Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/33

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Улсын яллагч: О.Батнасан,

Шүүгдэгч: С.Т,

Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,                     Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овгийн С-ын Т-д холбогдох 2228000000041 тоот эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Т овгийн С-ын Т, ....................................  

Шүүгдэгч С.Т нь “С.С” гэсэн нэртэй хуурамч фейсбүүк хаяг нээж, тухайн фейсбүүк хаягийнхаа нэрээр 2022 оны 02 дугаар 13-ны өдөр Ж.Д, Ө.С нарын зургийг тавьж “Өмнөговь” зарын фейсбүүк группэд “айл гэр үймүүлэгчид”, “хэнийх нь буруу юм бэ” гэсэн утгатай мэдээллийг, 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр сторийд нь Ө.С-ын зургийг тавиад “яваад байна яах уу”, “энэ бүсгүй нөхөртэй”, “дараагийн үгийг нь маргааш хэлье” зэрэг мэдээллүүдийг удаа дараа байршуулан, Ө.С-ын нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч С.Т-г яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.Т шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ө.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн орой 21 цагийн орчимд гэртээ байж байхад 8028.... гэсэн дугаараас танихгүй эмэгтэй хүн миний утас руу залгаж С багш мөн үү та хаана байна хүний нөхөртэй явалдахаа болиоч гэж хэлсэн. Би тийм зүйл байхгүй гэж үгүйсгэж хариу хэлэхэд миний үгийг сонсож хүлээж авалгүй утсаа тасалсан. Маргааш өдөр нь буюу 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 8028.... гэсэн дугаараас хүний нөхөртэй явахаа боль янхан минь гэх зэргээл олон мессежийг над руу миний утсанд бичиж илгээсэн. 8028.... гэсэн дугаараас өдөр бүр намайг “хүний нөхөртэй явалдахаа болиоч, багш гуай, янхан минь” гэх зэргээр мессеж бичиж миний утсанд илгээгээд байсан. 8028.... гэсэн дугаараас мессеж бичэхээ болиод 8620.... гэсэн дугаараас өдөр бүр намайг урьдын адил доромжилж, айлгаж сүрдүүлсэн мессежийг ирүүлэх болсон. Би тэвчихгүй уг дугаарыг блок хийж хаасан. Тэгтэл хэд хоногийн дараа манай ажлын найз багш М надтай уулзаж “Do Ray” гэсэн нэртэй чиний зурагтай фейсбүүк хаягаас надад найз болох хүсэлт ирлээ чи мөн юм уу гэж асуусан. Би “Do Ray” гэсэн хаяггүй тул биш гэж хэлсэн. Тэгээд байж байтал “Do Ray” гэсэн миний зурагтай фейсбүүк хаягаас миний “Suugii Unurtugs” фейсбүүк хаягт дугаар блоклохгүй хүний нөхөртэй явахгүй байвал би зүгээр байна шүү, өөрөө л эхэлсэн гэсэн чат мессеж ирсэн. Тэгэхээр нь би уг “Do Ray” гэсэн фейсбүүк хаягийг хуулж аваад өөрийн “Suugii Unurtugs” гэсэн фейсбүүк хаягаас миний зурагтай хуурамч фейсбүүк хаяг яваад байна найзаа хүсэлт очвол авч болохгүй шүү гэсэн утгатай сторийг оруулахад “Do Ray” гэсэн нэртэй фейсбүүк хаяг устгагдсан байсан. Тэгээд байж байтал хэд хоногийн дараа С.С гэсэн фейсбүүк хаягаас миний фейсбүүк хаягт намайг дарамталсан утгатай чат мессежүүд маш ихээр ирсэн. Уг мессежийн хуулбарыг би гаргаж өгч байгаа тул энэ мессеж чатанд бичигдсэн зүйлийг чат мессежний хуулбараас дэлгэрэнгүй харж болно. Тэгээд би өөрийн найз залуу Даас болоод байгаа зүйлийн талаар асуухад Д эхнэрээсээ салаад 3 жил гаруй болж байгаа гээд салсан эхнэр Этай уулзаж үүсээд байгаа асуудлын талаар асуусан боловч Э мэдэхгүй, би биш гэж хэлсэн талаар надад тайлбарласан. Би С.С гэсэн хаягтай чат мессежээр харилцаж уулзаж ярилцах талаар асуухад Цогтцэций суманд хүрч ирээд уулз гэсэн хариу ирсэн. Би 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн орой найз залуу Дтай хамт С.С гэсэн фейсбүүк хаягаас намайг доромжилж чат мессеж бичээд байгаа хүнтай уулзахаар явсан. Тэгээд Цогтцэций суманд очоод ирчлээ гэж хэлэхэд би итгэхгүй байна худлаа яриад бай үнэхээр Цогтцэций суманд ирсэн юм бол Цагаан хаданд яваад хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд уулзаж чадахгүй Д бид хоёр Даланзадгад сум руу буцсан. Аймгийн төвд яваад иртэл С.С гэсэн фейсбүүк хаягаас Д бид хоёрын зургийг “айл гэр үймүүлэгчид”, “хэнийх нь буруу юм бэ” гэсэн утгатай мэдээллийг С.С гэсэн хаягтаа байршуулсан байсан. Тухайн мэдээллийг миний таних 2 хүн лав үзсэн байсан ба өөр танихгүй олон хүн үзсэн хандалттай байсан. 02 дугаар сарын 14-ний өдөр С.С гэсэн фейсбүүк хаяг өөрийн сторийдоо миний зургийг “яваад байна яах уу”, “энэ бүсгүй нөхөртэй, дараагийн үгийг нь маргааш хэлье” гэсэн утгатай үг бичиж байршуулан уг мэдээлэл нь С.С гэсэн фейсбүүк хаягийн сторийд 8 цаг лав хадгалагдаж бусдад харагдсан байсан. Энэ асуудлаас болж би шавь, түүний эцэг, эх, ажлын хамт олон, найз нөхдөөсөө ичиж ажилдаа явмааргүй санагдаж амиа хорломоор санагдсан. Хүүхэдтэй тулдаа би өөртөө ямар нэгэн хор хүргэж чадаагүй... Би маш их гомдолтой байна. Миний зөрчигдөөд байгаа эрх ашгийг хамгаалж уг хүнийг олж энэ байдлыг таслан зогсоож өгнө үү. Надад маш их хэцүү байна... Сэтгэл санааны хохирол учирсан, бодит хохирол байхгүй... Миний зурагны дээр нь энэ хүүхэн хүний нөхөртэй явалдчихаад цагдаад хэлнэ гэнэ яах уу гэсэн утгатай пост бичээд Өмнөговь аймгийн зарын группед байршуулсан байсан. Энэ зарыг 6 хүн үзэж 3 коммент бичсэн байсан. Би энэ зарыг үзээд хуулж авч байцаагчид өгсөн байгаа. Мөн энэ зар 1 цагийн дараа устсан. Одоо миний талаар ямар нэгэн мэдээлэл зарын групп дээр байхгүй. /хавтаст хэргийн 23-25, 28, 30 дахь тал/

