Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2017/01451

 

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2017/01451

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймаг, Мөнххаан сумын 3 дугаар баг, Баянцагаан гэх газар оршин суух, Боржигон овогт Навааны Баатарчулууны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, Зүүн нарангийн 18 дугаар гудамжны 142 тоотод оршин суух, Боржигон овогт Ухнын Нэргүйд холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6,772,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтантогос, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бадамцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түмэн-Өлзий нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Баатарчулууны шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтантогосын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие У.Нэргүйд 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 4,500,000 төгрөгийг мөн оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаагаар 0,5 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн. Хариуцагчийг зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй намайг хохироож байна. Зээлийн гэгээний 2.7, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алданги нэхэмжлэх эрхтэй бөгөөд одоогийн байдлаар үндсэн зээл 4,500,000 төгрөг, хүү 22,500 төгрөг, алданги 2,250,000 төгрөг, нийт 6,772,500 төгрөгийг хариуцагч У.Нэргүйгээс гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бадамцэцэгийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Н.Баатарчулуун, У.Нэргүй нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй, мөнгө зээлr аваагүй, энэхүү зээлийн гэрээ бол дур үзүүлсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл юм. Н.Баатарчулуунаас У.Нэргүй нь 2016 оны 11 дүгээр сарын 15-нд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 3 дугаар багт байх гэртээ ямаа 100, хонь 10 буюу нийт 110 тооны мал зээлээр худалдан авч, бүгдийг төхөөрч Хэнтий аймагт аваачиж ченжид худалдаад 4,500,000 төгрөгийг Н.Баатарчулуунд өгөхөөр тохиролцсон юм. Гэтэл Н.Баатарчулуун маргааш нь би чамд малаа үлдээж байгаа юм чинь, бичиг хийлгэж авна гээд нотариат дээр очиж зээлийн гэрээн дээр гарын үсэг зуруулсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 6,772,500 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, харин 4,500,000 төгрөгийг төлөх нь үнэн болно гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Баатарчулуун нь хариуцагч У.Нэргүйд холбогдуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6, 772,500 төгрөг гаргуулахаар шүүхэд ханджээ.

 

Хэрэгт авагдсан баримтаар дараах нөхцөл байдал тогтоогдов.

 

Нэхэмжлэгч Н.Баатарчулуун 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр У.Нэргүйд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 3 дугаар багт байх гэрт нь очиж ямаа 100, хонь 10 буюу нийт 110 тооны мал зээлээр худалдсан, У.Нэргүй нь дээрх тооны малыг төхөөрч Хэнтий аймагт аваачиж ченжид худалдаад 4,500,000 төгрөгийг Н.Баатарчулуунд өгөхөөр тохиролцож зээлээр худалдах-худалдан авах гэрээг амаар байгуулжээ. Гэвч зохигчид 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр өмнөх зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүргийг өөрчилж зээлийн гэрээний үүрэг болгож, уг гэрээгээр Н.Баатарчулуун нь 4,500,000 төгрөгийг 29 хоногийн хугацаатай, 0,5 хувийн хүүтэйгээр, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор У.Нэргүйд зээлдүүлсэн нь Монгол Улсын Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсгүүдэд нийцсэн байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, талуудын байгуулсан гэрээний 2.7 дахь хэсгүүдэд заасны дагуу нэхэмжлэгч Н.Баатарчулуун гэрээний хугацаа дуусгавар болсон өдрөөс буюу 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс хойш алданги нэхэмжлэх эрхтэй, хариуцагч Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д заасны дагуу гэрээний үүргийг тогтоосон хугацаанд, зохих ёсоор, шударгаар гүйцэтгээгүй тул алданги төлөх үүрэгтэй байна.

 

Гэрээний хугацаа 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр дуусгавар өдрөөс хойш нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл буюу 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д нийцүүлж буюу 1,125,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.

 

Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй, эсхүл зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэх бөгөөд хууль буюу гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр тогтоосон анзыг алданги гэнэ. Мөн анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй.

 

Мөн хариуцагч тал ... дүр үзүүлсэн хэлцэл тул алдангийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбаруудыг шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргажээ. Хариуцагч нь нэхэмжлэгчээс 4,500,000 төгрөгийн үнэ бүхий 110 тооны мал авснаа хүлээн зөвшөөрдөг, энэ тал дээр маргадаггүй. Зээлийн гэрээг дүр үзүүлсэн хэлцэл гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний агуулгыг талууд өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулсан, хүчин төгөлдөр гэрээ гэж байна.

 

Иймд хариуцагч У.Нэргүйгээс үндсэн зээл 4,500,000 төгрөг, хүү 22,500 төгрөг, алданги 1,125,000 төгрөг, нийт 5,647,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 236 дугаар зүйлийн 236.1.3, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч У.Нэргүйгээс нийт 5,647,500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Баатарчулуунд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,125,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 123,310 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.Нэргүйгээс 105,310 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохийг дурдсугай.

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ                                   М.МӨНХТӨР