дугаар байр, 42 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Насандэлгэрийн Сэргэлэн /РД: ЧГ67102914/ нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,472,349 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч, хянаад  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Хас банк” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Нямын Уранцэцэг нь 2014 оны 03 дугаар сарын 06-ны өдөр ХасБанктай 1060018372 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 2,000,000 төгрөгийн зээлийг жилийн 30 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Зээлдэгч нь зээлийн барьцаанд хөдлөх хөрөнгө болох зурган халаагуурыг барьцаалсан. Дээрх зээлийн гэрээнүүдэд Насандэлгэрийн Сэргэлэн нь хамтран буюу нөхөх хариуцлага хүлээх үүрэгтэй хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон. Зээлдэгч нь зээлийн 1060018372 дугаар зээлийн гэрээний гол нөхцөл болох 1 дүгээр хавсралтад заасан хуваарийн дагуу сар бүр зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч гэрээний үүргийг нийт 857 хоног хугацаа хэтрүүлж гэрээний үүргээ зөрчиж байна. Өнгөрсөн хугацаанд зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч нарт Банкны зүгээс гэрээний үүргээ биелүүлж, зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа сануулж мэдэгдэж байсан боловч утсаа авдаггүй, амласан хугацаандаа зээлийн төлбөрөө төлдөггүй гэрээний үүргээ биелүүлэх талаар идэвх санаачилга гаргалгүй өнөөдрийг хүрсэн. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.4, 225 дугаар зүйлийн 225.1,  225.2, 1060018372 дугаар зээлийн гэрээний 5.1.1-д тус тус заасныг үндэслэн Банк 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөр гэрээгээ нэг талын санаачилгаар цуцалж, дараах үнийн дүнгээр төлбөрийг гаргуулахаар нэхэмжилж байна. Иймд зээлийн нийт төлбөл зохих төлбөр 1,472,349 төгрөгийг зээлдэгчээс гаргуулах, шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээний дагуу барьцаалуулсан барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт зааж өгнө үү. Мөн зээлийн гэрээний 5.1, 5.1.1 заасны дагуу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж хүрэхгүй тохиолдолд зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн бусад хөрөнгө, орлогоос төлбөрийг барагдуулах талаар шүүхийн шийдвэрт зааж өгнө үү гэжээ. 

 

Хариуцагч Н.Уранцэцэг нь 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Н.Уранцэцэг би Хас банкнаас авсан лизингийн зээлийн үлдэгдэл болох 674,564 төгрөгийг хугацаанд нь барагдуулж чадаагүй учир нэхэмжлэгч талтай маргах шаардлагагүй, төлөх ёстой. 1,472,349 төгрөгийг төлж барагдуулна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Төлбөрийг сар бүр 100,000 төгрөгөөр төлж барагдуулах хүсэлтэй байна гэжээ.

 

Хариуцагч Н.Сэргэлэн нь 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хас банкны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тул төлбөрийг сар бүр 100,000 төгрөгөөр төлж барагдуулах хүсэлтэй байна. Бид хас банк ХХК-тай маргахгүй учраас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Хас банк” ХХК нь хариуцагч Н.Уранцэцэг, Н.Сэргэлэн нарт холбогдуулан тус шүүхэд Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,472,349 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх т тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Хариуцагч нарын зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоож байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон  

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “Хас банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Уранцэцэг, Н.Сэргэлэн нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,472,349 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,508 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 19,254 төгрөгийг, хариуцагч Н.Уранцэцэг, Н.Сэргэлэн нараас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 19,254 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Хас банк” ХХК-д олгосугай.

3. Хариуцагч нар нь дурдсан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар “Хас банк” ХХК, Н.Уранцэцэг нарын хооронд байгуулагдсан 2014 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 1060018372 дугаар барьцааны гэрээний зүйл болох хариуцагч нарын өмчлөлийн гэрлэн халаагуурыг албадан дуудлага худалдаагаар борлуулж, дээрх төлбөрийг барагдуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.          

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                             М.МӨНХТӨР