Гэрч Ө.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Д-тай би 2009 оноос эхлэн гэр бүл болж хамт амьдарч дундаасаа 2 хүүхэдтэй болсон. 2019 онд Д бид хоёр салсан. Одоо би Д-тай харилцаа багатай Д 2 хүүхэдтэйгээ уулзах гэж надтай холбогддог. С гэх хүнийг сайн танихгүй, манай 2 хүүхдийн аав Д-тай уулзаж байгаа, дотно харилцаатай болосн хүн гэдгээр нь мэднэ. Өөр зүйл мэдэхгүй. Д өөрийн “Даашка” гэсэн фейсбүүз хаягаас С.С гэсэн хаягаас С руу янз бүрийн юм бичхээ болиоч бид хоёрын салсан асуудал энэ хүнд ямар ч хамаагүй гэсэн чат мессеж ирсэн. Би биш гэдгээ хэлсэн. Д итгэхгүй намайг С.С гэсэн фейсбүүк одоо уулзаж байгаа эмэгтэй найз С руу нь хэл амаар доромжилсон зүйл бичээд байна гэж ойлгоод байсан. С.С гэсэн фейсбүүк хаягт найзын хүсэлт ирүүлсэн байсан. Уг хаягийн нүүрний зураг нь Дын фейсбүүк хаягийн нүүрний зурагтай ижил байсан. Би уг хаягийг найзаараа аваад хэн юм бэ гэж асуусан боловч өөрийгөө хэлэхгүй байсан. ” /хавтаст хэргийн 35-36 дахь тал/

