| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2017/02124/И |
| Дугаар | 102/ШШ2017/02131 |
| Огноо | 2017-07-28 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 102/ШШ2017/02131
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө, 46-90 тоотод оршин суух, Боржигон овогт Баатарын Цэцэгмаа /РД: МД86122663/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө, 46-90 тоотод оршин суух, Боржигон овогт Батбаярын Чинбаяр /РД: НЙ88120914/-т холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, эцэг тогтоолгож, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Цэцэгмаа, хариуцагч Б.Чинбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Цэцэгмаагийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд түүний гаргасан тайлбарт: Б.Цэцэгмаа миний бие Б.Чинбаяртай 2013 онд танилцаж, 2015 оны 1 дүгээр сард гэрлэлтээ батлуулж, улмаар 2015 оны 2 дугаар сарын 16-нд 2 ихэр Ч.Оргил, Ч.Тэргэл гэх хүүтэй болсон. Бид 2015 оны 5 дугаар сард 2 ихэр хүүгээ 3 сартай байхад салсан. Салах болох шалтгаан нь энэ хүн хайр халамжгүй, үр хүүхдээ халамжилдаггүй хаяад явдаг, архи дарс уудаг байсан. Тэгээд би гэрээсээ явсан. Араас ерөөсөө залгаагүй. Баяр ёслолоор хүүхдүүдээ уулзуулах гээд авчирдаг байсан. Энэ хүний байгаа байдлыг харсан. Яг хэвээрээ байсан. Хүүхдүүд томроод хэлд орохоор нь ямарч байсан эцэгтэй нь байлгая гээд буцаад нийлье гээд очиход энэ хүн өөр хүнтэй болсон байсан. Тэр хүнээсээ салахгүй, би араас нь зөндөө зууралдаад болохгүй болохоор нь салья гэж шийдсэн. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, эцэг тогтоож, хүүхдүүдийг миний асрамжинд үлдээж, хүүхдүүдэд маань тэтгэлэг гаргуулж өгнө үү. Бидэнд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаан байхгүй гэв. Хариуцагч Б.Чинбаярын шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Би 2013 онд Б.Цэцэгмаатай танилцаж, хамтран амьдарсан, улмаар бидний дундаас 2015 оны 2 дугаар сарын 16-нд 2 ихэр хүү Ч.Оргил, Ч.Тэргэл нар төрсөн. Хоорондын үл ойлголцол, тааламжгүй харьцаанаас болж 2015 оны 5 дугаар сараас хойш бид тусдаа амьдарч байна. Миний бие гэр бүлээс гадуур харилцаатай болсон тул тусдаа амьдарсан, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Цэцэгмаа нь хариуцагч Б.Чинбаярт холбогдуулан гэрлэлт цуцлуулж, эцэг тогтоолгож, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Б.Цэцэгмаа, хариуцагч Б.Чинбаяр нар 2013 онд танилцан хамтран амьдарч, 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр гэрлэлтээ батлуулж, тэдний дундаас 2015 оны 2 дугаар сарын 16-ны өдөр хүү Ч.Оргил, Ч.Тэргэл нар төрсөн, тэд хоорондын таарамжгүй харьцаанаас улмаас 2015 оны 5 дугаар сараас хойш тус тусдаа амьдарч байгаа нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан №1107000096 тоот гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдийн №1107000419, №1107000419 дугаартай төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
Хариуцагч Б.Чинбаяр нь хүү Ч.Оргил, Ч.Тэргэл нарыг өөрийн хүүхдүүд болохыг, мөн гэрлэлтээ цуцлуулах, хүүхдүүдийг ээжийнх нь асрамжинд үлдээхийг болон хүүхдийн тэтгэлэг төлөх талаар маргадаггүй, талууд 2015 оны 5 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул гэрлэлтийг цуцалж, Б.Чинбаярыг Ч.Оргил, Ч.Тэргэл нарын эцэг мөн болохыг тогтоож, 2015 оны 5 дугаар сарын 16-нд төрсөн хүү Ч.Тэргэл, Ч.Оргил нарыг эх Б.Цэцэгмаагийн асрамжинд үлдээж, хуульд заасан хугацаа, хэмжээгээр хүүхдийн тэтгэлэгийг сар болгон эцэг Б.Чинбаяраас гаргуулж хүү Ч.Тэргэл, Ч.Оргил нарт олгох нь хүүхдийн эрх ашигт нийцнэ гэж үзлээ.
Зохигчид эд хөрөнгийн талаар ямар нэг маргаангүй болохоо шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дурдсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6.-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-д заасныг баримтлан Боржигон овогт Баатарын Цэцэгмаа /РД: МД86122663/, Боржигон овогт Батбаярын Чинбаяр /РД: НЙ88120914/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар хүү Ч.Оргил, Ч.Тэргэл нарыг эх Б.Цэцэгмаагийн асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2015 оны 2 дугаар сарын 16-нд төрсөн хүү Ч.Тэргэл, Ч.Оргил нарын эцэг нь Б.Чинбаяр мөн болохыг тогтоосугай.
4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2.-т заасныг баримтлан 2015 оны 2 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү Ч.Оргил, Ч.Тэргэл нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн доод хэмжээний 50 хувиар, 11-ээс 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-нд болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр тэтгэлэгийг сар болгон эцэг Б.Чинбаяраас гаргуулан олгосугай.
5.Зохигчид гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Чинбаяраас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
7.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг тайлбарласугай.
8.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.МӨНХТӨР
| ||||
| |