Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2017/01452

 

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2017/01452

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 48-53 тоотод оршин суух, Боржигон овогт Мөнхөөгийн Цэцгээгийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Замчдын гудамж 3, Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газарт холбогдох,

Ажилгүй байсан хугацааны цалин 5,450,812 төгрөг, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн зардалд төлсөн 665,000 төгрөг, нотариатын зардал 86,000 төгрөг, нийт 6,201,812 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Цэцгээ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхтуул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түмэн-Өлзий нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Цэцгээгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд түүний гаргасан тайлбарт: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 64 дүгээр шийдвэрээр Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн Б/150 дугаар тушаалыг хүчингүй болгож, намайг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах-аар шийдвэрлэсэн. Гэвч хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй явсаар шийдвэр гүйцэтгэлийн албадах ажиллагаагаар 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэлх хугацааны цалинг маань олгосон. Би ажилгүй болсноор лизингийн байрны төлбөрөө төлөхийн тулд маш их зээл авч одоог хүртэл хохирсоор байна. Иймд шүүхийн шийдвэр гарсан өдөр буюу 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс шүүхийн шийдвэр биелэгдэх өдөр хүртэл буюу 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх 7 сар 14 хоногийн цалин 5,450,812 төгрөг, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад төлсөн зардал 665,000 төгрөг, нотариатын зардал 86,000 төгрөг, нийт 6,201,812 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхтуулын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 64 дүгээр шийдвэрээр Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн Б/150 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулахаар шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэртэй манайх санал нийлээгүй тул Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд 2016 оны 7 дугаар сард давж заалдах гомдол гаргасан. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Ингээд манайх 2016 оны 11 дүгээр сард Улсын Дээд шүүхэд хяналтын гомдол гаргахад давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээсэн. Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 20 дугаар тушаалаар нэхэмжлэгч М.Цэцгээг тус дүүргийн 17 дугаар хорооны нийгмийн ажилтнаар эгүүлэн томилж, анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу ажилгүй байсан хугацааны цалин 8,820,000 төгрөгийг бүрэн барагдуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт нь зохих журмын дагуу бичилт хийж шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлсэн. Өнгөрсөн жил давж заалдах болон хяналтын шатны шүүхийн шийдвэр гараагүй байсан учраас хохирлыг нь барагдуулах боломжгүй байсан. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаагүй тул 665,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Цэцгээ нь Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулж, ажилгүй байсан хугацааны цалин 5,450,812 төгрөг, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн зардалд төлсөн 665,000 төгрөг, нотариатын зардал 86,000 төгрөг, нийт 6,201,812 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.

Хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхтуул нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргажээ.  

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 64 дүгээр шийдвэрээр Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн Б/150 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч М.Цэцгээг нь Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нийгмийн ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх 8,820,651 төгрөгийн олговороос эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг суутган тооцож олгохыг хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад даалгаж шийдвэрлэсэн, давж заалдах болон хяналтын шатны шүүх уг шийдвэрийг хэвээр үлдээжээ. Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тул нэхэмжлэгч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албатай 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 17/0181 дугаартай Шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах гэрээ байгуулж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдөр хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газраас 8,820,651 төгрөгийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дансанд шилжүүлсэн болох нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 4 дүгээр сарын 11-ний өдрийн 64 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 221/МА2016/0455 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 347 дугаар тогтоол, Шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 17/0181 дүгээр гэрээ, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны гүйцэтгэлийн данснаас мөнгө шилжүүлэх тухай 2017 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн баримтын хуулбар зэргээр нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч М.Цэцгээг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг олгох тухай Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр гарсан атал хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй, тухайн шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэгдэж 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дансанд М.Цэцгээгийн цалин хөлсийг төлбөр төлөгч шилжүүлсэн болох нь дээр дурдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.  

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон;, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олгоговрыг олгоно. гэжээ.

Хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газраас нэхэмжлэгч М.Цэцгээгийн 2016 оны 4 дүгээр 11-ний өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдрийг хүртэлх 9 сар 21 хоногийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 7,000,100 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байх боловч нэхэмжлэгч М.Цэцгээ нь 2016 оны 4 дүгээр сарын 11-ны өдрөөс 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 5,450,812 төгрөг нэхэмжилсэн тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй байна. Нэхэмжлэгч М.Цэцгээ нь тус дүүргийн 17 дугаар хорооны нийгмийн ажилтнаар ажиллаж байхдаа түүний сарын үндсэн цалин 543,9069 төгрөг, зэрэг дэв 12 хувь, ажилласан жилийн нэмэгдэл 20 хувь буюу 1 сард 717,959 төгрөгийн цалинтай байсан нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 64 дүгээр шийдвэрээр тогтоогдож байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбодолтой байвал түүнийг дахин нотлохгүй. гэжээ.

Харин Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба, төлбөр авагч М.Цэцгээ нарын хооронд байгуулсан 2017 оны 17/0181 дугаартай гэрээний дагуу шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулалд суутгагдсан 661,548 төгрөгийг хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газраас гаргуулах үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас шүүхийн шийдвэрт төлсөн 665,000 төгрөгийн зардал гэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч М.Цэцгээ нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлохоор нотлох баримтуудыг нотариатаар гэрчлүүлэхэд 86,000 төгрөгийн зардал гарсан нь Нотариатчдын танхимын мөнгөний тасалбараар тогтоогдож байна. Иймд хариуцагч Баянголд дүүргийн Засаг даргын Тамгын газраас М.Цэцгээгийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 5,450,812 төгрөг, нотариатын зардал 86,000 төгрөгийг нийт 5,536,812 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Цэцгээд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 665,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн Шүүхийн архив, хуулбар үнэн, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба, хуулбар үнэн гэх тэмдэглэгээ бүхий нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасан шаардлагыг хангасан, архивт хадгалагдаж буй баримтын эхийг хэргийн оролцогч шүүхэд гаргаж өгөх боломжгүй бөгөөд архиваас гаргаж өгсөн хуулбар үнэн тэмдэглэгээтэй баримт нь тухайн хуулбарыг авсан этгээдийн хувьд эх баримт гэж үзлээ.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газраас 5,536,812 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Цэцгээд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 665,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 114,180 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас103,539 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

   

 

ДАРГАЛАГЧ М.МӨНХТӨР