Гэрч Ж.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би 2011 онд Этай гэр бүл болж дундаасаа 2 хүүхэдтэй болсон. Э сүүлийн жилүүдэд намайг бусадтай хардаж гэр бүлийн асуудлаас болж байнгын хэрүүл маргаантай болж 2019 онд бид хоёр салсан юм. 2 хүүхэд Э дээр үлдсэн. Би 2 хүүхдээсээ харилцаагаа тастаагүй холбоотой байж заримдаа өөр дээрээ авч байлган, хэрэгтэй эд зүйлс, хувцас зэрэг эд зүйлсээр хангаж авч өгдөг. 2020 оны 03 дугаар сард эргэж нийлж 1 сар орчим хамт амьдраад дахиад гэр бүлд хэрүүл тасрахгүй асуудал үүсээд байсан учир буцаад салсан. Ө.С-ыг өмнө нь таньдаг байсан. 2021 оны 08 сараас Ө.С бид хоёр дотно харилцаатай болж уулздаг болсон. Бид хоёр одоо гэр бүл болж хамт амьдрах бодолтой байгаа. Тэгтэл 2021 оны 01 дүгээр сарын сүүлчээр өдөр хоногийг нь яг хэлж мэдэхгүй байна С надтай “Танай эхнэр Э чинь утсаар чрьж, мессеж бичиж дарамтлаад байна” гээд надад 8028.... дугаараас ирсэн мессежийг харуулсан. Тухайн үед би уг асуудлыг сонсоод орхисон. Тэгтэл 2022 оны 02 дугаар сарын эхээр С надад танай эхнэр чинь миний нэрээр С С. гэсэн хуурамч фейсбүүк хаяг нээгээд намайг доромжилж чат мессеж бичээд байна гэж хэлсэн. Тэгээд би уг мессежигй нь үзэж уншиж үзэхэд эхнэртэй хүнтэй явалдаад, гэр бүл салгаад, 2 хүүхэд өнчрүүлээд болиоч ичихгүй бол олон нийтэд байршуулна шүү гэж дарамталсан байсан. Тэгээд би уг асуудлын талаар өөрийн хуучин эхнэр Э-тай уулзаж чи болиоч, битгий хүний нэр хүндэд халдаж дарамтлаад бай гэж хэлэхэд Э би биш гэж хэлсэн. Би олон удаа Э-д чамаас өөр хэн байдаг юм гэж уурлаж, учирлаж гуйж хэлж үзсэн боловч Э би биш, би тийм зүйл хийхгүй гэж надад хэлсэн. Хэд хоногийн өмнө С С. гэсэн хаягаас Өмнөговь зарын фейсбүүк группед С-ын зургийг тавьж дээр нь энэ хүн бусдын гэр бүлийг үймүүлчхээд цагдаад хэлнэ гээд байгаа юм гэсэн утгатай үг байршуулсан байсан. Уг мэдээллийг олон нийтийн сүлжээнд байршуулсны улмаас С-ын таньдаг хүмүүс нь уг мэдээллийг олж үзээд С руу ярьж юу болоод байгаа талаар асуусан байсан. С одоо хүртэл фейсбүүкийн хуурамч С С. гэсэн хаягаас дарамталж байгаа. Үүний улмаас С ажилдаа явж чадахгүй чөлөө авсан байгаа. С 4 дүгээр сургуульд багшилдаг тул уг мэдээллээс болж шавь нар сурагчид болон ажлын хамт олноосоо ичээд хүнд байдалд орсон... Т-г танина. Би Ттай 2018 оны 10 дугаар сараас эхэлж дотно харилцаатай болсон.” /хавтаст хэргийн 38-39, 41 дэх тал/

Гэрч Г.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би Do Ray фейсбүүк хаягтай найз биш. С С. гэх фейсбүүк хаягтай 2022 оны 03 дугаар сард найз болсон санагдаж байна өдрийг нь санахгүй байна. Тэгсэн чинь тэр хаяг нь дээр манай найз С-ын зургийг оруулаад стори хийсэн байсан удалгүй манай найз С-ын зураг бас танихгүй 2 эмэгтэй бас нэг залуугийн зургийг оруулаад доор нь энэ хүн шиг 3 хүнтэй зэрэг явж үзэх юмсан гэж стори оруулж байсан. Нэлээн хэдэн стори оруулж байсан сайн санахгүй байна. Энэ сториноос өмнө зөндөө стори оруулаад зураг тавиад байсан би сайн санахгүй байна тэгээд Сд хэлээд цагдаад өгсөн.” /хавтаст хэргийн 43 дахь тал/

Гэрч О.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би Do Ray фейсбүүк хаягтай найз биш байхаа сайн мэдэхгүй байна. С С. гэх фейсбүүк хаягтай 2022 оны 02 дугаар сард найз болсон санагдаж байна өдрийг нь санахгүй байна. Тэгсэн чинь тэр хаяг нь дээр манай найз С-ын зургийг оруулаад стори хийсэн байсан. Удалгүй манай найз С-ын зургийг оруулаад доор нь энэ бүсгүйг яая даа гээд стори оруулсан байхаар нь би найзын хүсэлтээ цуцалсан. Тэгсэн чинь манай өөр нэг найз над руу залгаад С-ын зургийг оруулаад стори хийгээд байна гэхээр нь би С С.-тэй найз байх ёстой юм байна тэгж байж сторидоо юу оруулж байгааг нь мэдэх юм байна гэж бодоод буцааж найзын хүсэлт явуулахад миний хүсэлтийг аваад найз болсон. Тэгсэн чинь өдөр бүр С-ын зургийг сторид оруулаад янз бүрээр тайлбар бичээд байсан. Тэгээд С-т хэлээд цагдаад хандсан.” /хавтаст хэргийн 45 дахь тал/

Шүүгдэгч С.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “Би Д-тай 2018 оноос танилцаж дотно харилцаатай болсон. Одоо бид хоёр салсан. Надад Д гэр бүлээсээ 2018 онд салсан гэж хэлж байсан.” /хавтаст хэргийн 91 дэх тал/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай /хавтаст хэргийн 05 дахь тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 62 дахь тал/

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5 дугаар багийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 149 дугаартай тодорхойлолт /хавтаст хэргийн 55 дахь тал/

Өмнөговь аймаг Даланзадгад сумын Ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 17 дугаартай тодорхойлолт /хавтаст хэргийн 56 дахь тал/

Иргэний үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 60 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх нотлох баримтаар үнэлж, шийдвэрээ гаргах боломжтой байна гэж үзэв.

Эрүүгийн хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд: 

Шүүгдэгч С.Т нь “С.С” гэсэн нэртэй хуурамч фейсбүүк хаяг нээж, тухайн фейсбүүк хаягийнхаа нэрээр 2022 оны 02 дугаар 13-ны өдөр Ж.Д, Ө.С нарын зургийг тавьж “Өмнөговь” зарын фейсбүүк группэд “айл гэр үймүүлэгчид”, “хэнийх нь буруу юм бэ” гэсэн утгатай мэдээллийг, 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр сторийд нь Ө.С-ын зургийг тавиад “яваад байна яах уу”, “энэ бүсгүй нөхөртэй”, “дараагийн үгийг нь маргааш хэлье” зэрэг мэдээллүүдийг удаа дараа байршуулан нөхцөл байдал тогтоогдож байна.           

Улмаар хохирогч Ө.С-ын нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан үйл баримт тогтоогдож байна.

Тодруулбал: Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ө.С-ын: “...Аймгийн төвд яваад иртэл С.С гэсэн фейсбүүк хаягаас Д бид хоёрын зургийг “айл гэр үймүүлэгчид”, “хэнийх нь буруу юм бэ” гэсэн утгатай мэдээллийг С.С гэсэн хаягтаа байршуулсан байсан. Тухайн мэдээллийг миний таних 2 хүн лав үзсэн байсан ба өөр танихгүй олон хүн үзсэн хандалттай байсан. 02 дугаар сарын 14-ний өдөр С.С гэсэн фейсбүүк хаяг өөрийн сторийдоо миний зургийг “яваад байна яах уу”, “энэ бүсгүй нөхөртэй, дараагийн үгийг нь маргааш хэлье” гэсэн утгатай үг бичиж байршуулан уг мэдээлэл нь С.С гэсэн фейсбүүк хаягийн сторийд 8 цаг лав хадгалагдаж бусдад харагдсан байсан. Энэ асуудлаас болж би шавь, түүний эцэг, эх, ажлын хамт олон, найз нөхдөөсөө ичиж ажилдаа явмааргүй санагдаж амиа хорломоор санагдсан. Хүүхэдтэй тулдаа би өөртөө ямар нэгэн хор хүргэж чадаагүй... /хавтаст хэргийн 23-25, 28, 30 дахь тал/,

Гэрч Ө.Эгийн: “...С.С гэсэн фейсбүүк хаягт найзын хүсэлт ирүүлсэн байсан. Уг хаягийн нүүрний зураг нь Дын фейсбүүк хаягийн нүүрний зурагтай ижил байсан. Би уг хаягийг найзаараа аваад хэн юм бэ гэж асуусан боловч өөрийгөө хэлэхгүй байсан. ” /хавтаст хэргийн 35-36 дахь тал/

Гэрч Ж.Д-ын: “... 2021 оны 08 сараас Ө.С бид хоёр дотно харилцаатай болж уулздаг болсон. Бид хоёр одоо гэр бүл болж хамт амьдрах бодолтой байгаа. Тэгтэл 2021 оны 01 дүгээр сарын сүүлчээр өдөр хоногийг нь яг хэлж мэдэхгүй байна С надтай “Танай эхнэр Э чинь утсаар чрьж, мессеж бичиж дарамтлаад байна” гээд надад 8028.... дугаараас ирсэн мессежийг харуулсан. Тухайн үед би уг асуудлыг сонсоод орхисон. Тэгтэл 2022 оны 02 дугаар сарын эхээр С надад танай эхнэр чинь миний нэрээр С С. гэсэн хуурамч фейсбүүк хаяг нээгээд намайг доромжилж чат мессеж бичээд байна гэж хэлсэн. Тэгээд би уг мессежийг нь үзэж уншиж үзэхэд эхнэртэй хүнтэй явалдаад, гэр бүл салгаад, 2 хүүхэд өнчрүүлээд болиоч ичихгүй бол олон нийтэд байршуулна шүү гэж дарамталсан байсан... Хэд хоногийн өмнө С С. гэсэн хаягаас Өмнөговь зарын фейсбүүк группед Сын зургийг тавьж дээр нь энэ хүн бусдын гэр бүлийг үймүүлчхээд цагдаад хэлнэ гээд байгаа юм гэсэн утгатай үг байршуулсан байсан. Уг мэдээллийг олон нийтийн сүлжээнд байршуулсны улмаас С-ын таньдаг хүмүүс нь уг мэдээллийг олж үзээд С руу ярьж юу болоод байгаа талаар асуусан байсан. С одоо хүртэл фейсбүүкийн хуурамч С С. гэсэн хаягаас дарамталж байгаа. Үүний улмаас С ажилдаа явж чадахгүй чөлөө авсан байгаа. С 4 дүгээр сургуульд багшилдаг тул уг мэдээллээс болж шавь нар сурагчид болон ажлын хамт олноосоо ичээд хүнд байдалд орсон... Тг танина. Би Ттай 2018 оны 10 дугаар сараас эхэлж дотно харилцаатай болсон.” /хавтаст хэргийн 38-39, 41 дэх тал/,

Гэрч Г.Т-ын: “Би Do Ray фейсбүүк хаягтай найз биш. С С. гэх фейсбүүк хаягтай 2022 оны 03 дугаар сард найз болсон санагдаж байна өдрийг нь санахгүй байна. Тэгсэн чинь тэр хаяг нь дээр манай найз С-ын зургийг оруулаад стори хийсэн байсан удалгүй манай найз С-ын зураг бас танихгүй 2 эмэгтэй бас нэг залуугийн зургийг оруулаад доор нь энэ хүн шиг 3 хүнтэй зэрэг явж үзэх юмсан гэж стори оруулж байсан. Нэлээн хэдэн стори оруулж байсан сайн санахгүй байна. Энэ сториноос өмнө зөндөө стори оруулаад зураг тавиад байсан би сайн санахгүй байна тэгээд Сд хэлээд цагдаад өгсөн.” /хавтаст хэргийн 43 дахь тал/,

Гэрч О.М-ийн: “Би Do Ray фейсбүүк хаягтай найз биш байхаа сайн мэдэхгүй байна. С С. гэх фейсбүүк хаягтай 2022 оны 02 дугаар сард найз болсон санагдаж байна өдрийг нь санахгүй байна. Тэгсэн чинь тэр хаяг нь дээр манай найз С-ын зургийг оруулаад стори хийсэн байсан. Удалгүй манай найз С-ын зургийг оруулаад доор нь энэ бүсгүйг яая даа гээд стори оруулсан байхаар нь би найзын хүсэлтээ цуцалсан. Тэгсэн чинь манай өөр нэг найз над руу залгаад С-ын зургийг оруулаад стори хийгээд байна гэхээр нь би С С.-тэй найз байх ёстой юм байна тэгж байж сторидоо юу оруулж байгааг нь мэдэх юм байна гэж бодоод буцааж найзын хүсэлт явуулахад миний хүсэлтийг аваад найз болсон. Тэгсэн чинь өдөр бүр С-ын зургийг сторид оруулаад янз бүрээр тайлбар бичээд байсан. Тэгээд Ст хэлээд цагдаад хандсан.” /хавтаст хэргийн 45 дахь тал/ гэх мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч С.Т нь “С.С” гэсэн нэртэй хуурамч фейсбүүк хаяг нээж, тухайн фейсбүүк хаягийнхаа нэрээр 2022 оны 02 дугаар 13-ны өдөр Ж.Д, Ө.С нарын зургийг тавьж “Өмнөговь” зарын фейсбүүк группэд “айл гэр үймүүлэгчид”, “хэнийх нь буруу юм бэ” гэсэн утгатай мэдээллийг, 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр сторийд нь Ө.С-ын зургийг тавиад “яваад байна яах уу”, “энэ бүсгүй нөхөртэй”, “дараагийн үгийг нь маргааш хэлье” зэрэг мэдээллүүдийг удаа дараа байршуулан, Ө.С-ын нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Хохирогч Ө.С мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхэд хандан “...бодит хохирол байхгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн бөгөөд хохирогч нь хохирол, төлбөр нэхэмжлээгүйг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч С.Т-гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Шүүгдэгч С.Т-гийн хувийн байдал нь ............................... зэрэг баримтуудаар тус тус тодорхойлогдож байна.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэж хуульчилсан ба шүүгдэгч нь шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцох хүсэлтийг шүүхэд бичгээр гаргаж, шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцов.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч С.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүгдэгч С.Т нь өөрийгөө өмгөөлж хэлэх үг байхгүй гэх тайлбарыг гаргав.

Шүүх улсын яллагчийн санал болгосон ялын саналыг шүүгдэгчийн гэм бурууд нийцсэн гэж үзэж, улсын яллагчийн саналын хэмжээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Т нь шүүхээс оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.     

Шүүгдэгч С.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5 дахь хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овгийн С-ын Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т-д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

3. Шүүгдэгч С.Т нь шүүхээс оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

5. Шүүгдэгч С.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.  

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

                                                ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Т.ДЭЛГЭРМАА